УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй.
“Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
Улс төрд найз гэж байхгүй, мөнхийн эрх ашиг бий гэдгийг биеэрээ нотолж яваа хүн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Тэрбээр эдүгээ хоёр дахь парламентын бүрэн эрхээ дуусгах гэж буй улс төрч. 2000-аад оны дунд үед улс төрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний хөдөлгөөнүүд идэвхжиж, жагсаал цуглаан хийж эхлэх үеэс энэ хүний сураг сонстох болсон юм. 2005-2007 онд тэрбээр “Эрс шинэчлэл”, “Үндэсний соёмбо” хэмээх хөдөлгөөнийг удирдаж, олон нийтэд жагсагч, тэмцэгчийн дүрээр анх танигдаж байлаа. Төр засгийн бодлогыг шүүмжилж, 2-3 жил жагссаных нь “шагнал” байсан уу, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон 2012 он хүртэл ажиллажээ. Улс төрд хөл тавихын тулд тэрбээр “Оюутолгойн гэрээ” гэдэг сэдвийг онилж, улсад ашиггүй болсон хэмээн эх орончийн дүрд тоглож эхэлсэн. Үүнийх нь ч хэрэг гарч, 2012 онд Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвшиж, парламентын гишүүн болж байв. “Ард түмнээ хүндлээд чуулганы танхимд зогсож ярина” гэдэг болсон учраас түүнд зориулсан тавцан хүртэл бэлдэж өгч байсан түүх бий. Энэ “зуршил” нь түүнд “босоо” хэмээх хоч авчирсан юм. Түүний улс төрчийн рейтинг тухайн үедээ МАХН-ын дарга Н.Энхбаяраас ч давж байв. Олон нийт энэ хүнд ингэж их итгэл хүлээлгэсэн байх нь. Гэвч удалгүй мань эрийн “но” илчлэгдэж, зэс нь цухуйсан.
Тэрбээр ЗХУ-ын Новосибирск хотын Геодез, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль, Хамерсмит вест Лондон коллежийг бизнес, санхүүгийн удирдлага мэргэжлээр төгссөн хэмээдэг байлаа. 2016 оны сонгуулиар мань эр дээр дурдсан сургуулиудыг төгсөөгүй, Английн “Сосейти женерал” банканд ажиллаж байгаагүй гэдэг нь ил болсон. Тухайн үед “Ийгл” телевизийн нэвтэрүүлэгт оролцохдоо тэрбээр үнэнд гүйцэгдэж, “Би сурч байсан, төгсөж чадаагүй. Оюутан байхдаа олон л газар сурч, дадлага хийсэн” гээд зарим байгууллагынхан нь намайг ажиллаж байсныг санахгүй байгаа биз хэмээн хэлж ч үзэв. Тэгснээ муу нуухаар сайн илчилж, дээрх Английн банканд ажиллаж байсан тухай хуурамч бичиг баримт бүрдүүлэн “ХААН банк” ХХК-ийн удирдах албанд ажилд орсноо “улайсан” юм. Энэ мэтээр түүний амьдрал худал хуурмаг ихтэй, улс төрийн замналаа ч ийм арга барилаар эхлүүлсэн аж.
Бие даан сонгогдсон гишүүд удалгүй аль нэг намын хаяа барааддаг ёсоор С.Ганбаатар 2015 оны төгсгөлөөр ХҮН намд элсэж, удалгүй даргаар нь сонгогдов. Ингэхдээ тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж байлаа. Гэвч сонгуулиар парламентад суудал авч чадаагүй намд УИХ-ын гишүүн хүн элслээ чийм хууль эрх зүйн боломж нээгддэггүй. Тиймээс гэнэт санаагаа өөрчилж, МАХН-д ормогцоо Төрийн тэргүүний сонгуульд энэ намаас өрсөлдөв. Сонгуульд нэр дэвшиж байх үедээ БНСУ-ын иргэнээс мөнгө авч буй бичлэг нь цацагдаж, түүнийг Мүүний гаж шашинтай холбоотой хэмээн шуугьж байсан билээ. Тухайн үедээ цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж эхэллээ гэж байсан ч тодорхой шийдэлгүй замхарсан. МҮЭХ-ны ерөнхийлөгч байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан, хуурамч бичиг баримт бүрдүүлж сонгуульд оролцсон зэргээр түүнийг АТГ болон цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тухай мэдээлэл гардаг ч шийдэгдсэн юмгүй дуусдаг.
