-40-55 жилийн настай ДЦС-ууд эцсийн хүчээ шавхаж байна-
1915 онд Богд хааны ордонд анхны чийдэнг асааж байжээ. Өнөөдөр ч тус чийдэн айл өрх, гудамж, хотыг гэрэлтүүлсээр. Харин Монгол цахилгаанаа үйлдвэрлэсэн өртгөөс нь бага үнээр хэрэглэгчдэд түгээдэг цор ганц улс гэдгийг уншигч та мэдэх үү. Эрчим хүчний эх үүсвэр иргэдийг утас, телевизээс “уяатай” өнжих нөхцөлийг бүрдүүлсэн ч өсөж буй хэрэглээг хангаж хүчрэхгүйд хүрсэн. Тиймээс “Хэрэглэгч бүр хэмнэж байж одоогийн нөөцөөр 2026 он хүртэл тэснэ” гэх арга ядсан тайлбарыг салбарынхан хэлнэ лээ.
Эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсдөг. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2021 оны арванхоёрдугаар сард 1387 МВт байсан бол 2023 оны мөн үед 1636 МВт хүрч, 314 МВт-ийг ОХУ-аас импортолжээ. Он гарсаар нэгдүгээр сарын 15-ны өдрийн 19.00 цагт оргил ачаалал 1508 МВт хүрсэн. Цаашлаад 2025 онд 1680 МВт хүрэх төлөвтэй. Гэтэл манай улсын эрчим хүчний оргил хүчин чадал 1649 МВт. Уг нь Монгол Улсын хэрэглээ бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад нэг үйлдвэрийн хэрэглээтэй дүйнэ. Үүнийг хангах учиртай цахилгаан станцууд эхнээсээ хаалгаа барихад хүрсэн нь эмгэнэлтэй.
Монгол Улсын эрчим хүчний дээд хүчин чадал 1649 МВт
Эрчим хүчний системийг нийтэд нь:
- Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг хамруулсан баруун бүс,
- Завхан, Говь-Алтай аймгийг багтаасан Алтай-Улиастайн эрчим хүч,
- Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Багануур хүртэл хамаарсан Төвийн бүсийн эрчим хүч,
- Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийг багтаасан Зүүн бүсийн эрчим хүчний систем гэсэн таван бүсэд хуваадаг.
Эдгээрээс Төвийн бүсийн эрчим хүчний систем улсынхаа хэрэглээний 80 хувийг хангадаг. Нийт хүчин чадал нь 1649 МВт учраас эл хэрэглээг хангах шинэ эх үүсвэр шаардлагатай. Цахилгаан станцуудын насжилт дунджаар 30 жил. Гэтэл одоо ажиллаж буй ДЦС-уудын насжилт хэтэрч, эцсийн хүчээ шавхаж байна. Тухайлбал, “ДЦС-4” 40 жил, “ДЦС-3” 49 жил, “ДЦС-2” 55 жилийн настай. Түүх сөхвөл, 1931 онд Дунд голын чийдэнгийн хороог байгуулснаар Монголын анхны ДЦС-ын суурь тавигджээ.
Өрхүүд орлогынхоо 2.2 хувийг цахилгааны төлбөрт зарцуулдаг
“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийнхөн цахилгааны хэрэглээний төлбөр, өртөгтэй холбоотой суурь судалгаанд дүн шинжилгээ хийсэн гэнэ. Олон улсад орлогынхоо таван хувийг тогны төлбөрт зарцуулдаг бол Монголд дээрх үзүүлэлт 2.2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн дунджаас 2 дахин бага үнэ төлдөг гэсэн үг. Мөн өрхийн цахилгааны төлбөр 10 хувиар өсөхөд инфляц 0.2 хувь, эдийн засгийн салбаруудын оролцогчдын зардал 0.5 хувиар өснө. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны судалгаагаар гар утас болон интернетийн төлбөрт иргэд орлогынхоо 10 орчим хувийг зарцуулдаг байгаа юм.
