Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч П.Болортуяатай архаг ядаргаа, нойргүйдэл үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болон тэдгээрээс сэргийлэх, даван туулах аргын талаар ярилцлаа.
-Архаг ядаргаа юунаас голчлон үүсэх вэ. Ялангуяа манайд үүнийг үүсгэх гол хүчин зүйл нь юу байдаг бол?
-Архаг ядаргаа нь сэтгэл зүйн гаралтай стрессорууд буюу ойр дотно хүнээ алдах, хүчирхийлэлд өртөх, байгалийн гамшгийг нүдээр харж, биеэр туулах, бие махбодын өвчин эмгэгтэй болох, гэр бүл салах, ажилгүй болох зэрэг олон зүйлээс шалтгаалан үүсдэг. Улмаар тархины үйл ажиллагаанд өөрчлөлт орж, эмнэл зүйн шинж тэмдэг нь зургаан сараас дээш хугацаагаар үргэлжилдэг. Үндсэндээ сэтгэцийн хөнгөн өөрчлөлтөөр илэрдэг, эдгэрэх боломжтой гэж тодорхойлж болно.
-Архаг ядаргаа нь хүний амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлдөг вэ. Үүсэх сөрөг үр дагавар хэр олон байна вэ?
-Унтаж амарсан мэдрэмж төрөхгүй, өдрийн турш ядрах нь хүний өдөр тутмын амьдралын хэв маягт нөлөөлдөг. Архаг ядаргааг эмчлэхгүй орхих нь сэтгэцийн тулгамдсан асуудал болох сэтгэл гутрал, айдас түгшүүр, нойргүйдэлд хүргэх эрсдэлтэй. Үүнээс гадна осол гэмтэлд өртөх, ажлаасаа гарах, халагдах зэрэг нийгмийн олон сөрөг үр дагаварт хүргэж болно.
-Уг эмгэгийг хэрхэн даван туулах вэ?
-Дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зөв хооллох, тогтмол цагт хангалттай сайн унтаж амрах нь зүйтэй. Ажил, амралтаа зөв зохицуулж сурах, агаарт гарах, хоббитой болох, иог, бясалгал хийх, усанд сэлэх зэргээр стрессээ тайлах хэрэгтэй. Мөн үүнээс гадна сэтгэцийн эмчид хандан, эмийн эмчилгээнд хамрагдаж болно.
-Улирал солигдох үйл явц сэтгэцийн эмгэг, ялангуяа архаг ядаргаа үүсэхэд нөлөөлдөг гэж сонссон. Үнэн үү?
-Өмнө нь дурдсан шалтгаануудаас үүдэн биеийн болон оюуны сульдал, мэдрэл цочирдлын шинжүүд, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд илэрдэг. Тийм учраас улирал солигдох нь тийм ч чухал нөлөөтэй биш. Сэтгэцийн эмч нарын эмчийн үзлэгийн бүртгэлээс харахад бүх улиралд архаг ядаргаа бүртгэгдсэн байна. Харин улирал солигдох, цаг агаар өөрчлөгдөхөд хүний бие махбод орчиндоо дасан зохицох шаардлагатай болдог. Үүний тулд биеийн бодисын солилцоо өөрчлөгддөг юм. Энэ нь зарим өвчин эмгэг сэдрэхэд нөлөөлж болно.
-Жишээлбэл, ямар өвчин эмгэг сэдэрч болзошгүй вэ?
-Тухайлбал, шөнө богиносож, өдөр уртсахад хүний нойрны хэмнэл алдагдаж болно. Үүнтэй холбоотойгоор архаг ядаргаа, сэтгэцийн зарим эмгэг, зүрх судасны өвчин сэдэрч болзошгүй. Мөн хоол боловсруулах замын өвчин эмгэгт өртөх, эсвэл өвчин сэдрэх эрсдэлтэй. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрч байвал эмчид хандаж, зөвлөгөө авах шаардлагатай.
-Архаг ядаргаа үүсэхэд нойргүйдэл голчлон нөлөөлдөг гэж ойлголоо.
