Монгол Улсын төмөр замын салбарт хэд хэдэн төслүүдэд хөрөнгө оруулалт татахаар “Тээврийн долоо хоног 2023” форумын үеэр танилцууллаа.
Тодруулбал,
- Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орж тээвэрлэлтийн хүчин чадал 25-30 сая тонноор,Арцсуурь-Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам жилд 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ.
- Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замын төсөл нь концессоор хэрэгжих бөгөөд “Монголын төмөр зам ТӨХК”-ийн оролцоотой төслийн зориулалттай “Сайншанд-Баруун-Урт-Хөөт төмөр зам” ХХК хэрэгжүүлнэ.
- Төв коридорын Багахангай өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотыг баруун урд талаар Богдхан уулын өвөрт байрлах Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын орчмоор дайран тойрон гарч, төв коридорын Мандал өртөөтэй холбогдох 144.8 км төмөр замын төсөл,
- Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км төмөр замын төслийг хэрэгжүүлэх төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах төслүүдийг танилцууллаа.
Монгол Улсын төмөр замын салбарт баримталж буй бодлого, стратегийг бүрэн хэрэгжүүлснээр төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжиж, Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридоруудтай болж, нийт эдийн засгийн 3 коридортой болно. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав гэсэн төмөр замын 3 боомттой байгаа бол бодлого хэрэгжсэнээр Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд төмөр замаар холбогдож нийт 7 төмөр замын боомттой болох юм. Дээрх төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая тонн буюу 5 дахин өсөх тооцооллыг салбар яамнаас гаргажээ.
Харин БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтуудаар, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомтуудтай холбогдох асуудлыг тохироод байна. Цаашлаад Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Турк улсын Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэхээр төлөвлөжээ.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан. Энэ нь далайд гарцгүй манай орны хувьд, Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт замнал бүхий газарзүйн байршлын давуу талаа ашиглан, тээврийн сүлжээгээ өргөжүүлж, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, дэлхийн худалдаа, эдийн засгийн сүлжээнд идэвхтэй оролцох, улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх юм.
Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас баталсан “Екатеринбург-Наушки-Замын-Үүд-Бээжин-Тяньжин” чиглэлийн Транс-Монголын коридор нь Ази, Европыг холбосон хамгийн дөт тээврийн коридор юм. Тус коридорын урт нь Казахстаны нутгаар дамжин өнгөрөх коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км-ээр дөт.Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдуулан баруун коридорыг ОХУ-ын Курагино-Кызыл-Цагаан Толгой боомтоос Монгол Улсын Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн боомтоор дамжин БНХАУ-ын Сэхэ-Далайхөв узен хүрэхээр төлөвлөөд байна. Мөн ОХУ-ын Борзя-Соловьевск боомтоос Монгол Улсын Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт боомтоор дамжин БНХАУ-ын Зүүн хатавч-Улаанхад- Чаоянаар дайран Жинжоу, улмаар Лянюунган далайн боомтуудад хүрэх гарцыг онцолж байна. Ингэснээр урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридортой болох нөхцөл бүрдэх юм.
Евроазийг холбосон коридоруудын тээвэрлэлтийн үзүүлэлтээс харахад нийт транзит ачааны 29 хувийг Манжуур боомтоор, 27 хувийг Хоргос боомтоор, 20 хувийг Алашанкоу боомтоор, 19 хувийг Замын-Үүд, Cүйфэнхө боомтоор тээвэрлэж байна. Монгол Улсын төмөр замын салбарт хэрэгжүүлж буй төслүүд бүрэн хэрэгжсэнээр манай улсын нийт 13 аймаг төмөр замын дэд бүтцэд холбогдож, нийт 4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болж, ашигт малтмалын 230 орчим орд газар эдийн засгийн эргэлтэд орох, төмөр замаар нийт 180 сая.тн хүртэлх ачаа тээвэрлэх, шинээр 13,0 мянган байнгын ажлын байр, 20-30 мянган түр ажлын байр бий болох, дэд бүтэц дагасан томоохон суурьшлын бүсүүд бий болох юм.