Жил бүрийн энэ өдөр хамт олон нь Бал эрхлэгчийгээ санан дурсаж, хийсэн, бүтээснээр нь бахархан, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ удаа түүний“Шөнө амталсан нулимс” жүжгийн тухай нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” жүжгийг 2005 онд анх Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулан тавьж байсан бол энэ онд “Мөрөөдлийн театр”-ынхан Э.Ёндоншаравын шинэчилсэн найруулгаар дахин олон нийтэд хүргэсэн юм. Бараг 20 орчим жил өнгөрсөн ч тайзны энэ бүтээл агуулга, ач холбогдлоо алдаагүй, өнөөгийн нийгэм, улс төрд засаж залруулах ёстой гажуудлыг бидэнд сануулсаар байгаа билээ.
Монголын хөх тэнгэрээ сүсэглэн, уулын өндөрлөгт мацан гарч, хан хурмастаа ширтээд ганцаараа залбирч суунгаа эрт эдүгээгийн тухай эргэцүүлэн, анд найз нөхдийгөө эргэн санах сайхан. Тэгээд наран жаргахаас өмнө уулнаас бууж, тэднийхээ талаарх сэтгэлд үлдсэн дурсамжаа цаасан дээр эвлүүлж буулгах би дуртай.
Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдорж маань амьд сэрүүн явсан бол эдүгээ 70 насны сүүдэртэйгээ золгох байж дээ хэмээн шаргал нар ээсэн намрын дунд сарын энэ нэгэн өдөр ер бусын нам гүм дүнсийх ойд дурсаж суулаа. Бид уран бүтээлээрээ ойртож нөхөрлөсөн андууд байсан юм. 1995 онд намайг Москвад сурвалжлагчаар ажиллаж явахад бүхий л талаар дэмжиж, тусалсан сан. Миний бичсэн нийтлэлүүдийг уншаад их л урам өгдөг байлаа. Нэгэн удаа гэрийн факсын аппаратаар “Эрхэм нөхрийн амрыг эрье! Цаг үеэ олсон сонирхолтой материалыг хугацаа алдалгүй ирүүлж байгаад талархлаа илэрхийлье. Ирүүлсэн ярилцлага, өгүүлэл чинь Орос оронд өрнөж буй үйл явдлын тухай уншигчдад бодитой, зөв мэдээлэл өгөхөд тус болж байна. Үйл явдлын халуун цэгээс сурвалжлан бэлтгэсэн олон сонирхолтой материал “Ардын эрх” сонины хуудаснаа цаашид нийтлэгдэнэ гэдэгт итгэж байна. Ажилд чинь амжилт хүсье! Ц.Балдорж” гэсэн захидал ирүүлж билээ. Үүнийг нь би одоо хүртэл хадгалдаг. Миний хувьд нандин дурсгал юм.
Анх түүнтэй 1980-аад оны дундуур танилцаж билээ. Тэр үед би Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо болон БНМАУ-ын Соёлын яамны Уран сайхны зөвлөлийн гишүүн хэмээх хоёр том байгууллагын нэрийн өмнөөс тухайн үеийн тайз, дэлгэцийн уран бүтээлүүдийг үзэж батлахад оролцдог байлаа. Энэ маань түүний зохиолуудтай танилцах, санал бодлоо хуваалцах бололцоо олгож, улмаар бид дотносож нөхөрлөсөн юм. 1980-1990-ээд онд Ц.Балдоржийн маань сэтгүүлчийн хувьд бичиж асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд Монголын нийгмийг доргиож, зохиолчийнхоо хувьд туурвисан жүжиг, киноны бүтээлүүд нь үзэгч түмнийг цочроож билээ.
Тухайлбал, хүн ам зүйн асуудлыг анх түрүүнд дэвшүүлэн тавьж, эх нялхсын эрүүл мэнд, оюуны хомсдол, бага орлого, ядуурлын талаар “Ганц жил наслуулах гэж арван сар тээдэггүй”, “Эмэгтэйчүүдийн асуудал эрчүүдэд хамаатай”, “Хоёр сая иргэндээ хөл алджээ” зэрэг бүтээлээрээ нийгмийг сэрээж, яахын аргагүй Монголын нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн салхич шувуу нь болж, дээд тэнгэртээ цуцашгүй дүүлэн ниссэн юм. Ялангуяа эх орныхоо байгалийн үзэсгэлэнт тансаг газрын нэг, “хөх сувд” гэж ард түмний маань шүтэн хайрладаг Хөвсгөл нуураа хамгаалах асуудлыг нийтэд сонордуулсан “Далай ээж цаазын тавцанд” нийтлэл нь нийгмийг донсолгож, тухайн үеийн төр, засгийн бодлогыг өөрчлөхөд нөлөөлснөөр бодитой үр дүнд хүргэж билээ.
Энэ нь сэтгүүлчийн өргөн мэдлэг, боловсрол, мэргэжлийн гярхай судалгаа, гарцаагүй, баттай нотолгоо баримтуудад түшиглэж, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон талын гүнзгий дүгнэлтэд суурилсан үлгэр дуурайл бүхий даацтай бүтээл болсон төдийгүй Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүй цаашид хөгжихөд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Сенсаац хөөцөлдөж, нэр төрийн төлөө явдаг өнөөгийн зарим нэг залуу сэтгүүлчид уг нийтлэлээс суралцах зүйл их бий дээ. Нэн ялангуяа баримтыг сэтгэл хөдлөлөөрөө бус, олон өнцгөөс харж, харьцуулах, эргэцүүлж бодох, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийж нотлоход түүх, соёл, нийгэм, эдийн засаг гээд өргөн мэдлэг, боловсролоо сэтгүүлч хүн хэрхэн ашиглахын үлгэр жишээг уг нийтлэлүүдээс олж харж болно. Эрдэм мэдлэг хомс бол баримт дурдаад ч нэмэргүй шүү дээ, өөрийгөө л хэн болохыг харуулахаас цаашгүй.
Ер нь Ц.Балдорж Монголын хөгжил дэвшилд саад тотгор учруулж буй аливаа бүхэнд зүрх сэтгэлээрээ санаа зовниж, үүнийгээ зөвхөн хэвлэл, сэтгүүлийн нийтлэл төдийгүй тайз, дэлгэцийн уран бүтээлээрээ илэрхийлж байв. Ялангуяа “Хэрээ”, “Өв залгамжлагчид”, “Хориотой жүжиг”, “Зэрэглээ”, “Хайрын виз”, “Эмс” жүжиг, Хачин хүн” кино зохиолдоо нийгэм, ёс суртахууны асуудлыг маш хурцаар хөндөж, цочирдмоор зоригтой дэвшүүлсэн байдаг. Үүгээрээ Монголын тайз, дэлгэцийн урлагт нийгэм, улс төр, ёс суртахууны асуудлыг ил тод дэвшүүлсэн нийтлэл (publicistic)-ийн өнгө аястай жүжиг, киноны төрөл зүйг бий болгосон билээ.
Урьд өмнө, үнэндээ орчин цагийн Монголын улс төр, нийгмийн тогтолцоог ил тод зоригтой шүүмжилсэн ийм төрөл (жанр)-ийн уран бүтээлүүд гарч байгаагүй юм. Ялангуяа Ц.Балдоржийн зохиол, найруулагч Б.Балжинням, Б.Нагнайдорж нарын “Хачин хүн” дэлгэцийн бүтээлд хүмүүсийн сэтгэлгээ, ажиллаж хөдөлмөрлөх нь нэг хэв загварт баригдмал, ямар ч бүтээлч хүсэл эрмэлзэлгүй, нийгмийн идэвхгүй болсон тул тэд ажлын өдрийг яаж ийгээд л өнгөрөөдгийг харуулсан. Энэ нь Монголын нийгмийн хөгжлийг хөшингө, мухардмал байдалд оруулсныг гол баатрынхаа дүрээр өгүүлсэн байдаг. Ц.Балдоржийн зохиол, И.Нямгаваагийн найруулсан “Хэрээ”, “Өв залгамжлагч” зэрэг жүжигт хүн хүнээ хүндэтгэх өвөг дээдсийн маань уламжлалт сайхан зан заншил алдагдсанаар Монголын орчин цагийн хүмүүсийн ёс суртахуун хэрхэн доройтож, зарим нь адгууснаас ч дор болсон тухай сэтгэлд сэртхийм асуудлыг хөндсөн байдаг.
Ялангуяа эрх мэдэлд дулдуйдан хөрөнгөжих, мөнгөжих гэсэн шунал өнөөгийн нийгмийг сууриас нь ялзруулж, Монголын төрийн эд, эсэд нэвчин орж, авлига, хээл хахууль гэгч нь юунд хүргэж буйг Ц.Балдорж маань “Шөнө амталсан нулимс” жүжгийн зохиолоороо анх зоригтой хөндсөн уран бүтээлч дээ. Одоогоос 20-иод жилийн өмнө түүний бичсэн уг зохиолыг 2004 онд залуу найруулагч Н.Наранбаатар УДЭТ-ын тайзнаа амилуулж билээ. Энэ бүтээл нь өнөөгийн хүмүүний дотоод ертөнц хэрхэн өөрчлөгдөв, XXI зуунд та, бид хэн гээч болж хувирав гэдэг талаар эргэцүүлэх, өөрсдийгөө өөр өнцгөөс харах өвөрмөц боломжийг үзэгчдэд олгож, манай нийгэмд хуримтлагдсан гүнзгий зөрчил бүхий эмзэг олон асуудалд хэн бүхний анхаарлыг хандуулсан юм. Тиймээс ч гүнзгий утга агуулга, нийгмийн ач холбогдлоороо одоо ч цаг үеэ алдаагүй гайхалтай бүтээл л дээ.
