Шинэ жилийн баярын үеэр буюу өнгөрсөн сарын 30-наас хойших гуравхан хоногийн хугацаанд улсын хэмжээнд 48 хүн зуурдаар амиа алджээ. Үүний шалтгаан нь осол гэмтэл, иргэд архидан согтуурсантай холбоотой байв. Яг тухайн үед Япон Улсын Ишикава мужид газар хөдөлсөн. Манай цагдаагийн байгууллагынхан шинэ жилийн үеэр эндсэн хүний тоог мэдээлэх үеэр буюу энэ сарын 2-нд Японд газар хөдөлсний улмаас 48 хүн амь үрэгдээд буйг олон улсын хэвлэлүүдэд бичиж байсан билээ. Гадаадад гамшиг болоход л ийм тооны хүн амь үрэгддэг. Тэгвэл Монголд баяр нь хүртэл гамшгийн үеийнхтэй адил тооны хүн “авч оддог”-ийн жишээ нь энэ. Гэтэл үүнийг иргэд ч, эрх баригчид ч төдийлөн тоохгүй, болох ёстой зүйл жам ёсныхоо дагуу л өрнөж байгаа мэт хандсаар өдий хүрчээ.
УЛААНБААТАР БОЛ ГАМШИГ
Монголд, тэр тусмаа нийслэл Улаанбаатарт амьдрахыг “дарьтай торхон дээр суух”-тай адилтгахаар болжээ. Ялангуяа энэ өвөл иргэдийн амьдарч буй орчин нь дайны талбар мэт л байна. Тухайлбал, манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь зудад нэрвэгдэж, байгаль, цаг уурын хүндрэлийн улмаас олон ч хүн амиа алдлаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-5-нд буюу гуравхан хоногийн дотор Төв аймгийн Эрдэнэсант сумд зургаа, Лүнд нэг, Өвөрхангайн Зүүнбаян-Улаанд нэг, нийт найман хүн малдаа явж байгаад осгож, улмаар эндсэн юм. Тэдний нэг нь хүүхэд байв. Гэхдээ энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой осол. Харин Улаанбаатарт нүүрлээд буй гамшиг, аюул нь бидний буруутай үйл ажиллагаанаас, эсвэл байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсангүй.
Нийслэлд оршин суудаг иргэдийг хотын эргэн тойронд янз бүрийн аюул “отож” байна. Улаанбаатар хот өөрөө гамшиг болчхоод байгаагийн нэг жишээ нь энэ сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 105 дугаар сургуулийн орчимд замын цас цэвэрлэж байсан хүн амиа алдсан осол юм. Тухайн иргэн 48 настай байсан бөгөөд замын цас цэвэрлэж байхдаа халтирч унан, бордюр мөргөсөн гэх. “Яагаад ийм хэрэг гарав” гэхээр холбогдох байгууллагынхан нь “Нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлсэн 48 настай эрэгтэй замын цас цэвэрлэж байхдаа унаж, нас барсан” хэмээн хээвнэг хариулж байна.
Уг нь ял шийтгүүлсэн, эсэхээс үл хамааран хэн ч амьд явах эрхтэй. Тиймээс холбогдох байгууллагынхан нь тухайн хүнийг ажиллуулах үедээ аюулгүй байдлыг нь хангах учиртай. Ийм байдлыг нь хангаагүйнхээ төлөө уучлал гуйх ёстой атал “Үхсэн ч харамсахааргүй хүн” гэхтэй адил харгис хатуу хандаж байгаа нь Монголд хүний амийг юман чинээ боддоггүй болсны жишээ гэлтэй.
ӨДӨРТ 100 ГАРУЙ ХҮН ГЭМТЭЖ БАЙНА
Халтирч унасны улмаас хохирсон нь ганц дээрх тохиолдол ч биш. Нийслэл энэ жил яг мөсөн гулгуурын талбай шиг л байгаа. Учир нь халтиргаагүй зам, талбай огт байхгүй гэхэд буруудахгүй. Өдөрт 100 гаруй хүн зөвхөн халтирч унасны улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс мэдээлсэн. Тухайлбал, энэ сарын 6-7-ны амралтын өдрүүдэд 267 хүн халтирч унасны улмаас бэртэж, дээрх төвд ханджээ. Эдгээр тохиолдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 48-аар нэмэгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сараас буюу халтиргааны улирал эхэлснээс хойш унаж бэртсэн хүний тоо одоогоор 5000 орчимд хүрээд буй гэнэ. Мөн л өнгөрсөн оныхоос 1200-гаар нэмэгдсэн байгаа юм. Дайны үе биш, энх цаг атал дээрх шалтгааны улмаас ГССҮТ-ийн ачаалал эрс нэмэгдэж, өвчтөнүүдийг коридортоо ч хүлээн авахдаа тулсан аж.
