Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэх хугацаа дууслаа. Тодруулбал, эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон иргэдийн мэдээллийг Дээд шүүх, хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан иргэдийнхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 60, түүнээс дээш хоногоор гадаад улсад зорчсон хүмүүсийнхийг Хил хамгаалах ерөнхий газар хүргүүлэх үүрэгтэй. Эдгээрт үндэслэн УБЕГ тухайн сонгогчийг нэрийн жагсаалтаас хасалгүйгээр “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийх юм. Ийм тэмдэглэгээтэй сонгогчийг нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоонд оруулан тооцохгүй.
Харин тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч болон ажилтны мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газарт илгээх ёстой. Түүнчлэн тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух газрын хаягийн бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг Батлан хамгаалах яам, цагдаа, дотоодын цэргийн анги, нэгтгэлийн алба хаагч, ажилтныхыг ЦЕГ гаргах юм. Үүнээс гадна энэ жил Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газар илгээхээр хуульчилсан юм. Эдгээр алба хаагч, ажилтан болон манай улсын харьяат болсон, гарсан зэрэг тодотголтой иргэдийн талаарх мэдээлэлд үндэслэн УБЕГ тухайн нутаг дэвсгэрийн хамаарч байгаа сонгуулийн хэсэгт санал өгөх сонгогчийн нэрийн жагсаалтад тэднийг нэмж бүртгэх ёстой. Үүний сацуу өөрсдийнх нь байнга оршин суугаа газрынх нь хаягийн дагуу бүртгэгдсэн сонгогчийн нэрийн жагсаалтаас хасах юм.