Төр “данхайсан” бүтцээ багасгахын тулд хог ачилтын үйлчилгээг өнгөрсөн оны аравдугаар сараас хувийн хэвшлийн байгууллагуудад хариуцуулсан. Ингэхдээ хянах эрх мэдлийг нь дүүргүүдийн Хот тохижилтын албанд олгосон байдаг. Түүнчлэн энэ сарын 1-нээс хот тохижилтын үйлчилгээ, тэр дундаа зам, талбайн цэвэрлэгээний ажлыг дүүргүүдэд хариуцуулаад байна. Тохижилт үйлчилгээний ажилчид үүр цайхаас үдшийн бүрий хүртэл ажилладаг. Энэ хугацаанд хүрз, шүүр л гол “нөхөр” нь болдог. Тэдний ажлын нөхцөлийг сурвалжиллаа.
Нийслэлийн төв хэсэг нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг. Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний ажилчидтай цайны цагаар, ажлынх нь байранд уулзлаа. Тэдний ажлын байр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байрны B1 дүгээр давхарт байрладаг аж. Дотогш ороход харанхуй, бүгчим агаад чийг даасан орчин угтлаа. Ажилчид энд түр амсхийх зуураа халуун цай уучхаад л удалгүй эргээд ажилдаа гарч байв. Тэдний олонх нь ТҮК-д 10 гаруй жил ажиллаж буй гэнэ. Нийслэлийн Хот тохижилтын газраас дүүрэг рүү шилжүүлэхэд хамт олны уур амьсгал, ажлын байрных нь орчин өөрчлөгджээ. Уг нь анх 30-уулаа ирсэн ч өдгөө 10 хүн л үлдсэн байна.
Гэвч цайны цагаар албаныхан нь ажилдаа түргэн гарахыг шаардан, тайван суулгадаггүй гэнэ. Түүнчлэн ажлын цагаар угаалгын өрөө ороход, бие засахад ч дургүйцдэг аж. Ингэхдээ “Бусад нь ажлаа хийгээд байхад чи яахаараа ганцаараа угаалгын өрөө орж, амардаг юм. Зарим нь угаалгын өрөө орохгүй болоод байна” гэх зэргээр загнадгийг ажилчид хэллээ.
Ажилчдын ажлаас гарч буй эхний шалтгаан нь цалин бага байгаа нь аж. Мөн ажлын техник, хэрэгсэл хангалтгүй буй нь ч нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн иргэдийн харилцаа хандлага ч нөлөөлдгийг хэлж байлаа. Өдрийн цагаар үйлчилгээний байгууллагад ажлынхаа хувцастай ороход бусад үйлчлүүлэгчээс ялгаатай харьцаж, үл тоосон хандлага гаргадаг байна.
Тэд өдөр бүр 07.00-16.00 цагт ажилладаг. Энэ хооронд нэг цаг амарч, өдрийн цайгаа уух хуваарьтай. Гэвч цайны цагаар албаныхан нь ажилдаа түргэн гарахыг шаардан, тайван суулгадаггүй гэнэ. Түүнчлэн ажлын цагаар угаалгын өрөө ороход, бие засахад ч дургүйцдэг аж. Ингэхдээ “Бусад нь ажлаа хийгээд байхад чи яахаараа ганцаараа угаалгын өрөө орж, амардаг юм. Зарим нь угаалгын өрөө орохгүй болоод байна” гэх зэргээр загнадгийг ажилчид хэллээ. Бас тэдэнд хүрз, шүүрээс өөр “зэвсэг” байхгүй талаараа “Дарга нар биднийг техник, технологи ашиглаад, ядах зүйлгүй ажлаа хийдэг мэтээр зурагтаар ярих юм. Гэвч бодит байдалд 10 жилийн өмнө ашиглаж байсан шүүртэйгээ өнөөдөр ч өдөржин цас цэвэрлэж байна” гэв.
