“Хүний амьдрал бол хоорондоо үл давтагдах маршруттай адал явдалт аялал юм” гэсэн үг байдаг. Зарим нь хувь заяаны эрхээр илүү адармаатай, даваа нугачаатай аяллыг туулдаг бол нэг л хэвийн замаар, тогтсон урсгалаар явахыг хүсдэг нь ч бий. Мөн энэхүү аяллыг илүү амттай, сонирхолтой, адал явдалтай болгохыг зорьж, тэмүүлж, амьдралдаа дахин нэг томоохон аяллыг эхлүүлдэг зоригтнууд ч бий. Яг л ийм зоримог хүслээр амьдралдаа, гэр бүлдээ, үр хүүхдүүдийнхээ өмнө гайхамшигт түүхийг бүтээж яваа Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа нарыг энэ удаагийн “Хүмүүс” буландаа урьж, ярилцлаа. Хосууд одоогоос таван жилийн өмнө Улаанбаатараас Лондон хүртэл автомашинтай аялж, таван сарын хугацаанд 41 улсад очин, 47 000 км зам туулсан билээ. Харин өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн Улаанбаатар-Сидней чиглэлийн ээлжит авто аяллаараа 16 улс дамжин 70 000 км зам туулсны эцэст зорьсон газартаа хүрсэн юм. Урт аянаас дөрөө мултлаад буй тэдний сонин сайхнаас хуваалцъя.
-Танай гэр бүл автомашинтай эхлүүлсэн хоёр дахь том аяллынхаа ард гараад байна. Энэ удаагийнх юугаараа онцлог, өгөөжтэй байв?
Ш.Т: -Маш чанартай аялал боллоо. Эхний удаа явахдаа автомашинтай аяллын талаар мэдлэг, туршлагагүй байсан тул учир зүггүй давхиад л байсан. Юм үзээд, хараад яваад байна гэж бодсон ч тогтож төвлөрөөгүй юм билээ. Харин сүүлийн аяллаар нэг улсад багадаа 20-30 хонож, тухайн газар орны түүх соёл, иргэдийн ахуй амьдралтай ойр дотно танилцсан. Тэр үүднээсээ илүү чанартай аялал болсон гэж дүгнэж байгаа. Хугацааны хувьд ч урт. Бид энэ удаа 440 өдөр буюу 15 сарын хугацааг замд өнгөрөөсөн.
Д.А: -Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ явсан нь энэ аяллын гол онцлог. Бид тавын хувьд бүх зүйл шинэлэг, сонирхолтой байлаа. Энэ хугацаанд тохиосон зовлон жаргал, сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, ард нь гарлаа. “Бид үүнийг хийж чадлаа гэж үү” хэмээн бахархах сэтгэл төрж байна.
-Хоёр дахь авто аяллаа эхлүүлэх үед нь коронавирусийн тархалт намжсан ч тодорхой хүрээнд хориг хязгаарлалт, дэглэм үйлчилж байсан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан саад бэрхшээл тохиолдов уу?
Ш.Т: -Бид цаг үеийн байдлаа харзнаж байгаад, дэлхий дахинд цар тахлын хорио суларсан үед аяллаа эхлүүлсэн учир үүнтэй холбоотой саад бэрхшээл харьцангуй бага тулгарлаа. Непалаас Хятад улс руу нэвтрэх болоход тус орон газрын хилээ нээгээгүй байсан учир маршрутаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн. Мьянмар улс тухайн үед байлдааны нөхцөл байдалтай байсан учир хилээр нь нэвтэрч чадалгүй, далай гаталж явсан. Цаг үеийн байдлаас шалтгаалсан бэрхшээл гэвэл энэ хоёр тохиолдол л байна. Үүнийг давахын тулд багагүй зардал, цаг хугацаа, энерги зарцууллаа. Нэлээд удаан хугацаанд гацсан. Непалаас Шри Ланкахүртэл бараг2300 км зам туулж байж усан онгоцонд хүрсэн. Хэрэв Хятад улс коронавируийн хоригоо цуцалчихсан, Мьянмарт дайн гараагүй байсан бол ингэж тойруугаар явж цаг алдахгүй, төлөвлөсөн маршрутаараа зорчих байлаа.
