Олон улсын гэр бүлийн өдөр өчигдөр тохиов. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Олон улсын гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс эл өдрийг өдгөө 31 дэх жилдээ тэмдэглэсэн бөгөөд хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчидтэй хамтран ажиллах, мэдээлэл солилцох арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Тодруулбал, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгчдийг оролцуулан цахим болон танхимаар хуралджээ. Мөн өмнөх өдөр нь “XXI зууны монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурал болсон юм. Энэ үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир “Монгол Улсын өрхийн тоо 983 485 хүрлээ. Энэ нь 2019-2023 оны хугацаанд 7.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд өрх толгойлсон 15 089 эрэгтэй, 66 648 эмэгтэй амьдарч байна. Гэр бүлээ бүртгүүлсэн 17 408 хос байгаа бол цуцлуулсан нь 4776. Сүүлийн таван жилийн байдлаар гэрлэлтээ батлуулсан хосын тоо 13.1 хувиар буурч, цуцлуулсан нь 10.7 хувиар өссөн” гэв.
Бэлтгэсэн Ч.Болор