-Уур амьсгалын өөрчлөлтөд хувцас үйлдвэрлэл, хэт их махны хэрэглээ нөлөөлж байна-
Парис, Миланы загварын шоу олныг алмайруулдаг. Гэтэл эдгээр хувцасыг үйлдвэрлэх материалыг хийхийн тулд хөвөнгийн тариалалт өсдөг байна. Үүнийг дагаад гол, нуур ширгэх аюул хэдийнэ иржээ. Тиймээс ганц нүүрсний хэрэглээ хүлэмжийн хий ялгаруулж, дэлхийн дулааралд нөлөөлдөг үү гэвэл өрөөсгөл. Уншигч таны өмсөж буй хувцас, идэж буй мах ч хүлэмжийн хий үүсгэдэг. Хүн төрөлхтний хувцасны хэрэглээг хангах гэж Казахстан, Узбекистаны дунд оршдог Арал нуур ширгэх аюулд оржээ. Тухайн бүс нутагт хөвөнгийн тариалалт эрс нэмэгдэж, их хэмжээгээр экспортлох болсон. Үүний улмаас найман жилийн дотор дэлхийд дөрөвт эрэмбэтэй уг нуур ширгэж, харанга дэлджээ.
Тиймээс таны худалдаж авсан хувцас энэхүү хөвөнгийн тариалалтад хэрхэн нөлөөлсөн бэ гэх асуултыг өөртөө тавиарай. Тухайн хувцасыг үйлдвэрлэх гэж байгальд сөрөг нөлөө үзүүлж буй нь дэлхийн дулаарлыг бий болгох нэг хүчин зүйл юм. Түүнчлэн дэлхийн хүнсний систем нь хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг бүрдүүлдэг. Өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон “COP28” дээд хэмжээний уулзалтын үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд барих зорилтын хүрээнд хүнсний системийн замын зураглалыг танилцуулсан. Үүнд амьтны гаралтай мах хэтрүүлэн хэрэглэдэг улс орнуудад махны хэрэглээгээ хязгаарлахыг зөвлөлөө. Учир нь тус хэрэглээ нь метан хий, ойгүйжилт, биологийн төрөл зүйлийн хомсдолын гол эх үүсвэр болох мал аж ахуйтай холбогдоно. Жишээ нь эдийн засаг нь мал аж ахуй суурьтай Монголчууд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөхгүйн тулд махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэсэн үг. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт энэ мэтээр бидний өдөр тутмын үйл ажиллагаанаас шалтгаалж буйг дээрх жишээ харуулж байна.
Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаруулалт өндөр
Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөх орнуудын тоонд Монгол Улс багтдаг. Судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт малчдын амьжиргаанд хоёр дахин нөлөөлжээ. Осол, амь эрсэдсэн хүний тоо ч нэмэгдсэн. Харин аж үйлдвэрлэл өндөр хөгжөөгүй хэрнээ Монгол Улсын нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал өндөр байгаа нь анхаарал татна. Сүүлийн 100 жилд дэлхийн дулаарал 1.2 хэмээр нэмэгдсэн. Өсөлтийг дагаад олон улсад цаг уурын хямрал үүсэж буй. Аадар бороо, үер, их хэмжээний цас, зуд, элсний нүүдэл, салхи болон далайн шуурга, газар хөдлөлт, ган гачиг, хуурайшилт зэрэг байгалийн үзэгдлүүдийн давтамж нэмэгджээ. Энэ хэрээр цаг уурт ноцтой өөрчлөлт орж, дэлхийн эко систем эрс өөрчлөгдөж, ирээдүйд амьдрах нөхцөл хүндрэх эрсдэл бий болоод байна. Цаашлаад хүн төрөлхтөн дэлхий дээр оршин тогтнох эсэх асуудал ч сөхөгдөнө.
Нэг жилд 7 тэрбум тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд цацагддаг
Дэлхийн хэмжээнд нэг жилд 7 тэрбум тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд цацдаг. Үүний ихэнх нь ойн түймэр болон нүүрс, байгалийн хий, газрын тос зэрэг түлшний шаталтаас ялгардаг. Харин хүлэмжийн хийн нөлөөгөөр жилээс жилд агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ нэмэгдэж, тэр хэрээр цаг агаарт нөлөөлсөөр байна. Ялангуяа дэлхийн хойд хагаст ялгаруулж буй нүүрсний хүчлийн хэмжээ бусад газраас илүү их байгаа нь Хойд Америк, Европын жишээнээс харж болно. Гэвч нүүрс хүчлийн хий агаарын орчил урсгалын нөлөөгөөр “холилдон” дэлхийн гадаргын янз бүрийн хэсгүүдэд адил хэмжээтэй тархдаг юм. Өөрөөр хэлбэл, нэг улс бус дэлхий нийтээрээ гар бие оролцож байж, уур амьсгалын өөрчлөлтийг тодорхой түвшинд барина.