Улмаар “босоо” гишүүн МАХН-аас 2020 оны сонгуульд МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”-ээс нэр дэвшиж, сонгогдов. Тэрбээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас өрсөлдөх төлөвлөгөөтэй байтал өнөөх нам нь МАН-тайгаа нэгдэж оролцсон. Ингээд төлөвлөгөө нь бүтэлгүйтмэгц С.Ганбаатар АН-ын хаяаг бараадсан юм. Одоо АН-д нөлөөгөө ахиулж, удирдах бараг бүх албан тушаалыг “атгах” болсон Х.Баттулгатай сүжрэн, “Хөх Монгол” хэмээх хөдөлгөөн байгуулчихсан, орон нутгуудаар явж байна. Тэрбээр эдүгээ МоАХ-ны дэд даргын албатай болсон юм билээ. Экс Ерөнхийлөгчийг бараадаж ирэх сонгуулиар ахин сонгогдох, цаашлаад Төрийн тэргүүнд хүч үзэх санаархал бодлынх нь мухарт явсаар байгаа биз. Өөрөөр хэлбэл, түүний хэтийн том мөрөөдөл нь Монгол Улсын Ерөнхийлөгч болох. Гэвч АН-ынхан арай түүнийг нэр дэвшүүлтлээ шалдаа буухгүй гэж найдна. Учир нь одоо олон нийт С.Ганбаатар гэж хэн бэ гэдгийг мэдэх болсон. Анх улс төрд хөл тавьж байсан үеийнх шиг нь нэр хүнд түүнд үгүй. Эрх ашгийнхаа төлөө чөтгөрт сүнсээ худалдахаас ч буцахгүй учир “хиншүү” гэдэг хочтой болсон биз.
УИХ-аас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “нүүрсний хэрэг”-ийн хяналтын сонсголын үеэр шинжээч “УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нартай нэгдмэл сонирхол бүхий “Болор аграмба” ХХК 4.5 сая метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Тавантолгой” ХК-иас авсан” хэмээн ярьсан билээ. Үүнийг нь мань гишүүн няцааж, “Миний эхнэрийг Д.Баярмаа гэдэг хүнтэй хамтарч компани байгуулсан гэлээ. Гэртээ хүүхдээ хараад 20 жил сууж байгаа ханьд минь ийм компани байхгүй. Хөгжлийн банкны асуудалд бас намайг холбож, зээл авсан нэг хүний танил, ах гэж ярьсан. Би чимээгүй өнгөрсөн. Тийм зүйл байсан бол энэ олон сонгуулийн үеэр намайг дүүжилчихсэн байгаа” гэсэн тайлбар өгчээ.
Яг тодорхой оролцсон хууль бус, том хэрэг түүнд байхгүй. Гэхдээ бичиг баримт хуурамчаар үйлдэж, мэхлэхээс эхлээд хурган зальтай. Барьцгүй, хэзээ ч хэнд ч “урваж” мэдэхээр туйлбаргүй, найдваргүй, нам нам сольж, ашиг сонирхол, албан тушаал горилсон ийм хүнийг ирэх сонгуульд АН нэр дэвшүүлэх учиргүй юм. Гэвч фракцын нөлөөгөөр улс төр хийдэг учраас С.Ганбаатар тус намаас Дархан-Уулд, эсвэл Х.Баттулгын нөлөөн дор Баянхонгор аймагт ч нэр дэвшиж мэдэх нь. Тэмцэгч, шударгын дүр эсгэсэн, ёс зүйгүй энэ хүнийг парламентаас холдуулах нь сонгогчдын ажил болоод байна.