Албан тушаал, эрх мэдлээ ашиглан хууль зөрчиж, хувьдаа ашиг хонжоо олоод л, буруу үйлдлийг нууж, хамгаалаад л, давхар стандарт мөрдөн, ёс зүйгүй аашлаад л байхад төрийн өндөр албан тушаал руу өгсөх зам нь цэлийгээд байдаг “гайхалтай” жишиг манай улсад тогтсон. Үүний нэг жишээ нь өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын албыг хашиж буй С.Амарсайхан болж байна. 2012-2019 он хүртэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч байсан тэрбээр 2019-2020 онд хотын захирагчаар ажилласан юм. Энэ үеэс л түүнтэй холбоотой далд явдлууд нь илчлэгдэж, олны анхааралд өртөж эхэлсэн гэхэд болно. “Өнөөдөр” сонин та бүхэнд эргэн нэг сануулъя.
2019 оны дөрөвдүгээр сар. С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын эзэмшлийн “Зүүнбаян рэфайнери” компани Туул голын эргийн дагуух дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан ч зөвшөөрөлгүйгээр барилга барьсан, хайрга ухаж, хоёр га газрын бургасыг хядсанаар улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулан, экологийн тэнцвэрт байдал алдагдуулсныг БОАЖ-ын сайд С.Цэрэнбат анх олон нийтэд мэдээлж . Улмаар нийслэлийн ИТХ дахь АН-ын гишүүд С.Амарсайханд хариуцлага тооцож, хохирлыг төлүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм даг. Түүнийг ахынхаа хууль бус ажиллагааг албан тушаал, эрх мэдлээрээ дамжуулан хамгаалж, өөгшүүлсэн гэж тэд үзсэн. С.Амарсайхан тухайн үед энэ компанитай хамааралгүй гэж тайлбарлаад өнгөрч байв. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр Туул гол бол онцгой хамгаалалтын бүс.
Усны тухай хуулийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” хэмээн заасан бөгөөд энэ хэсэгт барилга барих, мод огтлохыг хориглосон. Гэвч дээрх компани эргээс 20 метрийн зайд орон сууц, барилга, байгууламж барьж буйг тухайн үеийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шүүмжилж, тусгай зөвшөөрлийг нь цуцлахыг шаардаж байв. Туулын бургасыг хядаж байгаль орчинд ч, нийслэлийн иргэдийн нийтлэг эрх ашигт ч халдсан энэ явдалд өдий болтол хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Өнөөх тансаг зэрэглэлийн орон сууц нь эдийн ашиглалтад орж, эздээ олсон биз ээ. Хожим буюу энэ оны гуравдугаар сард УБЕГ-аас “Зүүнбаян рэфайнери” ХХК-ийн захирлаар С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоог бүртгэсэн баримтыг үзүүлсэн тухай зарим цахим хуудсанд мэдээлсэн байх юм. Гэвч өнөөдөр энэ бүхнийг санаж байгаа хүн хэр олон бол.
2020 оны дөрөвдүгээр сар. Ер нь жил бүрийн дөрөвдүгээр сар С.Амарсайханы хувьд “час сар” байдаг бололтой. Туулын бургасыг хядсантай холбоотой шуугианыг мартаж байтал Сүхбаатарын талбайн урд 1.6 га газарт 3.2 тэрбум төгрөгөөр 85 метр урт, 14 метр өргөн аялгуут усан оргилуур, 800 ам метр дугуйн талбайтай, нэг дор 35 хүнд үйлчлэх хоёр ариун цэврийн байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн барих ажил өрнөх нь тэр. Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, Монгол Улс хилээ хаасан, хөл хорио тогтоож эхэлсэн, бизнесүүд хумигдаж, иргэдийн орлого ч тасалдах болсон хэцүү цаг үед олон тэрбум төгрөгөөр усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн барихаар зүтгэсэнд нь олон нийт хотын захирагч С.Амарсайханд дургүйцсэн юм.
Гэтэл “Газарт нь шунасан бүлэглэлээс л ийм яриа гаргаж байна, бид заавал үүнийг хийнэ” хэмээн зөрүүдлэн зүтгэв. 2020 оны зургаадугаар сард хүмүүсийн ёжилдгоор “өндгөвчин” усан оргилуурыг нээсэн . Харамсалтай нь, өнөөх нь төвийн шугамтай холбогдоогүй учраас усыг нь ТҮК-ийн ажилтнууд гараар зөөдөг, тогтмол биш, цагийн хязгаарлалттай ажилладаг, байсхийгээд ямар нэг юм нь эвдэрчихдэг “байгууламж” болж таарсан. 2022 онд үүнийгээ арай гэж төвийн шугамд холбосноор зөөврийн сан байхаа больж, энэ оноос “ид шид”-ээ харуулна л гэсэн. Гэвч өнгөрсөн зун ч ид халууны үеэр өнөөх усан сан тогтмол ажилласангүй, хэдэн жил үргэлжилсэн шүүмжлэл хэвээр байлаа.
