2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр, улсын хэмжээнд нийт 64.7 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс 4.8 сая адуу, 5.4 сая үхэр, 473.9 мянган тэмээ, 29.4 сая хонь, 24.6 сая ямаа байна. Малын тоо өмнөх оныхоос 6.4 сая (9.1%)-аар буурсан бөгөөд төрлөөр авч үзэхэд, хонь 3.3 сая (10.2%), ямаа 3.0 сая (10.7%), үхэр 162.1 мянга (2.9%)-аар тус тус буурч, адуу 8.6 мянга (0.2%), тэмээ 3.4 мянга (0.7%)-аар өсжээ.
Мал тооллогын дүнгээр Хөвсгөл аймаг нийт 5.7 сая толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Төв аймаг 4.9 сая толгой, Архангай аймаг 4.8 сая толгой, Өвөрхангай аймаг 4.7 сая толгой, Хэнтий аймаг 4.4 сая толгой мал тоолуулж удааллаа. Мөн Архангай аймаг адуу, үхэр, Өмнөговь аймаг тэмээ, Хөвсгөл аймаг хонь, Баянхонгор аймаг ямааны тоогоороо тэргүүлж байна.
Улсын хэмжээнд 2023 онд оны эхний төллөх насны 30.9 сая хээлтэгч малын 22.7 сая (73.5%) нь төллөжээ. Бойжуулсан төл 18.3 сая толгой болж, өмнөх оноос 27.9 хувиар буурсан байна. Оны эхний малын 6.9 хувь буюу 4.9 сая том мал 2023 онд зүй бусаар хорогджээ.
Мал тооллогын 2023 оны дүнгээр нийт малтай өрхийн 76.4 хувь буюу 189.3 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэр нь болж байгаа малчин өрх байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 1.5 мянга буюу 0.8 хувиар буурч, хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 298.3 мянган малчид мал аж ахуйн салбарт ажиллаж буй.
Нийт малчдыг насны бүлгээр авч үзэхэд 5.9 хувь нь 24 хүртэлх насны, 19.8 хувь нь 25-34 насны, 28.0 хувь нь 35-44 насны, 26.5 хувь нь 45-54 насны, 13.6 хувь нь 55-64 насны, 6.2 хувь нь 65 ба түүнээс дээш насны малчидтай. Харин 112.4 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан бол 147.8 мянга нь малчны зээлтэй байна.