Английн нэрт зохиолч Бернард Шоу “Театр бол хүний сэтгэл бодлыг дэлгэн нээх оюуны их өргөө юм” гэж айлдсан байдаг. Тэгвэл Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн жүжгийн зохиомж, Төрийн шагналт Н.Наранбаатарын найруулгын уран шийдэл нь чухамхүү хүмүүний тэрхүү сэтгэл бодлыг дүр бүрийн зан төрх, оюун сэтгэлийн зөрчил, дотоод санаагаар дамжуулж уудлан илчлэх аргаар жүжгийн үйл явдлыг өрнүүлсэн нь ончтой бөгөөд туйлын сонин. Тэгээд ч 20-иод жилийн өмнөх санаанд минь уг бүтээл тодоос тод хадгалагдан үлджээ.
...Жүжиг эхлэхэд нийслэлээс зайдуу орших тансаг, гоё, хоёр давхар байшин тайзнаа харагдана. Хэдийгээр шөнө дүл хэвийсэн боловч энд хөл хөгжөөн, найр цэнгэл ид дундаа бялхаж, цоглог хөгжим нургилан, тэтгэврийн өвгөнөөс авхуулаад хөгшин, залуугүй бүжицгээж, баяр баясгалангаар гийж байсан сан. Харамсалтай нь, гай газар доороос гэгчээр энэ айлын эзэн амиа хороожээ гэх аймшигтай мэдээ бүхнийг цочирдуулдаг. Гадаа аянга цахилан тэнгэр дуугарч, бороо шаагих нь саяхан цэнгэлдээ умбаж байсан хэн бүхэнд түгшүүр төрүүлэх нь илт болдог. Үүнээс үүдэн баатруудын далдын айдас, хэсэг зуур уймрах сэтгэлээс ургуулж “Алуурчин хэн бэ” гэх ёс зүйн асуудлаар найруулагч жүжгийнхээ үйл явдлын гогцоог шууд зангидсан байлаа.
Хачирхалтай бөгөөд эмгэнэлтэй энэ хэргийн буруутныг эрж хайх явцад баатар бүр бие биеэ илчилж, тэдний хардлага сэрдлэг жүжгийн зөрчлийг улам гүнзгийрүүлэхийн хамт өнөө бидний өмнө тулгарч буй үндэснийхээ уламжлалт ёс, шинэ үеийнхний зан суртахуун, улмаар бизнес, улс төрийнхний хэлхээ холбоо зэрэг өргөн хүрээтэй олон асуудлыг эргэцүүлэн тунгаахад хүргэдэг. Үүний зэрэгцээ найруулагч уг бүтээлийнхээ утга санааг баяжуулах үүднээс уран шигтгээ (деталь), бэлгэдэл, дуу хөгжим, шуугиан чимээ, аянгын нүргээн, аадар бороо зэрэг яруу хэрэглүүрийг бүтээлчээр ашигласан нь агуулгыг улам ч далайцтай болгодог. Тухайлбал, Төрийн дууллыг хоёр ч удаа эгшиглүүлж, Төрийн далбааг санагдуулахуйц хөшгийг тэр айлын хойморт татсан нь учиртай. Аливаа гэр бүл нь нийгмийн анхдагч үүр, цаад утгаараа Монголын төр өнөөгийн нийгмийн амьд эс.
Тэр тусмаа жүжгийн гол баатрынх жирийн нэг айл биш, гэрийн эзэн нь төр түшилцэж яваа эрхэм депутат хүн. Иймд эднийд мандсан хэрэг зөвхөн гэр бүлийн хүрээний зөрчил биш, Монголын нийгэмд бугшсан хурц асуудлын илрэл гэдгийг найруулагч харуулахыг эрмэлзжээ. Тэднийд тохиолдсон эмгэнэл нь гагцхүү мөнгө хэмээгч аугаа хүчтэй, ер бусын ид шидтэй өрлөг жанжны эрхшээлээс үүдэлтэй нь жүжгийн өрнөлийн явцад илэрдэг. Жүжгийн гол баатар, депутат Тэрбишийн анд нөхөр нь бизнес эрхлэгч Төмөр (Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан) юм. Тэрбээр энэ гэрийн хамгийн хүндтэй зочин. Түүнийг хүндэтгэхээс яах вэ, бэл бэнчинтэй эр. Иймд Тэрбишийн эхнэр, хадам аав, охид нь гээд цөм түүнд хөл алдана. Эдний сэтгэлээр хэрхэн тоглож, юу хүссэнээ хэрэгжүүлэх мөнгөний амтыг шимтсэн бардам эрийн дүрийг Б.Жаргалсайхан урлаж билээ. Тэрбээр гаднаас нь харахад цэмцгэр, нүдэнд дулаахан, соёлч, бас өгөөмөр, тусч гэмээр Төмөрийн дотоод ертөнц, мөн чанарыг олон талаас нь нээж, жүжиглэх эрдмээ чадварлаг харуулсан юм.