ЦАС ЦЭВЭРЛЭХИЙГ ГАДААДЫНХНААР ЗААЛГАНА
Монголд энэ жил анх удаа өвөл болж, цас ороогүй нь хэнд ч ойлгомжтой. Гол нь хотын удирдлага, холбогдох албаныхан нь зам, талбайгаа сайтар цэвэрлэдэггүйгээс л орчны аюулгүй байдал алдагдаж, бид эрсдэлийн дунд амьдраад байна. Нийслэлийн дарга нар хотоо хөгжүүлэх нь битгий хэл, цасаа ч цэвэрлэж чадахгүй байна гэсэн үг. Жишээ нь, халтиргаа хэрээс хэтрээд ирэнгүүт хотын дарга Х.Нямбаатар “Зам, талбайн цэвэрлэгээг дүүргүүдэд хариуцууллаа” хэмээн уснаас хуурай гарчихав. Бас үүсээд буй нөхцөл байдлыг байгалийн давагдашгүй хүчин зүйлд “тохох”-ыг ч оролдсон. Өөрөөр хэлбэл, эрс хүйтэрснээс давс, бодис цацсан ч үр дүнгүй, барьцалдаж хөлдөөд байгаа талаар дурдсан удаатай.
Бас өнгөрсөн долоо хоногт тэрбээр холбогдох байгууллагын дарга нарт зам цэвэрлэх зөвлөгөө өгчээ. “Цас ормогц нэн түрүүнд хуссаны дараа давс, бодисыг цацна. Хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх дарааллаар ажиллах ёстой” хэмээн тайлбарлаж байв. Улмаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хотын дарга “Гадаадаас мэргэжилтэн авчирч, давс, бодисыг ямар үед хэр хэмжээгээр цацах талаар сургалт хийж байна” хэмээн ярьж, олны нүдийг орой дээр нь гаргалаа. Замаа цэвэрлэж чадахгүй, давс байгаад ч цацаж мэдэхгүй дарга нартай учраас нийслэлчүүд өдөр бүр олноороо бэртэж гэмтэхээс ч яах вэ.
10-ААД ЖИЛИЙН ДАРАА АМЬД ҮЛДЭХ ТЭМЦЭЛ
Улаанбаатарыг гамшиг болгодог бас нэг хүчин зүйл нь утаа, угаарын хийн хордлого гэдэгтэй санал нийлэхгүй хүн үгүй биз ээ. Эрх баригчид утааг бууруулна, арилгана, устгана гэж цээжээ дэлддэг байсан бол одоо чадахгүй гэдгээ мэдээд үнэнд гүйцэгдсэн бололтой. Хэн ч үүний эсрэг ажиллахыг хичээхгүй байна. Харин энэ онд болох сонгуулиар санал авахын тулд айлуудад зуух тараах төлөвлөгөөг эрх баригчид гаргаад буй. Утааг бууруулахад хувь нэмэр оруулсан нэр зүүх арга нь л энэ бололтой. Түүнээс биш зуух тараагаад утаа арилах нь битгий хэл, буурсан түүхийг бид лав мэдэхгүй.
Ер нь дарга нараас шийдэл хүлээх хэрэг ч алга. Учир нь утаанаас болж уушгины хорт хавдар 10 хүрэхгүй жилийн дотор биднийг хоморголон устгах магадлалтай талаар эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулах болсон билээ. Мөнгөтэй хэсэг нь утааны улиралд дулаан орныг зорьж өвөлждөг болсон бол өдөр тутмын амьдралаа дөнгөн данган залгуулж буй хэсэг нь өнөөх утаан дундаа л амьдарч байна. Бидний эрүүл мэндийг дарга нар огт бодохгүй. Тиймээс бид өөрсдөө л эрүүл мэнддээ анхаарах ёстой болчихлоо.
Утаанаас улбаатай бас нэг гамшиг нь сайжруулсан хэмээх нэртэй ч бодит байдалд түүхий нүүрснээсээ ч аюултай түлш өдөр бүр биднийг хордуулж, олон хүний амийг аваад байгаа нь юм. Өнгөрсөн онд л гэхэд 3000 гаруй хүн угаарын хийд хорджээ. Тэднээс 60 гаруй нь амиа алдсан гэх харамсалтай мэдээлэл бий. Харин албаныхан иргэд өөрсдөө буруу галласнаас болж ийм нөхцөлд хүрсэн хэмээн гүрийсээр буй. Түүнчлэн угаартсан хүмүүсийн тоон мэдээллийг ч нуун дарагдуулсаар байгаа.
Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Бас эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Энэ бол Үндсэн хуулиар иргэнд олгосон эрх. Гэтэл улсын нийслэл Улаанбаатар хот, түүний удирдлага нь иргэдийнхээ энэ эрхийг алхам тутамд нь хязгаарлаад байна. Аюулгүй орчин гэдэг зүйлийг монголчууд ярих аргагүй болжээ. Хамгийн харамсалтай зүйл бол хэзээ бид аюулгүй орчинд амьдрах, хэн үүнийг хангаж чадах вэ гэдэг асуултын хариултыг дарга нар олж чадахгүй байгаа юм.
Бэлтгэсэн: М.Оч