УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Э.Энхтуяа, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсноор удтал үргэлжилсэн шүүмжлэлд цэг тавьж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдэв. Үндсэн хуулийн цэцэд үеэ өнгөрөөсөн улс төрчдийг томилж ирсэнтэй харьцуулбал энэ удаа хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлээрээ багагүй хугацаанд ажилласан судлаач, хуульчдыг томилсонд ам сайтай байх хүн олон аж.
Гэхдээ үүгээр Цэцэд бууриа зассан буруу зүйлс засагдаж, байраа олох, эсэхийг хэлэхэд эрт. Тэд томилсон хүмүүс, үе үеийн эрх баригчдаас хараат бус ажиллаж, улс төрчдийн гар, хөл бололгүй Үндсэн хуулийг чандлан сахиулж чадна гэж хэлэхэд хэцүү. Учир нь Цэцийн ажиллах хууль, эрх зүйн орчин, тэднийг хянах зохицуулалт хуульд нь үгүй. Тогтолцоогоор нь шинэчилнэ гэж олон жил ярьж байгаа ч сайжруулсан зүйл үгүй.
СПИКЕРИЙН ИТГЭЛТ ХҮН
Энэ удаа “огцордоггүй” Д.Одбаярын оронд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг парламентаас санал болгосныг дэмжлээ. Д.Одбаярын хувьд Цэцийн гишүүнээр 2016 оны арваннэгдүгээр сард томилогдсон тул бүрэн эрхийн хугацаа нь дуусаад бүтэн жилийн нүүр үзэж байв. Тэрбээр тус албанд очоод жил ч бололгүй онгоцны үйлчлэгчийн биед хүрч, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдсон бөгөөд тэр үеэс л ажлаа өгөхийг олон нийт шаардаж байлаа. Гэсэн ч Д.Одбаяр Цэцийн даргаасаа татгалзсанаас бус, гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлсээр өнөөдрийг хүргэв.
Түүнийг УИХ-аас нэр дэвшүүлэн томилоход тухайн үеийн парламентыг даргалж байсан М.Энхболдын ойрын хүн хэмээн амтай болгон ярьсан сан. Л.Өлзийсайхан ч тэр өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатарын итгэлт хүн. Тэрбээр УИХ-ын Тамгын газарт 2007-2013 онд зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2019 оноос буюу Г.Занданшатар спикерээр ажиллаж эхэлсэн үеэс парламентын Тамгын газрыг хариуцаж яваа нэгэн. Түүнийг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ нэн тэргүүнд онолын мэдлэг, судалгааны ажлын туршлага, улмаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбарын аль алинд нь ажилласныг нь УИХ-ын дарга онцолно лээ. Л.Өлзийсайхан нь 1998-2002 онд УБИС, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажилласан, эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр 10 гаруй бүтээл, ном, гарын авлага туурвисан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор цолтой. 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015-2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын даргын албыг хашсан байна. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийн төслийг боловсруулахаас батлах хүртэл нь хууль тогтоогчдыг мэдээллээр хангах ажлыг хариуцан зохион байгуулсан зэрэг нь Цэцийн гишүүнд тавигдах хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх үндсэн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болж буй аж.
“ОРДНЫ ПРОФЕССОР”
Харин Дээд шүүхээс санал болгон томилуулсан, Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн зургаадугаар сард дууссан. Гэхдээ тэр хэзээ ажлаа өгөх бол, оронд нь хэнийг томилох вэ гэсэн ээдрээтэй асуулт нэлээд эртнээс анхаарал татсан юм. Тухайлбал, өнгөрсөн оны хоёрдугаар сард Дээд шүүх эл албан тушаалд нэр дэвшигчдээс хүсэлт хүлээн авч байсан ч түдгэлзүүлсэн түүхтэй. Дээд шүүхийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4.4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэх заалтыг үндэслэн Н.Чинбатын оронд томилуулах хүний эрэлд гараад байсан хэрэг. Ерөнхийдөө санал болгосон Дээд шүүх нь түүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад Цэцийн гишүүнээс чөлөөлөх санаатай байсан гэсэн үг. Гэвч дээрх заалтад дурдсанаар “чөлөөлөгдөж болно” гэсэн нь чөлөөлөхгүй ч байж болно гэсэн үг хэмээх агуулга бүхий мэдээллийг нэр бүхий иргэн Цэцэд гарган, түүнийх нь дагуу маргаан үүсгэснээр эл албан тушаалд нэр дэвшигчдээс хүсэлт хүлээн авч байсан ажиллагааг түдгэлзүүлсэн юм. Бас л Үндсэн хуулийн цэц эл маргааныг хэлэлцсэн үү, тийм бол ямар шийдвэр гаргасан, үгүй бол яагаад дунд суудлын хуралдаан хийгээгүй вэ гэх мэт баахан тодорхойгүй зүйл хөвөрсөөр Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дууссан хэрэг.
