Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2024” сургуульд оролцох Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн II бригадын цэргийн алба хаагчид Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн төлөөлөгчдийг сургуулийн Монгол талын удирдагч Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Инженерийн дарга дэд хурандаа Г.Мөнхбат болон Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяр нарын албаныхан сургалт явагдах газар район дээр угтан авсан юм.
Энэ удаагийн “Зам-2024” хамтарсан сургалтаар хангайн бүс, уулархаг газар оронд хатуу хучилттай зам барих дадлага сургуулийг явуулах бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалтын баг хамтарсан сургууль эхлэхээс 14 хоногийн өмнө сургалт болох газарт ирж бие дааж онол-дадлагын сургалтаа зохион байгуулж сургалтын бэлтгэл жигдрэлтийг хангаад байна.
Монголын талын сургуулийн удирдлагын бүлэг бие дааж явуулсан сургалтын үйл ажиллагаагаа танилцуулж цаашид хамтран явуулах сургалтын төлөвлөгөө агуулгаа тодотгож хамтран санал солилцлоо.
Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас хамгийн урт хугацаанд, тууштай хэрэгжиж байгаа нь “Зам” сургалт, дадлага бөгөөд энэ нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2024” сургуулийн нээлтийн ёслол 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана. Энэ жил 10 дахь жилтэйгээ золгож байгаа энэхүү хамтарсан сургууль энэ удаа Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийг түшиглэн явагдана гэж "Зам-2024" сургуулийн хэвлэл мэдээллийн бүлгээс ирүүллээ.
ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА