Интернэт хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Үүнийг ашиглаагүй хүн мэдээллээс хоцорч, даяаршиж буй нийгмийн ёроолд үлдэж байгаа мэтээр ярих нь цөөнгүй. “Мэдээлэл их байх тусам тэгтэй тэнцдэг” гэлцдэг. Хүн бүр мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж, үнэн, эсэх нь мэдэгдэхгүй зүйлсийг цахим хуудсандаа нийтэлж, хандалтын төлөө юуг ч золиход бэлэн болжээ. Мэдээлэл гэдэг зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагаас л “гардаг” зүйл биш. Иргэн бүр хэлж буй үг, үйлдлээрээ бусдад дохио буюу мэдээллийг дамжуулдаг. Цахим орчинд хүссэнээ нийтлэхдээ бусдын эрхийг ноцтойгоор зөрчдөг. Ялангуяа хүүхдийн эрхийг. Тэдний зураг, бичлэгийг цахим хуудсанд нээлттэйгээр байршуулж, хандалт авахын тулд буруу, зөвийг нь ялгалгүйгээр хүссэн зүйлээ бичих нь түгээмэл. Харамсалтай нь, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй.
ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУСГАЙЛСАН ЗОХИЦУУЛАЛТ АЛГА
Өнгөрсөн сард нэгэн иргэн “Автобусанд багтаагүй, өвлийн гуталгүй, өрөвдөлтэй хүү” гэсэн тайлбартайгаар нэг хүүхдийн зургийг цахим хуудсандаа байршуулсан. Түүнийг нь харсан хүмүүс ч хүүхдийн зургийг бие биедээ дамжуулан хуваалцсаар байв. Тухайн үед интернэт орчинд хамгийн олон хандалттай нийтлэл нь тэр боллоо. Гэтэл зурагт гарсан хүү “Миний зургийг олон нийтэд яагаад дэлгэж байгаа юм бэ, эгч ээ. Би өвлийн гуталтай. Гэр минь сургуулийн хажууханд байдаг. Найзыгаа л автобусанд суулгаж өгсөн юм. Томчуудад гомдож байна. Манай ангийнхан намайг шоолно. Та зөвшөөрөлгүйгээр миний зургийг дарсан. Би чатаар тан руу зөндөө залгасан” хэмээн бичсэн байдаг. Хүүхдийн гэрэл зургийг нийтэлсэн хүн нь түүнийгээ устгаад л энэ үйл явдал өндөрлөсөн.
Хүүхдүүдийг энэ мэтчилэн хохироосон тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг болохыг судалж үзлээ. Ийм тохиолдлыг уг нь хохирлын хэмжээ, хүүхдийн нас зэргийг харгалзан үзэж Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиар шийдэх боломжтой юм байна. Гэсэн ч иргэд тэр бүр цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, ийм зөрчил гаргавал хүний хэрэг хүлээх чадварыг нь харгалзан тохирох шийтгэлийг ногдуулдаг. Хэрэг хүлээх чадваргүй буюу насанд хүрээгүй бол Зөрчлийн тухай хуулиар асран хамгаалагчид нь торгууль ногдуулдаг гэнэ. Харин энэ төрлийн гэмт хэргийг тусгайлан зохицуулдаг хууль, тогтоомж манай улсад алга. Интернэт хөгжиж, хүн бүрийн салшгүй хэрэглээ болчхоод байхад Монгол Улс хэрхэн зохицуулахаа мэдэхгүй өдий хүрсэн гэсэн үг.
Хүний эрхийн үндэсний комиссоос цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн гомдол хэр ирдгийг тодруулахад “Тийм тохиолдол гараагүй” хэмээлээ. Цагдаагийн ерөнхий газарт цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн хэргийг хэрхэн шийдвэрлэдгийг лавлахад “Тухайн хүүхдийн хохирлын түвшин өндөр байвал хэргийг нь хянан шийдвэрлэдэг” гэв. Харин хүүхдийн эрх хамгааллын байгууллагуудаас энэ талаар асуухад хариуцах эзэн ч олдсонгүй. Цахим орчинд дарамтад өртсөн талаарх дуудлага, мэдээлэл хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ онд 500 орчим иржээ. Мөн цахим орчны зохистой хэрэглээний талаар зөвлөгөө, мэдээлэл авахаар 445 хүүхэд холбогдсон гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэллээ.
“ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙГ МЭДЭЭГҮЙ”
Олон нийтэд түгсэн, ойрын үеийн жишээг л дээр дурдлаа. Гэтэл үүний цаана олон нийт мэдээгүй өнгөрсөн цөөнгүй зөрчил байдаг аж. Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зөвшөөрөлгүй зураг, бичлэгийг нь цахим орчинд нийтэлж, доромжлох тохиолдол түгээмэл гардаг юм байна. Тухайлбал, “Цахим орчинд доромжлолд өртөж байсан. Найзын минь зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, худал мэдээлэл тараасан тохиолдол бий. Ийм үед ямар арга хэмжээ авах ёстойг бид мэдээгүй. Тиймээс зургаа устгуулаад л өнгөрсөн” гэж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгэн сурагч ярилаа. Мөн “Үе тэнгийн нэгэн охин цахим хаягаас миний зургийг авч, өөрийн хуудсандаа нийтлэхдээ муухай үг бичиж, доромжилсон байсан. Түүнийгээ надад харагдуулахгүй байх тохиргоо хийсэн. Гэсэн ч ангийн маань хүүхэд надад хэлснээр нийтлэлийг нь устгуулсан. Мөн найзад минь хоч өгч, доромжилсон тохиолдол ч бий. Найз минь энэ талаар гэр бүлийнхэндээ хэлэхэд доромжилсон хүүхдэд нь дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг аав, ээж нь анхааруулсан юм билээ” гэж бас нэг сурагч хэлэв. Хүүхдүүдтэй ярилцахад өөрсдөдөө тохиолдсон энэ мэт зүйлийг бусдад хэлэхээсээ ичдэг гэж байлаа. Харамсалтай нь, цахим орчинд тэдний зургийг нийтэлж, худал мэдээлэл тараасныг нь сургуулийн захиргааныхан мэдсэн ч таслан зогсоох арга хэмжээ авдаггүй талаар хэлсэн юм.
Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй тогтворгүй байдаг. Энэ үедээ бодлогогүй алхам хийх нь бий. Нийслэлийн нэгэн сургуулийн 2021 оны төгсөгч “Манай ангийн хүүхэд өөр сургуулийнхантай зодоон хийсэн. Түүнийг бусад сургуулийн сурагчид бичлэг хийж, цахим сүлжээнд нийтэлж байв. Тэр нь олон хандалттай болоход охины нүцгэн зургуудыг ч интернэтэд байршуулсан. Үүний улмаас үе тэнгийнхэн нь тухайн хүүхдэд сэтгэл зүй, бие махбодын дарамт үзүүлсэн юм билээ. Ингээд тэр хүүхэд “Бие өвдсөн” гэсэн шалтгаанаар хичээлдээ ирэхээ больсон. Гэтэл сургуулийн захиргаанаас ямар ч арга хэмжээ аваагүй. Хүүхдийн зургийг ашиглан, хуурамч цахим хаяг нээж, бусдыг доромжилдог явдал ч цөөнгүй гарсан” гэв. Хүүхдүүдтэй ярилцахад тэдний зураг, бичлэгийг ашиглан хуурамч хаяг нээж, хараалын үг хэлж, нэр хоч өгч доромжлох тохиолдол цөөнгүй гардгийг хэлсэн юм. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод “Төр нь хүчирхийлэл, үл хайхрах явдал болон бусад зүйл бус харилцаанаас хохирсон хүүхдэд бие бялдар, сэтгэл санааны нөхөн сэргээх арга хэмжээг авч, нийгмийн амьдралд буцан ороход нь боломжтой бүх хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байдаг. Дээрх тохиолдлуудаас үзэхэд энэхүү заалт манайд хэрэгждэг, эсэх нь эргэлзээтэй юм. Сургуулиудад сэтгэл зүйч ажилладаг болоод багагүй хугацаа өнгөрч буй. Гэсэн ч тэд ийм тохиолдлуудыг илрүүлж, тусалж чадахгүй байгаа нь харамсалтай.
ЗӨРЧИЛТЭЙ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ УСТГУУЛАХ БОЛОМЖТОЙ
Өнгөрсөн зургаадугаар сард “ламхай” нарын гэх тодотголтой хэрэг гарсан. “Ламхай” гэж тодотгоод байгаа болохоос тэд бол хүүхэд. Гэтэл хэвлэл мэдээллийн зарим байгууллагынхан энэ талаар мэдээлэхдээ залбирч суугаа хүүхдийн зургийг авч ашигласан нь тохиромжгүй байв. Учир нь олон нийт зураг дахь хүүг хохирогч гэж ойлгоход хүрчээ. Түүнчлэн иргэдийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахдаа бусдын зургийг зөвшөөрөлгүйгээр авдаг тохиолдол элбэг гардаг. Нас биед хүрсэн хүн өөрийг нь зурганд оруулахгүй байхыг сануулдаг. Харин хүүхдүүд ингэж хэлэхээс эмээдэг. Тиймээс тэдний зургийг хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр авч, улмаар олон нийтэд дамжуулах явдал гарсаар байна. Ташрамд дурдахад, эцэг, эхчүүд хүүхдийг буруу зүйлд уруу татсан бичлэг, зургийг www.ekids.mn вэб сайтын “Зөрчил мэдээлэх” гэсэн цонхонд мэдээлж, устгуулах боломжтой аж.
