Азийн Олимпын зөвлөлийн ерөнхий ассамблей 2020 оны аравдугаар сард Оман улсын Мускат хотод хуралдсан. Тухайн үед Катарын Доха хот 2030 оны Азийн наадмыг зохион байгуулах эрх авсан юм. Тус улс 2006 онд Азийн наадмыг зохион байгуулснаас хойш 24 жилийн дараа 45 орны шилдэг тамирчдыг эх орондоо хүлээн авах бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна. Монголын үндэсний олимпын хорооноос “Доха-2030” Азийн наадамд тамирчдаа амжилттай оролцуулахаар тус улсын Үндэсний олимпын хороотой хамтран ажиллахаар болжээ. Катар Улс нь спортын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан туршлагатай. Тухайлбал, 2019 онд хөнгөн атлетикийн ДАШТ, дэлхийн элсний спортын анхдугаар наадам, 2022 онд Олон улсын хөл бөмбөгийн холбооны “Дэлхийн цом”-ыг амжилттай зохион байгуулсан. Харин энэ жил тэнд усанд сэлэлтийн ДАШТ болно.