Өнгөрсөн хавар манай улсад суугаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийж, Монголд байгаа иргэдээ парламентын сонгуулийн санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалсныг сануулъя. Ингэхдээ тэд санал авах байрыг хоёр газарт ажиллуулсны нэг Орхон аймаг байв. Казахстаны 22 иргэн тус аймагт амьдардаг учраас санал авах байр ажиллуулж буйгаа Элчин сайд нь онцолж байлаа. Түүнчлэн тухайн үед манай улсад ажил, аяллаар зорчиж таарсан иргэддээ ч Элчин сайдын яаманд ирж саналаа өгөх боломжтойг хэлэхэд атаархаж байснаа нуух юун.
Харамсалтай нь, үүнийг гадаадад байгаа нийт иргэндээ харьцуулбал маш бага хувь нь сонгох эрхээ эдэлж байна гэсэн үг. Үндсэндээ харь улсад байгаа манай иргэд сонгох эрхээ эдлэхгүй байгаагаас өөрцгүй. Гэхдээ энэ нь харь оронд суугаа манай иргэд санал хураалтад оролцох хүсэлгүй гэхээс илүүтэй сонгуулийн зохион байгуулалт нь бүхий л шатанд оновчгүй, сонгогчийн хувьд зардал, чирэгдэл ихтэй байгаатай холбоотой.
Тунис улс гэхэд 2011 онд парламентын сонгуулиараа зөвхөн Францад дипломат төлөөлөгчийн газраасаа гадна 100 гаруй санал авах байр байгуулж, иргэдийнхээ саналыг авч байжээ. Зарим орон гадаадад байгаа иргэдээ тусад нь тойрог болгож, мандат хуваарилдаг юм билээ. Харин манай улс иргэд нь хэдэн арван мянгаараа харь оронд амьдарч байхад сонгуулиар саналыг нь авахдаа хойрго хандаж, хойш суусан хэвээрээ л байна. Уг нь гадаад улсад байгаа төдийгүй сонгох эрхээ эдэлж чаддаггүй болчихсон бүлэг гэгддэг уурхайн салбарынхан, санал хураалтын өдөр хилийн чанадад байж таарах иргэдийнхээ саналыг ямар нэгэн байдлаар авдаг байх учиртай сан.
Ирэх онд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахтай холбоотойгоор гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах гэж байна. Парламентын сонгуулийг есөн удаа явуулахдаа ердөө хоёр дахиа санал авах гэж буй нь энэ. 2012 онд буюу тэд анх удаа саналаа өгөх үед хилийн чанад дахь манай иргэдийн тоо 107 мянга байсан бол өдгөө 122 мянгыг давж, томоохон хоёр аймгийн сонгогчидтой дүйж байна. Гэхдээ энэ нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүн бөгөөд хууль бусаар оршин суугчдыг хамруулбал дээрх тоо нэлээд өснө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар (дипломат төлөөлөгчийн газар) байрладаг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн л сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй. Өөрөөр хэлбэл, гадаадад байгаа бүх хүн сонгуульд оролцоно гэсэн үг биш. Одоогоор манайхаас дипломат төлөөлөгчийн 49 газар үйл ажиллагаа явуулж байна. Жишээ нь, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам нийслэл Канберра хотод бий.
Тус улсад ойролцоогоор 15 мянга орчим монгол хүн байгаагийн талаас илүү нь Сидней хотод амьдардаг ч тэнд дипломат төлөөлөгчийн газар үгүй. Тиймээс тэд Канберра руу очиж байж саналаа өгөхөөс аргагүй. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр дипломат төлөөлөгчийн газар ажилладаггүй ч монголчууд олноор суурьшдаг хотуудад салбар комисс байгуулан иргэдээ сонгуульд оролцуулах санал гаргасан ч дэмжлэг аваагүй. Ер нь гадаадад байгаа хүмүүсээс саналыг нь авах ажлыг үндсэндээ Гадаад харилцааны яам хариуцаж буй. Хилийн чанадад байгуулах сонгуулийн комиссуудын ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг тус яам, тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар хүлээхээр хуульчилсан тул үүсэж болох ачаалал, хүндрэлээс зайлсхийсэн гэж хэлж болно. Учир нь сонгуулийн үеэр дипломат төлөөлөгчийн газрынхан бараг бүгд шахам энэ ажилд дайчлагдсан, Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан үзүүлэх төрийн бусад үйлчилгээгээ хариуцах хүнгүй үлдэхдээ тулдаг аж.
Нөгөө талаас өндөр зардлаар зохион байгуулдаг санал хураалтад оролцдог хүний тоо чамлалттай байдгийг албаныхан хэлдэг. Тухайлбал, 2012 оны сонгуулиар гадаадад байсан 4276 иргэн саналаа өгнө гэж бүртгүүлсэн ч 65 хувь нь буюу 2779 нь сонгуульд оролцжээ. Харин Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар 7394 иргэн бүртгүүлж, 75.3 хувь нь саналаа өгсөн нь хамгийн өндөр дүн болж буй. Харамсалтай нь, үүнийг гадаадад байгаа нийт иргэндээ харьцуулбал маш бага хувь нь сонгох эрхээ эдэлж байна гэсэн үг. Үндсэндээ харь улсад байгаа манай иргэд сонгох эрхээ эдлэхгүй байгаагаас өөрцгүй. Гэхдээ энэ нь харь оронд суугаа манай иргэд санал хураалтад оролцох хүсэлгүй гэхээс илүүтэй сонгуулийн зохион байгуулалт нь бүхий л шатанд оновчгүй, сонгогчийн хувьд зардал, чирэгдэл ихтэй байгаатай холбоотой. Үнэндээ иргэддээ сонгох эрхийг нь бүрэн дүүрэн эдлүүлье гэсэн чин сэтгэл бус, саналыг нь авсан нэр зүүх, өөрсдийгөө аль болох амар хялбар байлгах гэсэн төрийнхний аминч үзэл ноёлоод байгаа юм.
Угтаа саналаа өгдөггүй гэж баалж суухын оронд гадаад улсад суугаа иргэдэд сонгуулийн үйл явцын талаарх мэдээллийг эртнээс түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Санал хураалтын өдөр үндэсний дээл, хувцсаараа гоёж Элчин сайдын яам, Консулын газарт ирээд, бүртгүүлээгүй гэх шалтгаанаар саналаа өгч чадалгүй буцсан тохиолдол олон юм билээ. Тухайлбал, сонгуульд оролцох хүсэлт илгээх хугацааг сурталчилгааныхтай хамааралтайгаар тогтоох нь оновчтойг ажиглагчид хэлж иржээ. Жишээ нь, Ерөнхийлөгчийн сүүлийн хоёр удаагийн сонгуулиар гадаадад байгаа иргэд сонгуульд оролцох, эсэхээ тухайн жилийнхээ тавдугаар сарын эхнээс бүртгүүлэхээр хуульчилсан байдаг. Бүртгэл нь 2017 онд 20 хоног үргэлжилсэн бол 2021 онд ес хоног байх жишээтэй.
Энэ хугацаанд бүртгүүлээгүй бол саналаа өгөх эрхгүй гэсэн үг. Гэтэл 2017 онд сурталчилгаа нь зургаадугаар сарын 6-нд буюу бүртгэж дууссанаас даруй 20-иод хоногийн дараа эхэлсэн байгаа юм. Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар л бүртгэлийн болон сурталчилгааны хугацаа найм хоног давхцаж байсан аж. Өөрөөр хэлбэл, кампанит ажил, сурталчилгаа албан ёсоор эхэлж, гадаадад байгаа иргэд нийгмийн сүлжээгээр сонгуулийн уур амьсгалыг мэдэрч, анзаарч эхлэх үед бүртгэл нь хэдийн дуусаж, саналаа өгөхөөс өнгөрсөн байдаг. Харин энэ удаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд гадаадад санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө бүртгүүлж, оролцохоо мэдэгдэхээр тусгасан нь нааштай зохицуулалт гэлтэй. Энэ нь сонгуулийн сурталчилгаа болон бүртгэлийн хугацаа үндсэндээ давхцаж буй хэрэг.
Мөн гадаадад санал авах ажиллагааг дөрөв хүртэл өдөрт зохион байгуулахаар заажээ. Ерөнхийлөгчийн сүүлийн хоёр удаагийн сонгуулиар санал хураалтын өдөр тус бүр хоёр хоног байсан бол 2013 онд гурав, УИХ-ын 2012 оны сонгуулиар ердөө нэг өдөр л иргэдийнхээ саналыг авсан байна. Сонирхуулахад, Шинэ Зеланд Улс иргэдээсээ гадаад, дотоод гэлтгүй ижил хугацаанд саналыг нь авдаг аж. Харин манайхан Монголд амьдарч буй, эсэхээсээ шалтгаалан өөр өөр өдөр саналаа өгч ирсэн бөгөөд 2012 оны сонгуулиар гадаадад байгаа иргэд 17 хоногийн өмнө сонгуульд оролцож байжээ.
Гэхдээ сонгуульд оролцоно гэдгээ бүртгүүлэх үйл явц сонгогчдын хувьд тэгтлээ хялбарших нь юу л бол. Гадаад улсаас саналаа өгөх сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх журмыг Гадаад харилцааны яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас хамтран гаргана. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан, тухайн иргэн өөрийн байгаа улсад суугаа дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсвэл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх зохицуулалт нь үндсэндээ хэвээрээ үлдэх бололтой. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт салбар комисст хүргүүлэх ёстой. Эл маягтыг бөглөхөд багагүй асуудалтай, жижиг сажиг шалтгаанаар бүртгэхгүй байх тохиолдол олонтоо гэдгийг саналаа өгөх гээд бүтэлгүйтсэн хүмүүс хэлж байсан юм. Нэгэнт санал өгөх үйл ажиллагааг цахимжуулж чадаагүй манай улсын хувьд гадаадад байгаа сонгогч бүртгүүлэх гэж, бас сонгуульдаа оролцохын тулд хоёр ч удаа биечлэн очих боломжгүй хүмүүст сонгох эрхээ эдлэх нөхцөлийг нь бүхий л талаар нээлттэй байлган, чирэгдүүлэхгүйгээр зохицуулах учиртай.