2022.03.16 Япон Улсын зүүн хойд эрэгт газар 7.4 магнитудын хүчтэй хөдөлж, чичиргээ нь хоёр минут орчмын хугацаанд үргэлжлэв. Тус улсын Цаг уурын агентлаг Фүкүшима, Мияги мужид цунами тохиож болзошгүйг цаг тутам анхааруулж, сэрэмжлүүлэг түгээж байлаа. Газар хөдлөлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 160 иргэн бэртэв. Канто бүс нутагт оршин суудаг хоёр сая гаруй хүн цахилгаангүй болж, галт тэрэгний олон шугам үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ үеэр Фүкүшима-Широйши чиглэлд явж байсан өндөр хурдны галт тэрэг унасан томоохон осол болсон ч 75 зорчигч, явуулын гурван багийн гишүүдийн нэг нь ч ноцтой гэмтээгүй аж. Тэднийг хугацаа алдалгүй галт тэрэгнээс гаргаж, шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлжээ.
2024.01.01 Японы Ишикава мужийн Ното хойгт 7.6 баллын хүчтэй газар хөдлөв. Энэ нь тухайн бүс нутагт сүүлийн 100 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэдгийг тус улсын хэвлэлүүд онцоллоо. Газар хөдөлснөөс үүдэлтэйгээр хөрсний гулгалт үүсэж, түймэр гарч, хойгийн эргийн шугам зарим газраараа тэлжээ. Энэхүү үйл явдлаас үүдэн Нотогийн байгалийн тогтоц өөрчлөгдөж, шинэ эрэг бий болохоор нөхцөл үүссэнийг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Нэгдүгээр сарын 1-нд эхэлж, хэд хоногийн турш үргэлжилсэн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ.
2024.01.02 “Жапан эйрлайнс” компанийн “Airbus A350-900” агаарын хөлөг эргийн хамгаалалтын албаны онгоцтой мөргөлдөж, шатсан осол Токио хотын “Ханеда” нисэх буудалд болов. Японы тусгай албаныхан агаарын тээврийн онгоцонд байсан 379 иргэнийг 90 секундэд хөлгөөс аюулгүй гаргаж, амийг нь аварлаа. Харин Ишикава мужид болсон газар хөдлөлтийн голомтод ажиллахаар явах гэж байсан эргийн хамгаалалтын албаны онгоцны багийн зургаан гишүүний тав нь харамсалтайгаар амиа алдсан юм.
Эдгээр нь Япон Улсад хамгийн сүүлд тохиосон, санаанд ойр буй гамшиг, ослуудын жишээ юм. Мөн тус улс аливаа гамшиг, осолд хэрхэн өндөр түвшинд бэлтгэгдсэнийг дэлхий нийтэд дахин нотлон харуулсан үйл явдлууд гэж хэлж болно. 7.4, 7.6 магнитуд, баллын хүчтэй газар хөдлөлт гэдэг бол их хэмжээний сүйрэл дагуулах гамшигт үзэгдэл. Өнгөрсөн онд Турк, Сирид үүнтэй ижил хэмжээний хүчтэй газар хөдлөхөд56 000 хүн амиа алдаж, хэдэн мянган барилга, байгууламж сүйдсэн. 2010 онд Хаити улсад газар долоон баллын хүчтэй хөдлөхөд 300 мянган иргэн нас барсан байдаг. 2006 онд Пакистанд газар 7.6 магнитудын хүчтэй хөдлөхөд 79 мянган хүн амиа алдсан хар түүх бий. Харин япончууд гамшигт тэсвэртэй улс, хотыг бүтээж чадсанаараа байгалийн сорилтыг харьцангуй хохирол багатай даван туулж, иргэдийнхээ амь, эрүүл мэндийг хамгаалсаар байна. Шинэ оны эхээр Ишикава мужид болсон газар хөдлөлт нь бүс нутгийнхаа хэмжээнд хамгийн хүчтэйд тооцогдож, байгалийн тогтцод хүртэл нөлөөлсөн ч хохирол, эрсдэлийг байж болох хамгийн бага түвшинд “барьж чадсан”-ыг “Reuters” тэргүүтэй дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд онцоллоо.
