Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчид холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан. Түүнийг яллагдсаны дараахан ар гэрийхэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай биечлэн уулзах хүсэлт тавьж байгаа талаар мэдээлэл хийсэн.
Н.Өнөрцэцэгийн эгч “Zarig.mn сайт нь 20 гаруй сэтгүүлчтэй. Тэдгээр сэтгүүлчийн ширээн дээр, шүүгээнд нь ямар материал байгааг мэдэх аргагүй. Манай Өнөрөө ажил дээрээ бараг очдоггүй байсан. Төрийн нууцтай холбоотой бичиг нь Өнөрөөгийнх биш. Төрийн нууц гээд байгаа бичиг ажилчдынх нь машинаас олдсон. Тэр машинд хоёр долоо хоног байсан. Гэтэл өөрт нь хамааралгүй юмыг хамаатай болгож байна. Төрийн нууцыг өгсөн хүн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ” хэмээн нийтэд задалчихлаа.
Төрийн нууцын материал үргэлж мөртэй. Заавал эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргаж, гарын үсгээ зурж нууцын материалтай танилцах бөгөөд задруулсан бол хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Нэр бүхий сайд, одоо УИХ-ын гишүүн болсон хүн нууцын материалыг Н.Өнөрцэцэгт хадгалуулж, өөрөө шалгагдалгүй, мэргэжилтнээ түлхээд бултаж буй. Тус мэргэжилтэн нь БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Санчир гэгддэг. Д.Санчир өмнө нь ЭТТ ХК-ийн Ерөнхий аудитораар ажиллаж байсан. Тухайн үед Б.Бат-Эрдэнэ тус компанийн ТУЗ-ийн гишүүн байв. Харин нүүрсний хулгайн гэх асуудал сөхөгдөж, ЭТТ ХК-д БЭТ томилсны дараа Д.Санчир нь ажлаас чөлөөлөгдсөн аж. Улмаар БОАЖЯ-нд эхлээд ахлах шинжээчээр ажилд оржээ. Дараа нь, Хуулийн хэлтсийн даргаар томилогдсон нэгэн байна. Харин Б.Бат-Эрдэнэ энэ тал дээр “Би төрийн нууц дамжуулах ямар ч боломжгүй. Анх авсан төрийн албан тушаалтны нэр үргэлж тодорхой, тэмдэглээстэй байдаг. Иймд энэ бүхэн үндэслэлгүй мэдээлэл” гэж тайлбар хийгээд байна.
Нийтлэлч Б.Баабар "Н.Өнөрцэцэгт монголын бусад иргэний нэгэн адил төрийн нууц хадгалах үүрэг байхгүй. Нууц хадгалах үүрэгтэй хүмүүсийн жагсаалт хуулинд бий. Үүнд бусад иргэн хамааралгүй. Хэрэв нууц болон нууц биш бичиг баримтыг Н.Өнөрцэцэг хулгайлсан, сүрдүүлсэн, булаан дээрэмдсэн бол зөвхөн үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой болохоос биш төрийн нууц хадгалсан асуудал нь хамаарахгүй" гэж жиргэсэн нь анхаарал татах өнцөг. Тэгвэл хуулиар зөвшөөрөгдсөн төрийн нууцад нэвтрэх эрхтэй субьектүүд нь ямар албан тушаалтнууд байдаг вэ? Төрийн нууцын тухай хуулиййн 19-д зааснаар,
- Ерөнхийлөгч,УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь танилцуулахыг хуулиар хориглосноос бусад төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.
- УИХ, ЗГ-ын гишүүн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтан нь албан үүргийн шаардлагаар танилцвал зохих төрийн нууцтай энэ хуулийн журмын дагуу танилцана.
- Төрийн нууцтай холбогдсон асуудлыг хянан шалгах зорилгоорУИХ-аас байгуулсан комиссын гишүүн, уг зорилгоор УИХ-аас тусгайлан эрх олгогдсон хүн тухайн шалгах асуудлын хүрээнд хамаарах төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.
- Төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн төв, орон нутгийн болон бусад байгууллагын төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн тухайн байгууллагын дарга батална.
Энэ зохицуулалтаар бол яамны мэргэжилтэнд төрийн нууцын материал байх бараг л боломжгүй. Иймд маш энгийн логикоор анх тухайн төрийн нууцыг олж авсан этгээдийг хамтад нь шалгах ёстой. Гэтэл тэр процесс таг чиг болж, Н.Өнөрцэцэгт өдгөө түрүүлээд ял оноочхоод байгаа нь маргаан дагуулсаар байна.