УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улстөрч” булан нээж байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд хэнд ч төдийлөн танигдаагүй нэгэн эмэгтэй төр түшилцэх болсон нь Баянхонгороос сонгогдсон Амгалангийн Адъяасүрэн байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх хэмээн “наалдаж” явсаар баянхонгорчуудын тодорхой хувийн, тэр дундаа, мотоцикл, гар утас мэтхэнд үзэл бодлоо худалдсан иргэдийнх нь дэмжлэгээр гишүүний зөөлөн сэнтийд заларсан нэгэн.
Тэр бол Эрүүгийн хэргийн яллагдагч, хэргээ шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээгүй атлаа хууль тогтоохоор ард түмний төлөөлөл болж, 76-гийн нэгээр сонгогдон “жаалж” яваа гишүүдийн нэг. “Өнөөдөр” сонин 2020 оны сонгуулийн өмнөөс л энэ эмэгтэйг эрүүгийн хэргийн яллагдагч гэдгийг олонд хүргэж, сонголтоо зөв хийхийг уриалж байсан ч эрхэлж буй бизнесээсээ олсон мөнгөөрөө сонгогчдын саналыг худалдаж авч чадсан гэх хардлага тойргийнхных нь дунд байдаг юм.
Юутай ч эрүүгийн, тэр дундаа хээл хахууль, авлигын хэргийн яллагдагч атлаа төрийн түшээ болж, хууль батлалцаж, ард түмний өмнөөс шийдвэр гаргахад оролцож чадаж байгааг нь өдгөө хүн бүр мэдэх болсон. Тодруулбал, энэ гишүүн сүүлийн жил гаруйн хугацаанд олны анхааралд байгаа “нүүрсний” гэх хэргийн нэг үйлдлийн яллагдагч билээ. Үүний хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгаж, заримыг нь шүүхээр шийдвэрлүүлж буй бөгөөд тээвэрлэлттэй холбоотой нэг үйлдэлд А.Адъяасүрэн холбогдсон байдаг. Тэрбээр Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 000 ам.долларын хахууль өгсөн нэгэн. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл авахын тулд дээрх хэмжээний хахууль өгсөн гэдэг. Ингэхдээ Г.Доржпаламын хүргэн Б.Габит гэх залуугаар дамжуулан 2020 оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд уг мөнгийг хүргүүлсэн гэдэг юм.
Түүнээс хахууль авснаа АТҮТ-ийн хэлтсийн дарга Г.Доржпалам хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх санал ч гаргаж байсан удаатай. Тэрбээр мэдүүлэгтээ “А.Адъяасүрэн утсаар ярьсны дагуу хүргэнээ явуулж мөнгө авхуулсан. Хүргэн над руу ярьж мөнгө авчихлаа, одоо яах вэ гэж хэлсэн” хэмээсэн байдаг. Ийнхүү хахууль өгсөн үйлдэл нь хаашаа ч бултаж чадахааргүй илэрхий болсон байхад шүүх, прокурорын шатанд хэрэг шийдэгдэхгүй дөрвөн жилийн нүүр үзэж буй нь хачирхалтай.
Нэг хэсэг А.Адъяасүрэн яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй зугтаж, “ах нар”-ынхаа өрөө тасалгаагаар уйлж унжиж гүйсэн гэдэг. Дараа нь прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв. Харин хэргийн бусад оролцогчийн гомдлын дагуу А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан тогтоолыг сэргээсэн ч шүүхийн босгоор даваагүй байгаа юм.
Зөвхөн АТҮТ-ийн Г.Доржпалам бус, дэд даргаар нь ажиллаж байсан Х.Баярхүү ч бас А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон нь “Нүүрсний” гэх хэргүүдийн мөрдөн шалгалтын хүрээнд тодорхой болсон. Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сантээвэр групп”, “Ульгансар транс”, “Тэнгри транс” зэрэг аж ахуйн нэгжийн 300 гаруй ачааны автомашин, мөн тооны чиргүүлийг техникийн хяналтын улсын үзлэгт хамруулахгүйгээр тэнцүүлсэн хэмээн АТҮТ-ийн Увс аймаг дахь салбарын мэдээллийн санд хуурамч мэдээлэл оруулахад А.Адъяасүрэнгийн нөлөө, ямар нэг хэмжээгээр байсан нь тодорхой. Нүүрсний тээврийн үйл ажиллагаа эрхлэгчдийн дунд буй яриагаар бол хятадуудын мөнгийг эргүүлж, ашиг олон, УИХ-ын гишүүний сэнтийд заларсан ч хийж бүтээж гавьсан зүйлгүй дөрвөн жилийг үдэж байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгээр Ардчилсан намын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн тэрбээр тус холбооны тэргүүн болж чадсан бол намын жагсаалтаар УИХ-ын гишүүний “жавдан”-д залраад дахин хахуулийн хэргээ шийдүүлэхгүй байж ч мэдэх байлаа. Харин АН-ын эмэгтэйчүүд нэг удаа түүний хүслийг хязгаарлав. Одоо АН-ынхан үнэхээр авлигатай тэмцэх хүсэл зоригтой бол А.Адъяасүрэнгээ нэр дэвшүүлэхгүй байх учиртай. Баянхонгорчууд 2020 онд мотоцикл, гар утсаар саналаа худалдсан алдаагаа энэ удаа давтахгүй байж авлигад “үгүй” гэж хэлэх ёстой. Хэрэв сонгогч та бүхэн хариуг нь зөв өгч чадвал хээл хахуулийн, “нүүрсний” гэх нэг хэргийн хувь заяа шүүхээр эцэслэн шийдэгдэж, эрүүгийн хариуцлага гарцаагүй хүлээх болно. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийнх нь бүрдэл хангагдаж, хэзээ мөдгүй прокурорын шийдвэр гарч, шүүхэд очиход бэлэн болоод байгаа, А.Адъяасүрэнд холбогдох, АТҮТ-ийн албан тушаалтанд хахууль өгсөн үйлдлийг нь дэнслэх цаг хугацаа ойртоод буй юм.