УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг парламент баталснаар ирэх сонгуулиар 78 гишүүнийг бүсчлэх байдлаар томсгосон 13 тойргоос сонгох нь. Тойргоос сонгохоор нэмэгдсэн хоёр мандатыг нийслэлд биш, аймаг, орон нутгийнхад хуваарилчихаж. Үе үеийн эрх баригчид өөрсдөө туг тойрох тоглоомын дүрэм зохиодог түүх давтагдаж, орон нутгаас олноор сонгогддог МАН-ынхан нийслэлийн мандатыг нэмэхгүй үлдээх шиг боллоо. УИХ-ын гишүүний тоо нэмэгдсэн ч улсын нийслэлийн төлөөлөл, Улаанбаатарт ногдох “хувь”-ийг өсгөсөнгүй.
Өнгөрсөн сонгуулийн адил 24 мандатыг л хотод хуваарилсан гэсэн үг. УИХ 76 гишүүнтэй байхад гуравны хоёроос нь ч бага төлөөллийг Улаанбаатараас сонгодог байсан бол одоо хууль тогтоогчдын тоог нэмж, 126 болгосон учраас тэдний төлөөлөл бүр ч буурч буй хэрэг.
Сонгуулиас сонгуульд, Улаанбаатарын төвлөрөл тэлэхийн хэрээр сонгогдох гишүүдийнх нь тоог олон болгох шаардлага зүй ёсоор тулгардаг. Гэсэн ч нийслэлийн иргэд, сонгогчдын төлөөллийг тэр хэмжээгээр хангах хүсэл эрмэлзэл өнөөгийн эрх баригчдад байсангүй. Хотоос 24, хөдөөнөөс 54 гишүүн сонгохоор шийдвэрлэснээр хүн амын тал нь суурьшсан, тэр хэмжээгээр асуудлууд нь ужгирсан, Улаанбаатарын зовлон Монголынх болчихсон өнөөгийн нөхцөл байдлаас гарах эрмэлзэл, зориггүйгээ эрх баригчид илчиллээ. Үнэндээ тэд 2016 оноос хойш нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэж төсөв, санхүүжилтийг нь хэд дахин нэмж, бие даасан сайд томилон сүржигнэж байгаа ч үг, үйлдэл нь үүгээр зөрөв.
Мандатыг хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзан үзэх ёстой. Гэтэл Ардын намынхан аанай л хүн амын тоог хамгийн сүүлд тавьж шийдвэр гаргалаа. Угтаа УИХ-ыг ард түмний төлөөлөл, тэдний дуу хоолойг хүргэх хэмжээний хүмүүс бүрдүүлэх учиртай хэмээх амин чанарыг нь ахиад л үгүйсгэв. Тэнд сонгогдох гишүүн хүн амын төлөөллийг жигд хангасан байх зарчмыг дахин зөрчлөө. 1992 онд одоогийн Үндсэн хуулийг баталж байхад УИХ-ын нэг гишүүн 28.3 мянган хүнийг төлөөлж байсан бол өдгөө энэ тоо даруй хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс парламентын гишүүдийн тоог нэмэх ёстой гэж ярьсаар байгаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулан, хууль тогтоогчдын тоог 126 болгосон шүү дээ. Үүнтэй адил нийслэлийн хүн амын төвлөрөл, өсөлтийг харгалзан нэг гишүүний төлөөлөх иргэний тоонд үндэслэн мандатыг нь нэмэх ёстой баймаар.
Тойргоос сонгохоор нэмсэн хоёр мандатыг тав болон долоодугаар тойрогт “өгснийг” хүснэгтээс харж болно. Тодруулбал, өнгөрсөн сонгуулиар тус бүр гурван мандаттай байсан Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэн тавдугаар тойрог болгосон. Ингэхдээ 10 мандат хуваарилжээ. Харин Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийг нийлүүлсэн долоодугаар тойргийн нийт мандатын тоо долоо. Өнгөрөгч сонгуулиар Дундговь, Өмнөговь аймаг тус бүр хоёр, Говьсүмбэр, Дорноговийг хамтад нь нэг тойрог болгон бас хоёр мандат хуваарилж байсан юм. Үндсэндээ Говьсүмбэрт тусад нь нэг мандат олгож буй бололтой. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн дүн, бүртгэлээс харвал Говьсүмбэрт 10 722 сонгогч бүртгэлтэй байснаас 6546 нь саналаа өгчээ. Уг нь 2020 оны сонгуулиар Говьсүмбэр аймгийн хүн ам хамгийн бага буюу дангаар нь тойрог болгоход хүрэлцэхгүй байгаа учир Дорноговьтой нэгтгээд, хоёр мандат хуваарилж байв. Ийм хувилбараар явуулсан өмнөх сонгуулиудад Говьсүмбэрийг Дорноговьтой нийлүүлж байсан түүхтэй. Тэгвэл өнгөрсөн болон ирэх сонгуулиар хамгийн олон буюу тус бүр таван гишүүн сонгогдсон Сонгинохайрхан дүүрэг 200.4, Баянзүрх дүүрэг 230.4 мянган сонгогчтой байв. Долоодугаар тойргийг бүрдүүлж буй говийн дөрвөн аймгийн нийт сонгогч 132 мянга орчим бөгөөд эндээс долоон хүнийг УИХ-д сонгоно. Гэтэл230 мянга гаруй сонгогчтой Баянзүрх таван мандаттай буй нь шударга бус юм.