-Улс болгон дахин давтагдашгүй онцлогтой, өөрсдийн гэсэн соёл, ахуйтай. Гэхдээ энэ удаа очсон 16 улсаас илүү онцгой мэдрэмж, сайхан дурсамж үлдээсэн нь аль вэ?
Д.А: -Улс болгон сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Очсон орон бүртээ багадаа 30 хонодог болохоор тодорхой хэмжээгээр дасдаг, дараагийн улс руу явахдаа догдолж, тэмүүлдэг. Заавал нэгийг нь нэр цох гэвэл Ираныг онцолно. Бид 2018 онд “цэнхэр” машинтайгаа аялахдаа тус улсын хилээр нэвтэрч чадаагүй юм. Харин энэ удаа бичиг баримтын асуудлаас болоод Турк-Ираны хил дээр 32 хоног гацсан. Ирандочихын тулд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан учир хилээр нэвтэрч чадсаны дараах мэдрэмж сайхан байлаа. Энэ аяллын гол чимгүүдийн нэг нь Исламын Бүгд Найрамдах Иран улс юм.
Ш.Т: -Бид Ираны хилээс нийт дөрвөн удаа буцаагдсан. 2018 онд Арменийн талаас нэвтрэх гээд чадаагүй. Дараа нь Туркийн Юуксегова хилээс нэг, Гурбулакаас хоёр удаа буцаж байлаа. Энэ удаа Туркт32 хоног хүлээж, дараа нь хоёр улсын хилийн заагт 24 цаг гацаж байж нэвтэрсэн. Иран бол бидэнд хамгийн “үнэтэй” олдсон улс. Тэр хэрээрээ үнэ цэнтэй байсан. Дахиад ч явмаар байна. Үзэж сонирхох зүйл олонтой, хэзээ ч үл давтагдах, дэлхий дээрх маш өвөрмөц улс.
Д.А: -Биднийг аялж байх үед Иран үймээн самуунтай, бослоготой байгаа талаар мэдээ, мэдээлэл телевиз, радиогоор хаа сайгүй гарч байлаа. Олон нийтийн газарт хижаб (гивлүүр)-гүй зорчсон залуу эмэгтэйг цагдаа нар саатуулсны дараа учир битүүлгээр амиа алдсан нь иргэд бослого гарах нөхцөл болсон юм билээ. Үүнээс улбаалаад тус улстай холбоотой бараан мэдээлэл олон улсад түгээд байв. Хачирхалтай нь, бодит нөхцөл байдал мэдээнд дурдсан шиг хүнд байгаагүй. Сошиал суваг дахь мэдээлэл болон бодит амьдрал дээрх ялгаатай байдлыг бид тэндээс олж харсан. Нийгмийн сүлжээ, телевизээс мэдээлэл хүлээж авах, бодит байдалтай нүүр тулж, танин мэдэх хоёр асар ялгаатай юм билээ.
-Харьцангуй амгалан тайван, аюулгүй үед нь очсон байж болох уу?
Ш.Т: -Иран бүх аялагчийн хувьд шилдэг нь байж чаддаг. Аль нэг улс, хотод зорчиж буй хүнд сайн сайхан үйл явдал тохиохыг алийг нь тэр гэх вэ. Бодит байдал нь тийм ч таатай биш атал заримдаа онцгой сайхан үе таараад, эерэг сэтгэгдэл төрүүлэхийг үгүйсгэхгүй. Гэтэл бид Иран улсад бүхэл бүтэн 3900 км зам туулж, маш олон сум, тосгон, хотод очсон. Тэр бүртээ иран, перс хүний найрсаг, зочломтгой, тусч зан чанарыг мэдэрсэн. Перс хэл мэдэхгүй учраас хэл нэвтрэлцэхгүй, ойлголцохгүй үе гарна. Тэр болгонд маш их сэтгэл гаргаж, тусалдаг. Жуулчдыг “Та нар манай эх орны зочин” хэмээн найр тавьж, хүндэлдэг. Иран бол шатахууныг дэлхийд хамгийн хямдаар борлуулдаг улс. 80 литрийн багтаамжтай савыг шатахуунаар дүүргэхэд л нэг ам.доллар буюу ойролцоогоор 3500 орчим төгрөг болдог. Гэхдээ тэд энэ мөнгөө ч аялагчдаас авдаггүй. Шатахуун түгээх станцууд нь “Жуулчдад үнэгүй үйлчилнэ” гээд биччихсэн байдаг. Ийм гайхалтай улс дэлхий дээр өөр байх уу.
