НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Ази, Номхон далайн бүс нутгийн 2024 оны “Хүний хөгжлийн илтгэл”-ийг Монгол Улсад өчигдөр танилцуулав. Тус байгууллага 1990 оноос хүний хөгжлийн тайланг олон улс, бүс нутаг, орон нутгийн хэмжээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг гол үзүүлэлтийн талаар танилцуулж буй. Өнөөгийн чиг хандлагаас харахад тус бүс нутаг нь 2030 он гэхэд хүрэх ёстой тогтвортой хөгжлийн зорилтуудаас ядаж нэгийг нь ч тууштай хэрэгжүүлж эхлээгүй байгааг уг илтгэлд онцолжээ. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн талаарх зорилтуудаасаа ухарч байгааг тэмдэглэсэн байна. Улмаар 2065 он гэхэд л бүх зорилтоо бүрэн биелүүлж магадгүй хэмээн тооцож байгаа аж. Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд ядуурал мэдэгдэхүйц буурч, 1.5 тэрбум хүн нэн ядуу байдлаас гарсан ч өнөөг хүртэл 185 сая гаруй хүн ийм түвшинд амь зууж буй юм билээ.
Иймд юуны түрүүнд улс орон бүр хүнийхээ хөгжлийг үндсэн зорилгоо болгох, эдийн засгийн өсөлтийн стратегиа шинэчлэн тодорхойлох, бодитой, тодорхой өөрчлөлт гаргахыг чин сэтгэлээсээ эрмэлзэх шаардлагатайг санууллаа. Түүнчлэн ард иргэд нь хөгжлийн “идэвхгүй ашиг хүртэгч” бус, эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралаас авхуулаад хүн төрөлхтний аюулгүй байдлын асуудалд ч санаа зовниж, оролцдог “идэвхтэй төлөөлөгч” байх учиртайг тэмдэглэжээ.
Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска тус тайлангаас манай улсад хамааралтай мэдээллийг танилцуулсан. Тэрбээр “Монгол Улс хүний хөгжил өндөртэй орнуудын тоонд багтдаг ч сүүлийн жилүүдэд дэлхийг хамарсан олон хямралын улмаас орлого, дундаж наслалт зэрэг үзүүлэлт нь буурч байна. Үүнээс гадна ядуурлын түвшин багасаж байсан ч сүүлийн жилүүдэд харьцангуй удаашрах боллоо. Цар тахлын жилүүдэд жендерийн тэгш байдлыг хангах чиглэлд ахисангүй. Монгол болон бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын төлөөх бидний хамтын хичээл зүтгэлийн цөмд хүний хөгжлийн асуудал байх хэрэгтэй” хэмээсэн юм. Түүнчлэн Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтын хэмжигдэхүйц 83 шалгуур үзүүлэлтээс ердөө 32-ыг нь буюу 38.6 хувийг нь 2030 он гэхэд биелүүлэхээр байгааг санууллаа. Мөн улсын өр нь хүний хөгжлийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгааг анхааруулсан юм.
Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсангийн танилцуулснаар өнгөрсөн оны байдлаар манай улс 191 орноос 96 дугаарт эрэмбэлэгдэж байгаа гэнэ. Ингэхдээ эрүүл мэндийн үзүүлэлтээр 112, боловсролын индексээр 81, нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор 113 дугаар байрт буй. Тэр дундаа хавдрыг хожуу оношилж байгаа үзүүлэлтээр хамгийн хойгуур, муу байгааг тэрбээр онцолсон. Мөн Монголд оношилж, эмчилдэггүй 31 төрлийн өвчнийг 26 болгож бууруулсан ч үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг тэрбээр хэлж байлаа.
Нөгөө талаас 2022 оны байдлаар хүн амын 10 хувийг ахмадууд эзэлж буй бөгөөд эл үзүүлэлт 2050 он гэхэд 20 хувьд хүрч, хоёр дахин нэмэгдэнэ. Үүнд одооноос бэлтгэж, хүн амын эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулж, зөв амьдрах хэв маягийг хэвшүүлэх нь төрийн бодлогын нэг хэсэг байх ёстойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир хэлэв. Улмаар ахмадуудын тэтгэвэрт зарцуулах хөрөнгө, санхүүгийн нөөцөө тооцох, насжилттай уялдуулан баримтлах салбар хоорондын бодлогын уялдааг хангах зэрэг олон асуудал байгааг дурдсан юм. Монголын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны буюу ирэх 5-10 жилийн эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг энэ онд багтаан гаргахаар ажиллаж байгааг тэрбээр дуулгав. Түүнчлэн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэхчлэн урт болон дунд хугацааны баримт бичиг бий.
