Монголын загасчлалын спортын холбоо, загасчлалын “Номадс фишинг” клубтэй хамтран Архангай аймгийн Өгий нуурт мөсний загасчлалын бооцоот тэмцээн зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээн нь Монголд ирэх гуравдугаар сард зохион байгуулах, мөсний загасчлалын ДАШТ-ийг угтаж болсноороо онцлог байв. Тус тэмцээний секторуудын талбай, шүүлт, хяналттай ДАШТ-д ажиллах хянагч, шүүгчид ирж танилцжээ. Тэмцээнд 14 багийн 80 гаруй тамирчин өрсөлдөв. Хамгийн том загас барьсан тамирчид олгодог шагналыг “Донпабло” багаас Ө.Ганзориг 811 гр алгана загас барьснаараа хүртсэн байна. Хувийн дүнгээр “Про-40” клубийн Б.Мөнхтөр аварга боллоо. “Хангай” клубийнхнээс Б.Түвшинбаяр энэ удаа удаалж мөнгө, “Дархан”-аас Д.Амгалан хүрэл медалийн эзэн болжээ. Багийн дүнгээр “Дархан”-ыхан тэргүүлж, “Чоно” клубийнхэн удаалан, “Хөх тул”-ынхан III байрт шалгарав.