“Өнөөдөр” сонин 2023 онд Монгол Улс болон дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.
“Анхны” тодотголтой айлчлалууд
Монгол Улсын гадаад харилцаа идэвхтэй өрнөсөн жил байв. Цар тахлын үед бүхэлдээ түгжигдсэн олон улсын харилцаа сүүлийн хоёр жилд сэргэж, идэвхжиж буй дэлхий нийтийн хандлагаас бид ч хоцорсонгүй. Улмаар НҮБ-ын гишүүн бүх орон буюу 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн хэрэгжүүлэв.
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис, Киргиз, Польш, Францын Ерөнхийлөгч, Орос, Унгар, Лаосын парламентын дарга зэрэг өндөр, дээд түвшний төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Пап Францисын айлчлал нь хоёр орны 800 жилийн харилцааны түүхэнд Гэгээн Ширээт Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийсэн анхны айлчлал байв. Айлчлалаар Монгол Улс шашин хоорондын итгэлцлийг бэхжүүлсэн, дэлхийн энх тайвны бэлгэдэл болохоо бататгасныг олон улс онцолсон юм. Мөн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсаас Төрийн тэргүүний түвшинд анхны айлчлал хийсэн бөгөөд хоёр орны хоорондох томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсоны дагуу ажиллаж байна. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад хариу айлчлал хийсэн нь ч манай Төрийн тэргүүний түвшинд анхных байв.
Түүнчлэн Орос, Монголын парламентын удирдлага харилцан айлчилсан юм. Мөн Ерөнхийлөгч Лаост, тус улсын хууль тогтоох байгууллагын удирдлага манайд харилцан айлчлав. Манай төр, засгийн удирдлагын хувьд улирч буй онд 13 удаа томоохон айлчлал хийж, Америк, Хятад, Вьетнам, Япон, БНСУ, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг орныг зорьсон байна. Үүнээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын болон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад тогтмол оролцож, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллав.
Оюутолгойн “охь”
Оюутолгойн нийт нөөцийн дийлэнх буюу “охь” болсон хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммет ордын гүнд оршдог. Тэгвэл эл ордын “үүц”-ийн 80 гаруй хувийг агуулж буй гүний уурхайн олборлолтыг өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд эхлүүлэв. Ингэснээр “Оюутолгой” компани ил уурхайн хүдэр дээрээ нэмж 1300 метрийн гүнээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдлээ. Ингэхдээ эл ордын чулуулгийн нөхцөл, геотехник, эдийн засгийн үр ашиг талаас нь авч үзвэл хамгийн тохиромжтой, аюулгүй, дэвшилт гэж тодотгож болох блокчлон олборлох арга ашиглаж байгаа юм. Тус компанийнхан гүний уурхайгаас өдөрт нийлүүлэх хүдрийн хэмжээг ирэх гурван жилд аажмаар нэмэгдүүлэх бөгөөд үйлдвэрлэлийн оргил үедээ буюу 2030 он орчим жилд 500 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх нь.
Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг, 150 жилийн түүхтэй, 35 улсад үйл ажиллагаа явуулдаг “Рио тинто” группийн хуримтлуулсан ноу-хау, туршлага, технологийн дэвшлийг ашиглан, 20 мянга гаруй ажилтны хүчээр бүтээн байгуулж, Монголын уул уурхайн салбарт ийнхүү шинэ хуудас нээв. Ингэхдээ өмнө нь гүний уурхайн олборлолтыг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөснөө нэгдүгээр улирал болгон наашлуулсан билээ. Энэ нь манай улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш гадаадын хамгийн том хөрөнгө оруулалтыг татсан төдийгүй гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж байгаа томоохон төсөл юм. Ил уурхайнх нь үйл ажиллагааг 2011 онд эхлүүлсэн бол эрдсээр баялаг гүний уурхайгаас хүдэр олборлосноор “Оюутолгой” дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийлээ.