Хүний хөгжлийн хангахад чиглэсэн хууль, эрх зүйн орчин ч манайд сайн бүрдсэн байна. Тухайлбал, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан гээд нийгмийн бүлэг тус бүрт чиглэсэн бие даасан хуультай. Нөгөө талаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эцэг, эх, бүтэн болон хагас өнчин хүүхэд гээд өрх, иргэнд чиглэсэн халамжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. “Халамжийн улс боллоо” гэж шүүмжилдэг боловч Халамжийн сангийн нийт төсвийн 20 гаруй хувийг л сая дурдсан зорилтот бүлгүүдэд зориулж байна. Харин үлдсэн 80 орчим хувийг амьжиргааны түвшин харгалзахгүйгээр олгодог дэмжлэгүүдэд зарцуулдаг. Тухайлбал, “Цалинтай ээж”, “Одонтой эх”, “Хүүхдийн мөнгө”, “Насны хишиг” зэрэг олон хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Иймд нийгмийн халамжийн бодлогоо шинэчилж, зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай бүлэгт чиглүүлэх, амьжиргааны түвшинтэй нь уялдуулахаар төсөл боловсруулж байгаа. Үүнд салбар дундын, цогц бодлого хэрэгжүүлэх нь чухал” гэсэн юм.
Мөн Стратегийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаач, эдийн засагч Н.Энхбаяр “Бидэнд зорилго бий. “Алсын хараа-2050” нэртэй, 250 хуудас бүхий бодлогын баримт бичиг манайд байна. Үүнийгээ биелүүлэх буюу бодлогоо хэрхэн хүндээ хүргэх вэ гэсэн нарийн арга, шинжлэх ухаан байдгийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, манай улс түүхий эдээс хамааралтай. Энэ нь Монголд орлогын ялгаатай байдал газар авч байгаагийн суурь шалтгаан болдог. Түүхий эд гэдэг нь зөвхөн нүүрсийг хэлэхгүй. Эрдэс баялгаас гадна хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, импортоор авдаг эрчим хүч, түлш, шатахууныг хамааруулж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тавьсан зорилгодоо хүрэх бидний арга зам нь түүхий эдийн хамааралтай байдлаа тооцож, аль болох бууруулах явдал гэж хэлэх гээд байгаа юм. Орлогын ялгаатай байдлыг арилгахад нэг салбарын бодлого хангалтгүй. Ажил эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол гэх мэтээр тус тусдаа бодлого баримталж явбал бид үр дүнд хүрэхгүй. Бодлого боловсруулагчид тавьсан зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэсэн арга ухаанд суралцах хэрэгтэй. Уг нь УИХ-аас 2020 онд баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар хүндээ, иргэддээ бодлогоо хэрхэн тэгш хүргэх вэ гэсэн аргыг зааж, тодорхойлсон. Одоо бодлого тодорхойлохдоо олон нийт, иргэд, эрдэмтэн судлаачдынхаа саналыг авч, олон хувилбараар тооцдог байх аргыг төрийн байгууллагууд хэрэглэж сурах хэрэгтэй” хэмээгээд бусад улс орны сайн туршлагыг судалж, хэрэгжүүлэхийг шийдвэр гаргагчдаас хүсэв.
Үүнээс гадна Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсан “Хот, хөдөөд хүний хөгжлийн индекс ялгаатай байна. Улаанбаатарт эл индекс 0.85 байгаа бол хөдөө, орон нутагт улсын дунджаас доогуур байна” гэв. Гэтэл тогтвортой хөгжлийн зорилтуудын бараг 70 орчим хувь нь орон нутаг, хөдөөд хэрэгжихээр байгаа юм. Манай улсын хувьд 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн бүх зорилгыг биелүүлэхэд 36 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Нэгэнт үүнийг төр, засгаас дангаараа гаргах боломжгүй тул хувийн хэвшил, төрийн бус болон олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдтэй хамтран босгоход анхаарал хандуулах шаардлагатайг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми хэлж байлаа.