Дэлхийн 46 орны 170 гаруй редакц, баримт шалгах төвтэй хамтран ажилладаг “Meedan” технологийн компанийн тусламжтай хөгжүүлсэн “Асуу” чатбот ашиглалтад оржээ.
"Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв"-ийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо энэ талаар хэлэхдээ “Монголын баримт шалгах төв, Олон улсын “Meedan” компани хамтран, хуурамч мэдээлэлтэй тэмцэх, үнэн бодит мэдээллийг богино хугацаанд түгээх цоо шинэ платформыг нээлээ.
Манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь цахим орчноос мэдээлэл авахаас гадна олон нийтэд итгэл хүлээхүйц, редакцын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр авах дадал зуршлыг сурталчлах зорилготой.
Энэ хүрээнд "Баримт нэн тэргүүнд Монголд" үндэсний сүлжээг өнгөрсөн оны сүүлээр явуулж эхэлсэн. Тус сүлжээг бид цаашаа авч явж байгаа. Олон улсын судалгаагаар худал ташаа мэдээлэл үнэн мэдээллээс зургаа дахин илүү хурдан тархдаг гэсэн тоон судалгаа бий. Энэхүү хурдтай тархаж буй хуурамч ташаа мэдээлэлтэй тэмцэхэд сүлжээ хэлбэрээр хэд хэдэн байгууллага нэгдсэн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нь илүү үр дүнтэй байдгийг зөвхөн Монголд гэлтгүй Зүүн Өмнөд Азийн орнуудад хэд хэдэн туршилтаар батлагдсан. Филиппин, Индонез зэрэг улсыг нэр дурдаж болно.
Иймд 2023 онд Монголд нэвтрүүлж, одоогийн байдлаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн 15 байгууллага сүлжээнд нэгдсэн.
Сүүлийн үед орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага сүлжээнд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байна.
Олон улсын "Meedan" байгууллагаас хөгжүүлсэн "Check" платформын Монгол дахь хувилбар нь болох "Асуу" чатботыг ашиглаад редакцын бодлого, мэдээ, нийтлэлийн агуулгаа тодорхойлоход нь туслах, олон нийтийг төөрөгдүүлж буй мэдээллийг нэгдсэн байдлаар авах, цаашлаад цаг алдалгүй чатботоор дамжуулан хариулт өгөхөөр ажиллах юм.
Check пламтформыг бид Монгол хэрэглэгчидтэйгээ ойртуулах зорилгоор “Асуу” нэртэйгээр нэвтрүүлж байгаа. Энэхүү платформоос өөрсдөдөө хэрэгтэй байгаа аливаа мэдээллийг асуугаад, тэр дор нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар их хэмжээний дата мэдээллийг боловсруулаад, шуурхай хариулт авах боломжтой.
"Асуу" платформын нээлттэй зэрэгцээд сонгуулийн сурталчилгаа эхлэх хүртэл буюу зургадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх "Асуу" нэртэй мэдээллийн компанит ажлыг өрнүүлнэ. Энэ хүрээнд цахим орчинд тархаж буй хуурамч ташаа мэдээллийг хэрхэн шалгах, улс төрийн зорилготой мэдээлэлд хэрхэн өртөхгүй байх тал дээр олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна” хэмээн онцоллоо.