УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улстөрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улстөрч” булан нээж байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа бол сонгуульд гурван удаа дараалан нэрээ дэвшүүлсний үр дүнд өнөөгийн парламентад тухалж буй нэгэн. Тэрбээр Ховд аймагт 2012 оны сонгуулиар бие даан өрсөлдөж байлаа. МАН-ын гишүүн байсан авч нэр дэвших эрхгүй хоцорсон тул өөрөө өөрийгөө сойсон хэрэг. 2016 онд мөн тус тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч өвдөг шороодсон түүхтэй. Тухайн үед Ш.Адьшаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөн, ялаас мултраад байв. Тодруулбал, 2015 онд тэрбээр Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэгт бусдаар зуучлуулан хахууль өгснөө хүлээн зөвшөөрсөн байдаг.
Г.Ганчимэг нь Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн зөвлөлийг даргалж байсан бөгөөд Ш.Адьшаа “Улаанбаатар мед” эмнэлэгт магадлан итгэмжлэл гаргуулж авахын тулд таван сая төгрөг өгснийг тогтоосон юм. Энэ хэргийн яллагдагчийн хувиар өгсөн тайлбар, мэдүүлэгтээ тэрбээр “Улаанбаатар мед” эмнэлгийн магадлан итгэмжлэлийг авах зорилгоор хариуцсан хүнд нь таван сая төгрөг өгсөн. Гэм буруугаа ойлгож байна. Миний хэргийг Өршөөлийн хуульд хамруулж шийдэж өгнө үү. Миний хувьд гэм буруугийн асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй” хэмээжээ. Ийнхүү Ш.Адьшаа Өршөөлийн хуулийн дагуу ялаас мултарсан юм.
Үүнээс ч өмнө тэрбээр авлигын хэргээр шалгуулж байжээ. Ш.Адьшаа нь 2001-2006 онд Гаалийн ерөнхий газарт хэрэг бүртгэгчээс хэлтсийн дарга хүртэлх албан тушаал хашсан нэгэн. Тиймээс ч түүнийг “Гаалийн Адьшаа” гэдгээр хүмүүс таних нь олонтоо. Тэрбээр Өмнөговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомтод улсын байцаагч, ГЕГ-т хэлтэс даргалж байхдаа албан тушаалаа ашиглан хахууль авсан үндэслэлээр яллагдагчаар татагдаж байв. Тодруулбал, улсад гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр ГЕГ-ын дарга асан Х.Баатартай хамт саатуулагдаж байсан удаатай. Улмаар гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор 2009 онд хэргийг нь прокурорын байгууллагад шилжүүлсэн ч замхарчээ. Ингэж гэмгүй үлдэхэд МАН-ын гишүүн байсан нь ихээхэн нөмөр, нэмэр болсон гэдэг. Угтаа авлига өгдөг, бас авдаг, ял, хариуцлагаас ядах зүйлгүй мултарчихдаг хүнийг төрд ойртуулах учиргүй. УИХ-ын гишүүн болох гэж өнжилгүй өрсөлдөж, үхэн хатан зүтгээд байдаг нь өнгөрсөнд хийсэн гэмт үйлдлээ парламентын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээрээ хаацайлж, халхлах зорилготой ч юм бил үү.
2022 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас өнгөрсөн зун танилцуулахдаа төрийн өндөр, дээд албан тушаалтнууд хэдий хэмжээний бэлэн мөнгөтэйг нь анх удаа мэдээлсэн. УИХ-ын гишүүдээс Ш.Адьшаа нэг тэрбум 896 сая 110 мянган төгрөг бэлнээр байгаа гэж мэдүүлснээрээ танхимдаа тэргүүлэх тэрбумтнаар тодорч байлаа. Төрөөс, тэр дундаа “гаалиас төрсөн тэрбумтан” гэх алдраа төрийн эрх барих дээд байгууллагад ч хадгалав гэлтэй. Тэрбээр “Ховд бирж ХААБ”, “Сити-энержи”, “Хүннү МН”, “Ачит-Арвис”, “Алтай эко хүнс”, “Ачит-эх мед”, “Грэйтблюмаунтайнс”, “Империалмаксимус корпорэйшн”, “Ти Ти Би Эй” зэрэг компанийн хувьцаа эзэмшдэгээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан байдаг. Бизнесээрээ “овоглодог” бусад улс төрчийн дэргэд “бага гар” баймаар түүнийг хаанаас, хэрхэн хөрөнгөжсөн нь ч анхаарал татдаг. Ямартай ч авлига өгөх замаар ажлаа бүтээж сурсан Ш.Адьшаа төрийн тендерүүдийг хамж ханадаггүй гэх юм билээ.
Тендерээс гадна татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг төсөл, хөтөлбөр, зээлээс ч хоцордоггүй нэгэн. Тухайлбал, тэрбээр 2014 онд Зам, тээврийн хөгжлийн сайд А.Гансүхийн зөвлөх байхдаа “Ховд хаан бирж” компаниараа дамжуулж Хөгжлийн банкнаас зургаан тэрбум төгрөгийн зээл авсан ч 3.7 тэрбумынх нь зарцуулалт санхүүгийн баримтаар нотлогдохгүй байгааг өнгөрсөн хавар хийсэн “Хөгжлийн банкны” гэх тодотголтой сонсголын үеэр ил болгосон юм. Энэ мөнгөөр Ховд аймгийн Жаргалант сумд малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж барих байсан ч Ш.Адьшаа гишүүн сонсголын үеэр тус үйлдвэрийн байрны зургийг хараад “Мэдэхгүй” хэмээн мэлзэж суусан юм даг. Бас сайд А.Гансүхийн зөвлөх байхад нь хүү А.Биндэръяа нь Канадын Торонтогийн их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангаас 101 967 ам.доллар авсан ч эргүүлэн төлөөгүй. Үүнийг олон нийт шүүмжлэн, төл гэж шаардахаар “Би хүүгийнхээ зээлийг маргааш ч төлж чадна. Төлөх гэхээр буруутай болчих гээд байна” гэж мэдэн будилж байв. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн хамаг төсөл, хөтөлбөрийг цөлмөдөг хүмүүсийн эгнээнд бичигдсэн тэрбээр хууль санаачлан, улс төрчид, албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс төрөөс баталгаа гаргасан зээл, тусламж авахыг хориглох санаачилга гаргасан нь үнэндээ үнэмшилгүй байсныг нуух юун.