“Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс таксинд суусан 13 настай охин алга болсон. Тэнд камер байсан уу. Эсвэл байсан нь ч ажиллаагүй юм уу” гэсэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуултад ЦЕГ-ынхан “Хувийн аж ахуйн нэгжүүдийн тавьсан камераас охины машинд суугаад явж байсан бичлэгийг авсан. Яг такси барьсан газарт нь камер байгаагүй. Ер нь бүх газар л камер хангалтгүй байгаа” гэсэн хариу өгөв. Энэ охин азаар эсэн мэнд, эрүүл саруул олдсон. Хүүхдүүд нийслэлд ч, орон нутагт ч алга болж, зарим нь амиа алддаг, осол, хүчирхийлэл гээд олон шалтгаанаар хорвоогоос одсоор байна. Дорноговь аймгийн Сайншанд сумд 12 настай охин гэрийнхээ үүднээс таксинд суугаад алга болж, эцэст нь амь үрэгдсэн хэргийг бид мартаагүй. Нийгмээрээ “хөдөлсөн” уг хэргийн дараа Засгийн газраас Хүүхэд хамгааллын, Гэр бүлийн тухай болон Эрүүгийн хуульд тооцох хариуцлагыг чангатгасан нэмэлт, өөрчлөлт оруулсныг эдүгээ УИХ-аар хэлэлцэж байна. Мөн хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаар УИХ-аас өчигдөр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж, гишүүн Ц.Мөнхцэцэг даргалсан юм.
Манай улсад Үндсэн хууль, Хүүхэд хамгааллын, Гэр бүлийн, Зөрчлийн, Эрүүгийн гээд хүүхдийн эрхийг хамгаалах зохицуулалт тусгасан 10 орчим хууль байдаг аж. Дээрх хяналтын сонсголд бараг л бүх яам, цагдаагийн болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан, хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөл иржээ. Тэд “Хүүхэд хамгааллын чиглэлээрх хууль, эрх зүйн орчин хангалттай, багадаагүй. Гэвч энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудын уялдаа холбоо сул, бие бие рүүгээ дамжуулдаг, нэгдсэн удирдлага, бүртгэл байхгүй, төсөв мөнгөгүй, хүний нөөц хангалтгүй” гэсэн ижилхэн зовлон тоочсон.
Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ анх 2016 онд баталжээ. Улмаар хүүхэд хамгааллын 108 дугаартай утас, хамтарсан баг, хамгаалах байр ажиллуулдаг болгосон аж. Тухайн үед уг салбарт нийт 300 сая төгрөгийн төсөв л оноож байсан гэнэ. Төсвийг нь жил ирэх бүр нэмсээр 2019 онд найман тэрбумд хүргэжээ. Ирэх оны төсөвт энэ чиглэлээр14 тэрбум төгрөг тусгасан юм байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай төсвийн хэмжээг судлаад 21 тэрбум төгрөг гэсэн тоо гаргасантай харьцуулахад энэ нь мэдээж хангалтгүй. Гэвч УИХ-ын гишүүд “Хуулийн зохицуулалтыг сайжруулж, төсвийг боломжоороо нэмдэг. Хамгийн гол нь энэ төсөв анхан шатны, хэрэгтэй нэгжүүддээ хүрдэггүйг хяналт, судалгаанууд харуулж байна. Үүнд л анхаарч, хяналтаа сайн тавь” гэсэн байр суурьтай байв.
