30 жилийн өмнө баталсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчилнэ гэж ярьсаар өнөөгийн эрх баригчид бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. “Энэ” гээд харуулчих төсөл байхгүй атлаа батална гэж хэлэлцэх асуудлын дараалалд нэрийг нь байн байн оруулахаас хэтрэлгүй, хайран хугацааг барав. Уг хуулийг цаг үетэй нь нийцүүлэн шинэчлэх шаардлагатай, эсэх талаар маргах хэрэггүй хэмээн бүгд санал нэгддэг ч олонх, цөөнхийн аль нь ч санаачилга гаргасангүй. Харин үүнийг нэрнээс нь авхуулаад бүрэн шинэчлэхээр боловсруулсан төслөө Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнгөрсөн долоо хоногт цахим хуудсандаа байршуулж, олон нийтээс санал авч эхэлжээ.
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль хэмээн нэрлэсэн эл шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх эрхээ эдлэхдээ Засаг даргаас зөвшөөрөл авч буй одоогийн зохицуулалтаас салах нь.
Уг нь 2015 онд эл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, жагсаал, цуглаан зохион байгуулахад зөвшөөрөл олгох бус, мэдэгдэл хүргүүлэх заалттай болгосон. Гэхдээ зохион байгуулагчид нь Засаг даргаас заавал хариу авахаар заасан нь “зөвшөөрлийн тогтолцоо”-г өөрчлөөгүй гэж хэлж болно. Одоогийн хуулиар жагсаал зохион байгуулахаас гурван өдрийн өмнө Засаг даргад мэдэгдэл хүргүүлэх ёстой. Мэдэгдлийг нь бүртгэсэн, эсэх хариуг Засаг дарга мөн ажлын гурван өдрийн дотор өгнө гэж Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасан. Хэрэв Засаг дарга бүртгэхээс татгалзвал жагсаал зохион байгуулах гэж буй хүмүүс шүүхэд хандах эрхтэй. Харин шүүх ажлын зургаан өдрийн дотор Засаг дарга татгалзсан нь үндэслэлтэй, эсэхийг шийдвэрлэх ёстой.
Өөрөөр хэлбэл, мэдэгдэл бүртгүүлэхээс авхуулаад жагсаал, цуглаан хийх хүртэл нийт ажлын есөн өдөр буюу хуанлийн 14 хоног зарцуулахаар байна. Түүнчлэн сүүлийн хоёр жилд 214 жагсаал, цуглаан зохион байгуулахыг хүссэн бичигт цар тахлын үеийн дүрэм, журмын зохицуулалттай холбоотойгоор сум, дүүргийн Засаг даргаас татгалзсан хариу өгсөн аж. Зөвхөн нийтийн дэг журмыг хөндөхүйц бодитой үндэслэл байвал л жагсаал, цуглааныг хязгаарлаж, зөвшөөрөхгүй байж болох ч Засаг дарга нар “дарга” дүрдээ хэт итгэн, дэвэн дэлхийн баахан шалтаг тоочин, “болохгүй” гэх хариу өгдөг нь нийтлэг. Тэгээд ч цар тахлын үед мөрдсөн хуулиар тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлах эрхийг Засаг даргад олгоогүйг судлаачид хэлж байна. Цаашлаад Засаг дарга хэмээх улс төрийн албан тушаалтан жагсаалын зорилго, агуулгад субъектив буюу хувь хүний үүднээс хандаж зөвшөөрдөггүй, албадан тараах шийдвэр гаргадаг гэж шүүмжилдэг.
Германд жагсаал, цуглаан хийхээр бол мэдэгдэл хүргүүлсний дараа зохион байгуулагч нь зөвшөөрөл авах шаардлагагүй, эрх бүхий байгууллагаас ямар нэгэн хариу хүлээх хэрэггүй байдаг. Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслөөс харвал авто замын зорчих хэсэг, гүүр болон түүх, соёлын дурсгалт зүйл бүхий байгууллагатай газраас бусад байршилд жагсаал, цуглаан зохион байгуулах бол орон нутагт 48, нийслэлд 24 цагаас доошгүй хугацааны өмнө тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүлэх гэнэ. Хариу хүлээх шаардлагагүйгээр тайван хуран цуглах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг. Түүх, соёлын дурсгалт зүйл бүхий байршил, замын хөдөлгөөний зорчих хэсэг зэргийг шинээр тусгасан нь энэ. Харин эдгээр газарт зохион байгуулах бол 48 цагийн өмнө тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүлж, бүртгүүлэх үүрэгтэй. Ийм тохиолдолд цагдаагийн байгууллага ажлын нэг өдрийн дотор бүртгэсэн, эсэх талаар хариу өгөхөөр тусгажээ. Цагдаагийн байгууллагынхан мэдэгдлийг бүртгэсэн бол жагсагчдын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах, замын хөдөлгөөнийг нь зохицуулах, олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах үүрэг хүлээх нь.