Төмөр нь орчин цагийн бизнесийн хүрээллийн ухаалаг, хүчтэй төлөөлөгчийн нэг болжээ. Алсын хараатай, хэтийн бодлоготой, зорьсондоо хүрдэг, хатуу байр суурьтай нэгэн. Энэ ноёнтон мөнгө цацаж, Тэрбишийг төрийн өндөр сэнтийд залж чадсан сүйхээтэй эр. Үүнийхээ хариуд ч эрхэм депутатаас хэрэгцээтэй бүхнээ нэхэх онцгой эрхтэй, түүний нууц эзэн болсныг өөрийн давилуун зан төрхөөрөө Б.Жаргалсайхан тод томруун харуулдаг. Ялангуяа Төмөр тендерийн асуудлыг өөртөө ашигтайгаар шийдвэрлэх хэрэгтэйг Тэрбишээс шаардах тэр хоромд эд хөрөнгөдөө эрдсэн хүний авир ямар байдгийг жүжигчний авьяаслаг тоглолт сэтгэл сэртхийлгэдэг. Энэ хэсэгт Б.Жаргалсайхан Төмөрийн соёлтой хүний хуурамч багийг хуу татаж, их хөрөнгийн төлөө яахаас ч буцахгүй, ичгүүр сонжуураа алдсан “шинэ монгол” баяны далд нүүр царайг илчилдэг. Түүний уур уцаар, дээрэнгүй төрхөөр Б.Жаргалсайхан дүрийнхээ санааг баяжуулж, жүжгийн чухал нэгэн сэдвийг тодотгосон юм. УИХ-ын гишүүн хүнийг сэтгэл зүйн хувьд дарамталж, Төмөр өөрийнхөө хүссэн бүхнээ биелүүлэхийг хөөрхий Тэрбиш гишүүнд хатуу даалгадаг. Энэ нь улс төрд бизнесийнхэн хэрхэн хутгалдах болсныг харуулахын зэрэгцээ үүнээс үүдэх занал сүрдүүлгийг ч хурцаар харуулжээ. Өнөөгийн “ардын элч нар” маань үнэндээ аль нэг төсөл, тендерийн эрхийн төлөө л сонгуульд оролцдог нь нууц биш. Тэдний ар талд Төмөр шиг бэлтэй баячуул зогсож, улс төр, бизнесийн ашиг сонирхол нийлэх нь цөөнгүй билээ. Энэ асуудлыг Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн жүжиг анх удаа өдөөсөн юм.
Төмөр бол аюултай хүн, төрөөр тоглогчдын нэг. Түүний хувьд их хурлын депутат бол өөрийнх нь хувийн эрх ашиг, сонирхлыг илэрхийлэгч утсан хүүхэлдэй, цаад утгаараа Төмөр мэтийн хүн санхүү, улс төрийн бүлэглэл үүсэх үүрийг засаж, улмаар нийгмийг ялзруулах, төрийг хямруулах аюултайг сануулах бус уу. “Шөнө амталсан нулимс” жүжгийн санаа, чухамдаа өрх гэрийн хүрээнээс хальж, төр улс, нийгмийн далайцтай сэдвийг хамарч байгаагаараа онцлог. Иргэний нийгэм маань луйврын шинжтэй цөөнхөөс хамаарах хүний эрх, эрх чөлөө нь мөнгөтэйчүүдийн чөдөрт орох аюул амьдралд нүүрлэснийг илэн далангүй өгүүлдэг. Тухайлбал, Тэрбиш гэдэг өнөр айлын хувь заяаг ганц Төмөр л атгандаа авчээ. Эрх чөлөө гэдгийг энэ л эрхэм дураараа эдэлж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Мань эр найзынхаа эхнэртэй учир ургуулахын хажуугаар том охинд нь сээтэн хаяж, энэ гэрийн үйлчлэгч бүсгүйн ариун сэтгэлийг бузарласан хүн. Гэрийн эзэн Тэрбиш ерөөсөө Төмөрийн гарт орсон байлаа. Тэгээд ч том охин Чимгээ (У.Уранчимэг) аавдаа дээрэлхүү, эхнэр Энхээ (Н.Сувд) нь нөхрөө үл ойшооно. Төрийн шагналт Н.Сувд Энхээгийн дүрээр нийгмийн ёс суртахууны доройтол ямар хэмжээнд хүрснийг бодитой харуулсан.