Д.А: -Бага насны гурван хүүхэдтэй аялж яваа гэр бүлийг ямар ч улсын иргэд найрсгаар хүлээн авч, хүндэлдэг юм билээ. Бидний явсан маршрут, туулсан зам, хугацааг сонсоод бүр ч найрсаг ханддаг. Энэ удаагийн аялал олон хүний хайр, хүндлэл дунд үргэлжилсэн.
-Тэгвэл төсөөлөл, хүлээлтээс тэс ангид байсан нь ямар улс вэ?
Ш.Т: -Пакистаныг нэрлэнэ. Пакистанчууд гэхээр буу шийдэм агссан, бавайсан сахалтай, бөөн террорист төсөөлөлд буудаг. Биднийг аяллаа эхлүүлж байхад ч хүмүүс “Пакистанаар яаж явна аа” гэж байлаа. Бид тус улсад төрийн тусгай хамгаалалт дор аялсан. Пакистан улс биднийг эх оронтой нь танилцах гэж ирсэн хүндэт зочид гэж үзээд, тэнд байх хугацаанд цагдаа, цэрэг, тусгай албаны 150 гаруй хүн, 50-иад автомашин, техник хэрэгсэл гаргаж хамгаалсан. Тус улсын талаарх тогтсон ойлголт, бодлыг эвдэхийн тулд жуулчнаас нэг ширхэг ч үс унагаахгүй, аюулгүй аялуулах бодлого баримталдагюм байна. Төрийн өндөрлөгүүд зорчиж буй аятай л нүсэр хамгаалалтад аяллаа. Тухайн улс жуулчид руу чиглэсэн ямар бодлого баримталж, хэрэгжүүлж байгаа нь гадаадын оронд очиход тэр бүр мэдэгддэггүй шүү дээ. Харин Пакистанд энэ нь мэдэгддэг, мэдрэгддэг. Тэд жуулчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. Жуулчдад тусгай буюу өндөр үнээр үйлчлэх, дугаарлуулж зогсоох гэсэн асуудал байдаггүй. Жуулчид дараалалгүй, бас үнэгүй үйлчлүүлнэ гэсэн дүрэмтэй. Төрийн бодлогод нь хайрлагдаж аялах таатай байлаа.
-Танай гэр бүл аялах хүсэл сонирхолтой хүмүүст урам зориг өгч, шинэ жим гаргаад зогсохгүй эх орноо олон улсад таниулан сурталчилж яваа. Гадаадын иргэд Монгол орон болон монголчуудын талаар ямар ойлголт, төсөөлөлтэй байх юм?
