Тайз, дэлгэцийн урлагийн нэрт төлөөлөгч, БНМАУ-ын Гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноровын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр бидний сэтгэлд хоногшсон “Сүхбаатар” киноны Янжмаа, “Манай аялгуу”-гийн Чимгээ, “Аман хуур”-ын нарийн бичгийн даргын дүрийг амьдруулсан юм. Нэрт жүжигчний амьдрал, уран бүтээлийн талаар Монгол Улсын Ардын уран зохиолч, урлаг судлалын ухааны доктор Ж.Саруулбуянтай хөөрөлдлөө. Тэрбээр Ө.Рэнцэнноровтой нэг нутаг бөгөөд амьд сэрүүнд нь аавтай нь уулзаж, дурсамж хуучийг нь сонсож явжээ.
-Та Монголын тайз дэлгэцийн урлагт тод мөрөө үлдээсэн Ө.Рэнцэнноров жүжигчний талаар олон сайхан дурсамж дурдатгал сонсож, тэмдэглэн авч үлджээ. 100 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй энэ цаг үед түүний талаарх сонин сайхан дурсамжуудаас нь хуваалцана уу?
-“Сүхбаатар” киноны Янжмаагийн дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн царай зүс тэгш, ухаан билигт жүжигчин Өлзийбаярын Рэнцэнноров нь Хэнтий аймгийн Идэрмэг сумын (одоогийн Батноров) харьяат, манай нутгийн хүн. Энэ сайхан жүжигчнийг хүндэтгэж хайрлахын сацуу түүний зол муутайхан богино амьдралд үргэлжид харамсдаг юм.
Ө.Рэнцэнноров гуайг сэрүүн тунгалагт нь уулзаж яваагүй ч түүний эцэг Өлзийбаяр гуайтай ярилцаж, охиных нь бага насны тухай асууж шалгаан товч төдийхөн тэмдэглэлийг хэдэн жилийн өмнө тэрлэж байлаа. Өлзийбаяр гуайг бол их сайн мэднэ. 90 хол гарч насалсан хүн. Охин нь Хэрлэнгийн Ухаа хошуу гэдэг газар төрсөн тухай ярьж байсан. Эртний түүхт дурсгал хадгалагдсан их сайхан газар юм.
Ө.Рэнцэнноров тун сайн жүжигчин, хамтран тоглоход хэчнээн эвлэг ухаалаг гэж санана хэмээн Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуай дурсдаг байв. Түүний бүтээсэн “Хонгорхон Валя” дүрийнх нь талаар их ярина. Байшингийн өмнө ургасан хоёр хус модны дунд дүүжин хийж тоглодог байсан. Тэрхүү хос хусыг эх орон хэмээн төсөөлдөг Валягийн дүрийг тэгтлээ ахин дахин ярьдаг байсны учир нь том ойлголтыг энгүүнээр ойлгуулахын шилдэг жишээ байж. Д.Чимэд-Осор гуайгаас нутаг усныхаа авьяас билигт жүжигчний тухай илүү ихийг асууж шалгааж яваагүйдээ өнөө харамсдаг юм.
-80-аад жилийн тэртээ манай улс тайз, дэлгэцийн анхны жүжигчдийг хэрхэн бэлтгэж байсан нь сонирхолтой юм. Ө.Рэнцэнноров гуай жүжигчний замналаа хэрхэн эхлүүлж байсан бол?
-Гэгээрлийн яамны шийдвэрээр 1936 онд Ө.Рэнцэнноров гуай Улсын төв театрт очжээ. Түүний урлагийн замналын эхэн үеийг урлаг судлаач С.Дашдондог “Найруулагч А.Борейшогийн удирдсан театрын урлагийн II түр сургуульд урлаг, уран сайхны авьяастай залуучуудыг шалгаруулан авахад Ч.Долгорсүрэн, С.Гэндэн нарын хамт ирсэн. Дуулах бүжиглэхдээ авьяастай, театрт жүжгийн анги цуглахаас өмнө ирж төгөлдөр хуурын аянд бүжгийн сургуулилалт, бие халаалт хийж байсныг нь санаж байна. Д.Намдагийн “Сүрэг чоно” жүжгийг Улсын төв театрын тайзнаа тавихад Дарьдуламын дүрд тоглон соёлтой, ухаалаг талаас нь товойлгон үзүүлж чадсан. Үүнийг найруулагчийн зүгээс хүлээн зөвшөөрч, итгэл найдвар хүлээлгэн Ө.Рэнцэнноровыг орлон тоглогч биш ээлжлэн тоглогч болгосноор цаашдынх нь уран бүтээлийн их гараа эхэлсэн” гэж бичсэн байдаг. Ихэд авьяаслаг, уянгалаг тунгалаг хоолойгоор уран нугалаатай дуулдаг, эвсэлтэй намуун бүжиглэлээр жүжгийн ангидаа тэргүүлдэг байсныг нь олон жүжигчин дурдатгалдаа онцлон тэмдэглэсэн байдаг юм билээ. 1940-өөд онд Ө.Рэнцэнноров гуай Төв театрын шинэ уран бүтээлүүдийг нуруун дээрээ үүрч явсныг нь олон хүн тодорхой дурссан нь бий.