Хүлэмжийн хий гэж юу вэ
Хүлэмжийн хийн нөлөөгөөр дэлхийн дулаарал маш хурдацтай явагдаж байна. Энэ нь юун түрүүнд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Хүлэмжийн хийг үүсгэж байгаа гол эх үүсвэр нь машины утаа, цахилгаан станц, нүүрсний утаа, уул уурхайн үйл ажиллагаа, ойн түймэр, галт уулын дэлбэрэлт, хивэгч мал юм. Тодруулбал, түлшний шаталт, түймэр, машины утаанаас голдуу нүүрсхүчлийн хий, хивэгч малаас метан ялгардаг. Эдгээр хий 250 орчим жилийн тэртээгээс буюу Барууны орнууд эрчимтэй аж үйлдвэржиж, түлш их хэмжээгээр хэрэглэдэг болсон үеэс дэлхийн агаар мандалд их хэмжээгээр цугларах болжээ. Эдгээр ялгаруулж буй хийн хэмжээ нэмэгдсэнээр хүлэмжид тулж, эргээд дэлхийн гадаргад ойж халалт үүсгэдэг. Мөн ялгаруулах хийн хэмжээнээс хамааран дэлхийн гадарга, далайн усны температур өсдөг. Үүнээс үүдэлтэй нөлөөг хүлэмжийн хийн нөлөө гэдэг.
Ой болон бэлчээрийн талбай их хэмжээний нүүрстөрөгчийг агуулдаг. Эдгээр талбайг хот суурин болгох, ойг устгах, бэлчээр талхлагдах зэрэг нь нүүрстөрөгчийг эргээд агаар мандалд ялгаруулах шалтгаан болдог. Мөн олон тооны бичил ургамал бүхий далай тэнгис, намгархаг газар, хойд зүгийн мөнх цэвдэг нь нүүрстөрөгч ихтэй. Эдгээр нь цаг уурын нөлөөгөөр хайлвал метан ялгарч хүлэмжийн хийг ихэсгэнэ. Тиймээс эдгээр хийн хэмжээг бууруулахад ургамал, хөрс, намгархаг газар, мөнх цэвдэг, ой голлох үүрэгтэй.
Дэлхийн дулаарлыг хязгаарлах Парисын хэлэлцээр
Парисын хэлэлцээр 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой. Тус хэлэлцээрийг Парисын уур амьсгалын талаарх бага хурлын үеэр Киотогийн протоколын оронд боловсруулжээ. Мөн 2015 оны арванхоёрдугаар сарын 12-нд бүх нийтээр буюу 190 гаруй орон хүлээн зөвшөөрсөн. Улмаар 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд гарын үсэг зурж, улс орнууд үүрэг хүлээжээ. Тодруулбал, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэлхийн дундаж температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах "хүчин чармайлт гаргах" явдал гэж зорилтоо тодорхойлсон. Монгол Улс тус хэлэлцээрт 2016 оны есдүгээр сарын 21-ний өдөр нэгдэн оржээ.
Дэлхийн хэмжээнд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод суурилсан уур амьсгал, хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө шаардлагатайг Хөгжлийн хөтөлбөрийн шинэ тайландаа онцолжээ. Энэхүү тайланд НҮБ Монгол Улсын Засгийн газар үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан гэдгийг дурдахаа мартаагүй. Мөн Монгол Улс 2030 он гэхэд үндэсний тодорхойлсон тогтвортой хөгжлийн зорилтууддаа хүрэхийн тулд 44.2 тэрбум ам.долларын санхүүжилт татах хэрэгтэй гэж тодотгожээ.
Гэтэл 2024 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр ЭЗХЯ-наас “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны үзэл баримтлал, бодлогын баримт бичгийн замын зураглал боловсруулах” төслийн нээлтийг дөнгөж эхлүүлсэн. 2016 онд Парисын хэлэлцээрт нэгдчихээд найман жилийн дараа уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр, Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох урт хугацааны хөгжлийг зураглах гэж байна.
Дэлхийн температур 2 хэмээр нэмэгдэхэд эко системийн тэнцвэргүй байдал үүснэ
NАSA-аас жил бүр дэлхийн дундаж температурын өөрчлөлт болон цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх судалгаа гаргадаг. Энэхүү судалгаагаар дэлхийн агаарын дундаж температур 2 хэмээр нэмэгдэхэд манай гараг дээрх хорхой шавжны тоо 18, ургамал, зүлэг 16, сээр нуруутан амьтдын тоо найман хувиар буурахыг анхааруулжээ.
Грийнланд, Антарктидын мөс болон мөсөн голууд их хэмжээгээр хайлсны нөлөөгөөр далайн түвшин дээшилж, далайн эргийн улсууд живэх эрсдэлд орсон. Зөвхөн Грийнландын мөсөн давхарга хайлахад далайн түвшин 7 метрээр нэмэгдэх юм билээ. Энэ хэрээр дэлхийн экосистем болон биологийн олон янз байдлын тоо хэмжээ, амьдрах орчин өөрчлөгдөж, тэнцвэр нь алдагдсан. Тодорхой хэлбэл, дэлхийн дулаарал 2 хэмд хүрэх л юм бол хүн дасах зохицох боломжгүй, эрсдэлд орно. Тиймээс Парисын хэлэлцээрт нэгдэн орсон улс орон бүр зорилтоо биелүүлж, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулж, дэлхийн дулаарлыг өнөөгийн төвшингөөс хэтрүүлэхгүй байх чухал сорилтын өмнө ирээд буй.