Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой ярилцлаа. Тэрбээр Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчийн хувиар шинэ мэдээ, мэдээллээ хуваалцсан юм.
-Хуулийн төслийг цахим орчин байршуулж, иргэдээс санал авсан. Иргэдээс ирж буй саналуудаас хэчнээн хувийг нь төсөлдөө тусгасан бэ?
-Ажлын хэсгийнхэн Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсруулж, жил гаруйн хугацаанд ажиллалаа. Гэр бүлийн бодлогыг ХНХЯ хариуцдаг учраас нягт хамтарсан. Улмаар холбогдох нийгмийн оролцогч талуудаар өнгөрсөн хаврын турш хэлэлцүүллээ. Зургадугаар сараас олон нийтээс санал авлаа. Иргэд саналаа маш их өгсөн. ХЗДХЯ-ны сайт хандалт өндөртэй байлаа. Хамгийн сүүлд авсан мэдээгээр иргэд 400 гаруй санал өгчээ. Тэндээс багцлаад үзэхээр гурван гол санал олон давхацсан байна. Нэгдүгээрт, энэ хуулиар гэр бүлийн тогтвортой байдлыг хангаж өгөөч, аль болох салалтыг буруулахад чиглэсэн зохицуулалт хийгээч гэжээ. Хоёрдугаарт, хосууд нэгэнт салсан тохиолдолд хүүхдийн тэтгэмжийг нэмж тогтоох, мөн заавал төлүүлдэг байгаач гэсэн. Ихэнх тохиолдолд ээжүүд хүүхдээ асрамжилж, авч үлддэг. Тиймээс аавуудыг хариуцлагажуулах зохицуулалт оруулж өгөөч гэх санал маш их өгсөн байсан. ШШГЕГ-аас авсан мэдээллээр өнөөдөр хүүхдэдээ мөнгө өгөх үүрэгтэй 14 000 хүн байна. Тэдний 60 хувь нь мөнгөө төлдөг, 40 хувь нь төлдөггүй. Статистикт тулгуурлан тэтгэлгийн хэмжээг төлөгчийн орлоготой уялдуулж тогтоох, хүүхдийн өмнөх нөхцөл байдлыг дордуулахгүй байхад анхаарсан. Гуравдугаарт, салалтад хамгийн их нөлөөлдөг гэр бүлээс гадуурх харилцааг хуульчилж өгөөч гэсэн саналууд өгчээ. Иргэдээс ирүүлсэн саналыг аль болох л хуулийн төсөлд тусгасан.
-Гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд дээрх хуулийн төслийг нэлээд уншиж, судалж, хэлэлцүүлсэн. Тэд Гэр бүлийн яамтай болъё, мэргэшсэн цагдаа, прокурор, дагнасан шүүхтэй болъё гэдэг дээр ерөнхийдөө санал нэгдэж, дуу хоолойгоо илэрхийлсэн. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нар үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг магадлан итгэмжлээч, төрөөс дэмжлэг үзүүлээч гэсэн байсан?
-Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад оруулсан томоохон өөрчлөлтийн нэг нь зарим зүйлийг заавал шүүхээр шийдүүлэх зохицуулалт юм. Тухайлбал, хүүхдийн эрх ашиг хөндөгдөж буй, хохирч болзошгүй асуудалд заавал шүүх шийдвэр гаргана гэж оруулсан. Ялангуяа, хүүхэд үрчлэх, эсэхийг өнөөдөр төрийн захиргааны байгууллагууд шийддэг. Хүүхэд үрчлэх эцсийн шийдвэрийг шүүх гаргах нь олон улсын жишигт нийцнэ. Иймд гэр бүлийн дагнасан шүүхийг нийслэлд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч байх маргаанд оролцогч талуудыг эрх ашгийг хамгаална гэж үзсэн. Хэрвээ хүүхэд оролцож байгаа бол эрхийг нь хамгаалах, тэдний эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол хүүхдэд нэмж дарамт үүсгэхгүй байх зэрэг асуудлыг тодорхой ярьсан. ШЕЗ, Дээд шүүхийнхэнтэй энэ талаар уулзалт зохион байгуулж, зөвшилцөлд хүрээд Гэр бүлийн дагнасан шүүх байгуулах хуулийн төсөл боловсруулж эхэлсэн.
Ер нь Гэр бүлийн дагнасан зөвлөх үйлчилгээнүүдийг бий болгох шаардлагатай. Ялангуяа, дагнасан шүүхтэй болбол иргэн гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх ажиллагааг түр түдгэлзүүлэх, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд хамруулах, сэтгэл зүйн зөвлөгөөг өгөхөд анхаарч эхэлнэ. Цаашдаа эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг үр дүнтэй болгохоос гадна, сэтгэлзүйч, нийгмийн ажилтны хүртээмж нэмэгдэх байх.