-Хүн хэдэн цаг унтсанаас үл хамааран өглөө сэрэхэд амарсан мэдрэмж төрөхгүй байх нь нойргүйдэх эмгэгийн шинж. Мөн толгой өвдөж, шөнөжингөө хар дарж зүүдлэн, ядарч сэрдэг бол нойргүйдэл гэж үзнэ. Харин хоногт дөрөвхөн цаг унтсан хэрнээ амарсан мэдрэмж авч, гүн нойрсдог бол үүнийг нойргүйдэл гэж үзэхгүй. Гэтэл эсрэгээрээ хоногт 12 цаг унтсан ч амарсан мэдрэмж төрөхгүй, жаахан дуу чимээ гарахаар сэрчихдэг, дахиад унтаж чаддаггүй, өглөө болтол сэрүүн байдаг бол нойргүйдлийн шинж тэмдэг гэж үзнэ. Унтаж байгаа хэрнээ орчин тойронд болж байгаа бүх зүйлийг сонсож мэдэрдэг бол бас нойргүйдэх эмгэгт өртсөн гэсэн үг. Хүүхдэд нойргүйдэл шүдээ хавирах, яраглах, хар дарж зүүдлэх, зүүдэндээ ярих, босож явах, унтаж байхдаа байн байн уйлж сэрэх зэрэг шинж тэмдгээр илэрнэ.
-Нойргүйдэх эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нойргүйдлийн шинж тэмдэг илэрвэл орой унтахаас өмнө их идэхгүй, өтгөн цай, кофе хэрэглэхгүй, биеийн хүч шаардсан хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй байх, эрэгтэй. Янз бүрийн сэтгэл зовоосон асуудал байвал түүнийгээ хэн нэгэн итгэлтэй хүнд ярих, эсвэл цаасан дээр бичээд ураад шатаах гэх мэт арга ашиглаж, муу бодлуудаа гадагшлуулах хэрэгтэй.
-Хүн яагаад нойргүйдэлтэй болдог вэ?
-Нойргүйдэл үүсгэдэг олон шалтгаан байдаг. Ихэнхдээ сэтгэл зүйн хямралд орох, ажлын байрны стресст өртөх, биедээ физик гэмтэл, бэртэл авах зэрэг нь нөлөөлнө. Түүнчлэн гэр бүлийн гишүүд нь хүнд өвдөх, ойр дотнын хүнээ алдах, хүчирхийлэлд өртөх, сэтгэл санааны дарамтад орсон үедээ нойргүйддэг. Мөн үе мөч, нурууны, зүрхний, толгойн өвдөлт гэх мэт бие махбодын ямар нэгэн эмгэг зовуурь нь нойргүйдэл үүсэх шалтгаан болдог. Тиймээс нойргүйдэж байгаа шалтгаанаа илрүүлэн, түүнийхээ эсрэг арга хэмжээ авах нь эмчилгээний суурь юм.
-Ихэвчлэн хэдэн настай хүмүүс өртөж байна вэ?
-Насны хязгаар байхгүй. Хүүхдүүдээс эхлээд өндөр настан хүмүүс гээд бүгд л нойрны хямралд өртөж болдог. Хөдөлмөрийн насныхан ажлын байрны стресс, дарамт шахалт, мөнгө санхүүгийн асуудалд орох, ойр дотных нь хүн хүндээр өвдөх зэрэг түр зуурын сэтгэцийн тулгамдсан асуудлын улмаас шөнөжингөө улигт бодолд автан, нойргүй хонох асуудал олонтоо гардаг. Энэ нь удаан үргэлжилбэл ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж, хүнтэй таарамжгүй, харилцаж чадахгүй болж, ажлаасаа гарах хүртэл үр дагаварт хүргэдэг. Харин өндөр настай хүмүүст бага цагаар унтах, шөнө байн байн сэрэх, нэг сэрвэл дахиад унтаж чадахгүй байх, унтсан ч ойр тойронд болж буй дуу чимээг сонсож мэдрэх шинж тэмдэг ихэвчлэн илэрдэг.
-Бага насны хүүхдүүд ямар шалтгаанаар уг эмгэгт өртдөг юм бол.
