Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгтэй ярилцлаа. Тэрбээр ажлаа аваад нэг сар болж буй.
Сурсан мэдсэн, үзсэн харсан, уншсан, дуулснаараа тэр улс төрд шинэ дүр. МУИС, Токиогийн их сургууль, Колумын хуулийн сургуульд эрх зүйч, хууль зүйн мэргэжлээр сурч, магистр хамгаалсан, англи, япон хэлтэй.
МУИС-ийн Хууль зүйн сургууль болон СЭЗИС-д багшлахаас эхлээд “Мицүбиши” корпорацын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН-ийн захирал, УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Өөрөөр хэлбэл, түүний үзэл баримтлал, ёс суртахуун, ажил, амьдралын зам мөр хуулийн хүрээлэлд өнгөрчээ.
-Ажил буцалсан их айлын гал тогоог барих хариуцлагатай албанд эмэгтэй хүн ирсэнд олзуурхаж байна. Хүүхэд хамгаалал гэх том сэдвээс “тасалж”, “Сургууль цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвийн хүрээнд цөөн асуултад хариулт авъя. Хүүхэд гэртээ харих болон сургууль, цэцэрлэгийн орчинд эрсдэлд орох тохиолдол элбэг байна. Хүүхэд хамгааллын ажил бол гэрт ч, хөгжиж боловсрох орчинд нь ч аюулгүй байдлыг бий болгохоос эхэлнэ. Сургууль, цэцэрлэгийн орчныг хэрхэн аюулгүй, хүүхдэд ээлтэй болгох вэ. Энэ чиглэлд ямар ажил хийх вэ?
-Улаанбаатар хотод 2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн 667 цэцэрлэгт 130 мянган хүүхэд, ерөнхий боловсролын 310 сургуульд 384 мянга орчим сурагч суралцаж байна. Эдгээрээс 90 мянган сурагч хотын төвд буюу Их, Бага тойрууд суралцахаар 3-5 км, зарим тохиолдолд үүнээс ч урт замыг туулж байна. Энэ бол хүүхдийг олон төрлийн эрсдэлд оруулж байгаа хамгийн том шалтгаан. Нөгөө талдаа нийгмийн бухимдал, авто замын ачааллыг нэмэгдүүлж буй том хүчин зүйл юм. Хол зам туулж боловсрол олж байгаа хүүхдүүд өдрийн ихэнх цагийг сургуульдаа ирэх, гэртээ харихдаа зарцуулдаг учраас ядрах, амарч чадахгүй, хоолны буруу дадал зуршилтай болох, дархлаа сулрах, стресстэх гэх мэт олон муу үр дагавар гарч байна. Тиймээс хүүхдүүдийг хамгаалах, тэдэнд ээлтэй сургууль, цэцэрлэгийн орчныг бий болгохоор нэн тэргүүнд зорьж байна. Хүүхэд хамгааллын талаар ярихын тулд эцэг, эхийн хариуцлагатай оролцооноос гадна төрийн гэр бүл рүү чиглэсэн цогц бодлого, хүүхдэд ээлтэй суурь реформыг хийх зайлшгүй шаардлага үүссэнийг дурдах хэрэгтэй.
Гэр бүлийн орчин эрүүл, аюулгүй байхгүй бол хүүхэд хамгааллын эцсийн цэг нь “Түр хамгаалах байр” байсаар байна. Угтаа хүүхэд гэр бүлдээ аюулгүй, тайван, хайраар дутахгүй, асран хамгаалагчийнхаа хараа хяналтад өсвөл тэр нь хамгаалал болох учиртай. Гэтэл “Түр хамгаалах байр”-нд орхиод явдаг сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг хэвээр байна. Эхнэр нөхөр болсон бол гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг чухалчилдаг, эрх зүйн хэм хэмжээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж гэмээ нь гэр бүл салалтаас үүдсэн хор хохирол багасах болов уу. Нийгмийн сэтгэл зүйг засах, гэр бүл, хамтын амьдралын үнэ цэнийг өсгөх, нэгдүгээрт хүүхэд гэдгийг хүн бүр ойлгодог байх давлагааг хот, тосгон, сум, аймагт үүсгэж байж бид хүүхдээ хамгаална гэдгийг хаа хаанаа ухамсарлах хэрэгтэй байна. Тиймээс энэ чиглэлд өөрчлөлт хийхээр зорьж буй. Олон улсын байгууллагуудтай хамтран, сайн туршлагыг судлах, сургуулийн орчныг аюулгүй болгох, хүүхдийн дуу хоолойг сонсох гэх мэт суурь ажлыг эхлүүлсэн.
-Хотын төв рүү хүүхдээ зөөдөг шалтгаан нь гэр хороолол дахь сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал. Сүүлийн 30 жилд их, дээд сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль барихдаа хотынхоо А бүсэд газар олгосон. Үүний зэрэгцээ төвийн сургуулийн чанар, хүртээмж сайн гэсэн ойлголтыг эцэг эх, сурагчдад өгсөн нь дээрх 90 мянган хүүхдийн урсгалыг бий болгосон. Энэ тоо цаашид ч өснө. Тэгэхээр хотын зах руу, гэр хороолол дунд энэ төрлийн бүтээн байгуулалт хийх үү?
-Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхэд жилд дунджаар 20, цэцэрлэгийн насны хүүхэд жилд долоон мянга орчмоор нэмэгдэж байгаа. Энэ өсөлтийг хангахын тулд нийслэлд жилд 960 хүүхдийн суудалтай 14 сургууль, 240 хүүхдийн ортой 20 цэцэрлэг барих шаардлагатай. Хүртээмжийг нэмэгдүүлнэ гээд байршил харгалзахгүйгээр сургууль, цэцэрлэгийн өргөтгөл нэмж барьсаар байх уу гэдгээ эргэн харах хэрэгтэй болжээ. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв гэж бий. Тус төвөөс ерөнхий боловсролын сургуулиудын болон тойргийн бус хүүхдүүдийн зорчих хөдөлгөөний орон зайн судалгааг хийсэн. Үүгээр гэр хороололд дэд бүтэц, боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас цаашид бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хотын зах руу чиглүүлнэ. Хүүхдүүдэд гэртэйгээ ойрхон сургуульдаа сурах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг.
-Сургууль орчмын стандарт гэж бий. Харамсалтай нь, манай хот төлөвлөлтийн алдаатай бодлогоос уу, гүйцэтгэгчийн сэтгэлгүй байдлаас болдог уу, сургууль орчмын аюулгүй байдал алдагдсан. Сургууль орчмын бүсийг яаж аюулгүй болгох вэ?
-Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гаднах орчны стандартад шалгалт хийхэд 50 хувь нь хангалтгүй дүн гарсан. Бид хүүхдүүдийн сурах орчныг сайжруулахын тулд хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллана. Нэгдүгээрт, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтраад “School zone” буюу сургууль орчмын бүсийн стандартыг сайжруулах, хүүхдэд ээлтэй байдлаар тохижуулах төслийг 10 сургуульд хэрэгжүүлэхээр сургуулиа сонгосон. Мэдээж аравхан сургууль дээр хийх нь чамлалттай учраас ойрын хугацаанд сургууль орчмын гарц, гэрэлтүүлгийг сайжруулна. Тээврийн цагдаагийн албатай хамтраад олон улсын сайн туршлагыг туршиж үзсэн. Эцэг, эхчүүд болон сурагчдаас өндөр үнэлгээ авсан учраас гэрэлтдэг 102 “Лед гарц”-ыг сургууль, цэцэрлэг орчимд суурилуулж эхлээд байна. Үүнтэй зэрэгцүүлээд “Хар цэг”-ийн буюу осол аваар их гардаг, хүүхэд гэмтэж бэртдэг газруудыг тогтоож, гэрэлтүүлэг, камержуулалт, тэмдэг тэмдэглэгээг сайжруулна. Хүүхдүүдийг сонсож, тэдний саналыг аль болох шийдвэр гаргах түвшинд тусгана. Ерөнхий боловсролын сурагчдаас “Та бүхний сурах, амьдрах орчныг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ” гэж санал, асуулга авсан. Хүүхдүүд арван асуудал нэрлэсэн.
-Түлхүү ямар санал хэлж байна вэ?
-Хүүхдүүд асуулга, хэлэлцүүлэгт маш идэвхтэй оролцсон. Дугуйн замыг сайжруулах, спорт заалыг хүртээмжтэй болгох гэх мэт дэд бүтэцтэй холбоотой санал нэлээд ирүүлсэн. Мөн хүүхдийн сэтгэл зүйн асуудал, түүнийг хэрхэн хуваалцаж, даван туулахтай холбоотой санал эхний гуравт дурдагдсан байна. Сурагчдын олонх нь сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулахыг хүссэн. Тодруулбал, сургууль бүр ажлаа мэддэг, хүүхэдтэй харилцах ур чадвартай, мэргэжлийн сэтгэл зүйчтэй болох хэрэгтэй байна гэж хүссэн. Хоёрдугаарт, сургуулиуд сурагчдын сэтгэл зүйн клубтэй болох хэрэгтэй талаар олон санал ирсэн. Магадгүй үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг, сэтгэл зүйн асуудалд орчихоод яахаа, хэнтэй хуваалцахаа мэдэхгүй байгаа олон хүүхдэд хоорондоо ярилцдаг талбар хэрэгтэйг эндээс харж болно.
-Сэтгэл зүйч болон нийгмийн ажилтангүй хэчнээн сургууль, цэцэрлэг байна вэ. Энэ төрлийн мэргэжилтнүүд дутагдалтайг хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллагсад хэлдэг.
-2023 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 175 сургуульд 185 сэтгэл зүйч ажиллаж байна. Төрийн өмчийн болон төрийн бус өмчийн нийт 313 сургуулиас 138 нь сэтгэл зүйчгүй. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд 321 нийгмийн ажилтан ажилладаг. Манай ажиллах хүчний секторт чадамжтай хүний нөөцийн хүрэлцээ хангалтгүй талаарх судалгаа бий. Ажиллах хүчний хүрэлцээгүй байдлаас гадна тэднийг чадавхжуулах, ур чадварыг сайжруулах нь ч мөн чухал асуудал юм. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сантай сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахаар хамтран ажиллана.
-Багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг хүүхэдтэй ойрхон ажилладаг хүний ажлын арга барил, статус үүргийг сайжруулмаар санагддаг.
-Хүүхдэд ээлтэй улс орнуудын бодлогыг харахаар нийгмийн байгууллагууд нь дата мэдээллээ маш сайн солилцож, түүндээ тулгуурласан хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлдэг. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байх магадлалтай хүүхэд тус бүрд сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, ангийн багш, найзууд, цаашлаад өрхийн эмч, цагдаа, хорооны хэсгийн ахлагч, Засаг дарга, хөрш айл гэх мэт олон талын эх сурвалжийн тусламжтайгаар дата үүсгэдэг. Ингээд тухайн хүүхэд хичээлээс хоцордог, үл хайхрах хүчирхийлэлд өртдөг гэх мэт сэжигтэй нөхцөл, шинж тэмдэг илэрвэл дээрх эх сурвалжуудаас авсан датадаа тулгуурлаад оношилдог. Энэ аргыг манайх ч мөн сургууль, цэцэрлэг, гэр бүлийн орчинд хэрэгжүүлж болохоор байгаа биз. Хүүхэд хамгаалалд хүн бүрийн хийж чадах ажил бол хүчирхийллийн шинж тэмдгийг анзаарах явдал. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд биеийн гэмтлээс гадна сэтгэлийн хямрал үүсчихсэн байдаг. Хүнээс айх, найз нөхөдтэйгөө харилцахаа болих, хоолноос гарах, унтаж чадахгүй байх, ганцаардмал, бухимдуу болох, зожиг нууцлаг байдлыг хүсэх зэрэг зан харилцааны өөрчлөлттэй болох нь ихэвчлэн хүчирхийллийн үйлдлээс үлдсэн шинж тэмдэг байх магадлалтай. Тиймээс хүүхдээ анзаарч, шинж тэмдгүүдийг нь анхаарч, найз болох хэрэгтэй. Энэ бол хүүхдээ хамгаалах том алхам.
-Цаашид хүүхэд хамгааллын салбарыг сайжруулахын тулд ямар ажил хийх вэ?
-Хүүхэд хамгааллын чиглэлээр хүний нөөцөөчадавхжуулахаас эхлээд сэтгэл зүйн эрүүл мэнд, хоолны шим тэжээл гээд хийх зүйл олон бий. Мөн хүүхэд хамгааллаас хөгжил рүү чиглэсэн бодлогыг бид дэмжих ёстой. Олон улсын судалгаагаар бага насны хүүхдэд хамгийн их нөлөөлөл, хүмүүжил олгодог хичээл нь урлаг, уран зохиол байдаг. Бие бялдрын хувьд биеийн тамир, спортын хичээлүүд юм. Спортоор хичээллэснээр багаар ажиллаж сурна. Уран зохиолоор хүний сэтгэлийг, урлагаар гоо зүйг мэдэрч сурна. Тэгэхээр хүүхдийг хөгжүүлж, нийгэмшүүлж, бие хүн болгож төлөвшүүлэх нь чухал. Үүнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх байгууллагууд анхаарч ажиллаж байна.