ӨГЛӨӨНӨӨС ОРОЙ ХҮРТЭЛ ЦАС, МӨСТЭЙ “ЗУУРАЛДДАГ” ГЭВ
Уг нь нэг ажилчинд ногдох өдрийн цэвэрлэгээний талбай нь 1-1.2 км аж. Гэсэн ч эл стандартаа баримтлах нь ховор гэнэ. Түүнчлэн цалин ч маш хангалтгүйг тэд хэллээ. Арай ахиу цалин авч, амьжиргаандаа хүргэхийн тулд илүү цагаар ажиллахаас өөр аргагүй. Ингээд сард 1.4 сая төгрөгийн цалин авдаг. Гэсэн ч түүнээсээ даатгал, шимтгэл, зээлээ төлөөд гар дээрээ авдаг нь тун бага аж. Тэд цас орсон өдрүүдэд 20.00-21.00 цаг хүртэл ажилладаг гэнэ. Өглөөнөөс орой хүртэл хүртэл гараа чинэрч өвдтөл цас, мөстэй“зууралддаг” тухайгаа хэллээ. Ажлын өдрүүдэд ажилчдын автобус гэрийнх нь ойролцоох автобусны зогсоолоос авдаг. Харин орой, амралтын өдрүүдэд нийтийн тээврээр зорчдог гэлээ. Нийслэлийн Хот тохижилтын газарт харьяалагддаг байхад тэдний цалинг сар бүрийн 10, 25-нд олгодог байж. Дүүрэгт шилжсэнээр 5, 20-нд цалин нь буудаг болжээ. Үүнээс үүдэж зээлээ төлөх хугацаа нь зөрж, банкнаас тэдэн рүү удаа дараа холбогдож “Хар жагсаалтад оруулна” хэмээх болсон нь хүндрэл учруулж буйг хэлэх хүн ч байлаа.
ТҮК-ийнхан өвөл цас цэвэрлэх, бусад улиралд цэцэрлэгжүүлэлт хариуцдаг байна. Жилийн дөрвөн улиралд халуунд халж, хүйтэнд даарч, гадаа ажилладаг ч тэдний хөдөлмөрийг хүнд нөхцөлд хамааруулан үздэггүйг гайхдаг гэлээ. Тухайлбал, цэцэрлэгжүүлэлтийн ажилд оролцсоноос ургамлын харшилтай болсон хүн ч бий гэнэ. Мөн тэдний хүрз, шүүр нь хэврэгээс гадна маш цөөн буюу хүрэлцээгүй аж. Үүний талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Хариулт өгөх боломжгүй” гэсэн юм.
Тэгвэл дүүргийн холбогдох албаныхан нь юу ярьсныг хүргэе. Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний газрынхан “Манайд ажиллах хүч дутагдалтай байгаа. Тиймээс техник, технологи ашиглан зам, талбайгаа цэвэрлэдэг” хэмээлээ. Баянгол дүүргийнхний хувьд “Цалин одоо ч бага байна. Удахгүй ажиллах хүчгүй ч болж мэдэх нөхцөлд хүрлээ” гэв. Харин Баянзүрх дүүргийнхэн “Нийтээрээ л ажиллах хүчний хомсдолд орчихлоо. Цаашдаа техникийн хүчээр зам, талбай цэвэрлэхээр төлөвлөн, тендер зарласан. Хүний нөөцөө тогтвортой хадгалахын тулд цалинг нь бууруулахгүй. Харин ч нэмнэ. Өдрийн хоол, унааны мөнгийг нь олгодог. Өдөрт хоёр цаг амраадаг” гэсэн юм. Зарим дүүрэгт хүн хүч дутмагаас хороо бүрээс заавал нэг хүн ажилд авахаар ч ярилцаж буй аж.
“ДАРГА НАР ХУДЛАА ЯРИХАА БОЛИОСОЙ”
Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү уржигдар хотын зам, талбайн цэвэрлэгээтэй танилцав. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг “Хүчит шонхор” зах орчмын зам, талбайн ажилтай танилцах үеэрээ “Та нар явган хүний замаа цэвэрлэх ёстой. Хэзээ бүрэн цэвэрлэж дуусах юм. Удахгүй Цагаан сар болох гэж байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Явган хүний замаа хурдан цэвэрлэ. 2-3 дүүргээр явахад аж ахуйн нэгжүүд зам, талбайгаа цэвэрлэсэн л байна” гэж ажилчдыг загнаж байгаа харагдсан. Тэгсэн атлаа тэдний хөдөлмөрийн нөхцөл, техник хэрэгслийн хангамжийн талаар асуусан ч үгүй.