-“Цогт тайж” киноны гүнжийн дүрд анхлан Ө.Рэнцэнноров гуай сонгогдсон хэмээх яриа байдаг гэх юм.
-Төвөдийн гүнж Дулмаагийн дүрийг бүтээх байсан ч цөсний мэс засал хийлгээд чадаагүй гэдэг. Театрт байхаасаа үерхэж, амьдрал уран бүтээлээ зөвлөлддөг байсан Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай түүний талаар “Хүнийхээ, жүжигчнийхээ, бүсгүй хүнийхээ хувьд миний бишрэн шүтдэг амьд шүтээн байсан юм. Алхаа гишгээнээс эхлээд түүн шиг жүжигчин, сайхан эмэгтэй болох сон гэж биширдэг байлаа. Их намбалаг тоглолттой уянгын жүжигчин, тайзан дээрх үйл хөдлөл бүр нь өөрөөс нь урган гардаг, бүх юм нь үнэмшилтэй. Эногийн (урлагийнхан ингэж өхөөрдөн нэрлэдэг) тоглолтыг анх Э.Оюун, Вольский нарын монгол үлгэрийн хэлбэрээр зохиосон “Гайхамшигт лимбэ” жүжгийн Батсайханы дүрд тоглохыг нь үзээд үнэхээр Монголын сайхан намбалаг эмэгтэй иймэрхүү л байх байсан байх даа гэж бодогдож билээ” хэмээн өгүүлсэн нь Ө.Рэнцэнноров жүжигчний үзэсгэлэн гоо, төрмөл авьяас билгийг илэрхийлсэн бас нэг сайхан дурсамж юм даа.
-Монголын анхны гавьяат жүжигчин цол хүртэгсдийн нэг байжээ дээ?
-1946 оны улсын баяр наадмаар БНМАУ-ын гавьяат цол хүртээсэн юм билээ. Хуучин Бөмбөгөр ногоон театрт “Учиртай гурван толгой”, “Хоёр эзний нэг зарц”, “Талын баатар”, “Шарай голын гурван хаан”, “Мандухай сэцэн хатан” зэрэг дуурь, драмын олон жүжигт тоглохдоо 70 гаруй дүр бүтээсэн. Жүжиглэлтийн шинэ өнгө төрх, хэлбэрийг бий болгосон гэж манай урлаг судлаачид дүгнэсэн нь бий. Дэлгэцийн бүтээлийн тухайд цөөн хэдий ч бидний сэтгэлд хоногшсон “Сүхбаатар” киноны Янжмаа, “Хил дээр гарсан хэрэг” киноны хилчин эмэгтэй Цэнгэл, “Манай аялгуу”-гийн жолооч Чимгээ, “Амар хуур”-ын нарийн бичгийн дарга зэрэг дүрд тоглосон юм. Авьяаслаг жүжигчнээс гадна гадаад, дотоодын олон кинонд дуу оруулсан байдаг.
-Жүжигчний туршлага, ур чадвараас нь өвлөсөн шавь нар гэвэл ямар хүмүүс байна вэ?
-Сайн жүжигчнээс гадна чадалтай найруулагч байжээ. 30 гарсан хойноо МУИС-д ганцхан удаа нээгдсэн найруулагчийн ангид суралцаж дүүргэсэн юм билээ. 1960-аад оны эхээр УБДС-ийн кино драмын ангийн багшаар очиж, нэг ангийг удирдан төгсгөсөн гэдэг. Түүний шавь нараас Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, Гавьяат жүжигчин Н.Мягмар, С.Сэлэнгэ, З.Жарантав гээд олон авьяастныг дурдаж болно.
-Ярилцлагын эхэнд Та түүнийг богино насалсанд харамсаж явдгаа цухас дурдлаа.
-Ө.Рэнцэнноров гуай Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн агсны гэргий нь. Тэрбээр Өлзийбаярын ууган хүү буюу Рэнцэнноров гуайн ах, манай ахмад дипломатчдын нэг Сүх-Очир гуайтай багын анд, бага, дунд сургуульд хамт суралцсан, тэднийхээр багаасаа орж гарч яваад хожмоо гэргийгээ болгосон юм билээ. Энэ талаараа П.Шагдарсүрэн гуай өөрийн дурдатгал номдоо тодорхой сайхан өгүүлсэн байдаг.