Энхээ халамжтай, соёлтой, ер нь сайхан ч ээж. Гэхдээ тансаг амьдрал, эд хөрөнгө, эрх мэдлийн өмнө сөхөрсөн бүсгүй. Төмөр гээч хүчтэний зан аягийг олох, түүнд тал засах гээд “хүндээ хөнгөн”-өөс барсан эмэгтэй. Сул дорой хүнд бол дуу өндөр, омог ихт эзэгтэй. Ялангуяа өөрийн үйлчлэгч Оюун (О.Энхтуул) руу давшлан, хөөрхий бүсгүйг үсдэж аваад газарт унаган доромжилж буй тэрхэн хэсэгт Н.Сувд дээдсийн хүрээний ааштай авгайн араншинг гайхалтай харуулсныг яана. Гэрийн үйлчлэгчээ зарц мэтээр санадаг Энхээгийн хувьд уг үйлдэл нь манайд ихэд дэлгэрсэн зиндаа, удам угсаа харж, хүнийг ялгаварладаг дээрэнгүй үзлийн нэг илрэл байлаа. Өрх гэрийн эзэгтэйн үнэнч сэтгэл, бүхий л зан үйлээрээ үр хүүхдэдээ үлгэр үзүүлэх үүрэгтэй монгол бүсгүйн ёс журмаа умартвал хожим гэр орондоо ямар гай барцад авчирдгийг ойлгож буй эмэгтэйн дүрийг Н.Сувд урласан юм. Энхээгийн хожуу ухааралд том охин Чимгээ, ялангуяа үйлчлэгч Оюун нар онцгой нөлөө үзүүлдэг. Чухамдаа энэ хоёр дүр л жүжгийн үйл явдлын учир начрыг длан нээдэг.
Гавьяат жүжигчин У.Уранчимэг том охины дүрийг гайхалтай бүтээсэн. Чимгээ ёс суртахууны хувьд эвдэрсэн ч хүний мөсөө гээгээгүй, ааш нь танхайдуу, заримдаа ичгүүргүй ч шударга шулуун нэгэн. Аавдаа ширүүн дориун авирлавч хайрлах сэтгэл нь халуун. Дүрээ урлан шаглах, зөрчлийг нээх түүний уран чадвар хэчнээн өргөн цараатай вэ? Жүжгийн айзам хэмнэл, өрнөл бүгдийг У.Уранчимэгийн эрчимлэг тоглолт авч явдаг. Өөрөөр хэлбэл, түүний сэтгэлийн баялаг өнгө хувирал үзэгчдийг уйдаахгүй байна гэсэн үг. Чимгээгийн уур уцаар, адайр зангийн сурвалж нь үнэндээ энэ айлд бугшиж үүрлэсэн шударга бус явдал. Ээжийнх нь шалиглал, хоёр нүүр, аавынх нь сул дорой зан, Төмөрийн түрэмгийлэл бүгд түүний аашийг эвдсэн. Эд мөнгө, эрх мэдлийн өмнө сөгдсөн төрөл төрөгсөд, өөрийг нь ийм байдалд хүргэсэн гэрийн доторх таагүй нөхцөл, уур амьсгал Чимгээг бухимдуулж байна. Түүний бухимдал худал хуурмагийг зэвүүцэн жигших эсэргүүцэл шингээжээ. Иймээс Чимгээгийн элдэв зан, баашлалд дотоод сэтгэлийнх нь эсэргүүцлийн тэмцэл хурц илэрч, хэнийг ч нүүрийг нь улалзтал, байх газраа олж ядтал хамаг шившгийг нь дэлгэж байдаг. У.Уранчимэг дүрийнхээ үзэл санааг өргөн утгаар илэрхийлдэг. Хэдийгээр Чимгээ хормой сул, хөнгөн явдалтай ч бузар булайн эсрэг гэрийнхэн дотроосоо анх түрүүн дуугарч боссон тэмцэгч. Аавынхаа нэр төрийг хамгаалж, алуурчныг уудлан илчлэх түүний бухимдал нь өнөөгийн нийгмийг эрүүлжүүлэх тэмцлийн дуу хоолой гэлтэй. Энэ тэмцэлд Чимгээ ганцаараа биш юм.