10 их наядын “бараа”-тай бирж
Улирч буй 2023 онд “Монголын хөрөнгийн бирж” (МХБ) ТӨХК нь 34 хувиа хувьчилж, ХК боллоо. Мөн системийн нөлөө бүхий “Хаан”, “Хас”, “Худалдаа, хөгжлийн банк” хувьцаагаа арилжиж, 32 жилийн түүхэндээ анх удаа таваарын худалдаа нэвтрүүлэн нүүрс, төмрийн хүдэр, жонш борлуулж эхэлсэн юм. Түүнчлэн “Газар шим үйлдвэр”, “Монложистикс холдинг”, “Инновэйшн инвестмент” компани IPO хийж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг шинэ бүтээгдэхүүн олширч, компанийн бондын зах зээл идэвхэжсэн жил өнгөрлөө. Бас хувьцааны арилжаа өнгөрсөн гуравдугаар улирлын байдлаар гэхэд 467.02 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 дахин өссөн дүн бий. Улмаар энэ онд Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөг давав. Тодруулбал, дээрх үнэлгээ өдгөө 10.86 их наяд болж, түүхэн дээд түвшиндээ хүрээд буй. Өмнөх жилийн энэ үед эл үзүүлэлт 6.69 их наяд төгрөг байсан билээ. Мөн энэ он гарснаас хойш МХБ-ийн арилжааны үнийн дүн 7.7 их наяд төгрөгт хүрээд байна.
Үүгээр дамжуулан борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг МХБ-ийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгон тооцдог болсныг дурдах хэрэгтэй. Тус биржид ирэх онд зэс, экспортын бусад бүтээгдэхүүн арилжихаар төлөвлөж буй аж. Ташрамд дурдахад, манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний нийлүүлэлт 64 орчим сая тоннд хүрсэн нь түүхэн дээд түвшин юм.
Үнэнтэйгээ нүүртулсан эрчим хүчний салбар
Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал энэ өвөл түүхэн дээд түвшнээ шинэчилсээр байна. Оргил ачаалал энэ сарын 20-нд 1636 МВт-д хүрсэн төдийгүй мөн эл өдөр 314 МВт эрчим хүч импортолсон нь авч болох дээд хэмжээндээ дөхсөн гэсэн үг. Эргэн сануулахад, өнгөрсөн жил оргил ачаалал хамгийн ихдээ 1474 МВт-д хүрсэн бол өдгөө 160 гаруй МВт-аар өсөөд буй нь энэ.
ОХУ-аас нийлүүлэх эрчим хүчнийхээ хэмжээг 345 МВт-аас 150 болгон бууруулахаа энэ сарын 12-нд мэдэгдсэнээс шалтгаалж тодорхойгүй хугацаанд цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрсэн тухай салбарын сайд маргааш нь мэдэгдсэн билээ. Ингэхдээ 99.7 МВт цахилгаан зарцуулдаг, үүрэг хүлээсэн 124 аж ахуйн нэгжийн хэрэглээг эхний ээлжид өдрийн цагаар хязгаарлана гэсэн юм. Хэрэв хангалтгүй бол 150 орчим сум, зургаан аймаг, нийслэлийн хэрэглэгчдийг хамруулан, өдөрт гурван цаг хүртэлх хугацаагаар хязгаарлахыг мэдэгдсэн. Тэгвэл хойд хөршийн зүгээс дээрх шийдвэрээ түр түдгэлзүүлээд байгаа билээ. Гэсэн ч өдгөө манай улс нийслэл, орон нутаг дахь айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг хязгаарлаж байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар анх удаа, 80 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт/цагийн багтаамж бүхий литий-ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг энэ сард ашиглалтад оруулаагүй бол нөхцөл байдал бүр хүндрэх байв. Сүүлийн 40 жил хувийн хэвшлийнхнийг эс тооцвол томоохон эх үүсвэр шинээр бариагүй, эрэлтээ бүрэн хангаж чадахгүй болоод буй эл салбар үнэнтэйгээ нүүр туллаа.