Ийнхүү орон нутгаас олноороо сонгогдсон гишүүд Улаанбаатарын асуудалд урьтаж санаа тавьдаггүйг бидний түүх харуулна. Тэд алслагдсан сумын анги нь дүүрэхгүй байгаа сургуулийг төсвийн мөнгөөр жил бүр их засварт оруулснаа ажил хийсэн гэж ярихаа илүүд үзэхээс бус, нийслэлд нэг цэцэрлэг нэмээд барьчих боломж, хөрөнгө эрэлхийлэх нь юу л бол. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, улсын хэмжээнд жагсаалтаар сонгох 48 гишүүнч гэсэн нийслэлийн ч, орон нутгийн ч хөгжлийн бодлогод анхаарал хандуулна гэж хэлж, хаацайлах хүмүүс бий. Тэгвэл нэгэн түүх сануулъя. 2012 онд холимог тогтолцоогоор явуулсан сонгуулиар пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувилбараар гарч ирсэн 28 гишүүнд “Намын нэрээр гарч ирсэн хүмүүс. Та нарыг бодвол бид тойрогтой, сонгогчтой түшээд” гэх үгийг нөгөө 48 нь үе үе хаягладаг байлаа. Мөн парламентад орж ирсэн хойноо “Чамайг бодвол би төдөн хүний санал авч гарч ирсэн” хэмээн бие биеэ дээрэлхсэн явдал нэг бус удаа гарсан гэдэг. Ийм тохиолдол давтагдахгүй гэх газаргүй. Улмаар улс орныг хамарсан нэгдмэл, цогц бодлого урагшлах уу, жалга дов тойрсон улстөржилт газар авах уу гэдэг нь анхаарал татах болно.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд найман удаа сонгууль явуулахдаа Улаанбаатараас хамгийн ихдээ 28 гишүүн сонгож байв. Ер нь томсгосон, жижигсгэсэн мажоритар болон холимог хувилбарын аль нь ч бай өнгөрсөн бүх сонгуульд нийслэлд хамгийн ихдээ ийм тооны мандат олгосон гэсэн үг. Эрх баригч Ардын намынхан 2020 оны сонгуулийн өмнө үүнийг дөрвөөр цөөрүүлсэн юм.
Түүх сөхвөл өнгөрсөн сонгуулийнх шиг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахдаа нийслэлд ердөө 20 мандат хуваарилж ирсэн байдаг. Эл хувилбарыг манайх 1992, 2008 оны сонгуульд ашигласан түүхтэй. 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан ч мажоритар хувилбараар сонгосон 48 гишүүн одоогийнхоор буюу олон мандаттай томсгосон тойргоос гарч ирсэн билээ. Уг нь хувь тэнцүүлсэн 28, томсгосон мажоритар хувилбараар 48 гишүүн сонгох холимог хувилбарыг 2012 онд хэрэглэхдээ тойргоос сонгосон 48 гишүүний 28-ыг нь нийслэлээс төлөөлүүлэхээр хуульчилж байв. Энэ нь тойргоос сонгосон гишүүдийн бараг 60 орчим хувийг нь Улаанбаатараас сонгосон хэрэг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Улаанбаатараас хамгийн багадаа 20, ихдээ 28 гишүүн сонгож ирсэн гэсэн үг. Харин өнгөрсөн болон одоогийн сонгуулиар ийнхүү 24 мандат хуваарилсан нь алтан дунджийг баримталсан мэт харагдахыг үгүйсгэхгүй.
Тойргийн тооны тухайд энэ удаа цөөрүүлсэн. Өнгөрсөн сонгуулиудын аль алинд нь 21 аймгийг 20, есөн дүүргийг ихэвчлэн зургаан тойрогт (2020 оны сонгуулиар л нийслэлд есөн тойрог байгуулсан) хувааж ирсэн байдаг. Харин бүсчлэн томруулж буй учраас хөдөөгийн 20 тойргийг ирэх сонгуулиар долоо, нийслэлийнхийг зургаа болгон цөөрүүлэв. Ингэхдээ тус бүр гурван мандаттай Хан-Уул, Баянгол дүүргийг тусад нь тойрог хэвээр нь үлдээсэн ч Чингэлтэй, Сүхбаатарыг нэгтгэн, аравдугаар тойрог болгож, зургаан мандат хуваарилсан байна. Хамтатган тойрог болгож буйгаас бус, тэндээс сонгогдох гишүүдийн тоо өөрчлөгдөөгүй гэсэн үг. Харин өнгөрсөн сонгуулиар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн аль алиныг нь хоёр тойрог болгон хувааснаасаа буцжээ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн таван гишүүн хоёр бус, нэг тойргоос сонгогдоно гэсэн үг. Сонгинохайрхан ч мөн адил.