Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Green house” гэсэн дөрвөн багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Зорьсондоо” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
Гэр бүлийн тухай хуулийн төсөлд дэвшилттэй заалтууд орсон, цаашдаа өөрчлөлт гарах болов уу хэмээн урлаг соёл, спортынхон, багш, эмч гээд салбар бүрийнхэн хүлээж байна. Нөгөөтээгүүр, гэр бүл, хүүхдийн чиглэлээр ажилладаг, хохирогчдод дэмжлэг туслалцаа үзүүлдэг, тулж ажилладаг “галын шугам”-ынхан сайн хууль баталлаа ч салбар дундын уялдаагүй бол үр дүн гарахгүй гэдгийг онцоллоо. Түүнчлэн шаардлагатай төсвийг нь шийдэхгүй, мэргэжлийн боловсон хүчнээ томилохгүй бол хууль баталсан ч хэрэгжүүлэх хүнгүйн улмаас цаасан дээрээ л үлдэхийг сануулж байгаа. Тэдэнд дуулгах, мөн уншигчидтайгаа хуваалцах таатай мэдээ байна.
Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн төсөлд Гэр бүлийг дэмжих, хамгаалах төрийн байгууллагын чиг үүрэг, тогтолцоо гэсэн найман зүйл 55 заалттай бүлэг шинээр тусгажээ. Буух эзэн, буцах хаягтай гэдгийн адил хариуцлага тооцох зүйл, заалтыг ч төсөлд тусгасан. Өмнө нь буюу 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуульд салбар хоорондын уялдаа, чиг үүрэг, тогтолцоог нарийвчилсан заалт, хариуцлагын тогтолцоо байсангүй. Үүний уршгаар төрийн байгууллагын уялдаа холбоо муу, чиг үүрэг нь тодорхойгүй болж, улмаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй амиа алдсан харамсалтай явдал гарсан. Тодруулбал, нөхрийнхөө дарамтад байдаг, улмаар хүчирхийлэлд өртсөн эмэгтэй цагдаад хандсан ч тусыг олоогүй. Тус байгууллагын эмэгтэйн дуудлагыг үл тоосноос тэрбээр нөхрийнхөө гарт амь үрэгдсэн нь харамсалтай. Үүний мөрөөр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж, төр үүргээ биелүүлээгүй, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоогоогүй хэмээн буруутгасан. Шүүх ч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, төр буруутай гэсэн шийдвэр гаргаж байв.
Эл хуулийн төсөлд зааснаар Засгийн газар гэр бүл, хүүхдийн хөгжлийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг хүлээжээ. Мөн гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, арга хэмжээг Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгахаас гадна тогтвортой санхүүжилт олгож, салбар дундын хэрэгжилтийг хангах ёстой. Цаашлаад Засгийн газар эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтод гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлыг зохион байгуулах аж. Үүнээс гадна үндэсний статистикийн асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлтийн түүвэр судалгааг таван жилд нэг удаа хийх нь. Боловсролын байгууллага нь гэр бүлийн боловсролыг сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгад тусгана. Хууль хяналтын байгууллага нь хуулийн этгээд, иргэнд гэр бүлийн гишүүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх, арга зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Гэр бүлийн асуудлаар салбар дундын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ гэх мэтчлэн хуулийн төслийн 10 дугаар бүлэгт олон сайн заалт оруулжээ.
Гэр бүлд хандах дэлхий нийтийн чиг баримжаа өдгөө гурван үндсэн үзэл баримтлалд тулгуурлаж байгаа. Нэгдүгээрт, гэр бүлд суурилсан хүний хөгжлийн бодлогоо заавал батална. Хоёрдугаарт, гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлоготой байх ёстой. Гуравдугаарт, гэр бүлд суурилсан эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэг. Гэхдээ Япон, БНСУ-д төрөлт багассан. Ажиллах хүчний хомсдолд орж, ирээдүйд олон хот, тосгон эзгүйрэх нөхцөл байдал тулгарчээ. Мөн олон сургууль, цэцэрлэг хаалгаа барьж буй үйл явц яг одоо өрнөж байна. Эдийн засаг, хөгжлийн үр ашгаа нэгдүгээрт эрэмбэлээд, гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлээгүйн алдааг үүрч байна гэсэн үг. Гэхдээ БНСУ алдаагаа засаж эхэлсэн. Тэгвэл Европ, Скандинавын орнууд гэр бүл, хүүхдэд суурилсан хөгжил, хамгаалал, эдийн засгийн бодлого баримталсан учраас өдгөө маш олон зүйлд нийгмийн харилцааны боловсронгуй загварыг бүтээж чаджээ. Европт ажлын цаг богино. Амьдрах орчин нөхцөл нь таатай, орон байрны зээл тусламжийг “тултал” өгнө. Заавал өдрийн найман цаг ажиллах албагүй. Ээлжийн ажилтай. Тухайлбал, Франц, ХБНГУ Гэр бүлийн яамтай. Эдгээр улсад гэр бүлийн талаар баримталж буй бодлого, түүнд зарцуулж буй төсөв, хувь хэмжээгээрээ Европт тэргүүлдэг. Гэр бүл, хүүхэд, залуусын хөгжлөөр мэргэшсэн боловсон хүчин сайтай тул салбар дундын зохицуулалт нь зөв байдаг аж.