ХЭҮК-оос Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, тулгамдсан асуудлын талаар илтгэл тавьж, “2021 оны байдлаар улсын хэмжээнд 715 хамтарсан баг, 21 түр хамгаалах байр ажиллаж байна. Хамтарсан багт 678 нийгмийн ажилтан ажиллаж буйн 62 хувь нь мэргэжлийн бус. Тэдний цалин бага, нийгмийн баталгаагүй, нөхцөл хүнд учраас удаан ажилладаггүй. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд ажлын төлөвлөгөө баталсан ч төсөв тусгаагүй, гишүүд нь биечлэн хуралдаа суух ёстой ч шүүх, прокурорын байгууллагын төлөөллүүд өөрсдөө ирдэггүй. Тэнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажиллах эмэгтэй ажилтан хангалтгүй. Мөн хохирогч хүүхдүүдээс олон удаа мэдүүлэг авч, сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг” гэсэн ерөнхий мэдээлэл өгсөн. Ер нь л чиг үүрэг, стандарт гээд тодорхой юм ховор бололтой. Аль байгууллага нь ямар ажлаа хариуцах тухай нарийн зураглал гаргахыг ХЭҮК-оос зөвлөж буй аж.
Тус сонсголд УИХ-ын эмэгтэй гишүүд түлхүү оролцсон. Тэдний нэг, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “НҮБ-аас манай улсын хүүхэд хамгааллын тогтолцоог судлаад байцаагч нар нь ажлаа сайн хийхгүй байна гэж дүгнэсэн. Хохирогчтой тулж ажилладаг хүүхдийн байцаагчид шүгэл үлээж байхыг та нар харсан уу. Тэд төрийн албан хаагч учраас эсрэг зүйл хэлж чаддаггүй. Энэ хамаарлыг нь арилгах хэрэгтэй” гэсэн юм. Улсын хэмжээнд хүүхдийн 40 гаруй байцаагч л байдаг гэнэ.
Түүнчлэн ирэх оны төсөвт нийгмийн ажилтны орон тоог 500 гаруйгаар нэмэхээр тусгажээ. Одоо ажиллаж буй нийгмийн ажилтнуудын цалин 700 мянган төгрөг байсныг өнгөрсөн долоодугаар сард нэг сая болгосон, он гараад мөн нэмэх гэж буй. Ялангуяа сумд ажиллавал цалинг 40 хувиар өсгөхөөр ирэх оны төсвийн төсөлд тусгасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Сумдад мал хариуцсан хэд хэдэн мэргэжилтэнтэй атлаа хүүхэд хариуцсан нэг ч ажилтан байдаггүй. Тиймээс бид 330 сум, бүх хороонд энэ чиглэлийн мэргэжилтэнтэй болгохоор хуулийн төсөлд тусгасан. Гэвч ойрын хоёр жилд төгсөх хүмүүсийг нэмээд ч энэ хэрэгцээг хангах нөөц алга. Хэдэн жил хүлээх хэрэгтэй болж байна” гэхэд гишүүд “Тэтгэвэртээ гарсан багш нарыг ажиллуулж болно” гэсэн санал хэлсэн. Гэтэл “Нийслэлд тийм боломж бий. Харин орон нутагт тэтгэвэртээ гарсан багш ч ховор, төрийн бус байгууллагатай хамтаръя гэсэн ч мэргэжилтэн цөөн байна” гэсэн хариу өгөв. Сургууль, хамгаалах байранд ажиллах сэтгэл зүйчийн нөөц бас муу. Үүнийг бодлогоор шийдэхийн тулд энэ мэргэжлээр сурах хүмүүст Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгох зохицуулалт хийж буй юм байна.
“Отгонтэнгэр” их сургуулийн багш Н.Очирболд хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлаар хийсэн судалгааг танилцуулав. Тэрбээр “Хүүхдийн хүчирхийлэл, ослын хэрэг зэргийг манайд түлхүү ярьдаг ч эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрх зөрчигдөж буй талаар бага хөнддөг. Нийслэлийн хэмжээнд 42 цэцэрлэгийн барилга 50, 37 цэцэрлэг 36-49 жилийн насжилттай болж хуучирсан байна. 2015 онд 435 хүүхэд уушгины үрэвслээр өвдсөн. Энэ талаар шинэ судалгаа алга. Жилд 113 хүүхэд хавдрын онош сонсож, 50 орчим нь нас бардаг гэсэн судалгаа бий. Хүүхдийн эрхийг зөрчиж буй бүх сэдвийг цогцоор нь яриасай” гэсэн юм.