Хоёр сар үргэлжилсэн “Хөгжлийн банк”-ны хэргийн хоржоонтой шийдвэр
“Хөгжлийн банк”-ны гэх нэршилтэй, тус банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, ард түмний боломжийг “хулгайлсан” аж ахуйн нэгжийн удирдлага, мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглан тэдэнд давуу байдал бий болгосон албан тушаалтнууд холбогдсон, өмнөх оноос нь АТГ, цагдаа, прокурорын байгууллага ажлын хэсэг байгуулан шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэлээ. Хууль хяналтын байгууллагад шалгаж эхлэхтэй зэрэгцээд зарим зээлдэгч Хөгжлийн банкнаас авсан зээлээ шуурхай төлж барагдуулж эхэлснээр дампуурч ч болзошгүй нөхцөлд байсан тус банк эрсдэлээс энэ удаа гарсан билээ. Улмаар гадаадад төлөх өр зээлээ ч төлж барагдуулахад нь нэмэр болсон гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн 2021 онд баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг анх удаа хэрэгжүүлж, Хөгжлийн банкнаас зээл авчхаад төлөхгүй “луу унжиж” байсан, санхүүжилтээ зориулалтын бусаар зарцуулсан, гадаадын казинод мөрийтэй тоглосон, стратегийн ач холбогдолтой үйлдвэр байгуулсан ч дэлхий нийтийг хамарсан цар тахал, валютын ханшийн нөлөө зэрэг элдэв шалтгааны улмаас хугацаандаа зээлээ төлж барагдуулж чадаагүй аж ахуйн нэгжийн удирдлага зовлон, жаргалаа учирлах боломж олгосон хэлэлцүүлэг зохион байгуулсан нь 2023 оны онцлох үйл явдлын нэг байв.
Эл хэрэгт яллагдагчаар татагдан, шүүгчдэгчийн ширээнд суусан 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжид холбогдох хэргийг энэ оны дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн нээлттэйгээр, хурлын явцыг дүрс бичлэгээр дамжуулан, ажлын 60 хоног хэлэлцэн долоодугаар сарын 7-нд шийтгэх, цагаатгах тогтоолоо танилцуулсан билээ. Энэ шүүх хурал Монголын түүхэнд байгаагүй гэж хэлж болох хамгийн олон шүүгдэгчийг, тэдний өмгөөлөгч маш олон хүнийг нэг дор нийлүүлэн суулгаж, шүүх хуралдааны танхим ч биш, үзвэр үйлчилгээний газарт зохион байгуулсан юм. Хэлмэгдүүлэлтийн хар шуурганы үед ч, шил шилээ дарсан хадгаламж, зээлийн хоршоодын хэргийг шийдвэрлэхэд ч ийм олон шүүгдэгч, тэдний 1-4 өмгөөлөгчийг цуглуулан шүүх хурал хийж байсан удаагүй. Үүнээс өмнө хамгийн олон яллагдагч, өмгөөлөгчтэй хурал Мянган угалзатын нурууны дархан цаазат газраас хууль бусаар ашигт малтмал олборлож, хилээр гаргахын тулд хахууль өгсөн гэх төрийн дээд, дунд, анхан шатны олон байгууллагын албан тушаалтнууд багтсан “Ховдын мафи”-ийнхны гэж хэвлэлд бичдэг, 30 хүнд холбогдох хэргийг шүүх хэлэлцэж байсан түүхтэй.
“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэм буруутай, эсэхийг дэнслэх хоёр сар үргэлжилсэн хурал Монголын шүүхийн байр, танхимын хүрэлцээ ямар байдгийг ч ил болгосон, эрх баригчид шүүх засаглалынхаа төсөв хөрөнгөд анхаарал хандуулах шаардлагатайг ч ойлгуулсан нь лавтай. Хамгийн олон шүүгдэгчтэй, тэдний дунд төрийн түшээд нь ч олноороо холбогдсон, Засгийн газрын сайд нар ч яллагдагчаар татагдсан, банкны үе үеийн удирдах албан тушаалтнууд нь гэм буруутай, эсэхээ дэнслүүлсэн эл хэргийн шүүхийн эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болохтой зэрэгцээд хохирогч Хөгжлийн банкныхан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, прокурорын байгууллагын ажлын хэсгийнхэн нэр бүхий 48 хүнд холбогдох үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, зарим шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах, торгох ял оноосон нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичээд буй билээ. Тэгэхээр 2022 оны эхнээс олны анхааралд өртсөн “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн дуулиан 2024 он гарсан ч үргэлжлэх нь тодорхой байна. Нээлттэй хэлэлцүүлэг, түүхэнд байгаагүй олон шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар нэг дор цугларсан, шүүх хуралдааны зориулалтын танхимаас гадуур гэм буруутай, эсэхийг дэнслэх хурал хийсэн гээд нэн шинэ түүх, үүссэн нөхцөл байдлыг хууль тогтоогч, хэрэгжүүлэгчид цаашид анхааралдаа авч шүүх хуралдааны танхим, байрны асуудлыг ирэх жилүүдэд шийдвэрлэх биз ээ.