Өндөр хурдны галт тэрэг унасан, онгоц мөргөлдөж, шатсан үйл явдлууд ч япончуудыг гэнэтийн осолд хэр зэрэг бэлтгэлтэйг харуулав. Цагт 350-600 км зам туулах хүчин чадалтай “галзуу” галт тэрэгний хурдыг гамшгийн нөхцөлд цаг алдалгүй амжиж хязгаарлан (хурдыг нь цаг тутам 186 км-ээр удаашруулсан), унасан ч, осолдсон ч аюул багатай байхаар шуурхай арга хэмжээ авна гэдэг тийм ч амар хэрэг биш. Дотор нь сууж явсан зорчигчид болон явуулын багийнхан бүгд амьд мэнд, ноцтой гэмтэл бэртэлгүй үлдэнэ гэдэг туйлын ховор тохиол. Шатаж буй онгоцноос 379 иргэнийг хоёр хүрэхгүй минутад гаргаж, эрсдэлээс хамгаална гэдэг амь өрссөн, өндөр хэмжээний бэлтгэлтэй хүмүүсийн л хийж чадах ажил юм.
Япон Улс газар зүйн байршлын онцлогоосоо хамаараад газар хөдлөлтийн нэн идэвхтэй бүсэд багтдаг. Тодруулбал, тус улс тектоникийн дөрвөн хавтан дээр байршдагаас газар үе үе хүчтэй хөдөлж, галт уулс оргилдог гэдэг. Дэлхий дахинд тохиолддог нийт газар хөдлөлтийн 10-20 хувь нь зөвхөн энэ бүс нутагт бүртгэгддэг гэсэн тооцоо, судалгаа ч бий. Тиймээс япончууд байгалийн аюулт, гамшигт үзэгдлийг даван туулах бэлэн байдлаа олон арван жилийн турш хангаж, сайжруулж иржээ. 1923 оны Токиогийн (140 000 хүн нас барсан), 1995 оны Кобэгийн (6400), 2011 оны 9.1 баллын хүчтэй (15 883) газар хөдлөлт ч тэдэнд аюулгүй байдлаа дээд зэргээр хангах сургамж, туршлага болсон аж. Үндсэндээ япончууд гамшгийн өндөр эрсдэл дунд аж төрдөг нь тэр бүхнийг сөрөх дархлаа, хүч чадал болсон менежментээ сайжруулахад нь нөлөөлжээ.
НҮБ-аас зохион байгуулсан “Олон нийтийг гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн мэдээллээр хангах, гамшгийн үед сэтгүүлчдийн ажиллах арга барил” сэдэвт үндэсний сургалтын үеэр нэгэн судлаач “Японы газар хөдлөлтийг биеэрээ мэдэрсэн. Тоглоом тохуу болгох зүйл биш байна лээ. Хэдэн өдөр “шок”-ийн байдалтай байсан. Одоо ч тэр үеэ бодохоор дотор харанхуйлдаг. Биднээс ялгаатай нь япончууд гамшгийн үед маш тайван, хүлээцтэй ханддаг юм билээ. Япон Улс гамшгийн үеийн онцгой байдалд хамгийн сайн бэлтгэгдсэнийг иргэдийнх нь хандлага, үйл хөдлөлөөс харж болно” хэмээн ярьсан юм. Мөн гамшигт үзэгдэл, халдлага зэргийг газар дээрээс нь сурвалжилж байсан туршлагатай сэтгүүлчид “Аливаа гамшгийг хор хохирол багатай даван туулах үндэс нь мэдлэг, мэдээлэлтэй, сэтгэл зүйн бэлтгэлтэй иргэд” гэж байв. Япончууд яг л энэ зарчмаар иргэдийнхээ сэтгэл зүйг бэлдэж, эрсдэл тохиосон үед хамгийн оновчтой алхмыг хийх нөхцөлийг бүрдүүлдэг аж.