Монгол Улс Япон, БНСУ-ын алдааг давтаж, тэр замаар яваа орны тоонд багтжээ. Тиймээс судлаачид Гэр бүлийн тухай хуулиа даруй батлахаас гадна хүн, ам зүйн бодлогоо зөв тодорхойлох ёстой хэмээн зөвлөсөөр буй.
Гэр бүл судлаач, сэтгэл зүйч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн байр суурийг хүргэе.
Салбар дундын зохицуулалтыг үр дүнтэй болгоход ХНХЯ чухал үүрэгтэй
Б.Оюун-Эрдэнэ (Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор):
-Өдгөө хэлэлцэж буй Гэр бүлийн тухай хуулийн төсөлд тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарсан. Гэхдээ эл төсөлд алдаатай зүйл байна. Тухайлбал, салбар дундын зохицуулалтыг илүү үр дүнтэй болгоход хамгийн чухал үүрэгтэй байгууллага бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Эдгээр байгууллагын оролцоогүйгээр салбар дундын үүрэг хариуцлага, тогтолцооны тэнцвэртэй байдлыг хангах боломжгүй. ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь салбарынхаа асуудлыг шийдэхэд үүрэг хүлээж оролцохоос гадна бусдаас шаарддаг, хэрэгжилтийг хангуулдаг, төлөвлөдөг байх ёстой юм. Гэтэл тус яам, газарт мэргэжлийн хүний дутмаг. Мөн уг салбарт бас нэг том алдаа бий. Энэ нь иргэдэд үйлчилгээ хүргэдэг төвүүдийг байгуулдаггүй явдал. Гэр бүлд үйлчилгээ үзүүлэх төв хомс. Ямар ч сайн хууль, эрх зүйн бичиг баримт батлаад, бодлого, хөтөлбөр боловсруулж гаргалаа ч түүнийгээ иргэдэд хүргэх төвгүй гэсэн үг.
Үйлчилгээний хувилбар, санхүүжилт, хүний нөөц, орчин нөхцөлгүй бол урагшлахгүй, үр ашиггүй. Жишээ нь, сумын төвийн сурагчдад үйлчлэх дорвитой газар байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмадууд орох газар ч нүдний гэм. Залуу гэр бүлүүд хандах төв үгүй. Толгой нь данхар, хөл нь шувтан гэдэг шиг үүрэг өгдөг дарга олон, үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн бараг байхгүй. Салбар дундын уялдааг сайжруулахын тулд цагдаагаас авхуулаад бүх байгууллага нь урьдчилан сэргийлэх ажлаа хариуцлагатай хийх ёстой. Асуудлыг шийдэх гэж араас нь хөөх ёсгүй. Боловсролын байгууллагынхан гэр бүлийн боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй. Товчхондоо, Гэр бүлийн яам, дагнасан шүүхтэй болох нь хамгийн оновчтой шийдэл болов уу. БНСУ-д Гэр бүл, жендерийн яамтай. Яамны харьяа гэр бүлийг дэмжих 244 төвтэй юм билээ. Гэр бүлийн хөгжлийг дэмжих нэг төв гэхэд их сургуулийн дайтай том бүтэцтэй. Өөрөөр хэлбэл, дарга цөөн, үйлчилгээний ажилтан нь олон бөгөөд хүндээ ээлтэй байж, тохирох үйлчилгээг хүргэдэг. Салбарын яам нь таван жил тутамд үр дүнгээ судлаад, дараагийн төлөвлөгөөгөө боловсруулдаг.
Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага гэр бүлд үйлчлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай
С.Баасанбат (“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэлзүйч):
-Гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй танилцсан. Миний хувьд дөрвөн саналтай байна. Нэгдүгээрт, энэ хууль гэр бүл, хүүхдийн чиглэлээр мэргэшсэн цагдаа, прокурор, шүүгч, өмгөөлөгчтэй болох боломж бүрдүүлэхээр хэлэлцэж эхэлсэн нь сайн. Ийм тогтолцоогүйгээс хохирогчтой гэмт хэрэгтэнтэй адилхан харилцдаг. Зөрчил, иргэн, эрүүгийн гэмт хэргээс огт өөр зохицуулалт ур чадвар шаарддагийг мэддэггүй. Хоёрдугаарт, гэр бүл салах үед ба дараа нь эцэг эх байх эрхийг баталгаажуулдаггүй байна. Үр дагавар нь салсны дараа эцэг эхчүүд хүүхдээ өмчилж, хариугаа авах “хэрэгсэл” болгох, аав, ээжийн хайр халамж хүртэх эрхийг нь зөрчсөөр байдаг. Бас хяналтгүй орхидог, салсан ч тодорхой тогтсон хугацаанд хүүхэдтэйгээ уулзах, анхаарал халамж үзүүлэх, хүмүүжүүлэх үүргийг орхигдуулдаг. Гуравдугаарт, эцэг эх нь зан чанарын доголдолтой, архины хамааралтай, хүчирхийлэл үйлддэг, хүүхдээ буруу төлөвшүүлж, хүмүүжүүлдэг. Энэ тохиолдолд эцэг, эх байх эрхийг нь түдгэлзүүлж, албадан сургалт, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авдаггүй. Энэ нь ирээдүйд илүү ноцтой үр дагаварт хүргэх эрсдэлтэй. Дөрөвдүгээрт, гэр бүлийн чиглэлээр ажилладаг байгууллагуудыг магадлан итгэмжилж, тусгай нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх, төрийн үйлчилгээгээ гэрээгээр гүйцэтгэх боломжийг энэ хуулиар зохицуулах хэрэгцээ бий.
Сингапурын Гэр бүлийн тухай хуульд 9-12 ангийн сурагчдад гэр бүлийн боловсрол олгох заалт бий
Г.Ганбаясах (“Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн):
-Гэр бүлийн тухай хууль 1999 оны үеийн зохицуулалтаар өнөөг хүргэсэн. Хөгжлийн үйл явцад уг хуулийг шинэчлэн боловсруулах гэж 10 гаруй жилийн нүүр үзлээ. Тус хуульд ач холбогдол өгч, зүйл заалтынх нь агуулгыг нэг бүрчлэн уншаад байна. Учир нь хохирогчтой ажилладаг байгууллага бүрд бэрхшээл тулгардаг. Насанд хүрээгүй хохирогчдыг гэр бүлийнх нь хүрээнд нь нөхөн сэргээмээр байдаг. Гэтэл архидалттай, хүчирхийлэлтэй орчинд нь буцаагаад аваачихаар тухайн хүүхдийг нөхөн сэргээх боломжгүй. Мөн хүчирхийлэгчдийг ч хамтад нь зан үйлийн сургалтад хамруулах ёстой. Гэр бүлийн тухай хуульд насанд хүрээгүй хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээхэд хэн үүрэг гүйцэтгэх, зардлыг нь хаанаас гарахыг Хүүхэд хамгааллын хуультайгаа уялдуулаад оруулчихаасай, салбар дундын зохицуулалтаа сайжруулаасай гэж хүлээж байна. Хоёрдугаарт, гэр бүлийг дэмжинэ гэдэг нь зөвхөн тэтгэмж, халамж өгөх биш юм. Харин тухайн хүүхдийг гэрт нь ээнэгшүүлэх, хүүхдээр дамжуулаад тухайн гэр бүлийг ажилтай, орлоготой, эерэг харилцаатай, үр хүүхдийнхээ төлөө санаа тавьдаг, хүүхдээ эрсдэлд оруулахгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Эцэг, эхийн үүрэг хариуцлага юу вэ гэдгийг харж тайлбарлах хэд хэдэн өнцөг бий.