Байгалийн “шалгалт”-д бүдэрлээ
Өнгөрсөн 7-8 дугаар сард Улаанбаатар хот дөрвөн удаа томоохон үерт өртлөө. Иргэдийг, дарга нарыг ч ихэд сандаргасан үерийн улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, өчнөөн айл эд хөрөнгөөрөө хохирчхоод байна. Хотын удирдлага, холбогдох албаныхан хот хэзээ ч үерт автахгүй юм шиг аашилж, газрын зөвшөөрлийг баруун, солгойгүй олгон, голын голдирол дотор хүртэл барилга бариулсан хэрнээ үерийн байгууламжийг огт шийдээгүйн горыг энэ жил хот даяараа амсав. Арга ядсан хүмүүс уутанд шороо хийж, үерийн усыг алдчихалгүй барих гэж хичээж байсан билээ. Улаанбаатар хотод үүн шиг хэмжээний үер 1982 оноос хойш буугаагүй гэж тухайн үед мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байв.
Харамсалтай нь, дарга нар хариуцлагаас бултахдаа гарамгай юм болохоороо “Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хохирол учирлаа” гээд л өнгөрсөн. Гэтэл үнэндээ бол хариуцлагагүй байдлын буюу үерийн байгууламжийг огт шийдээгүйн улмаас гамшиг, хохирол нүүрлэсэн. Тиймээс дараа дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг нэн даруй хэрэгжүүлэх ёстой атал холбогдох байгууллагынхан нь юу ч болоогүй мэт бүхнийг мартчихлаа. Голын голдиролд барилга барьсан хүмүүст хариуцлага тооцно гэж хотын удирдлага, Засгийн газрын түвшинд удаа дараа мэдэгдсэн ч өдий хүртэл таг чиг. Түүнчлэн Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулна гэсэн нь бүр ч замхарчихлаа. Аюул өнгөрөөгүй, цаашид ч эрсдэл учрах магадлалтай тул нийслэлийн ирэх оны төсөвт иргэд, айл өрхүүдийг хамгаалах хөрөнгө тусгах шаардлагатайг ХҮН намынхан удаа дараа сануулсан ч хотын удирдлага хүлээж авсангүй. Эл хариуцлагагүй байдлын улмаас ирэх жилүүдэд юу болохыг хэн мэдлээ.
Төрийн нууцаар халхавчилсан хулгай
“Улаанбаатар хотын нийтийн тээвэр яагаад хөгждөггүй вэ” гэдэгт хариулт өгөх увайгүй нэгэн үйл явдлын гэрч нь нийслэлчүүд бид боллоо. Эл салбарыг хөгжүүлэхгүй байх сонирхол төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхний аль алинд нь байдгийг улаанбаатарчууд нүдээр харж, биеэр мэдрэв. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд “салхи оруулаагүй” нийтийн тээврийн паркийг шинэчилж, хуучин автобуснуудаа хална гэж нийслэлийн, Засгийн газрын ч түвшинд бүтэн жилийн турш пиар хийв. Үүний хүрээнд төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр арайхийн 80 ногоон автобус оруулж ирсэн нь төрийн байгууллагуудын шат шатанд нүүрлэсэн хулгайг илчлэх “шидтэй” байлаа. Хотын удирдлагын, бас оруулж ирсэн аж ахуйн нэгж нь “Шинэ автобус авсан” гэж удаа дараа мэдээлж, мэлзсэн ч тэдгээр нь хуучин, тэгэхдээ бүр 30 жилийн өмнө үйлдвэрлэсэн болох нь хэдийн илрээд байна.
Хамгийн хачирхалтай нь автобусны худалдан авалт, тендерт оролцсон болон шалгарсан аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийг ч төрийн нууцад хамруулсан байв.