Тэгвэл өлсгөлөн, суулт хийх хэлбэрээр олон нийтийн газарт үзэл бодлоо илэрхийлэх, иргэд тодорхой үйл явдалд хариу үзүүлэх зорилгоор тухайн хэсэгт даруй хуран цуглах байдлаар аяндаа үүссэн цуглааны үед ийм мэдэгдэл хүргүүлэх шаардлагагүй. Олон нийт цахим орчинд идэвхтэй болж, аливаа мэдээллийг түргэн шуурхай хүлээн авснаар нийгмийг бухимдуулсан үйл явдал, мэдээлэлд богино хугацаанд хариу үйлдэл, эсэргүүцэл үзүүлдэг болоод буй. Энэ мэтээр олон нийт зохион байгуулалтгүйгээр нэгдэн жагссан үед хэрэгжүүлэх зохицуулалт манайд үгүй нь иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах шалтаг болдог. Гэтэл төлөвлөөгүй буюу аяндаа үүссэн үйл явдлыг тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөнд хамруулан, хүлээн зөвшөөрөхийг олон улсын гэрээ, конвенцуудад ч заасан байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, тодорхой үйл явдлын өрнөлийн үед аяндаа үүсдэг цуглааныг хориглож, хязгаарлахгүй, иргэдээ жагсаж, нэгдэх боломжоор хангах ёстой гэсэн үг. Ямартай ч энэ талаар тусгаж, холбогдох зохицуулалтыг төсөлдөө оруулсан нь сайн хэрэг.
Түүнчлэн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар жагсаал, цуглааныг хориглохдоо зохион байгуулагч субъект, газар буюу байршил, зорилго, чиглэл, хугацаа зэргээр нь харж үзэж хязгаарладаг нь яавал жагсуулахгүй, цуглуулахгүй байх вэ гэсэн бодлого мэт. Тухайлбал, байршлаар нь нисэх онгоцны, нийслэлийн зорчигч тээврийн болон төмөр замын буудал, өртөө, цэрэг, цагдаагийн, радио, телевизийн нэвтрүүлэг явуулдаг, олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж буй байгууллага төрийн хамгаалалтад байгаа газар, аймаг, нийслэл дэх төв холбооны газар, хот суурин газрын хүнсний болон барааны зах, Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт жагсаж, цуглахыг хориглодог. Үүнээс гадна бусад хуулиар хориглох хүрээг өргөжүүлсэн байдаг.
Жишээ нь, Хилийн тухай хуулиар боомт, бүс, Яамны эрх зүйн байдлын тухай хуулиар яам, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар агентлаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хорих анги, Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт хориглохоор заасан. Үүнийг хүний эрхийн олон улсын болон дотоодын байгууллагууд зөвлөмждөө онцолж, жагсаал, цуглаан хийхийг хориглох байршлыг ингэж хавтгайруулж тогтоох нь зохисгүйг анхааруулж ирсэн юм. Шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын хилийн бүс, нисэх онгоцны болон төмөр замын буудал, өртөө, Төрийн ордон, түүний нутаг дэвсгэр, хорих анги, хамгаалалтынх нь зурвас, улсын онц чухал объект, төрийн тусгай хамгаалалтад байгаа газар гэсэн зургаан зүйлээр хязгаарлажээ.
Субъектийн хувьд Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан зохион байгуулах эрхтэй гэж одоогийн хуульд тусгайлан тоочсон нь эдгээрээс бусад этгээдийг хориглох агуулгыг илэрхийлж байна гэж шүүмжлэх нь бий. Үүний сацуу мөн л Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч, Төрийн тусгай албаны тухай хуулиар төрийн тусгай албаны ажилтан, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар цэргийн алба хаагчийн жагсаал, цуглаан хийх эрхийг хориглон, хязгаарласан. Төрийн албаны тухай хуулийн 39.1.14 дэх заалтаар төрийн албан хаагчийг төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахыг хориглож буй. Үндсэн хуулиар олгосон, Монгол Улсын иргэний эрх чөлөөг үүгээр хязгаарлаж байна гэж үзэж, төслийн 6.2-т “Хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан, түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно” хэмээн тусгасан байна.
Энэ мэтээр иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх эрхээ эдлэх боломжийг тэлж, баталгаажуулах гэсэн нааштай заалтуудтай эл төсөл одоогийн биш ч, дараагийн парламентын босгыг давахдаа хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. УИХ-д өргөн барилаа гэхэд парламентын хэлэлцүүлгийн явцад сайжруулах уу гэдгийг ирэх жилүүдэд харах л үлдлээ.