Ул боовыг л тэгш, сондгойгоор өрдөг гэж боддог байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд хотын даргын алба хашсан сэтэртнүүд иргэдийнхээ унах машиныг улсын дугаараар хязгаарладаг боллоо. Мөн дайран дээр давс гэгчээр БШУ-ны сайд аялдан дагаж, анх удаа өвөл болж хүйтэрч байгаа юм шиг аяглаж, дунд сургуулийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх гэнэтийн шийдвэр гаргав. Энэхүү шийдвэрээс үүдэн өнөөдөр нийслэлчүүд бага ангийн хүүхдүүдээ гэрт нь үлдээгээд гарсан. Улмаар дугаарын хязгаарлалтад орсон иргэд долоо хоногт 2-3 удаа автобусаар үйлчлүүлэх сонголтгүй сонголтыг хийлээ.
Гэтэл автобус олдохгүй, дор хаяж 40-50 минут хүлээлгэж, ирсэн ч хүн нь багтахгүй үлдэж, жинхэнэ утгаараа өвлийн хүйтэнтэй “бядгүй иргэд” нь ямар ч бэлтгэлгүй нүүр тулахад хүрлээ. XX зууны 1980-аад онд л хүмүүс нь автобусандаа багтдаггүй байсан бол XXI зууны метрополис хотын иргэд нийтийн тээврийн хөгжлийн гацаанд хүлэгдчихсэн. Хүйтэн, бохир, тамхины утаатай орчинтой стандарт бус автобусаар үйлчлүүлэхийг уриалж байх жишээний. Тиймээс л шатахуунгүй, машин унах эрхгүй, алхах аюулгүй зам ч үгүй нөхцөлд нийслэлчүүдийн амьдрал өрнөж байна.
Харин дарга сэтэртнүүд нь өөрсдөө хоёр, гурван ээлжийн машинтай, жолоочтой, төрийн цэнхэр номертой, хотын захад агаарт хаусд хүүхдүүдээ амьдруулаад эсвэл ид хүйтнээр гадаад руу явуулчихдаг. Тэдэнд татвар төлчихөөд тархиа угаалгаж байгаа “хөөрхий” ард иргэд нь угаартана уу, хөлдөнө үү, хүүхдүүд нь өвдөнө үү хамаагүй гэхэд хилсдэхгүй.
Кейс 1:
Иргэний пост: Хоёрдугаар ангийн хүүхдээ гэрт нь ганцааранг нь цахимаар хичээлдээ ороорой гэж үлдээгээд, долдугаар ангийн хүүхдээ сургууль руу нь, 3 настайгаа цэцэрлэгт нь хүргэж өгч байна. Тэгээд болоогүй хар хүйтэнд машинаа хязгаарлуулаад, автобус унаа нь хүрэлцэхгүй зутрахад хүрлээ.
Кейс 2:
Иргэний жиргээ: Санал авахгүйгээр захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргаад байж болдог юм уу. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ажил, бизнес амьдралд нөлөөлөл үзүүлж буй захирамжийг хэрэгжүүлэх шаардлага бидэнд бий юу...
Кейс 3:
Иргэний пост: Анзаарсан бол энэ долоо хоногоос хүмүүсийн бухимдал оргилдоо хүрч байна. 30-40 минут хүлээгээд ирсэн автобус нь дүүрэн, такси олдохгүй, шатахууны урт дараалалд хэдэн цагаар дугаарлаж байж авна. Эдийн засгийн тэг зогсолтыг эрх баригчид өөрсдөө үүсгэж байна шүү дээ.
Кейс 4:
Иргэний жиргээ: Хоёрдугаар сарын 1 хүртэл автомашины дугаарыг хязгаарлахдаа сондгой тоогоор төгссөн машиныг долоо хоногт 3, тэгш тоогоор төгссөн машиныг 2 удаа явуулахаар хуваарь гаргажээ. Үүнээс хотын удирдлагуудын гаргасан шийдвэр иргэдээ яаж ийж байгаад боох, хаахад чиглэгдсэн нь харагдана.
Кейс 5:
Иргэний пост: Төрийн албан хаагчид нийтийн тээвэрт суухгүй тусдаа дугаар бүхий машинтай, дугаарын хязгаарлалтад ордоггүй учраас удаан хугацаанд автобус хүлээхийн хэцүүг ойлгохгүй байгаа юм. Ийм ялгаварт харилцаа, зохицуулалт Ардчилсан гэх тодотголтой Монгол Улсад байж болохгүй.
Кейс 6:
Иргэний жиргээ: Ихэнх аав ээжүүд хүүхдээ хараад гэртээ үлдэх үү, зээлээ төлөхөөр ажилдаа явах уу гэдэг сонголттой нүүр тулж байна. Хүн бүр өнөөдөр зээлтэй. Тэгэхээр цаашид яаж амьдрах вэ?
Энэ мэт олон асуудал иргэдийн нуруун дээр бий. Иргэд өөрсдийнхөө амьдралын төлөө бус төрөөс төрсөн эрх ямбатануудын бодлогын алдааны өмнө сөхөрч байна. Амьсгалах цэвэр агааргүй, үйлчлүүлэх стандартын автобусгүй, машиндаа бензингүй, гэртээ цахилгаангүй, өрөнд баригдаж, өтөнд идэгдсээр... Ядаж нийтийн тээврээр үйлчлүүлэх нөхцөлийг нь хангаагүй байж, үе үеийн хотын дарга нар парк шинэчлэл нэрээр төсвийг нь цувчуулчихаад, машины дугаараар нь хязгаарлаж, явдаг амбаараар үйлчлүүлэхийг тулгадаг болжээ.