Эрх баригчид ажил хийх, улсаа хөгжүүлэх нь битгий хэл, автобус ч худалдан авах чадваргүйг дээрх үйл явдал гэрчиллээ. Энэ бүхэн илрээд, олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад эхлэнгүүт нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, “түгжрэл”-ийн сайд Ж.Сүхбаатар нар хариуцлага хүлээх нэрээр ажлаа хүлээлгэн өгөөд, “алга болцгоосон”. Харин Улаанбаатарын иргэд автобус ч үгүй үлдээд, дүн өвлийн ид хүйтэнд нийтийн тээвэртээ багтаж ядан явна. Дахин автобус авахаар нийслэлийн ЗДТГ-аас тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан ч үр дүнг нь бид одоогоор үзээгүй л байна. Нөхцөл байдал хэрхэхийг, нийтийн тээвэр хөгжих, эсэхийг цаг хугацаа л харуулах нь.
Нүүрсний хулгайч хэн гэдэг нь тодорхой болсонгүй
Туурга тусгаар Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй байна. Үүний тод жишээ бол байгалийн баялгийн өгөөжөөс ард түмэн хүртэхгүй, хэдхэн эрх мэдэлтэн “хулгайлж” баяжиж буйг илтгэсэн “Нүүрсний” гэх дуулиант хэргүүдийн өрнөл халаагаа өгч байгаа 2023 онд харуулав. Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн бол 2-т нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.
Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн хуульчилсан ч өнөөдөр байгалийн баялгийнхаа өгөөжийг жирийн иргэд хүртэж чадахгүй суугааг “Нүүрсний” гэх хэрэг, түүнд холбогдсон улстөрчид, “цагаан захтнууд”-ын үйлдэл илчилсэн. УИХ-ын хяналтын шалгалтын тухай хуулийн дагуу өнгөрсөн хавар явуулахаар болсон нээлттэй сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ажлын хэсгийн ахлагчийг өөрчилж байж хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан ажиллагаанаас нүүрсний жинхэнэ хулгайч хэн бэ гэдгийг мэдэхийн тулд олон хүн анхааралтай чагнаж, үзсэн нь тодорхой.
Харамсалтай нь, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг хоёр дахь удаагаа хэрэгжүүлж зохион байгуулсан нээлттэй сонсголоос олон гэрч зугтсан. Гол гэрч гэж олон нийт үзэж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг ч хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй шалтгаанаар оролцуулсангүй. Уг нь түүнийг олон улс төрчийг нэрлэнэ гэсэн хүлээлт байсан ч шүүх, шүүгч нь цагдан хорих ангиас гаргахыг зөвшөөрөөгүй нь ард түмний хүлээлтийг хөсөрдүүлсэн юм. “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгуулсан төрийн дунд шатны албан тушаалтнуудад торгох ял шийтгэж, өндөр албан тушаалтнуудынхыг нь шүүх шийдвэрлэж чадахгүй 2024 оны сонгуулийн жилтэй золгох нь гарцаагүй болов. Энэ мэтээр авлигачдын учруулсан хорыг ард нийтээрээ хүртэж, татвар төлөгч жирийн иргэд хохирсоор байгааг ирэх сонгуулийн үр дүнгээр засах боломж бидэнд бий.
Лондонд хүрсэн “Тамгагүй төр”
Монгол уран бүтээл Лондоны алдарт “Колизей” театрт хүрсэн нь манай улсын урлагийн түүхэнд онцлох үйл явдал боллоо. Соёлын экспортыг түүчээлсэн уг бүтээл нь Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг байв. “Херо” энтертайнментын Б.Баатар найруулсан эл жүжиг англи хэлт үзэгчдэд “Mongol khan” нэрээр хүрсэн бөгөөд нэлээд нүсэрт тооцогдохоор буюу 150 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй байлаа. Нөгөө талаар уг бүтээлийг Лондонд тоглож эхэлсэн нь Монголын нийгмийн онцлох сэдэв болж, олон нийт сайн, муу аль аль талаас нь шүүхэд хүрсэн. Нэг хэсэг нь “Монгол уран бүтээлийг дэлхийд таниуллаа” хэмээн бахархсан бол зарим нь “Монголыг олон улсад сөргөөр харуулах жүжиг тоглолоо” хэмээн шүүмжилж байв. Бас олон улсын хэвлэлүүд ч “Mongol khan”-ыг магтаал, шүүмжлэлээрээ “дайлсан”-ыг онцолъё.