Гэрийнх нь үйлчлэгч Оюун (О.Энхтуул) түүний адил шударга бус хэрэг явдлыг эсэргүүцэж, ёс суртахууны хувьд Тэрбишийн гэр бүлийнхнийг ялладаг. О.Энхтуул баатрынхаа сэтгэлийг тун өвөрмөц байдлаар нээсэн нь олзуурхууштай. Оюуныг анх харахад туйлын ноомой, хүлцэнгүй, ёстой л хорхойд хоргүй амьтан гэмээр томоотой нэгэн. Тэгээд ч тэр үү, гэрийн эзэгтэй Энхээ (Н.Сувд) түүнд тун дээрэнгүй. Эзэгтэйг даллахад нь ил гарч, далайхад нь далд орсон, дуулгавартай зарц байрын даруухан бүсгүй. Зүүсэн нүдний шил нь дунд насны хижээлдүү эмэгтэйг санагдуулна. Гэтэл юу болдог гэж санана. Шаардлагатай цаг тулгараад ирэхэд нөгөө номхон төлөв үйлчлэгч бүсгүй маань танигдахын аргагүй хувирдаг, шударга үнэний талд баттай зогсож, өөрийгөө болон хайртай хүнээ зоримог хамгаалдаг. Түүний хурц үг бүр өдөр буусан аянга адил нүгэлтнүүдийг цочирдуулдаг. Ялангуяа нүдний шилээ тайлж, хувцсаа солиод гарч ирэх үед түүний улам залуужсан царайлаг төрх хэнийг ч гайхшируулна. Үүгээр дүрийн үзэл санаагаа жүжигчин тод томруун илэрхийлжээ. Тэднийд хомсдон үгүйлэгдэж байсан жинхэнэ хайр, хүнлэг сэтгэлийн аугаа хүч, дулаан илч Оюуныг хэрхэн өөрчилснийг О.Энхтуул үзүүлсэн нь жүжгийн уран сайхны өвөрмөц нээлт, оргил хэсгийн нэг байлаа. Энд О.Энхтуул дүрд хувилахуйн увдисыг харуулсан. Оюун бол энэ жүжгийн дотор хамгийн гэгээлэг өөдрөг, тэмүүлэлтэй дүр байлаа. Учир нь гэрийн эзэн Тэрбишийг ойлгож, түүний жаргал, зовлонг хуваалцан сэтгэлийг нь бүлээцүүлж яваа ганц хүн юм. Түүний гэрт олон жилийн турш суунаглах худал хуурмагийн мананг сарниаж, шударга үнэний гэрэл гэгээг тээж авчирсан эмэгтэй.
Уг жүжигт хөндсөн бас нэг сонирхолтой сэдэв бий. Тодруулбал, орчин цагийн соёл иргэншил, хотжилтын тухай юм. Энэ нь нэг талаас техник, технологийн дэвшил, нөгөө талаас зөвхөн өөртөө ашиг хайх аминч үзэл хүмүүсийн ёс суртахуунд хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг жүжигт тодорхой дүрээр хөнджээ. Тэрбишийн бага хүү Од (С.Түвшинжаргал) гэж бий, түүний ярих хэлэх, явах нь хүртэл хип хоп стильтэй, нэг үгээр хэлбэл робот болсон хүүхэд. Чихэвч зүүж, хөгжим сонсоод өөрийнх нь эргэн тойронд юу болж, ямар ч хэрэг дэгдсэн бай түүнд огтхон ч хамаагүй. Эцэг нь нас барчихлаа гэх мэдээнд ч түүний сэтгэл үл эмзэглэнэ. Одын хувьд түүний хүн чанар, сэтгэлийг цахим технологи, хөгжим гэгч хүчтэй эд орлож эзэмдсэн гэлтэй.
“Өндөр технологийн үед хүмүүсийг гагцхүү техник боолчлох болно. Энэ нь орчин цагийн соёл иргэншлийн мөн чанар” гэж Германы гүн ухаантан Юрген Хабермас тэмдэглэсэн нь оргүй ч зүйл биш гэдгийг энэ хүүгийн дүрээс хардаг. 1970-аад оноос аж үйлдвэржсэний дараах техникжсэн мэдээллийн нийгэм буюу бас постмодернизмын үе ч гэх өнөөгийн соёл иргэншлийн төлөөлөгч бол уг жүжгийн сонирхолтой баатрын нэг Од юм. Учир нь постмодернизмын үеийнхний нэг онцлог бол аливаа зүйлд хүйтэн хөндий, хайхрамжгүй хандан, хэрийн юманд цочрохгүй, гайхаж хөөрцөглөхгүй, чухамдаа техникжсэн мэдээллээс залхаж уйдсан сэтгэл нь хүнийсэж хөрсөн байдгийг судлаачид тэмдэглэдэг. Залуу жүжигчин С.Түвшинжаргал дүрийнхээ имижийг бодитой гаргасан нь түүний жүжиглэх авьяасын ололт. Тэрбээр орчин цагийн залуусын дүр төрхийн нийтлэг хэв шинжийг эвлэгхэн урлажээ.
Бас нэг сонин дүр бол Тэрбишийн хадам аав Халзан (С.Дамдин) гуай юм. Ер нь хэн ч харсан тохитой сайхан өвөөгийн цаана санаанд оромгүй хуурамч сэтгэл нуугдаж байсныг С.Дамдин чадварлаг нээдэг. Түүний бүтээсэн дүрийн үзэл санаа нь нэлээд гүнзгий юм. Тэтгэвэртээ суугаа 70 эргэм насны Халзан гуай уг нь ардынхаа зан заншил, эрхэм ёсыг хадгалж явах учиртай хүний нэг, гэвч чадсангүй. Олон жил хураасан мөнгөө ойр дотнын хүмүүс, үр хүүхдээсээ хав дарж нуусан нь илэрдэг. Халзан гуай өгөөмөр сэтгэлтэй байсан сан бол хүргэн хүү Тэрбиш өр ширэнд баригдаж, Төмөрийн гарт орох учиргүй байлаа. Монгол хүн “би” гэхдээ “бид” гэж сэтгэдэг, “минийх” гэхдээ “манайх” гэж ойлгодог үе өнгөрснийг С.Дамдины дүрээр өгүүлж буй юм.
Нүүдэлчдийн соёл иргэншил суурин амьдралд уусах тусам хувиа хичээн, хар толгойгоо бодох үзэл монголчуудын аж төрөх ёсны хэм хэмжээ болсныг хотожсон өвгөн Халзангаас харж болох мэт. Өргөн утгаараа бид үндэсний өв соёл, ёс суртахууны нандин уламжлалаасаа тасарч, хүний мөсөө гээх болсон тухай асуудлыг хөндсөн хэрэг. Жүжгийн чухаг энэ санааг найруулагч Н.Наранбаатар нэлээд нухацтай боловсруулж илэрхийлсэн юм. Жүжгийнхээ нэвтрэн гарах санааг уран бэлгэдэл дүрээр тодруулдаг. Өөрөөр хэлбэл, Тэрбишийн сүнс ч юм уу, хүнч чанар нь байж болох юм. Тэрбиш (Ардын жүжигчин П.Цэрэндагва) анх хэн нь ч үл тоомсорлож анзаардаггүй монгол дээлээ гэрээсээ олдог, дараачийн удаа бүсээ, хамгийн сүүлд малгайгаа аваад гардаг. Үүгээр ариун журам сахих, гэрийн эзэн, аав, ээж, ах захаа хүндэтгэх үндэсний нандин заншлаа умартаж, уландаа гишгэсэн, ёс зүйгүй гэр бүлийнхнээ хараад туйлын харамсаж буй өрхийн тэргүүн төдийгүй монгол түмний сэтгэлийг илэрхийлэв.
Монгол дээл, бүс, малгай-энэ гурвалжин холбоос буюу уран шигтгээнд монголчуудын зан үйл, ёс суртахууны үнэт зүйлсийг эрхэмлэх, хадгалах асуудал шингэсэн нь лавтай. Ардын жүжигчин П.Цэрэндагва дүрээ нэлээд зөрчилтэй талаас нь чадварлаг нээсэн юм. Тэрбиш боловсролтой хүн. Төмөрийн зандарч шаардсанаар ч бас гар, хөл нь болчихгүй байна, гэхдээ яах ч аргагүй мухардмал байдалд орчихсон хүний дүрийг урлажээ. Иймээс ч Төмөрийн дарамт тулгалтад шахагдаж, эцэстээ өөрийн мухардмал байдлаас гарах гарцыг олсон хүн. Тэрбиш бага охин Алимаатай (Д.Ганцэцэг) үг эвсэн, амиа хорлосон хүний дүр эсгэхээр шийджээ. Ингээд энэхүү ээдрээ төвөгтэй асуудлын учрыг тайлах түлхүүрийг бага охиндоо атгуулсан нь учиртай. Түүний гэр бүлийнхний дотор хамгийн ариунаараа үлдсэн ганц хүн бол бага охин айлаа. Д.Ганцэцэг Алимаагийн дүрийг ухаалгаар бүтээжээ.