“Халамж”-ийн үнэтэй эрчим хүч
2023 оны байдлаар 1кВт эрчим хүчийг 243 төгрөгөөр үйлдвэрлэж, 215 төгрөгөөр борлуулсан. Улмаар ид ачааллын үед ОХУ-аас 1кВт цахилгааныг 250 төгрөгөөр худалдан авдаг. Бодит өртгөөс доогуур буюу “халамж”-ийн үнээр цахилгаанаа худалдах нь тухайн салбарын тогтвортой үйл ажиллагааг доголдуулж, засвар үйлчилгээ хийх ч нөхцөлгүй болдгийг ОХУ-аас цахилгаан худалдан авдаг тариф бэлхнээ илтгэж байна. Мөн ямар ч нөөцлөх завдалгүйгээр хамаг хүчээ шавхан ажиллахад хүргэдэг. Цаашлаад гэмтэл гарвал улс даяараа тоггүй болох эрсдэл үүснэ. Эрчим хүч таны гэрт, албан тасалгаанд очихын тулд 5-6 шатлал дамждаг. Эдгээр үйлдвэрлэлийн процесс болгоны зардлыг шингээснээр цахилгааны үнэ тогтох учиртай. Гэтэл төр цахилгааны үнийг хүчээр хэт доогуур тогтоосоор байна. Тодруулбал, 2021 онд 98, 2022 онд 187.3, 2023 онд 121.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Товчхондоо тус салбарт шинэчлэл ч алга. Уг нь Шинэ сэргэлтийн бодлого болон Эрчим хүчний тухай хуульд үнэ тарифыг тогтоож, индексжүүлэхдээ бодит өртөг, зардал, инфляцыг харгалзахаар тусгасан ч амлалт зөвхөн цаасан дээр үлдэв.
Хөрөнгө оруулалтын чөдөр, тушаа нь “халамж”-ийн үнэ юм
“Эрчим хүчний салбараас хөрөнгө оруулагчид “зугтсан” гол чөдөр, тушаа нь үнийн асуудал гэдгийг дахин онцолъё. Уг “халамж”-ийн үнийг /1кВт эрчим хүч/ 8-9 цент буюу 300-400 төгрөг болсон цагт гадаадын хөрөнгө оруулагчид цахилгаан станцын төслийг сонирхоно гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, шинэ станц барих ТЭЗҮ-гээр хөрөнгө оруулалтыг 10-11 жилийн дараа нөхөхөөр төслүүдэд тусгажээ. Энэ нь 8-9 центээр зарах цахилгаан станцын үйлдвэрлэгчийн үнэ гэсэн үг. Нэмэлтээр дамжуулах, түгээх, татвар зэрэг зардлууд хэрэгтэй. Харин өнөөгийн үнэ болох 215 төгрөгөөр хөрөнгө оруулалтаа нөхнө гэвэл 40-50 жил зарцуулна. Ийм нөхцөлийг хөрөнгө оруулагчид хүлээж авдаггүй, мөн 11-12 жилээс хэтэрвэл ямар ч банк зээл өгдөггүй аж.
“Алсын хараа 2050”-д Эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг нь эрчим хүч гэж тусгажээ. Ингэхдээ дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжид Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих юм гэсэн. Цаашдаа эрчим хүч импортлогч улсаас экспортлогч улс болж, Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд нэгдэж, эрчим хүчний идэвхтэй тоглогч болсноор салбарын өгөөж 9.2 тэрбум ам.долларт хүрнэ гэдгийг тодотгосон. Харин бодит байдал дээр үе, үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасаар ирсэн үнэ чөлөөлөх асуудлыг өнөө ч шийдээгүй хэвээр. Тиймээс эрчим хүч үйлдвэрлэж, илүүдлээ гадагш худалдах нь бүү хэл, дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй, гал алдахад хүрсэн.
Монгол Улсын эрчим хүчний салбар өрсөлдөөнт зах зээлийн зарчимд шилжих хэрэгцээ бий. Ингэж байж эх үүсвэрийн дутагдал, салбарын татаасны сүлжээний асуудлыг шийдвэрлэнэ. Цаашлаад Монгол Улс тус салбарын бие даасан орчныг бүрдүүлж, сэргээгдэх эрчим хүчийг экспортлох, Азийн супер сүлжээнд нэгдэх зэрэг ирээдүйн том зорилтууд руугаа орох сууриа тавьж чадна. Харин “халамж”-ийн үнээр цахилгаанаа үнэлсээр байвал эрчим хүчний салбар “дефолт” зарлана гэсэн үг.