Монгол орны уудам газар нутгийн хаана ч очсон үзэсгэлэнтэй сайхан билээ. Дорноговь аймгийн явган алхалтын холбооноос санаачлан Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилд зориулан Дорноговь аймгийнхаа үзэсгэлэнт газар орноор 500 км-ийн уртын явган алхалтын хөтөлбөрийг зохион байгууллаа.
Их говийг туулж, эрчит салхийг сөрөн 11 өдрийн туршид үргэлжилсэн 500 км-ийн явган алхалтын хөтөлбөрт Дорноговь аймгийн алхагчдаас гадна Хөвсгөл, Орхон, Төв аймаг болон Улаанбаатар хотоос төлөөлөл оролцсон ажээ. Багийн бүрэлдэхүүнд Дорноговь аймгийн явган алхалтын холбооны тэргүүн Г.Цэцгээ ахлагчтай Ж.Тулга, Т.Хишигтогтох, Ц.Дэлгэрсуурь, М.Нямсүрэн, Н.Мөнхтуяа, Ц.Мөнхзул, Х.Бямбадорж нар багтав.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрлах ухамсарыг сэрээж, хилийн бүс нутгаар алхаж, явган алхалтын ач холбогдлыг иргэд, олон нийтэд танилцуулж, говь нутгийн аялал жуулчлалын боломжууд, үзэсгэлэнт газруудыг алхалтын чиглэл, маршрутдаа оруулан сурталчилсан зэрэг бодит үр нөлөө бүхий агуулга, үзэл санааг энэхүү явган аялалын хөтөлбөртөө багтаажээ.
Өдөр бүр гайхалтай нэг түүхийг бүтээцгээсэн алхагчдын сонин их ажээ. Тухайлбал, алхалтын гуравдахь өдөр Улаанбадрах сумын говийн унаган төрхийг хадгалж үлдсэн Баянбогд хайрхан руу алхалтаа хийжээ. Цаг агаарын хувьд хүчтэй салхитай, тэнгэр хуйсагнаж цас хаялж эхэлсэн ч төд удалгүй тэнгэр хангай ивээж аашаа зассан өдөр байлаа. Багийн гишүүд хайрхан руу ирж очих замд говийн байгалийн сонин тогтоц өвөрмөц хадан хясаа, элсийг туулан хүрэх газраа очлоо. Тус хайрхан далайн түвшнээс дээш 1053 м өндөрт орших бөгөөд 1997 онд байгалийн нөөц ангиллаар аймгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг аж.
Дөрвөн зүгтээ олон мод бүхий хайртай голтой баруун талдаа гурван амтай түүнийг харанхуй ам гэнэ. 15-30 м өндөр хадан хавцал хясаатай энд төрөл бүрийн урт хорхой байх догшин хайрхан. Уулын өндөрлөг тахилгат овооны оройгоос хараад дөрвөн зүг найман зовхист байгаа бүрэн тод харагддаг аж. Төрөл бүрийн мод ургамал ургахаас гадна үнэг, чоно, аргал, янгир зэрэг ан амьтан элбэг байдаг. Уулын ойролцоо Хонгор, Бэрх, Салбар, Бага богд, Зүрх, хар овоо нь үзэсгэлэн төгс бөгөөд ан амьтан, мал сүрэг нутаглахад нэн таатай учир Баянбогд хайрханыг говийн унаган төрхийг хадгалагч гэж үздэг. Дорнын говийн гайхамшгийг үзэж шагширалдсаар ядрахаа үл анзааран олон адал явдалтай таарч алхсаар 500 км-ийг туулжээ.