Монгол Улсын Засгийн газраас ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор "Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой"-г 2024 оны наймдугаар сард тэмдэглэх тогтоол гаргасан. Улмаар энэхүү түүхэн ялалтын баярыг манай улс ОХУ-тай хамтран тэмдэглэх юм. Учир нь “Халхын голын ялалт-Бидний хамтарсан ялалт” байсныг олон улсын эрдэмтэд тодотгож буй. Үүний дагуу ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотноо “Халхын голын ялалт-Бидний хамтарсан ялалт” сургалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах төслийн нээлт боллоо. Энэхүү төслийн зорилтот бүлэг нь Буриад Улсын их, дээд сургуулийн оюутан, залуус, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байлаа. Тодорхой хэлбэл, Монгол, Оросын эрдэмтэд Буриадын оюутан, залууст Халхын голын байлдааны ач холбогдол, сургамжийн талаар мэдлэг, мэдээлэл өгсөн. Энэхүү “Халхын голын ялалт-Бидний хамтарсан ялалт” сургалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурлыг А.М.Горчаковын сангийн дэмжлэгтэйгээр, Шинжлэх ухаан, соёлыг дэмжих Хангарьд залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан юм. А.М.Горчаковын нэрэмжит сангийн төлөөлөгч Сагитов Виталий Игоревич хойч үедээ эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх энэхүү төслийг нээж “А.М.Горчаковын сан олон нийтийн дипломат харилцааг дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Бидний хувьд Халхын голын байлдааны түүх, сургамжийг хойч үедээ ойлгуулж үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулж буйдаа гүн талархалтай байна. Энэ бол нэр төрийн хэрэг. Монгол ахан дүүс бидэнд тусалсаныг Оросын ард түмэн өнөөдөр мартаагүй. Энэхүү Орос, Монгол эрдэмтдийн хамтарсан илтгэлээр дамжуулан хоёр орны ах дүүгийн харилцааг улам бэхэжнэ гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцлов.
Орос, Монголын эрдэмтэд ийн өнгөрсөн өдрүүдэд Буриадын Дорнод Сибирийн технологи удирдлагын их сургууль, Буриадын Хөдөө аж ахуйн их сургууль, Буриадын их сургуульд ажиллаж, оюутан залууст түүхэн өвийг хадгалж үлдэх, эх оронч хүмүүжил, дэлхийн II дайны өмнөх ба дараах үйл явдлын талаарх түүхэн мэдээллийг өгөхөөс гадна тэднийг 1939 оноор “аялуулсан”. Мөн Орос, Монголын орчин үеийн түүхчид дайны талаарх баримт, баримталж буй чиг шугамынхаа талаар цэц булаалдсан. Ингэснээр оюутнууд Халх голын дайны түүхийн зарим судалгааг сонирхолтой байдлаар мэдэж, өнөөгийн байдал ба цаашдын хандлагыг бүрэн дүүрэн ойлгож авлаа. Эрдэмтдийн заримыг нь дурдвал, ОХУ-ын эрдэмтэн Евгений Иванович Лиштованный, Ануфриев Александр, Чапыгин Игорь, Ивахинова Инна Саянова, Жабаева Лариса Будаевна, Монголын талаас түүхийн ухааны доктор Лха.Баяр, түүхийн ухааны доктор Д.Баяртогтох, Монгол Улсын Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, дэд хурандаа И.Эрдэнэсүрэн нар залуус өнөд дурсах учиртай түүхийг танилцуулсан билээ.
Монгол Улсын Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга дэд хурандаа И.Эрдэнэсүрэнгийн хэлснээр, Халх голд Японы арми ялагдал нь Квантуны армийн командлал цэргээ татан авахаас өөр аргагүйд хүргэж, Киичиро Хиранумагийн Засгийн газрыг огцрох хэтийн үр дагавар дагуулжээ. Түүний тодотгосноор энэ нь ЗСБНХУ-ын хүчин чадлыг харуулж, ЗСБНХУ ба БНМАУ-ын бат бэх найрамдлын бэлэг тэмдгийн ээлжит баталгаа болсон аж.
Үүнээс гадна “Монгол-Оросын харилцааны түүхэн өв уламжлал нь эдгээр үйл явдлыг зөвхөн санан дурсах төдийгүй манай хоёр улсын орчин үеийн төрийн бодлогын оршин тогтнох үндэс суурь юм. Энэ нь бидний ирээдүйн замыг гэрэлтүүлэх тод жишээ юм” хэмээн Буриад Улс дахь Оросын түүхийн нийгэмлэгийн салбарын хариуцлагатай нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор (PhD), ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Монгол, будда, Түвд судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Евгений Нолев нэмж хэллээ.
Монгол Улс дэлхийн II дайн эхэлсэн анхны өдрөөс бэлэглэлийн хөдлөгөөн өрнүүлж, улаан армид 435 сая төгрөгийн мал, эд материалын зүйл, 300 кг алт, 32 500 шилдэг хүлгийг зургаан удаагийн цуваагаар илгээсэн гэдэг. Ийн Орос, Монголын олон олон эрдэмтэн Буриад Улсын их, дээд сургуулиудаар зочилж, оюутнуудад Зөвлөлт-Монголын дайчид Халх голд Японыг бут цохисон ялалтын түүх ба ач холбогдлын талаар цуврал лекц уншсан юм.