Ш.Т: -“Van life’’ буюу автобусны амьдралаар аялаад ирэхээр яг ийм төрлийн аялагчдын хүрээлэлд орчихдог юм билээ. Олон ч найз нөхөдтэй болсон, мэдээлэл авах, өгөх хүрээ ч тэр хэрээр өргөжсөн. Тэдний хандлагаас харахад, Монгол бол аялагч нарын хамгийн ихээр очиж үзэхийг хүсдэг, үлгэр домгийн мэт улс. Хаанаас ирснээ хэлэхэд л “Би танай улсад очихыг мөрөөддөг” гэдэг. Энэ үгийг үнэн сэтгэлээсээ хэлж байгаа нь мэдрэгддэг. Машинтай аялагчдын хувьд Монгол Улс бол диваажин. Манайх шиг ийм өргөн уудам газар нутагт эрх чөлөөг эдэлж, хүссэнээрээ, дураараа аялж болохуйц, ард иргэд нь найрсаг, тусч, аюулгүй, бүх зүйл нь цогцолсон улс төдийлөн олон биш. Монголчууд 1000 жилийн өмнөх амьдралын хэв маягаараа өнөө цагт ч амьдарч байгаа нь жуулчдын сонирхлыг татдаг. Авто аялагчидтай уулзахаар “Анх удаа ази, тэр дундаа монгол аялагчидтай таарч байна” гэдэг. Хариуд нь “Монголчууд яг та нарын адилаар аялдаг болсон” гэж хэлдэг юм. Бид очсон бүх газартаа эх орныхоо нэрийг гаргахыг хичээдэг. Гадаадынхан “Энэ хаанахын автомашины дугаар вэ” гээд л сонирхож эхэлдэг. Тэр бүрт 20-30 хүн бөөгнөрч, Монголын талаар яриа өрнүүлдэг юм.
Д.А: -Улс орнууд үүх түүхээрээ их холбогддог. Жишээ нь, Туркт аялж байхад тус улсын иргэд “Бидний өвөг дээдэс угсаа гарваль нэгтэй” хэмээн дотночилж, найрсаг хандаж байлаа.
-Тавуулаа ч биш, автобустайгаа зургуулаа энэ аяллын ард гарсан юм байна шүү дээ. Авто аялал хийж буй хүмүүсийн хувьд хамгийн итгэлт хамтрагч нь тээврийн хэрэгсэл нь байдаг болов уу?
Д.А: -Энэ удаа 70.000 км зам туулахад жолооны хүрдэнд нь нэг ч удаа гар хүрээгүй. Автобусныхаа арын хэсэгт л хүүхдүүдтэйгээ амьдарлаа. Үнэхээр тохь тухтай байсан. Замдаа зочин хүртэл хүлээж авлаа. Ээж, аавууд маань ирж, сар гаруйн хугацаанд хамт аяллаа. Нэг найз минь Москвагаас Истанбул хүртэл хамт явсан. Германы дугуйтай аялагч нэг хэсэг хамт зорчсон. Гэртээ байгаа юм шиг л тухтай яваад ирлээ. Гал тогоо, душ, ариун цэврийн өрөө, угаалгын машин, хөргөгч гээдайлд байдаг болгон манай автобусанд бий. Ийм тухтай учраас замд ер ядраагүй, зутраагүй.
Ш.Т: -Энэ бол бидний мөрөөдлийн автобус. 2018 онд “цэнхэр” машинтай аялж байхдаа яг ийм аяллын, зориулалтын автобустай болохыг мөрөөддөг байлаа. Үүнийгээ хоёр жилийн турш интернэтээс хайж судалсны эцэст өөрсдийн хэрэгцээнд яв цав тохируулан авсан. Ер нь замд ихэвчлэн 1990-2000 оны машинтай аялагчид таардаг. Эзэнгүй газар эвдэрлээ гэхэд орчин үеийн машин бол программ уншуулах, серверт холбох шаардлагатай болно. Харин механик буюу гар ажиллагаатай машинд ийм асуудал үүсдэггүй. Туршлагатай аялагчид бараг л “УАЗ-469”, “УАЗ-Фургон” зэрэг энгийн, хуучин машинтай замд гардаг. Харин он залуу машинтай аялагчид “үгээ хэлчихсэн” явж байдаг. Манай аяллын автобус 2000 оных.
-Аяллын хамгийн сайхан зүйлсийн нэг нь шинэ хүрээлэл, найз нөхөдтэй болох. 440 гаруй өдөр аялахад онцгой учрал, хувь тохиолоор цөөнгүй хүнтэй уулзсан болов уу?