Усан сан тойрсон шүүмжлэл, маргаан гарахтай зэрэгцэн С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын ажлаа өгч, УИХ-ын 21 дүгээр тойрогт буюу Налайх, Багахангай, Багануур дүүргээс парламентын сонгуульд өрсөлдөв. Төв талбайгаас хол амьдардаг учраас цар тахлын үед хэдэн тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулах, Туулын бургасыг хядах мэтэд ач холбогдол өгсөнгүй юү, энэ тойргийнхон түүнийг сонгон гишүүн болгосон юм.
2021 оны дөрөвдүгээр сар. Цар тахлаар өвдөх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, байдал улам хүндэрсэн байв. С.Амарсайхан УИХ-ын гишүүн, улмаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга болсон үе. Гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг эхлээд 21, сүүлдээ 14 хоног тусгаарлан “хорьж” байлаа. Өвчтэй, өндөр настай аав, ээжтэйгээ мэнд дээр нь уулзахаар арай гэж эх орондоо ирсэн цөөнгүй хүн удаан хугацааны хөл хорионд орсон. Энэ зуурт аав, ээж нь бурхан болж, уулзаж амжилгүй, үдэж ч чадалгүй дээлтэйгээ хатаж байв. “Бүх хамгаалалтын хувцсыг өмсөөд, халдвар хамгааллын дэглэмийг сахиад аавынхаа ажил явдалд оролцъё” хэмээн уйлан гуйж байсан бүсгүйн бичлэгийг анаж буй байх. Гэвч хөл хорионоос нь гаргаагүй. Гэтэл Шадар сайдын хадам аав, ээж халдвар авч, эмнэлэгт хэвтэх үед эхнэр, В-ийн нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Ичинхорлоо нь ХӨСҮТ-ийн “улаан шугам”-ыг үл тоон нэвтэрч, улмаар хөл хорионд ч оролгүй гараад явсан тухай хэвлэлээр шуугьсан. Ийм ялгаварлал, ёс зүйгүй үйлдэл нь хариуцлагын тогтолцоотой оронд албан тушаалаасаа огцрох хангалттай үндэслэл болдог. Гэвч манайд юу гэж тэгэх билээ. Шадар сайд “Эхнэр маань өндөр настай аав, ээжээ эмнэлэгт хүргэж өгчихөөд, голомтдоо тусгаарлагдсан. Шинжилгээ өгөөд сөрөг гарсан” гэсэн тайлбар хэлээд л өнгөрөв.
Мөн Боловсролын зээлийн сангаас хүү А.Эрдэнэхүслэн нь Английн Бристолын их сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27 166 ам.доллар буюу 77.4 сая төгрөгийн зээл авсан нь ил болсон. Тэгмэгц Шадар сайд өнөөх л “ширэн нүүр”-ээ гарган, “Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцэхийн тулд миний хүү 2-3 жил хичээсэн. Өөрийн хүчээр энэ сургуулийн шалгуурыг давж, Боловсролын зээлийн сангийн болзлыг хангаснаа баяртайгаар хэлэхэд нь “Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө, боль” гэж хэлж чадаагүй” хэмээн тайлбарлав. Тэгмэгцээ БЗС-гаас авсан зээлээ төлсөн. Өөрийн чадлаар дэлхийн шилдэг сургуульд тэнцсэн ч хамгийн гол нь санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд л уг сан зээл олгох учиртай . Зээл авсан нь илэрмэгц маргааш нь буцаагаад төлчих бэлтэй хүмүүсийн хүүхдэд зориулаагүй. Энэ бол түүний ёс зүйгүй үйлдлийн бас нэгэн жишээ.
Шадар сайдтай хамааралтай гэх барилга, хорооллын талаар ч олон мэдээлэл гардаг. Захаас нь сануулахад л ийм байна. Улс оронд хэрэгтэй хууль санаачилж батлуулсан, зөв шийдвэр гаргасан гэхээс илүүтэй албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан энэ мэт үйлдлээрээ л тэрбээр олон нийтэд танигджээ. Гэвч түүнийг албан ёсоор хуулийн байгууллагынхан шалгаж, буруутгасан, яллагдагчаар татсан, хариуцлага тооцсон зүйл үгүй. Хамгаалалт сайтай улс төрч гэсэн үг. Нам нь хамгааллаа ч ёс зүйн хариуцлага тооцож, парламентад түүнийг дахин сонгохгүй байх эрх зөвхөн сонгогчдод л бий. Иргэдээс хуулийг хатуу мөрдөхийг шаарддаг атал өөрсдөө зөрчдөг, давхар стандарт тогтоодог улс төрчийг бид дахин өндөр сэнтийд залах ёсгүй юм. Улаанбаатарын асуудал улсын эрх ашигтай ч холбоотой гэдгийг алслагдсан дүүргийн сонгогчид санах нь зөв биз ээ.