АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Б.Баасандоржтой ярилцлаа. Тэрбээр “Сэтгэцийн эрүүл мэнд-2023” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд хамрагдагсдын эрхийг хамгаалах асуудалд” өгүүллээрээ тэргүүн байр эзэлсэн юм.
-Энэхүү сэдвийг сонгон судлах болсон шалтгаан юу байв?
-Гэмт хэрэг үйлдсэн ч хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдсон хүмүүс шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт хэвтэн эмчлүүлдэг. Тэдний нийгэмд аюултай үйлдэл хийх болсон шалтгаан, үүнд гэр бүлийнхэн нь хэрхэн нөлөөлж буйг судлах зорилгоор энэ ажлаа эхлүүлсэн. Судалгаагаа 2019-2022 онд үргэлжлүүллээ. Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт жилд 40 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Тэднийг судалгаандаа хамруулсан юм. Чанарын ярилцлагын арга ашиглан судалгаа хийсэн тул мэдээлэл цуглуулах ажил удаан үргэлжилсэн. Зарим тохиолдолд өвчтөнүүдийн сэтгэцийн байдлаас хамаарч уулзалтаа хойшлуулсан, асран хамгаалагчтай нь холбогдоход багагүй хугацаа шаардлагатай болсон зэрэг нь ч үүнд нөлөөллөө. Чанарын ярилцлагыг гурван үе шаттайгаар хийсэн юм. Эхний үед оролцогчтойгоо танилцаж, судалгааны зорилгоо тайлбарлалаа. Хоёр дахь үед нь тухайн хүний өвчин эмгэгийн талаар лавласан. Нийгэмд аюултай үйлдэл хийхэд нь нөлөөлсөн байж болзошгүй эмгэгийнх нь хам шинж, гэр бүлийн харилцааны талаар асуултыг ихэвчлэн тавьдаг л даа. Гурав дахь хэсэгт тухайн өвчтөнтэй холбоотой мэдээллийг ар гэрийнхэнд нь өгнө. Сэтгэцийн эмчийн хувьд өвчтөн болон түүнийгэр бүлийнхэнд зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг юм.
-Монголд энэ чиглэлээр өмнө нь судалгаа хийж байсан болов уу?
-Өмнө нь хийсэн судалгаанууд бий. Тэдгээр нь голчлон сэтгэцийн өвчтэй, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн онош гэх мэтээр өвчнийх нь ерөнхий мэдээллийг гэмт хэргийн нөхцөлтэй холбосон байдаг. Харин манай судалгаа нь асран хамгаалагч, оролцогчидтой илүү ойр дотно ярилцаж, сэтгэл зүйн байдалд нь юу нөлөөлөөд байгааг тодруулахыг зорьсноороо онцлогтой.
-Таны судалгаанд сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмчилсний дараа гэр бүлийнхэн нь хүлээн авдаггүй талаар дурдсан байсан. Асран хамгаалагчдын хэдэн хувь өвчтөнийг хүлээн авахаас татгалзсан бэ?
-Судалгаанд оролцогчдын 64.2 хувийнх нь албадлагын арга хэмжээг эмнэлгээс цуцалбал гэр бүлийнхэн нь тэднийг хүлээн авах, эсэх нь эргэлзээтэй. Олонх нь СЭМҮТ, эсвэл улсын асрамжийн газарт өгөх хүсэлтэй болон хүлээн авахаас татгалзсан хүмүүс байлаа. 40 гаруй хувь нь тухайн үеийн байдлаас шалтгаална гэсэн. Магадгүй эмч асуусан болохоор тийм хариулт өгсөн ч байж мэдэх юм.
-Асран хамгаалагчид нь хүлээн аваагүй тохиолдолд яах вэ?
-Эрүүгийн хуулийн 7.4-т гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргаж, гэр бүл, асран хамгаалагчид нь шилжүүлэхээр тусгасан. Ийм боломжгүй тохиолдолд хариуцах асрамжийн газарт өгнө гэж заасан. Гэвч Монгол Улсад сэтгэцийн өвчтэй хүний асрамжийн газар байхгүй. СЭМҮТ-ийн “архаг” гэж нэрлэдэг тасгуудад хэвтэн эмчлүүлэгчдийн 20 орчим хувь нь асран хамгаалагч нь авахгүйгээс гарч чадахгүй хүмүүс байдаг. Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын гуравдугаар зүйлд заасан “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрх”-ийг зөрчиж буй.
-Дээрх шалтгаанаар СЭМҮТ-д олон жил хэвтэж буй хүмүүс байдаг уу?