Д.А: -Тэгэлгүй яах вэ. Олон найз, танилтай болсон. Тэднийгээ Арменийн Доржоо, Лаосын Туул, Пакистаны Мянгаа эгч, Пертийн Дээгий гэхчлэн амьдран буй улсаар нь овоглочихдог. Аяллын хамгийн кайфтай мөч нь хүнтэй уулзаж, танилцах. Сайхан хүнтэй уулзах шиг сэтгэл догдлом зүйл үгүй. Хэдэн ч газар “аав, ээжтэй” болчихов, Бидний аав, ээжийн үеийн хүмүүс таарч туслаад, олон хоног цуг байхаараа миний хүү, миний охин л гэдэг. Бид ч “Ираны аав”, “Малайзын ээж” гээд нэрлэчихсэн. Одоо тэдэнтэйгээ байнга утсаар ярьж, холбоотой байгаа. Машинтай аялж яваа аялагчид ч маршрут нь таарвал хэсэг хугацаанд хамт явдаг.
Ш.Т: -Бидний аяллын хамгийн том олз бол найзууд. Энэ үеэр уулзсан, танилцсан хүмүүс бүгдээрээ аяллын маань жинхэнэ үнэт зүйл юм.
-Дэлхийн 60 гаруй орноор хөндлөн гулд явсны хувьд аялах хүсэлтэй хүмүүст юу гэж зөвлөх вэ?
Д.А: -Дэлхий аюулгүй, аль ч улсад очиход алзахгүй шүү гэдгийг л хэлмээр байна. Хүн өөрөө л сайн сайхан зүйл бодож, санаж явбал амьдралынх нь учрал тохиол ч мөн тийм байна.
Ш.Т: -Анх Улаанбаатараас Сидней рүү автобустай аялна гэхэд эргэн тойрныхон маань ч үнэмшээгүй. “Гурвын гурван хүүхэдтэй байж яаж тив алгасаж, далай гаталж явах билээ” гээд гайхдаг байлаа. Гэрээсээ гарч, аяллаа эхлүүлсэн үед бидний амьдран буй дэлхий ертөнц тийм ч айхавтар, туулж барамгүй том санагдаагүй. Үүргэвчээ үүрээд, хаалгаа түгжээд, гэрийнхээ урдаас хөдлөхөд л зориг ордог. Үүнээс цаашхыг зам, адал явдал өөрөө хөтлөөд л явчихдаг. Хамгийн том зориг бол гэрээсээ гарах шүү дээ.
-Нууц биш бол энэ “том” аяллынхаа санхүүг хэрхэн бүрдүүлснээ хуваалцаж болох уу?
Ш.Т: -Энэ удаагийн аяллын маршрутыг таван жилийн өмнө гаргасан. “Цэнхэр” машинтайгаа Лондон ороод буцахдаа “Илүү хол давхих хэрэгтэй юм байна” гээд Сидней рүү явахаар шийдсэн юм. Ингэхдээ Хятадаар дамжаад ч юм уу, эсвэл машинаа ачуулаад, амар хялбараар явахыг бодоогүй. Яагаад заавал Энэтхэг, Непал, Иран, Пакистан, Малайз, Лаос, Камбож, Тайландаар дайрч явсан бэ гэхээр гэр бүлдээ, хүүхдүүддээ амьдралын үнэнийг үзүүлэхийг хүссэн. Магадгүй бид Европын орнууд руу явсан бол хүүхдүүддээ барууны соёл, цэвэр цэмцгэр байдлыг үзүүлэх байсан байх. Гэхдээ миний зорилго энэ биш. Дэлхийд ийм буурай орон байдаг, хүн ард нь ингэж аж төрдөг гэдгийг тэд минь хараасай, ойлгоосой гэж хүссэн. Эсрэгээрээ Малайз, Сингапур, Австрали зэрэг оронд хүмүүс хэчнээн сайхан орчинд амьдарч байгааг ч харууллаа. Энэ аяллын маршрутын динамик нь маш их савлагаатай буюу соёл, шашны асар их ялгаатай учир тэр хэрээрээ кайфтай, үлдэх зүйл олонтой байлаа.