Хэрэв бид гамшигт тэсвэртэй улс, хотыг бий болгож, ирээдүйд тохиож болзошгүй эрсдэлүүдийг гарз хохирол багатай даван туулъя гэвэл энэ чиглэлээр сургамж, туршлага арвинтай Японы менежментээс суралцах хэрэгтэй. Үндэсний болон орон нутгийн хэмжээнд гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний системийг ижил түвшинд хөгжүүлж чадсан тэднээс үлгэрлэх шаардлагатай. АНУ-ын Зүүн хойд их сургуулийн улс төрийн шинжлэх ухаан, олон нийтийн бодлогын тэнхимийн проффессор, сүүлийн 10 гаруй жилийн турш гамшгийн эрсдэлийг судалж буй Даниел Алдрих “Японд хүн бүрд өгч чадах сургамж бий” хэмээн хэлсэн байдаг.
Тэд байгалийн аюулт, гамшигт үзэгдлийг гарз хохирол багатай даван туулахад гурван хүчин зүйл чухал гэж үздэг юм байна.
Нэгдүгээрт, нарийн тооцоолол, өндөр хурд бүхий эрт сэрэмжлүүлэх систем. Тус улсын Цаг уурын агентлаг 2007 онд газар хөдлөлтийн эрт сэрэмжлүүлэх систем (EEWS)-ийг үндэсний хэмжээнд нэвтрүүлжээ. Мөн зурагт, радио, гар утсанд мэдээлэл дамжуулдаг “J-Alert” системийг ашигладаг аж.
Хоёрдугаарт, барилга, байгууламж, дэд бүтцийн хатуу стандарт, код. Газар хөдлөлт, цунами, гал түймэр зэрэг хамгийн ойрын эрсдэлүүдэд тэсвэртэй барилга, байгууламж, дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд ашиглах материалаас нь эхлээд төлөвлөлт, зохион байгуулалтыг нь хүртэл нарийн стандартчилж, кодолсон байдаг гэнэ.
Гуравдугаарт, бэлтгэгдсэн хүн ам. Иргэдийнхээ сэтгэл зүйг бэлдээд зогсохгүй шинжлэх ухааны үндэстэй, бодитой мэдээллээр хангахыг чухалчилдаг юм байна. Гамшиг тохиосон үед нүүлгэн шилжүүлэх цэгүүд, аюулгүй зорчих боломжтой маршрутуудыг айл бүрд зааж, гудамж болгонд тэмдэглэсэн байдаг аж. Бүх айл үүднийхээ ойролцоо амьд үлдэх иж бүрдэл байршуулдаг. Энэ нь анхны тусламжийн иж бүрдлээс ялгаатай бөгөөд нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэглэх цэвэр ус, вакуум савлагаатай хоол хүнс, гал гаргах зүйлс багтдаг юм билээ.
Японы үндэсний агаарын тээврийн хөлөг эргийн хамгаалалтын албаны онгоцтой мөргөлдөж, шатсан ослын үеэр тусгай албаны хүмүүс шуурхай арга хэмжээ авч буй дүрс бичлэг цахим сүлжээнд тархсан. Дотор нь сууж байсан 400 орчим зорчигч хэчнээн тайван, хүлээцтэй, бие биедээ хүндэтгэлтэйгээр ээлжээ хүлээн зогсож байгаа нь тэндээс харагдана. Магадгүй тэдний оронд монголчууд байсан бол нэгнээсээ өрсөж, амьд гарах гэж зүтгэсээр хэрүүл, зодоондоо хүрэх байх. Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэдэг албан хаагчид нь ч ийм богино хугацаанд шуурхай арга хэмжээ авч чадахгүй болов уу. Муу амлаж, харлуулах гэсэндээ ч биш. Угаасаа бидний өнөөгийн бодит байдал ийм байгаа шүү дээ. Онцгой байдал, түргэн тусламжийнх нь хүмүүс хотын төвд гарсан түймрийн голомтод очих гэж л түгжрэлээс эхлээд түмэн бэрхшээлд “бүдэрдэг”. Техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээс эхлээд олон зүйл тэдэнд дутмаг.