-Нэг тасаг дунджаар 40-60 ортой. Түүнээс олон хүн хэвтэн эмчлүүлэх тохиолдол ч бий. СЭМҮТ-өөс чадах чинээгээрээ тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэсэн ч эмнэлгийн хүчин чадал яагаад ч хүрэлцдэггүй. Тиймээс нэг тасагт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо олон байдаг. Дунджаар 40 ортой тасагт 80 хүн хэвтүүлсэн тохиолдол ч бий. Ачаалал хоёр дахин ихэссэнээр эмчлүүлэгчдийн хувийн орон зай алдагддаг. Гэвч тэр олон хүнээс 20 гаруй хувь нь эмнэлгээс гаралгүй хэвтэж л байдаг. Ар гэрийнхэн нь ирж авахгүй л бол тэндээ байдаг гэсэн үг. Тиймээс асрамжийн газартай болохоор сэтгэцийн эмч нар 2021 оноос хойш ярилцаад, мэдээллээ шийдвэр гаргах түвшинд хүргэхээр ажиллаж байгаа. Одоогоор шийдэгдсэн зүйл алга. Хэрвээ сэтгэцийн өвчтэй хүнийг хүлээн авах асрамжийн газар нээчихвэл эмнэлгийн ачаалал одоогийнхоос 20-30 хувиар буурах боломжтой. Бид эхний ээлжид 200 орчим ортой асрамжийн газар хэрэгтэй гэж тооцож байна.
-Эмнэлгээс гарах ёстой ч ийм боломжгүй хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг хэрхэн шийддэг вэ?
-СЭМҮТ-өөс тэднийг эмнэлэгтээ үргэлжлүүлэн байрлуулж, амьдруулах, шаардлагатай эмчилгээ хийх боломж бүрдүүлдэг. Тэдний өдөр тутмын хэрэгцээг хангахад зарим үед хувь хүн, байгууллага, хамт олон сайн дурын хандив өргөж тусалдаг. Уг нь тухайн хүний өвчин сэдрэхгүй байхад гэр бүлийнхний анхаарал халамж, харилцаа маш их нөлөөлдөг. Судалгаанд оролцогчдын дунд манай гэрийнхэн надтай огт ярилцдаггүй гэсэн хүн ч бий. Үүнээс үзэхэд гэр бүлийнхний анхаарал, халамж, цаг зав тухайн хүнд маш их хэрэгтэй байгаа юм.
-Гэр бүлийн харилцаа чухал гэдгийг та онцоллоо. Тэгэхээр асрамжийн газар байгуулснаар энэ хэрэгцээг хангаж чадах уу?
-Тэдэнд ажилтан, алба хаагчид шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Хурц байдалдаа шилжихэд нь эмчид үзүүлэх боломжтой. Гэр бүлийн харилцааг нөхөх боломжгүй. Гэхдээ гэр бүлтэй байсан ч эрх нь зөрчигддөг хүн олон бий.
-Судалгааны дүгнэлтдээ та сэтгэцийн өвчтэй иргэдийн эрх олон талаар зөрчигдөж байгааг дурдсан. Тэдний ямар ямар эрх нь илүүтэй зөрчигдөөд байна вэ?
-Асуумж авахаар хандахад манай гэр бүлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх учраас ярилцлага өгөхгүй гэсэн хүн цөөнгүй байлаа. Энэ нь нийгэмд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх эрх нь зөрчигдөж буйг харуулна. Албадан эмчилгээний хугацаа дуусаж, гэр бүлд нь хүлээлгэн өгөх хугацаа болсон ч хүлээж аваагүйгээс эмнэлэгт амиа хорлосон хүн бий. Энэ нь амьд явах, эрх чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж буйн жишээ. Гэхдээ миний судалгааны дүнг улсын хэмжээнд хамруулан ярих боломжгүй.
-Цаашид энэ судалгаагаа үргэлжлүүлэх үү?
-Судалгааны ажлаа үргэлжлүүлээд, СЭМҮТ-өөр үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн эрхийн асуудлыг тодруулах зорилготой. Эхний ээлжид судалгааны төлөвлөгөөгөө боловсруулж байна. Сэтгэцийн өвчинтэй хүмүүсийн эрхийг хамгаалах асуудлыг хөндсөн судалгаа Монгол Улсад төдийлөн үгүй. Тиймээс судалгааны ажлаа хийчихвэл хэдэн жилийн дараа манай багийнхны төсөөлж байгаагаар асрамжийн газар байгуулна гэж найдаж байна.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн