Манай улсын шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас нь өнгөрсөн есдүгээр сарын 22-ны тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний экспортыг тодорхойгүй хугацаагаар хориглохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу дээрх өдрөөс аравдугаар сарын 6-ны хооронд хойд хөршөөс Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт саатсанаас шалтгаалж дотоодын зах зээлд шатахууны хангамж, нийлүүлэлт доголдсоныг АМГТГ-аас мэдээлэв. Шуурхай арга хэмжээ авсны дүнд өнгөрсөн сарын 6-наас эхлэн ОХУ-аас Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор манайд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээсэн ч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалж дотоодын зах зээлд шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байгаа аж. Нийлүүлэгч талаас аравдугаар сарын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Сүхбаатар боомтоор оруулж ирэх газрын тосны бүтээгдэхүүнтэй вагоны тоо ихсээд байгаа гэнэ.
Иймээс АМГТГ-аас хилээр оруулж ирсэн шатахуунтай вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих, гаалийн бүрдүүлэлтийг шуурхай гүйцэтгэх, лабораторийн шинжилгээ хийхтэй холбоотой асуудлаар зөвлөлдөх уулзалтыг Толгойт өртөөнд зохион байгуулжээ. Тус уулзалтад “Улаанбаатар төмөр зам”, Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн төлөөлөл оролцсон бөгөөд одоогийн байдлаар хил, боомт, өртөөдөд зогсож буй шатахуунтай 485 вагон (29 100 тонн)-ыг шуурхай татан авч, бүтээгдэхүүний хангамж тогтворжих хүртэл хамтарч ажиллахаар тохиролцсон аж. “Улаанбаатар төмөр зам”-аас хамгийн их ачаалалтай ажиллаж буй Толгойт өртөөнд нэмэлт сэлгээний ажил зохион байгуулж байна.
Толгойт өртөөнд татан авалт хийхээр шатахуунтай 195 вагон (11 700 тонн) зогсож байгаа гэнэ. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд энэ сарын 7-ны байдлаар 85 073 тонн шатахууны үлдэгдэлтэй байжээ. Үүнээс А-80 бензиний 2510, АИ-92-ын 27 164, АИ-95-ын 6466, дизелийн түлшний 44 272 тоннын нөөцтэй байсныг мэдээлэв. Энэ нь А-80 бензиний 15, АИ-92-ын 22, АИ-95-ын 33, дизелийн түлшний 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх дүн аж. Манай улс энэ он гарснаас хойш 2.02 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон бөгөөд үүнээс 20.5 мянган тонн нь А-80, 575.1 мянга нь АИ-92, 16.3 мянга нь АИ-95/98, 1.1 сая нь дизелийн, 49.4 мянга нь онгоцны, 41 мянга нь Жет А-1 түлш, 218.4 мянга нь бусад бүтээгдэхүүн байв.
Бэлтгэсэн: Б.Сонор