Манай улс Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжлийн бүсэд оршдог. Япон шиг хүчтэй газар хөдлөлт ойрхон болдоггүй ч давтамж нь жилээс жилд нэмэгдсээр байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулах болсон. Нийт газар нутгийн хэмжээнд хүн амын суурьшил, төвлөрөл сийрэг учраас газар хөдлөлт хор хохирол багатай өнгөрдгийг ч хэлдэг. Гэхдээ ийм байдал удаан үргэлжлэхгүй, нийслэл орчимд үүссэн хүчтэй газар хөдлөлтийн голомтууд аюул дагуулж болзошгүйг судлаачид сэрэмжлүүлж буй. Харамсалтай нь, манай улс энэ бүх анхааруулга, сэрэмжлүүлгийг үл тоосоор, хайнга хандсаар өдий хүрлээ. Үүний хариуг бид хэзээ, хэрхэн “хүртэх” бол гэхээс айдас төрнө.
Монгол Улс газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, менежментийг сайжруулах чиглэлээр Японтой хамтран цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Даанч үүний хүрээнд “олж авсан” зүйлсдээ үндэслээд дорвитой ажил хийдэггүй юм билээ. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, ОБЕГ-ын хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хотын гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээлэн, Азийн гамшгаас урьдчилан сэргийлэх төв, “Тоодэн сэккэй” ХК-ийнхан одоогоос 10 гаруй жилийн өмнө нийслэлд гамшгийн үнэлгээ хийхдээ цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ, тулгуур багана, шонгуудыг гамшигт тэсвэргүй хэмээн үнэлсэн. Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үнэлгээнд хамруулсан 29 мянга гаруй шонгийн 845 нь зөвхөн барилга, байгууламжийн нуралтаас үүдэлтэйгээр гэмтэж, эвдрэх аюултай, дулааны шугам сүлжээний ихэнх хэсэг буюу 82 хувь нь газар доор байрладаг нь өндөр эрсдэлтэйг уг үнэлгээнд онцолсон юм.
Үүнээс үндэслээд судлаачид Улаанбаатарт газар хүчтэй хөдөлбөл цахилгаан, дулаан удаан хугацаагаар тасрах эрсдэлтэй, хэрэв ийм үзэгдэл өвөл болбол орон сууцын хотхон, хорооллууд нийтээрээ хөлдөх аюулд ойрхон гэж дүгнэсэн.
Харамсалтай нь, манай улс үүнээс хойш Улаанбаатар хотын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, нийтийн зориулалттай барилга, байгууламж, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээг хүчитгэх, бэхжүүлэх чиглэлээр дорвитой ажил юу ч хийгээгүй. ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн ч үүнийг хүлээн зөвшөөрсөн юм даг. Үүний уршгаар өнгөрсөн зун болсон үерийн үеэр гэхэд цахилгаан дамжуулах тулгуур багана унаж, гудамж, талбайд зорчиж явсан хоёр иргэн хүчдэлд цохиулан эндсэн харамсалтай хэрэг гарсан.
Хэрэв бид гамшигт тэсвэртэй улс, хотыг бий болгож, ирээдүйд тохиож болзошгүй эрсдэлүүдийг гарз хохирол багатай даван туулъя гэвэл энэ чиглэлээр сургамж, туршлага арвинтай Японы менежментээс суралцах хэрэгтэй. Үндэсний болон орон нутгийн хэмжээнд гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний системийг ижил түвшинд хөгжүүлж чадсан тэднээс үлгэрлэх шаардлагатай. АНУ-ын Зүүн хойд их сургуулийн улс төрийн шинжлэх ухаан, олон нийтийн бодлогын тэнхимийн профессор, сүүлийн 10 гаруй жилийн турш гамшгийн эрсдэлийг судалж буй Даниел Алдрих “Японд хүн бүрд өгч чадах сургамж бий” хэмээн хэлсэн байдаг. Тийм ээ, япончуудад хангалттай хэмжээний туршлага, сургамж буй. Тэд энэ туршлагадаа үндэслэн дэлхий дахинд “хичээл” зааж байгаа. Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс улбаатай аюулт, гамшигт үзэгдэлд хүчтэй нэрвэгдэж монголчууд энэ “хичээл”-ийг нь дуулгавартай үзэж, “гэрийн даалгавар”-аа бүрэн гүйцэд хийх ёстой.