“Эцэг Өлзийбаяр, ээж Цэвэгмид нь их сайхан зантай хүмүүс, надад ч их сайн сан. Миний өвөг эцгийн нутгийн Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны хүмүүс тул нутгархаад байв. Өлзийбаяр гуай бол ардын цэрэгт алба хаасан, Монголын анхны морин тойруулгын дарга, нисэх хүчний дарга, “Улаан од” сонины сэтгүүлчээр ажиллаж, Хатгалын ноос угаах үйлдвэрийн шавыг тавьж явсан түүхтэй хүн хожим миний хадам эцэг болсон юм даа. Сүх-Очирын дүү Ө.Рэнцэнноров миний хоёр дахь хань минь болсон билээ. Би түүнийгээ бүр багаас нь, ахтайгаа хамт сургуульд явдаг байхаас нь мэдэх юм. Намайг зүүн хязгаараас 1939 онд ирсний дараа Сүх-Очир маань багшийн ажил хийж байгаад цэргийн албанд татагдаж, ЗХУ-д цэргийн нисэхийн сургуульд явах болсон байв.
Дүү Ө.Рэнцэнноров нь тэр үеийн Бөмбөгөр ногоон театрт жүжигчин, хань нөхөртэй, сайхан ч хүүхэн болчихсон байв. Ахыгаа цэрэгт явахаас өмнө тэр минь 1941 онд нөхрөөсөө салж, гэр бүлээ цуцлуулаад ээжтэйгээ хоёул амьдрах болсон үед юм сан. Би Ө.Рэнцэнноровдоо зориглон захидал бичиж, хайр сэтгэлээ илэрхийлсэн нь залуу насны аз туршсан хайр байсан юм болов уу. Тэднийх театрын ажилчдын нэг том хашаанд гэрт амьдардаг. Ө.Рэнцэнноров ажлынхаа зэрэгцээ “Сүхбаатар” кинонд тоглож, зураг авхуулах болон урлагийн бригадаар хөдөө гадаа их явдаг, зав чөлөө муутай. Тэгээд удалгүй ЗХУ-ын Ташкент хотод тус киног хийж дуусгах болж удаан хугацаагаар яваад өгөв. Сүх-Очир маань хойшоо цэргийн сургуульд явахдаа надад хандаж ээжийгээ хааяа эргэж тойрч, өвдөж зовбол тус хүргэж байхыг бодоорой гэж захисан юм.
Ингээд би эхийг нь эргэж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж орж гарч явахад минь Ө.Рэнцэнноров маань миний сэтгэлийг хүлээн авч сэтгэл нийлэн 1943 онд гэр бүл болж, өрх гэрээ төвхнүүлж билээ. Энэ бид хоёр Сүх-Очир, Дашдулам (Ардын жүжигчин) хоёроосоо охин, хүүг нь үрчлэн авч, өсгөн бойжуулж, сэтгэлээ дэвтээх үр хүүхэдтэй болцгоосон” гэж бичсэн байдаг.
П.Шагдарсүрэн дипломатч нь Ардчилсан Солонгос, Энэтхэг, Унгар, Герман, Югослав, Афганистан, Хятад зэрэг оронд Элчин сайдаар ажилласан тул Ө.Рэнцэнноров гуай хилийн чанадад багагүй хугацаанд амьдарсан юм билээ. Тэд 30 жил ханилжээ. Ө.Рэнцэнноров гуай зүрхний хүнд өвчний улмаас үр хүүхэд төрүүлж чадаагүй тул ахаасаа хүү, охин хоёрыг нь үрчлэн авч, өсгөн хүмүүжүүлжээ. Тавиадхан насандаа мөнөөх зүрхний хүнд өвчний улмаас таалал төгссөн. Зүрхний хүнд өвчин амь насыг нь аваагүй бол бидний сэтгэлд хоногшин үлдэх олон сайхан дүр бүтээх байсан биз ээ.
-Ярилцлагын төгсгөлийг Танд үлдээе.
-Энэ агуу жүжигчний мөнхөлсөн дүрүүд, сурган хүмүүжүүлсэн уран бүтээлчид нь өнөө ч үйл хэргийг нь залгамжилж явна. Энэ сарын 29-ний өдөр 100 насных нь ойг Монголын театрын музейд дурсан тэмдэглэх гэж байна. Монголын тайз дэлгэцийн түүхийн нэг хэсэг, тод томруун намтартай хүмүүнээ бид дурсаж, үйлс бүтээлийг нь нэхэн санах нь хүний нэгэн чухал чанар юм даа гэж бодож сууна.
Бэлтгэсэн: Э.Оджаргал