Монгол Улсын Засгийн газар 2009 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод нэгдэн орсон. Улмаар 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр энэхүү конвенцод нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаар баталсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тэдний үндсэн эрхийг баталгаажуулж, хамгаалах, эрхийг хангахад чиглэсэн холбогдох зохицуулалтыг хариуцах этгээд зэргийг бусад салбар хуулиар зохицуулах, хуулийн давхардал, хийдлийг арилгах, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зорилгоор шинэчлэн, найруулах хэрэгцээ бий болжээ. Мөн Улсын Их Хурлын Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтын 104 дүгээрт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлахаар заасан. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг 2023 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдтай хамтран баталсан.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр зөвлөлийн хурлын үеэр тус хуулийн төслийг яаралтай горимоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрийг гаргажээ. Хуулийн төслийг төр, төрийн бус байгууллагаар 10 удаа хэлэлцүүлж, ирүүлсэн саналыг Хууль, тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн тусган ажиллалаа.
Хууль, тогтоомжийн тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагуудаас санал авахаар хүргүүлсэн бөгөөд хуулийн төслийг ХНХЯ-ны цахим хуудаст байршуулсан. Түүнчлэн өнөөдөр ХНХ-ын сайд Х.Булгантуяа хуулийн төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагад дахин хэлэлцүүлж санал авлаа. Хуулийн төслийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.