Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2024” наадам уржигдар өндөрлөлөө. 36 дахь удаагийн наадмын топ моделиор шалгарсан А.Сайхантамиртай цөөн хором ярилцлаа.
-“Гоёл” наадам хэр өрсөлдөөнтэй болов?
-Би 2013 оноос Монголын загварын ертөнцтэй амьдралаа холбосон. Түүнээс хойш тасралтгүй “Гоёл” наадамд оролцож байна. Энэ удаагийн наадам зохион байгуулалт сайтай боллоо. Тайз, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл өвөрмөц гоё байлаа. Бас нэлээд өрсөлдөөнтэй болсон. Ялангуяа шинэ, залуу, чадварлаг бүсгүйчүүд цөөнгүй оролцсон. Бидний хувьд хамгийн том наадам болохоор загвар өмсөгч бүр их хичээсэн.
-Өмнөх наадмуудад ямар амжилт гаргаж байв?
-2016 онд “Гоёл” наадмын дэд байр эзэлж, их урам авсан. Түүнээс хойш улам хичээж, өөртөө ч итгэлтэй болсон. 2020 онд наадмын шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байлаа. Олон жил хичээсний үр дүнд “Гоёл-2024” наадмын топ модель болсондоо их баяртай байна. Энэхүү алдрыг хүртэхийн тулд маш их бэлдлээ. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ таслахгүйг хичээж зүтгэснээр амжилт гаргалаа. Гэр бүл, найз өхөд, ажлын хамт олон намайг их дэмжсэн.
-Топ моделиор шалгарах үед ямар бодол төрж байв?
-Битүүхэндээ топ модель болохыг маш их хүсэж байлаа. Топ моделоор шалгарлаа гэж зарлахад сандарч, хаана байгаагаа мартчихсан юм шиг л мэдрэмж төрсөн. Үзэгчид алга ташаад, өрсөлдөгчид, найзууд минь баяр хүргэхэд их сайхан санагдлаа.
-Та загвар өмсөгчийн карьераа хэрхэн эхлүүлж байв. Ямар мэргэжилтэй вэ?
-Би Хэнтий аймгийн Дадал сумд төрж, өссөн. 2012 онд Буриад зон олны “Алтаргана” наадамд анх оролцсоноор загварын салбарт хөл тавьж, карьераа эхлүүлсэн гэж боддог. МИАТ компанид бүхээгийн ажилтнаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа.
-Загварын агентлагууд жил бүрийн “Гоёл”-д шинэ бүтээлүүдээрээ оролцдог. Дизайнеруудын бүтээлүүдийн онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ?
-Загварын агентлагууд жил бүрийн наадмаар хамгийн шилдэг бүтээлээ олонд таниулдаг нь уламжлал болсон. Манай загвар зохион бүтээгч нар дэлхийн жишгээс хоцрохгүй, хөл нийлүүлж явна гэж боддог. Чадварлаг дизайнер Монголд олон бий. Тэдний бүтээл нь дэлхийд толгой цохиж байгаа гэж боддог. Жил бүр сэтгэлд тод үлддэг хувцасны загвар байдаг л даа. Энэ жилийн хувьд гоёлын даашинзны загвар магтаал дагууллаа.