Өмгөөлөгч Б.Буянжаргал “108 дугаарын утсанд дуудлага өгөхөөр дамжуулна гээд таг болдог. Эсвэл надад шийдэх эрх нь алга гэдэг. Ийм тохиолдолд ажилтанд ямар хариуцлага тооцох вэ. Гэр бүлийн хүчирхийлэл, болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй хамтарсан баг нь сургуулийн болон хорооны нийгмийн ажилтан, цагдаа, өрхийн эмч зэрэг таван хүнтэй. Тэд яг ямар чиг үүрэгтэй, түүнийгээ биелүүлэхгүй бол хэрхэн хариуцлага тооцох нь ч тодорхойгүй. Үүнийг шийдэж өгөөч. Түр хамгаалах байранд сэтгэл зүйч ажиллах ёстой. Аймгийн хэмжээнд нэг, эсвэл сэтгэл зүйчгүй газар ч байна. Энэ гурван байгууллагыг нэгдсэн удирдлага, бүртгэлтэй болгох хэрэгтэй.
Нэг хүүхэд хэдэн удаа эдгээр газраар үйлчлүүлэв. Хүүхдээ хүчирхийлдэг аав, ээжүүд хаягаа солиод л үйлдлээ давтдаг. Нэгдсэн, цахим бүртгэлтэй болчихвол тухайн хүүхэд хэдэн удаа 108 утсанд дуудлага өгч, хамгаалах байранд очсоныг мэдэх боломжтой. Мөн эцэг, эх, багш нарт тооцох хариуцлагыг чангатгаж өгөөч” гэсэн санал хэлэв. Хуульч Х.Баасанжаргал “Энд яагаад нийгмийн ажилтнуудын төлөөлөл үг хэлэхгүй, зөвхөн хуульчид яриад байна вэ. Та бүхэн үгээ хэлээч” гэсэн боловч тэгж “зориглох” хүн олдсонгүй. Хамтарсан багийн хүмүүс бүгд давхар ажилтай байдаг, мөн нэмэгдэл урамшуулал үгүй тул ийшээ анхаарах сонирхол ч, цаг зав ч бага тухай цөөнгүй хүн хэлэв.
Тиймээс төсөв, урамшууллыг нэмэх нь зөв гэсэн саналыг оролцогчдоос гаргасан. Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас нөлөөллийн цөөнгүй ажил хийж буй, бодитоор хэмжих боломжгүй ч үр дүн нь гарч байгаа гэсэн тайлбар өгсөн. Хүүхэд хамгааллын тогтолцоо буруу байгаатай оролцогчид ч санал нийлсэн. Тогтолцоог өөрчлөхгүйгээр төсөв нэмээд ч үр дүн гарахгүй, зорилтот бүлэгтээ хүрэхгүй гэв. Бэлгийн хүчирхийллийн хохирогчидтой ажиллахдаа жендерийн мэдрэмжтэй байж эмэгтэй байцаагч, шүүгч, прокурор ажиллуулдаг байя, УИХ-ын гишүүд төсөв нэмлээ гэж цээжээ дэлдэх хэрэггүй. 14 тэрбум төгрөг бол төрийн дунд шатны нэг удирдлагын чинь оймсонд байдаг мөнгө шүү. Үүгээр яаж хоёр сая хүүхдийн эрхийг хамгаалах юм гэх зэргээр оролцогчид санал, шүүмжээ хэлсэн. Уг сонсголоос гаргасан саналуудыг холбогдох байнгын хороодоор хэлэлцэж, дүгнэлт гаргах аж. Мөн эдүгээ хэлэлцэж буй хуулиудад тусгаж, шаардлагатай бол дүгнэлтийг чуулганд танилцуулах юм байна.