-Зурагт их үзэх, утасны дэлгэц ширтэх, цахим тоглоом удаан хугацаагаар тоглосноос шалтгаалан нойргүйддэг. Мөн шөнө сайн унтаж амраагүйгээс өдрийн цагаар нойрмоглох, анхаарлаа төвлөрүүлэх чадвар багасах, ой тогтоолт буурах шинжүүд илэрдэг. Эдгээр нь хичээл сурлагадаа муудаж, уур уцаартай болгодог. Хүүхдийг унтахаас хоёр цагийн өмнөөс дэлгэц харуулахгүй байх хэрэгтэй. Хэрвээ унтахын өмнө зурагт үзэж, утас оролдож, компьютероор тогловол өнө нойрондоо үргэлжлүүлэн зүүдэлснээс үүдэн сайн унтаж амарч чадахгүйд хүрдэг. Хүүхэд хангалттай амарснаар анхаарал төвлөрүүлэх, суралцах чадвар нь сайжирч, дархлаа дэмжих зэрэг олон сайн талтай.
-Нойргүйдэх эмгэг нь хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ?
-Нойргүйдэлтэй үйлчлүүлэгчдийн олонх нь 1-2 жил нойрны хямралтай явсан нь оношлогддог. Тэдэнд илэрч буй шинж тэмдэг нь орой унтах гэхэд нойр хүрэхгүй, өглөө босоход хэцүү, амарсан мэдрэмж төрөхгүй, бүр ядардаг зэрэг нь юм. Харин сүүлийн үед архаг ядаргаанд орж, ажлын бүтээмж буурсан, мөн хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохоо больж, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй боллоо гэсэн зовуурь хэлдэг. Нойргүйдэлд өртсөн хүмүүсийн сэтгэл хөдлөл нь тогтворгүй болдог. Мөн сүүлийн үед барьсан тавьснаа мартаж, анхаарал төвлөрөх чадвар буурч, ой тогтоолт муудаж байна гэсэн зовуурь шаналгаа хэлдэг хүн олширсон. Энэ бүхэн нь нойргүйдлээс шалтгаалан илэрч буй сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм.
-Яаж сайн нойрсдог болох вэ. Эмийн эмчилгээг хэрхэн хийдэг юм бол?
-Манай эмнэлэгт хандсан хүмүүсээс “Та нойрны эм ууж байсан уу” гэж асуухад хлорфенамин, кетотифин, фезам зэрэг эм уусан гэж хариулдаг. Гэтэл эдгээр эм нь харшил намдаах үйлчилгээтэй. Монгол Улсын сэтгэцэд нөлөөт, нойрсуулах тайвшруулах эмийн жагсаалтад байдаг эмийг зөвхөн эмч нар тусгай жороор бичдэг. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж оношилгоо, эмчилгээнд хамрагдах нь чухал юм.
-Танаас үйлчилгээ авч байгаа хүмүүст голчлон сэтгэцийн ямар өвчин эмгэгтэй байна вэ?
-Баянзүрх дүүргийн Сэтгэц, наркологийн багийн эмчийн үзлэгийн статистикаас харахад сүүлийн жилүүдэд органик бус нойргүйдэх эмгэг өвчлөлийн өсөлт анхаарал татахуйц байна. “Органик бус гэдэг нь бие махбодын эмгэгтэй хамааралгүй нойрны эмгэг дангаараа наснаас үл хамааран үүсдэг” юм. Органик бус нойргүйдэх эмгэг тохиолдол нь 2018 онд 187 бүртгэгдсэн бол энэ жил 1166 болж өвчлөл 7.2 дахин өссөн. Нойргүйдлээс үүдэн стресст өртөх, ядрах, ажлын бүтээмж буурах, улмаар ажлаа хийж чадахгүй болж ажлаасаа гарах хүртэл хүний амьдралын чанарт нөлөөлж байна. Төрийн болон бизнесийн байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд ажилчдынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч, мэргэжлийн байгууллагын сургалт, зөвлөгөөгөөр дамжуулан мэдээ мэдээлэл өгч байх шаардлага нийгэмд үүссэн гэж дүгнэж болох юм. Архаг ядаргаа эмгэгийг эмчийн үзлэгийн статистикаас харахад 2018 онд 10 өвчлөл бүртгэгдсэн. Таван жилийн дараа эл үзүүлэлт 61 болж, 6.1 дахин өссөн байна. Эдгээр хүмүүс дүүргийн Сэтгэцийн кабинетад хандан, эмийн болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан байна.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн