Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнгөрсөн ням гарагт үдэш болтол хуралдаж, төрийн өмчийг дутаасантай холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, хохирлыг барагдуулахыг нэгдүгээр орлогч П.Сайнзоригт даалгав. 2017 онд Батлан хамгаалах яамнаас 9.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий тайз, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг нийслэлийн мэдэлд хүлээлгэж өгсөн ч албан ёсоор өмчид бүртгэж аваагүйгээс 650 гаруй сая төгрөгийн хөрөнгө дутсаныг аудитын шалгалтаар илрүүлснийг хэлж буй аж. Өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Засаг дарга Х.Нямбаатар “Нийслэлийн өмчийг огт бүртгэж, тоолоогүй байна. 650 гаруй сая төгрөгийн хөгжим, хэрэгсэл алга болсон нь нэг л жишээ.
Улс, нийслэлийн төсвөөр жил бүр хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа ч нэгийг ч бүртгэхгүй байна. Газар доорх шугам сүлжээ битгий хэл дээр нь ил байгаа хөрөнгөө ч бүртгээгүй” хэмээн халаглалаа. Өмчийг нь бүртгэлгүй, хулгайлж, завших зай, завсрыг өнөөгийн эрх баригчид, тэд өөрсдөө л гаргасан атлаа амралтын өдөр ажиллаж буй дүр эсгэж, гайхаж, шогшрох шаардлагагүй. 2016 оноос хойш, хоёр сонгууль дараалан хотод ч, хөдөөд ч эрх барьж байгаа Ардын намынхан өөрсдийн нөхдийн олон жил хийж ирсэн хулгайг өвлүүлэн, өдий хүрчихээд ингэж ярихаасаа ичих хэрэгтэй.
Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргаар томилогдоод эгээ л Хууль зүй, дотоод хэргийн сайд, бүх юмны дарга шиг ийш тийш үсчээд, бас анх удаа амьдарч үзэж буй аятай Ардын намынхныхаа алдаа, дутагдлыг мэдээгүй царайлаад ч ухах тусам хулгай нь улам ихэснэ. Жишээ нь, тэрбээр “Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажлыг 2009 оноос хойш хэд хэдэн удаа хийжээ. Тухайн үед БНСУ-ын “Daewoo” компанийн 400 автобусаар паркаа шинэчлэхдээ нээлттэй тендер зарлалгүй, шууд гэрээ байгуулсан. Тэдгээр автобусыг төсвийн хөрөнгөөр худалдаж авсан ч улсын, эсвэл нийслэлийн өмчид бүртгэхгүйгээр 10 аж ахуйн нэгжид шууд шилжүүлчихэж. Компаниуд нь авсан автобусныхаа үнийг бараг эргэн төлөөгүйгээс болж улсад 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан” гээд 2009 оноос эхлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрхэн автобус худалдан авсныг шалгуулна хэмээн сүржигнэсэн. Үнэндээ “ногоон автобус”-ны гэх хэрэг илчлэгдээд өмнөх Засаг дарга нь огцорчихсон энэ үед нийслэлийн удирдлагад бараг л “бүрэн эрхт төлөөлөгч” болон ирчихээд байгаа Х.Нямбаатар дээрх алдаа, дутагдлыг засаж, залруулах талаар сүржигнэхгүй атлаа гудамжинд лааз өшиглөж яваа АН-ынхан руу онилж байгаа нь сонгуулиас цаадхыг харж чадахгүй “алсын хараа” нь гэлтэй. Улаанбаатарыг удирдуулахаар илгээсэн зорилго нь сайд байхдаа тавьдаг байсан улстөржсөн жүжгээ үргэлжлүүл гэсэн даалгавар юм болов уу.
Бас тэрбээр хотын нийтийн аж ахуйн бодлого 2006 оноос хойш алдагдсаныг тэрбээр онцолно лээ. Тухайн үед нийслэлд өнөөгийн эрх баригчид олонх болж, Засаг даргаа томилсон бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Г.Мөнхбаяр ажиллаж байв. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргаар (Х.Нямбаатарыг оролцуулаад) долоон хүн ажилласны дотор Э.Бат-Үүлээс бусад нь Ардын намынх.
Уг нь Х.Нямбаатар явж, нийслэл үлдэнэ. Улаанбаатар хот улам олон жил “амьдарна”. Нийслэлийг удирдана гэдэг нь ердөө л аж ахуйн ажил. Иргэд нь авто зам дээр “амьдардаггүй”, чөмгөө царцтал автобус хүлээдэггүй, утаа, хорт хийгээр амьсгалдаггүй хотын төлөө тэр, тэд ажиллах ёстой. Нийслэлийн иргэд амар амгалан, суурь асуудлууд нь шийдэгдсэн хотод амьдрахыг хүсэж байгаа болохоос 10 жилийн өмнөх явдал тэдэнд огт сонин биш. Энэ сарын эхээр тэрбээр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэх үеэр ийм хандлагаа илт бүдүүлгээр гаргасан юм. Засгийн газраас өргөн барьсан эл төсөлтэй холбогдуулан гишүүдийн тавьсан асуултад Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргын хувиар хариулахдаа Засгийн газрын гишүүн аятай аашилж байлаа. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Улаанбаатар хот тохижилт, цэвэр, бохир усны шугам, засвар, үйлчилгээ, хог хаягдалтай холбоотой бараа, үйлчилгээг шууд гэрээ байгуулан авах нь. Мөн машин техник, бараа, материалыг ч лизингээр авах бол бас шууд гэрээ хийх юм байна.
Х.Нямбаатар та ирээдүйн Засаг дарга нарын өмнөөс шийдвэр гаргах нь” гэхэд тэрбээр “Хууль санаачлагчийн илтгэлийг таны дотнын найз, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулсан. Би уг төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүний хувиар хариулж байна. Онцгой нөхцөлд шууд худалдан авалт хийхээр төсөлд тусгасан” хэмээн хэгжүүрхсэн нь хэрүүл болж хувирсан юм даг. Шууд худалдан авсан гээд, өмнө хэрэгжиж байсан хуулийн хүрээнд хийсэн ажлыг буруутган ярьж байсан Х.Нямбаатар алдаа гэж үзээд буй зүйлээ засахгүйгээр хуульд тусган оруулж ирсэн нь нь гайхах юм биш гэж үү. Засгийн газраас санаачилсан дээрх төслийн хэлэлцүүлэгт тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар оролцоод ч байгаа юм шиг, эсвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хэвээр хэмээн итгээд байна уу гэлтэй л аашилсан юм. Одоо Х.Нямбаатар сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нь хэнд ч хамаагүй. Олон зүйл гоншигнолгүй, оногдсон ажлаа хийх нь л чухал. Та нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болохоос намын дарга, Ерөнхий сайдын “гал хамгаалагч” шиг, хэрэлддэг, улстөрждөг талбар нь энэ биш. Иргэд нь сууя гэвч автобус байхгүй, автобусанд суугаад ч зам хороохгүй, алхая гэвч талбай байхгүй, тэшиж, халтираад явж чадахгүй, амьсгалах агааргүй, утаандаа хахаж цацан, бахардаж байхад битгий ингэж улстөрж, Х.Нямбаатар аа. Өнөөдрийн өнгөн дээр өнгөрсөнтэй бүү зууралд. Өөрсдийнхөө удирдсан найман жилд юу хийснээ л харчих.
Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хэлснээр дээрх хуулийг баталснаар алслагдсан гурван дүүргээс бусдад нь газар олгохыг хориглох юм байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг даргын газар олгох эрхийг хязгаарлана гэсэн үг. Гэхдээ улсын эмнэлэг, сургууль барих, гэр хорооллыг барилгажуулах зэрэг тодорхой таван үндэслэлээр төвийн дүүргүүдэд газар олгохыг зөвшөөрөх аж. Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа ч давын өмнө хаана, хориглоно гэж аашилдаг байсан арга барилаасаа татгалзахгүй нь хэмээн шүүмжлэх хүмүүс нь нэлээд байв.
Үнэндээ энэ хугацаанд эрх баригч Ардын намынхан нийслэлд юу ч хийгээгүй, ямар ч ахиц гаргаагүй гэдгээ дахин дахин хүлээн зөвшөөрч буй нь ямар ч шийдэлгүй хоосон улстөржилтөөс нь харагдаж байна. Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргаар томилогдоод “Улаанбаатар хотод шийдлээ хүлээсэн маш олон ажил шилээ даран хүлээж байна. Газар доорх байгууламжуудын 70 орчим хувийг шинэчлэх шаардлагатай. Ус, дулааны хэрэглээ гээд бүгд тулчихсан. Машинаар бол шар гэрэл нь асчихсан байна” хэмээн замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засна гэсэн амлалт нь аанай л хэвээрээ, нөхцөл байдал бүр дордсоныг батлав. Найман жилийн турш эрх барьчихаад, намын журмын нөхрөөсөө албыг нь хүлээж аваад ийм үг хэлж байгаа хүнээс илүү ихийг хүлээх хэрэг байна уу.