Ингээд олон удаа сонгон шалгаруулалт зарласны эцэст О.Мөнхсайханы нэрийг уламжилж, томилуулсан нь энэ. Тэрбээр Үндсэн хуулийн эрх зүйгээр дагнан судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд докторын зэрэг хамгаалсан, дэд профессор цолтой. 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багшаар 18 жил, өнгөрсөн онд Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулснаас хойш захирлаар нь ажилласан юм. Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн цөөн судлаачийн нэг болоод ч тэр үү, өнөөгийн эрх баригчид Үндсэн хуульд хоёр ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулахад О.Мөнхсайхан гол ажлыг нь нугалсан гэдэг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт төдийгүй түүнд нийцүүлэн шинэчилсэн олон суурь хуулийн ард тэр байсан нь ч нууц биш. Тиймээс түүнийг эрх баригч МАН-ынханд үйлчилдэг, “ордны профессор” болсон гэж харж, нэрлэх хүн олширсон байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч О.Мөнхсайхан Үндсэн хуулийн цэцийн одоогийн бүрэлдэхүүнд МУИС-ийн багшаас гишүүнээр томилогдсон гурван судлаачийн нэг болов. Хамгийн сүүлд буюу 2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган, мөн тус сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн тэнхимийн профессор Д.Гангабаатар нарыг Дээд шүүх санал болгосноор Цэцийн гишүүнээр томилоод буй. Дээд шүүхийн хувьд эл албанд мэргэшсэн судлаач, хуульчдыг санал болгон, дэмжүүллээ.
Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнд судлаач, хуульчид жин дарах нь. Өөрөөр хэлбэл, улс төрийн өндөр мэргэшилтэй гишүүд үгүйлэгдэж мэдэхээр болов. Уг нь Цэцийн гишүүнд эл шаардлагыг зүгээр ч нэг тавиагүй нь лав. Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаарх маргааныг хэлэлцэхэд зөвхөн онолын мэдлэгтэй хуульчдаас илүүтэй улс төрийн талбарт, тэр дундаа төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн мэдрэмж, тухайн асуудлын “ньюас”-ыг ойлгох чадвар чухал билээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН “АНХНЫ” ТОМИЛГОО
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтийн дагуу өнгөрсөн зургаадугаар сард ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарах болсон, гэр бүлийн гишүүнээ асрах шаардлага үүссэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ уламжилсныг УИХ ёсоор болгосон юм. Түүнийг өмнөх Ерөнхийлөгч нэр дэвшүүлж байсан тул одоогийн Төрийн тэргүүн оронд нь Э.Энхтуяаг санал болгон, томилуулав. Тэрбээр 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургууль, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсжээ. 2005 онд Япон Улсын Кюүшүгийн их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын туслах, 2002-2012 онд тус яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд мөн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос яамныхаа Бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллажээ. Үндсэндээ гүйцэтгэх засаглалд, тэр дундаа хууль зүйн асуудал эрхэлсэн яаманд 20 гаруй жил ажилласан бүсгүй Үндсэн хуулийг манах нь.
Ерөнхийлөгч Х.Баттулгын томилсон Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарын бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусах бөгөөд өнөөгийн Төрийн тэргүүн тэдний оронд ажиллах хүмүүсийг санал болгох учиртай. Өөрөөр хэлбэл, Э.Энхтуяа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Цэцэд “хийсэн” анхны томилгоо юм.