Сайн, муу алин боловч монгол бүтээлийг “Колизей” театрт 17 удаа тоглож, 40 000 гаруй үзэгчид хүргэжээ. “Тамгагүй төр”-ийг дотооддоо ч мөн олон буюу 152 удаа тоглон, 85 000 гаруй үзэгчийн хүртээл болгосон гэх статистикийг уран бүтээлийн багийнхан гаргасан юм. Бас тэдний “аялал” үүгээр дуусаагүй, цаашид олон улсад үргэлжлүүлэн тоглохоо илэрхийлээд байна. Монголын бусад уран бүтээлч ч хойшид бүтээлүүдээ олон жимээр “аялуулж”, экспортолсоор байх биз ээ.
Жуулчны тоо түүхэнд байгаагүйгээр өсөв
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас мэдээлж буйгаар 2023 он гарснаас хойш Монголд 620 мянган жуулчин иржээ. Энэ нь манай улсын аялал жуулчлалын салбарын түүхэн үзүүлэлт болж буйг судлаач, мэргэжилтнүүд онцолж байна.
Монголчууд жилд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлээд цөөнгүй жилийн нүүр үзэж буй. Цар тахлын өмнөх үед буюу 2019 онд 576 мянган жуулчин хүлээн авсан нь салбарын түүхэн дээд үзүүлэлт байсан юм. Тэгвэл өнөө жил энэ дээд амжилт эвдэгдэв. Жуулчны тоо цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтийг даруй 44 мянгаар давж, 17 хувийн өсөлт үзүүллээ. Аялал жуулчлалаас төвлөрүүлсэн орлогын хэмжээ тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Дундажлаад тооцвол энэ онд манай улс сар тутам 51.6 мянган аялагч хүлээн авч, 83.3 сая ам.долларын орлого олсон гэсэн үг.
Голлох зах зээлээр нь авч үзвэл Орос, Өмнөд Солонгос, Хятад, Казахстан, Япон, Америк, Германаас хамгийн олон жуулчин иржээ. Нийт аялагчийн 43.4 нь орос, 35.6 хувь нь солонгос, 30.2 хувь нь хятадууд байна. Эдгээрээс хамгийн өндөр өсөлттэй нь орос жуулчид аж. 2019 онд манай улсад хойд хөршөөс 142 мянган жуулчин ирж байсан нь энэ жил205 мянга болж нэмэгдсэнээр 43 хувийн өсөлт үзүүлэв. Орос, Украины дайн, үүнээс үүдэлтэйгээр Европын Холбооноос тавьсан хориг хязгаарлалтууд үүнд нөлөөлсөн гэж судлаачид үзэж буй.
Цар тахлын хямралд өртсөн салбар богино хугацаанд “хөл дээрээ босож”, жуулчны тоо түүхэнд байгаагүйгээр өссөн нь нэг талаасаа олон улсын аялал жуулчлал дэлхий нийтэд эрчимтэй сэргэж буйтай, нөгөөтээгүүр, манай улсын зүгээс баримталж, хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүдтэй холбоотой. Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухайлбал, агаарын тээврийн салбарыг либералчлах зорилтын хүрээнд олон улс, орон нутгийн чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тийзийн үнийг хөнгөлсөн, зорилтот зах зээл буюу Өмнөд Солонгос зэрэг орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн, гадаад маркетинг, сурталчилгааг идэвхжүүлсэн зэргийг дурдаж болно. Мөн Аялал жуулчлалын тухай хуулийг 20 жилийн дараа шинэчлэн баталж, реформын шинжтэй өөрчлөлтүүд хийх суурь нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Сошиалд олон сая дагагчтай инфлүүнсэр, олны танил хүмүүсийг урьж авчран, Монгол орны талаар контентууд бэлтгэн хүргэсэн нь нүүдэлчдийн өлгий нутгийг сонирхох жуулчдын урсгалд ч чухал нөлөө үзүүлсэн. “Lonely planet” олон улсын байгууллага 2024 онд аялахад хамгийн тохиромжтой 10 орны нэгээр Монголыг зарласан нь аялал жуулчлалын салбар энэ жилийн амжилтаа хойтон ч дахин бататгаж магадгүй гэх өөдрөг төсөөлөл, таамаглалыг бий болгоод байна.