Хамгийн түрүүнд хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх, тэднээр тэжээлгэж, мөлжиж болохгүй гэж харж байгаа. Үүнд уран нугараач хийлгэх, туслах малчин болгох, барилга дээр ажиллуулах гээд янз бүрийн хүнд хөдөлмөрийг хамааруулж болно. Гэтэл энэ бүхэн Хөдөлмөрийн хуультай сайн нийцэх, уялдах ёстой атал зөрчилддөг. Мөн Хөдөлмөрийн хуульд тусгасан хүүхдийн хөдөлмөр эрхлэх нас хэд билээ, ямар ажил хийхийг зөвшөөрөх, алийг нь зөвшөөрөхгүй байгаа билээ. Зүй бус зүйл хийлгүүлэх гэж хүчилдэг эцэг, эхчүүдэд ямар арга хэмжээ авах вэ. Үүнийг хуульчлаасай. Тухайлбал, эцэг, эх нь хүүхдэдээ “Өнөөдөр дүү нар чинь идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, дулаацах түлээ түлшгүй байна. Чи ямар нэгэн аргаар ажил хийж мөнгө ол” гээд охиноо биеэ үнэлэхээс өөр аргагүй байдалд оруулдаг. Эцэг, эх хүүхдээ 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй. Сингапурын Гэр бүлийн тухай хуульд 9-12 ангийн сурагчдад гэр бүлийн боловсрол олгох заалт бий. Эцэг, эх, үр хүүхэд ямар байх, хосууд гэрлэсний дараа ямар үүрэг хүлээх, нас өтөл болсны хойно үр хүүхэд тань хэрхэн асарч халамжлахыг уг хичээлээр буюу ерөнхий суурь боловсролоор нь дамжуулж олгодог. Тиймээс тус улсад гэр бүлд гэмт хэрэг үйлдэгдэх, мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүл цуцлах нь харьцангуй цөөрсөн гээд нийгэмд эерэг өөрчлөлт авчирсан олон зохицуулалт бий. Тэгэхээр Гэр бүлийн тухай хуульд хэрэг гарсных нь дараа бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлж, төр засаг үүнд ямар анхаарал хандуулах вэ гэдгийг сайн анхаараасай. Холбогдох байгууллагуудын уялдаа холбоо гэдэг нь хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд сөрж зогссон заалт чухал.
Шинэчилсэн найруулгын төсөлд саналаа хүргүүлсэн
Н.Арвинтариа (Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал):
-Хүүхдийг эцэг, эхтэй нь уулзуулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэхээр Гэр бүлийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Тэгвэл хүүхэдтэй харилцах нь биечлэн болон онлайн хэлбэрээр байж болох зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуульд тусгах нь зүйтэй. Хорих ял эдэлж буй, гадаадад амьдардаг, хөдөө ажилладаг, хүчирхийллээс зугтаж яваа, цэргийн алба хааж байгаа, халдварт өвчний улмаас тусгаарлагдсан гэх мэт хүмүүс хүүхэдтэйгээ биечлэн уулзах, уулзуулах боломжгүйг тооцож хуульдаа тусгахгүй бол уялдаа, холбоо, хэрэгжилтэд нь олон асуудал үүснэ. Манай төвийнхөн мөн зарим заалтын үгийг өөрчлөх, хасах, утгын найруулгыг засах зэрэг саналаа ХЗДХЯ-нд өгсөн. Тодруулбал, 5.4 дэх хэсэгт “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ батлуулахаас өмнө ...ДНХ шинжилгээнд хамрагдаж болно” гэснийг “ДНХ шинжилгээнд хамруулна” гэж өөрчлөхөөр санал өгсөн. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах нь тулгамдсан асуудал хэмээн үзээд уг заалтыг гэрлэхийг хүсэгчдэд үүрэг болгох шаардлагатай гэж тайлбарласан. Гэрлэгчдийн дунд бие биедээ үнэнч байгаагүйтэй холбоотой маргаан түгээмэл гардаг нь гэр бүл салалтын нэг шалтгаан болдог. Гэтэл үүнийг Гэр бүлийн тухай хуулиар ёс суртахууны үүрэгт хамааруулах нь зохимжгүй гэж ХЭҮТ-өөс үзэж байна. Учир нь Үндсэн хуульд журамт үүрэг гэсэн нэр томьёо бий. Харин ёс суртахууны үүрэг гэсэн нэр томьёо Иргэний хуульд болон бусад хуульд байхгүй. Гэрлэгсэд болон хамтран амьдрагчид хүчирхийллийн харилцаатай тохиолдолд хүүхдээр дамжуулан нөгөөгөө хянах, мөрдөх, дарамталдаг нь кейс судалгаагаар тогтоогдсон. Тиймээс уг хуулийн 34 дүгээр зүйлд “Эцэг, эх нь уулзах, харилцаа тогтоох эрхээ хүүхдэд хортойгоор ашиглахыг хориглоно” гэдэг заалтыг дэлгэрүүлж нэмж оруулахаар саналаа хүргүүлсэн.