Бид аялалд гарахынхаа өмнө Хэнтий аймагт нүүн очиж, хоёр жил бизнес хийж амьдарсан. Тэр үедээ аяллын зардлынхаа тодорхой хэсгийг бүрдүүлсэн юм. Мөн зээл ч авсан. Жил гаруй явсны эцэст аяллын хамгийн сүүлчийн цэг болох Австралид санхүүгийн хүндхэн байдалтай буусан. Австрали дахь монголчууд энэ үед биднийг маш их дэмжсэн. Ёстой л алган дээрээ бөмбөрүүлсээр, сэтгэлийн сүүн хадган дээр өнхрүүлсээр Сидней хүргэсэн дээ. Бараг таарсан хүн бүр түлш хийгээрэй гээд 50-100 доллар өгч, зарим нь бүр шатахуун дүүргэж өгч байлаа.
-Автомашинтай аялах нь зардлын хувьд хэр хэмнэлттэй байдаг талаар мэдээлэл өгч болох уу?
Ш.Т: -Автомашинтай аялах нь санхүүгийн хувьд маш хэмнэлттэйд тооцогддог. Ялангуяа олон хүн урт хугацаагаар аялж байгаа тохиолдолд машинтай явбал асар их мөнгө хэмнэдэг. Ресторанд хооллох, буудалд байрлах, хөтөлбөрт баригдах, яарах шаардлагагүй. Хүнсээ аваад, хоолоо өөрсдөө хийгээд идчихнэ. Өдөр тутам зөвхөн түлшний зардал л тогтмол гардаг. Үүргэвчтэй аялагчид өдөрт дунджаар 10 ам.доллароор явдаг. Машинтай аялагчид ч ялгаагүй өдөрт нэг хүний 10 ам.доллар зарцуулдаг. Үүнээс ч бага байлгах боломжтой. Өдрийн 10-15 ам.долларын төсөвтэй бол маш тансаг, тухтай аялах боломжтой. Нийт аяллын зардлаа хэлэхээс илүү ийм баримжаа өгөх нь аялагчдад хэрэгтэй болов уу. Мөн тухайн аяллын маршрут далай гаталж байна уу, үгүй юү гэдэг нь зардалд асар их нөлөөтэй. Өмнөх аяллын үед бид дөрвөн удаа усан онгоцоор далай гаталсан. Европт усан тээвэр сайн хөгжсөн учир хямд байдаг юм билээ. Англиас Франц руу явах тээврийн хөлс нь ердөө 10 ам.доллар байдаг. Харин Азид өөр. Энэтхэг, Малайзаас автобусаа ачуулж, далай гатлахдаа энэ ялгааг мэдлээ. Хэдийгээр манай автобус аялахад тухтай, зай талбай томтой ч далайгаар тээвэрлэхэд бэрхшээл үүссэн. Чингэлэгт багтахгүй учир задгайгаар тээвэрлүүлсэн. Ингэхэд энгийн тарифаас бараг гурав дахин үнэтэй байсан. Авто аялагчид далайгаар тээвэрлүүлэх машиныхаа хэмжээг чингэлэгт багтах уу гэдгийг урьдчилж бодолцох, тооцох хэрэгтэйг туршлагатай аялагчид мэддэг. Харин бид замдаа, нэлээд өндөр үнээр үүнийг мэдэж авлаа. Маш их цаг хугацаа, санхүү, тэвчээр, оюуны хүч гарган байж Улаанбаатараас Сидней хүрэх авто аяллын шинэ жим гаргалаа. Бидний дараагийн аялагчид маань энэ жимийг зам болтол нь явах байх.
-Зарим нь “Хүүхэд үзсэн харсан зүйлээ тэр бүр санадаггүй учир багад нь аялалд дагуулж явах дэмий. Эцэг, эх нь ч ядардаг” гэлцдэг. Харин та хоёр энэ хэвшмэл хандлагыг сөрж, хүүхдүүддээ амьдралын олон өнгийг үзүүлэхийг зорьжээ. Үүний үр өгөөж мэдрэгдэж байна уу?