Дарга нар ТҮК-ийн ажилчдыг зам, талбайн цэвэрлэгээний ажлыг түргэн хийж дуусгахыг ийм маягаар байнга шаардах нь бий. Халтиргаа гулгаа их байгааг ч тэднийг ажлаа муу хийж буйтай холбон тайлбарладаг. Гэтэл бодит байдалд хүрз, шүүрээс өөр хөдөлмөрийн багажгүй ажилчид яаж энэ их цас, мөсийг хурдан цэвэрлэж дуусгах вэ. Зам, талбайгаа цэвэрхэн, халтиргаагүй байлгахыг хүсэж буй бол ажлаа хурдан хийхийг шаардах бус, харин хөдөлмөрлөх ая таатай нөхцөлийг нь бүрдүүлж, шаардлагатай техник, хэрэгслээр бүрэн хангаж, цалин хангамжийг нь нэмэх ёстойг дарга нар хэзээ ойлгох вэ.
Яг энэ асуудлаар өнгөрсөн арванхоёрдугаар сард ТҮК-ийнхан эсэргүүцлээ илэрхийлсэн. Нийслэлийн хот тохижилтын ажилчдын 80 хувийг дүүргүүдэд тараан хуваарилсан нь буруу гэж тэд ярьж байв. “Хотын дарга Х.Нямбаатар зам, талбайн цэвэрлэгээг дүүргүүдэд хуваариллаа. Ийнхүү шилжүүлэхийг эсэргүүцсэн шалтгаан нь дүүргүүдийн ТҮК-д ажиллахад цалин маш бага. Ноднин (уржнан) жил авчирсан цэвэрлэгээний машинууд хаана байна” зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүнд хариу тайлбар хийхдээ тухайн үед хотын ерөнхий менежер байсан М.Баяраа “Дүүрэгт тохижилтын ажлыг сайжруулахад зарцуулах хөрөнгө нийслэлийн төсвөөс ч их байгаа” гэж хэлсэн. Гэсэн ч нөхцөл байдал одоо ч сайжирсангүй.
Нийслэлийн зарим ТҮК-ийн ажилчид “Хотын удирдлагууд олон нийтэд мэдээлэхдээ ТҮК-ийн ажилчдын цалин дунджаар 1.5 сая төгрөгт хүрсэн гэж хэлдэг. Үүнээс нь үүдэж зарим иргэн “Та нар өндөр цалин авдаг биз дээ” гэх нь бий. Гэвч бодит байдалд нэг сая төгрөгөөс бага авдаг. Техникийн хангамжийгньсайжруулсангэдэгчбид өнөө хэр хүрз, шүүрээ барьсаар байна. Ядаж л дарга нар худлаа ярихаа болиосой” гэсэн юм.
ОРОН НУТАГТ Ч ХҮНИЙ НӨӨЦ ДУТАГДАЛТАЙ
Нийслэлд хүн хүч дутмаг, зам, талбайн цэвэрлэгээ тааруу байгааг бид алхам тутамдаа мэдэрч буй билээ. Тэгвэл орон нутагт нөхцөл байдал ямар байгааг сонирхлоо. Хамгийн олон хүн амтай аймгуудын нэг Орхоны Хот тохижуулах газар зам, талбайн 130 үйлчлэгчтэй. Аймгийн төвд суурьших иргэд, шинээр барьсан орон сууцын тоо нэмэгдэж буй аж. Суурьшлын бүс ийнхүү өргөжин тэлэхийн хэрээр цэвэрлэх зам, талбайн хэмжээ нь ч томорсоор байгаа гэнэ. Ийм шалтгаанаар тохижилт үйлчилгээний ажилчид хүрэлцэхгүй болсныг албаныхан нь хэллээ. Тус аймагт зам, талбайн ажилчдынхаа цалинг хамгийн сүүлд 2022 онд нэмсэн байна. Ингэснээр сард 800-900 мянган төгрөгийн цалин авдаг байсныг 1 240 000 төгрөгт хүргэжээ. Үүнээс татвар, шимтгэл, даатгал төлсний дараа гарт үлдэх нь 950 мянган төгрөг болдог аж. Тус аймгийнхан хог ачдаг машиныхаа 80 хувийг нь шинэчилжээ. Харин ажилчид нь хүрз, шүүрээ ашигласан хэвээрээ гэнэ.
Өнгөрсөн хэдэн жилд ТҮК-ийн ажилчдын цалин бага, хөдөлмөрийн нөхцөл хүнд байгаа талаар холбогдох хүмүүс нь олон удаа мэдээлсэн. Ингэхдээ удахгүй цалинг нь нэмнэ гэдэг ч нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй. Техник, технологийн үсрэнгүй хөгжилтэй цаг үед амьдарч буй талаараа цээжээ дэлдэн ярих дуртай шигээ тэрхүү хөгжлийг ашиглан хөдөлмөрийн нөхцөлийг нь сайжруулаарай.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн