Удахгүй болох парламентын сонгуулиар бид УИХ-д 126 гишүүн сонгоно. Тэдний 78-ыг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар тодруулах учиртай. Эдгээр 78 гишүүнийг томсгосон, жижигсгэсэн зэрэг тойргийн ямар системээр сонгох вэ гэдэг асуудал бий. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ирэх оны хоёрдугаар сарын 1 гэхэд үүнийг тодорхой болгох учиртай юм. Манай улс парламентын найман удаагийн сонгууль зохион байгуулахдаа тойргийн хэд хэдэн хувилбарыг туршиж үзсэн билээ. 2020 оны сонгуулийг томсгосон тойрог бүхий мажоритар системээр зохион байгуулсан. Үүгээр Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг тус бүрийг 2-4 мандат бүхий нийт 29 тойрогт хувааж, 76 гишүүнээ тодруулж байв. Тэгвэл энэ удаа тойргийг илүү томсгох, тэр дундаа бүсчлэх нь зөв гэсэн байр суурь эдүгээ улс төрийн хүрээнд давамгайлж байна.
УИХ-ын өнгөрсөн пүрэв гаргийн чуулганы үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сэдвийг хөндөж, “Тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох нь зөв. Томруулж тогтоосноор улсын хэмжээний мега төслүүдээ урагшлуулах боломж бүрдэнэ. Тойрог жижиг байвал улс хөгжихгүй. Сонгуульд нэрээ дэвшүүлэх санаатай хүмүүс хэдийн тухайн тойрогтоо мөнгө тараагаад эхэлсэн байна” гэсэн юм.
Сонгуулийн тойргийг томсгох тусам ийм булхай гарах магадлал буурах нь үнэн. Нэг сумын сонгогчдын тархийг угааж, гурил, будаахнаар хуурч, хэдэн төгрөг атгуулаад саналыг нь авахад хялбар. Харин 3-4 аймгийн сонгогчдын саналыг худалдаж авч чадахгүй. Ур чадвар, хийсэн ажлаараа биш, хэтэвчнийхээ зузааны хүчинд парламентад сонгогддог улс төрч цөөнгүй бий. Ийм “сайн дурынхан”-ыг хазаарлахын тулд тойргийг зөв хийх шаардлагатай. Үүний тулд бүсчлэх гаргалгааг санал болгож буйгаа Ч.Хүрэлбаатар сайд ч хэлнэ лээ. Нийтлэлч Баабар гуай ч энэ санааг нь дэмжиж, “Ийм хувилбараар тойргийг өөрчилбөл улс орон өргөс авсан мэт сэхээнээс гарна” гэсэн байна. Тойргийг хуваарилахдаа эдийн засгийн үр өгөөж, төсвийг үр ашигтай зарцуулах тооцоололд суурилах нь зөв юм. Тухайлбал, зүүн гурван аймаг, хангайн болон газар тариалангийн бүс нутаг-Дархан-Уул, Сэлэнгэ, баруун, говийн хэмээн бүсчлэх санаачилгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэвшүүлж буй. Бүсчилснээр жалга довны үзэл, жижиг тойрог руугаа л төсөв хуваарилуулах гэж зүтгэдэг байдал үгүй болно.
Манай УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо төсвийн мөнгөөр ажил хийлгээд, үүнийгээ өөртөө “наах” дуртай. Үнэндээ тухайн ажил нь аймаг, сумын удирдлагын хэмжээнд хийх, шийдэх учиртай жижиг асуудал голдуу байдаг. Ийм маягаар тойргийн сонгогчдодоо тал олж авахын тулд төсвийг үр ашиг багатай ажилд зориулсаар ирсэн нь нууц биш. Тэгвэл тойргийг бүсчилж хувааснаар хэд хэдэн аймгийг хөгжүүлэх тухай арай томоор сэтгэж, ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг. Мега томоохон төслүүдээ урагшлуулахад жалга довны үзэл саад болохгүй болно. Парламент “мөнгөний” биш, цэвэр өрсөлдөөнөөр сонгогдсон гишүүдээс бүрдэнэ. Баруун бүс болох Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг нэг тойрог болговол эрчим хүч, авто зам, хилийн боомтын асуудлыг нэг дор шийдэх боломжтой. Үе үеийн Засгийн газраас дэвшүүлдэг бүсчилсэн хөгжлийн бодлоготой сонгуулийн тойрог хуваарилах зарчмаа уялдуулснаар тулгамдаад буй энэ мэт олон асуудлыг шийдвэрлэж болохыг эдийн засагчид ч сануулж эхэлжээ. Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад ч томсгосон тойрог илүү өгөөжтэй байдгийг олон улсын байгууллагууд зөвлөдөг.
Тиймээс жалга дов тойрсон, зөвхөн амиа хичээсэн биш, улс орны эдийн засаг, мега төслүүдийг урагшлуулах ухаалаг сонголт хийж, сонгуулийн тойргийг бүсчилж, томруулах “эр зориг”-ийг парламентын гишүүд гаргах хэрэгтэй байна.