-Хүүхэд гэртээ хамгийн их хүчирхийлэлд их өртдөг. Салсных нь дараа үл хайхрах хүчирхийлэлд өртдөг. Зарим томчууд хүүхдээсээ татгалзаад асрамжийн газарт орхиод явчихдаг. Ийм асуудалтай эцэг, эхийг зан үйлийн сургалтад хамруулах, нийгэмшүүлэх заалт хуулийн төсөлд орсон уу?
-Монгол Улсын 1000 гаруй хүүхэд гэр бүлээсээ хол асрамжийн газарт амьдарч байна. Мэдээж хүүхдүүдийг аль болох гэр бүлийн орчинд нь өсгөх боломжийг төр эрэлхийлэх ёстой. Төр хамгаалах зорилгоор хүүхдийг эцэг, эхээс нь тусдаа байлгадаг. Эцэг, эх нь согтууруулах ундаа болон мансуурах бодисны хамааралтай бол хамгаална. Хүүхэд бүрт хүрч, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлгүүддээ хүргэж ажилласнаар гэр бүлийн бус орчин өсөж том болж буй 1000 гаруй хүүхдийн тоо буурах байх. Эцэг, эх байх эрхийг хамгийн сүүлчийн мөчид л хасна. Үнэхээр эрхийг зөрчөөд, хүчирхийлэл үйлдээд байгаа бол эрхийг нь хасдаг байх ёстой. Ээж, аав байх эрхийг хязгаарлах, хасах заалтыг нийтлэг хэрэглээд байгаа нь хүүхдийн эрхийг давхар зөрчиж буй явдал. Тиймээс үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй.
-Гэр бүлийн тогтвортой байдлыг хуулиар хэрхэн хангах вэ?
-Эцэг, эхийг хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангах залуу гэр бүлийг тогтвор суурьшилтай байхад чиглэсэн ажил хийнэ. Залуус ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх, орон сууцыг хүртээмжтэй болгох гээд маш олон санал ирүүлсэн байсан. Гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад эдгээр санал их чухал. Хамгийн гол нь хосууд гэрлэхдээ хүүхдийн эрх ашгийг харгалзаж үзэх заалт оруулсан. Мөн хүүхдийг гэрийн орчинд өсөж торних эрхийг хангахад чиглэсэн цөөнгүй заалт оруулсан. Тиймээс гэрлэгчид хүүхдийн өмнө хамтын хариуцлага хүлээнэ. Гэрлэхдээ, хамт амьдрах шийдвэр гаргахдаа хосуудын харах маш том асуудал нь хүүхдийн эрхийг зөрчихгүй байх заалтууд юм. Ингэснээрээ хамтын үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шийдвэрээ сайн бодож гаргадаг болох болов уу. Гэхдээ хуулиар зохицуулж болох, болохгүй асуудал гэж бий. Нөгөө талаасаа олон удаагийн хэлэлцүүлэг хийх явцад анзаарагдсан зүйл нь Гэр бүл төлөвлөж буй залууст сургалт дутмаг байна гэж харсан. Залуус ч энэ талаар хүсэлтээ их гаргасан. Мэдээж тааламжгүй харилцаатай бол тулгамдсан асуудлаа хамтдаа давах үйлчилгээг хуулиар гэхээсээ илүү Засгийн газрын бодлогоор зохицуулах нь зөв болов уу.
- Эл төсөлд 1999 оны хуульд байхгүй, шинэлэг ямар зохицуулалтыг тусгаж өгсөн бэ?
-Гэрлэлтийн гэрээний асуудлыг шинээр тусгаж өгсөн. Эрх үүргийг нь тодорхой болгосон гэсэн үг. Гэрлэхээсээ өмнө болон гэрлэсний дараа, гэрлэлт хүчинтэй байх хугацаанд эд хөрөнгийн харилцаагаа зохицуулах гэрээ байгуулж болох заалт оруулсан. Харин хүүхдийн эрхтэй холбоотой, гэрлэгчдийн эд хөрөнгийн бус харилцааг гэрээнд тусгахыг хориглосон. Хоёрдугаарт, Гэр бүлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллагуудын ажлын уялдааг хангах зорилгоор бүтэн нэг бүлгийг шинээр оруулсан. Ингэснээр салбар дунд орхигддог асуудал арилна, хийдэл цэгцэрнэ.