Д.А: -Энэ аялал хүүхдүүдийн маань хувьд гэлтгүй бидэнд ч асар өгөөжтэй байлаа. Том хүүгээ найм, удаах охиноо зургаа, багыгаа нэг ой хоёр сартай байхад Улаанбаатар-Сиднейн аялалдаа гарсан. Хоёр “том”-ын хувьд танин мэдэх хүсэл нь ид оргилж буй, оюуны цангаатай үе нь таарч байна. Тэд маань аль аль нь дөрвөн настайгаасаа ном уншиж эхэлсэн. “Харри Поттер”, “Перси Жексон”, “Жуль Верн” зэрэг зөгнөлт, адал явдалт зохиол голдуу уншдаг учраас энэ удаагийн аялал тэдний хувьд номд гардаг төсөөллийн амьдрал шиг нь сонирхолтой санагдсан байх. Анзаарах нь ээ, хүүхдүүдийн маань хөгжил асар хурдтай явагдсан. Өдөр болгон өөр нөхцөл, орчинд очиж, шинэ хүмүүстэй уулзаж найзалдаг тул тэр болгонд дасан зохицох, хариу үйлдэл үзүүлэхээс эхлээд олон зүйлд суралцсан.
Ш.Т: -Хүмүүс “Хүүхдүүд чинь энэ бүхнийг санахгүйгээс хойш үлдээчихгүй яасан юм бэ, бөөн зардал биш үү” гэж их хэлдэг. Би хариуд нь “Таны хүүхэд санахгүй юм чинь та хайрлах хэрэг байна уу” гэж асуудаг юм. Тэгэхээр “Юу ярьж байгаа юм бэ, мэдэрнэ шүү дээ” гэж яаран хариулдаг. Ердөө л энэ. Таны хүүхэд үзсэн харсан зүйлээ 100 хувь санахгүй байж болно. Гэхдээ мэдэрнэ, ойлгоно, хөгжинө, төлөвшинө. Энэ бол дурсамж, санамжийн төдий асуудал биш, оюун санааны, тархины хөгжилтэй холбоотой зүйл. Энэ л хамгийн чухал. Япончууд сүүлийн үед хүүхэдтэйгээ маш их аялдаг болсон. Тэд бага насанд ой санамж биш, оюун санааны хөгжил, менталити боловсрол чухал гэдгийг мэддэг хэрэг.
-Аяллын хугацаанд хүүхдүүдийнхээ хичээлийг хэрхэн “зохицуулсан” бэ?
Д.А: -Онлайнаар хичээлээ үзсэн. Жил гаруйн хугацаанд өдөр болгон, ямар ч хоцрогдолгүйгээр хичээлээ давтсан. Нэг ч удаа цалгардуулаагүй. Гэр шиг тав тухтай орчин бүрдүүлж аялсан учраас хүүхдийнхээ хичээлийг давтуулахад бэрхшээл байгаагүй.
-Дараагийн аяллынхаа төлөвлөгөө, маршрутыг гаргасан уу?
Ш.Т: -Бид Ази, Австрали, Европ тивийн бараг бүх улсаар хөндлөн гулд машинтайгаа явлаа. Цаана нь ганц, хоёрхон тив үлдлээ. Дараа нь Өмнөд, Хойд Америкийг хөндлөн гулд туулах хүсэлтэй байна. Энэ бол дэлхийн топ аялагчдын мөрөөдлийн маршрут. Барагтай аавын хүү, ээжийн охин Өмнөд Америкийн үзүүр Патагониагаас Хойд Америкийн алс хязгаар Аляска хүртэл тийм амар явахгүй. Хүний амьдралд ердөө ганц тохиох боломж байж ч магадгүй. Үүгээр л явахыг хүсэж мөрөөдөж байна. Ирснээсээ хойш бүх ажил, анхаарлаа шинэ аяллынхаа бэлтгэлийг хангахад чиглүүлээд буй.