Алимаа аавынхаа хэцүү байдлыг тун нарийн мэдэрч ойлгосон айхтар сэргэлэн, соргог охин. Ямар ч нөхцөлд бүх учрыг нууцалж, юу ч мэдээгүй хүний гэнэн дүр эсгэж явахдаа гэрийн доторх хамаг бузар булайг уудлан илчлэхэд Алимаа гол үүрэг гүйцэтгэдэг. Бага охиныхоо ухаан сийлсэн үйлдлийн ачаар Тэрбиш бүгдийг чихээрээ сонсож, нүдээрээ харан ухаардаг. Тиймээс эхнэр нь өөрийг нь хууран мэхэлж, том охин нь найзтай нь дотно харилцаатай болж, хадам аав нь хүртэл хуншгүй зан гаргасан эмгэнэлтэй энэ хэрэг явдлыг таслан зогсоохоор Тэрбиш эрс шийдэж байна. Дүрийнхээ үзэл санаанд гарсан энэхүү гүнзгий өөрчлөлт хувьслыг Ардын жүжигчин Цэрэндагва илэрхийлэхдээ монгол дээл, бүс, малгай игтгээ уран санаагаар тод томруун харуулсан нь сонирхолтой. Тэрбээр дээл, малгайгаа ёс төртэй өмсөөд урланд байгаа зургийн цоо шинэ цагаан цаасаа дэлгэн, үзэгчид өөд харуулан тавьдаг.
Энэ хэсэг бол Тэрбиш амьдралаа шинээр эхлүүлэхээр зориг шулуудсаныг өгүүлж буй уран санаа юм. Ингээд жүжгийн үйл явдлын нарийн төвөгтэй гогцоог бага охин Алимаа тайлдаг. “Аав амьд...” гэж хэлсэн Д.Ганцэцэгийн үг гэрт байгаа бүх хүнийг балмагдуулж, чухамдаа тэднийг ёс суртахууны хувьд яллаж байна. Зөвхөн жүжгийн баатрууд төдийгүй өнөөгийн нийгэм маань аморализмд идэгдэж, ёс зүйгүй болж байгаад бид бүгдээрээ буруутай мэт сэтгэгдэл төрүүлэхүйц жүжгийн төгсгөлийг найруулагч шийджээ. “Цаашид ийм байдалтай амьдарч болохгүй ээ..., бүгдээрээ ариусацгаая” гэх адил Тэрбиш үзэгчид өөд бодлогоширонгуй эгцлэн хараад гэрийнхээ хойморт тухлахуйд Монгол Улсын Төрийн дуулал сүр жавхлантайяа эгшиглэсэн нь эх орны минь шинэ нэгэн өдөр эхэлснийг тунхаглаж буй нь өөрийн эрхгүй нэгийг бодогдуулна...
Урьд шөнийн 23.00 цагаас дараа өдрийн шинэ өглөөтэй золгох энэ хугацаанд үргэлжилсэн уг хэрэг явдлыг өгүүлсэн уран сайхны шийдэл нь үнэхээр өвөрмөц нээлт байлаа. Бодит амьдралд ганц гэр бүлийн хүрээнд ийм төвөгтэй олон зөрчил нэг дор гарах нь мэдээж үгүй. Харин Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж, Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар нар өнөөгийн нийгмийн хурц, эмзэг асуудлуудыг уран сайхны аргаар нэгэн гэр бүлд төвлөрүүлж чаджээ. Агуулга, асуудлын далайц, уран сайхны шинэлэг ололтоороо Цэрэндоржийн Балдоржийн “Шөнө амталсан нулимс” жүжиг Монголын театрын түүхэнд томоохон үзэгдэл болсон. Мөнгө хэмээх бүхнээс хүчтэй өрлөг жанжинд сэтгэлээ мэдүүлж, оюуны хоосрол, техникийн эрхшээлд ороод буй өнөө үеийнхнийг ирээдүйд юу хүлээж байна вэ.
Энэ л асуудалд авьяаслаг зохиолч, нэрт сэтгүүлч анд маань сэтгэл зовнисоор дээд тэнгэртээ хальсан даа. Тэр маань сэтгүүлч, зохиолч төдийгүй мэдлэг, боловсрол, оюуны тэнхээ, чадвараараа нийгмийн олон салбарт өөрийгөө таниулсан шинийг санаачлагч, чадварлаг зохион байгуулагч, удирдагч, бизнесмен байсан юм. Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины тулгын чулууг тавилцаж, хэвлэл, мэдээллийн “Монгол ньюс” группийг үндэслэн “Өнөөдөр” сонин, “25 дугаар суваг телевиз”-ийг үүсгэн байгуулж, Монголд чөлөөт хэвлэл, сэтгүүл зүй хөгжих үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан гайхалтай, ховорхон авьяас билигтэн байлаа.