13-18 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН 71 ХУВЬ НЬ ӨДӨР БҮР ИНТЕРНЭТ АШИГЛАДАГ
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас интернэт хэрэглэгчдийн сүүлийн үеийн судалгаа байгаа, эсэхийг тодруулахад “2020 онд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос гаргасан цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар судалгааны тайлан бий” гэлээ. Тэрхүү судалгаагаар 13-18 насныхны 71 хувь нь өдөр бүр интернэт ашигладаг гэсэн дүн гарчээ. 18 насныхан интернэтэд хамгийн их буюу дөрвөн цаг зарцуулдаг гэнэ. Гэхдээ энэ нь гурван жилийн өмнөх судалгааны дүн гэдгийг дурдах хэрэгтэй. Өдгөө энэ үзүүлэлт ихэссэн гэхээс биш, буураагүй.
ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
Цахим орчинд хүүхдийн эрхийг хуулиар хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулалтын шатандаа “яваа” юм билээ. Үүгээр асран хамгаалагч нар нь хүүхдийг цахим дарамт, шахалтаас бүх талаар хамгаалах чиг үүрэг хүлээхээр заажээ. Энэхүү хуулийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан санаачилжээ. Тус хуулиар цахим сүлжээнд үйлчилгээ эрхлэгч нь цахим сүлжээн дэх контентыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт зориулан шүүн ангилах үүргийг хүлээж буйгаараа онцлогтой. Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд цахим орчинд хүүхдийн эрхийн зөрчлийн нөхцөл байдлыг судалж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах зэрэг заалт ч төсөлд бий гэнэ. Хүүхдүүд цахим орчинд хохирсон тохиолдолд гомдол, мэдээллийг хүлээн авсан ажилтан, албан тушаалтан газар дээр нь шалгах, үнэлэх явцад хүүхдийн амь, эрүүл мэндэд аюул шууд учирсан, эсхүл ийм нөхцөл бүрдсэн бол яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ гэжээ. Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт нь цахим орчин дахь хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал, цахим дарамтыг олон улсын жишгийн дагуу тодорхойлж, гэр бүл, боловсрол, сургалтын байгууллага болон цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг хуульчилсан хэмээн хууль санаачлагчид онцолсон байна.
“ЭЦЭГ, ЭХИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ”
Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах зохицуулалтын талаар хуульч Л.Галбаатараас тодрууллаа. Тэрбээр “Хүүхдийг цахим орчинд хамгаалахтай холбоотой хуулийн заалт бүрхэг байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.4-т “Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Гэсэн ч тусгайлсан хариуцлагыг олоход төвөгтэй. Олон улсад хүүхдийг цахим орчинд хамгаалах нь цогц үйл ажиллагаа гэж үздэг. Нэн түрүүнд эцэг, эхийн оролцоо чухал. Утас, компьютерт хүүхдийн үзэх агуулга, зарцуулах хугацааг тохируулж хэвших хэрэгтэй.
“Parental control”-ыг бүх төхөөрөмжид үнэгүй тохируулж болдог. Дараа нь цахим орчин дахь аюул, эрсдэлийн талаар хүүхдэд ойлгуулж, таниулах нь чухал. Тэгээд утасны дугаар, хаяг зэрэг хүүхдийн хувийн мэдээллийг танихгүй, хамааралгүй хүнд өгөхгүй байх хэрэгтэй. Зарим улсад хүүхдийг цахим орчинд хамгаалах тусгайлсан хуулиуд бий. Эдгээр хуульд байдаг нийтлэг зохицуулалт бол интернэтийн үйлчилгээ эрхлэгч, цахим сүлжээндээ хүүхдийн эрхийг зөрчсөн агуулга харуулахгүй, үзүүлэхгүй байх арга хэмжээг шуурхай, бүрэн авч байх үүрэг хүлээлгэдэг. Б.Баярсайхан гишүүний боловсруулсан хуулийн төслийг боловсронгуй болгоход нь энэ чиглэлийн хуульч, судлаачдын байгуулсан Монголын цахим эрх зүй судалгааны хүрээлэнгийн судлаачийн хувиар оролцож зөвлөх, хамтрах боломжтой талаар ярилцсан” гэсэн юм.
Цахим орчинд дарамтад өртсөн талаарх дуудлага, мэдээлэл хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ онд 500 орчим иржээ. Мөн цахим орчны зохистой хэрэглээний талаар зөвлөгөө, мэдээлэл авахаар 445 хүүхэд холбогдсон гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэллээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн