Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ойрд хуулийн төслүүдийг “бөөндөж” байна. Дараа жилийн аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн сайд болон УИХ-ын гишүүний суудлаасаа түдгэлзэн байж, хотод очсон түүнд нийслэлд тулгамдсан авлига, бугшсан олон асуудлыг цэгцлэхэд яг жилийн хугацаа л бий гэсэн үг. Өмнөх дарга нь гурван жил “зүтгээд” бараагүй энэ ажлыг тэр нэг жилд амжуулж чадах уу. Юутай ч Ерөнхий сайд түүнийг уг албанд томилуулах улс төрийн шийдвэр гаргахдаа нийслэлд бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйн цогц реформ хийх, мөн авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэх хоёр үндсэн даалгавар өгсөн билээ. Тэгэхээр хотын шинэ захирагч авсан даалгаврынхаа хүрээнд эрх зүйн орчныг өөрчилж, хариуцлага чангатгахаас ажлаа эхлүүлж буй байх нь. Тэрбээр нийт дөрвөн багц, 27 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хоёронтоо хэлэлцүүлж, дэмжлэг авснаар УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа юм.
Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтгаа олдог гэдэг. Х.Нямбаатарт хариуцлага тооцох тоолуур томилогдсон өдрөөс нь гүйж эхэлснийг санах хэрэгтэй. Нам доторх авлигын “загалмайлсан эцгүүд”-тэйгээ зоригтой тулж, шантрахгүй ажиллаж чадвал жилийн хугацаанд багагүй үр дүн гаргаж болно. Хууль эрх зүйн орчноо цэгцлээд, хэрэгжүүлээд явбал юмс голдиролдоо орох эхлэл тавигдана.
“5Ш” АЖИЛЛАГАА
“Нийгмийн шилжилтийг далимдуулж өмч хувьчлал, эрдэс баялгийн лиценз, газрын наймаа цэцэглэн, өнөөдрийн тэгш бус байдал, баян, ядуугийн эрс ялгаа, нийгмийн бухимдлын суурийг тавьсан. Авлига бий болгосон энэ тогтолцооны өмнө төр хүчгүйдэж, Засгийн газар дунджаар 1.5 жил ажиллаж иржээ” хэмээн чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ Ерөнхий сайд онцолно лээ. 30 жилийн турш батажсан авлигын тогтолцоог засахын төлөө Засгийн газар ажиллаж, зөв чигт нь оруулахаар хичээж буй. Гэвч энэ хугацааны 90 хувьд нь МАН засгийн эрхийг барьсан, уг тогтолцоог бий болгосон “загалмайлсан эцгүүд” бол намын нөхөд нь. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн авлигын эсрэг тэмцэл бартаа саад ихтэй байгаа нь тодорхой юм.
Засгийн газар багаараа дээрх зорилгын төлөө ажиллаж буй ч түүнд Х.Нямбаатар гэдэг итгэлт ганцхан хүн байдгийг өнгөрсөн гурван жилд бид харав. Ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэн байж уг албан тушаалд очихдоо Х.Нямбаатар авлигын эсрэг тэмцэнэ, үүний тулд давс шиг шорвог шийдвэрийг зоригтой гарган хэрэгжүүлнэ хэмээн амласан. Нийслэлийн Засаг даргаар томилсон тухай захирамж, тамгыг түүнд гардуулан өгөхдөө Ерөнхий сайд “Та Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах үедээ өнгөрсөн хугацаанд бугшсан дээд түвшний авлигын хэргүүдийг илрүүлж, шүүхийн шатанд шилжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” гээд “Тиймээс одоо энэ туршлага, эр зориг чинь дунд шатны авлигыг цэгцлэхэд хэрэгтэй боллоо” хэмээн сануулсан билээ. Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотод бугширсан буруу системийг задлах том үүргийг ийнхүү Х.Нямбаатар хүлээсэн. Өнгөрсөн хугацаанд нийслэлд өрнөсөн газрын наймаа, хууль бусаар зөвшөөрөл олгож барьсан барилгууд, үүний ард нуугдаж буй авлигын хэрэг, нийтийн тээврийн салбарт үүрлэсэн буруу булхайг цэгцлэх ажилд ханцуй шамлан орохыг Ерөнхий сайд түүнд үүрэг болгосон юм.
Голын голдирол хааж боссон “авлига хороолол”, “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилгыг нураах шийдвэрийг хэрэгжүүлэхээ нийслэлийн Засаг дарга мэдэгдээд байна. Мөн тодорхой хуулиудад өөрчлөлт оруулан, тооцох хариуцлагыг чангатгаж, авлигын хэрэгт нэр холбогдсон бол цаашид төрийн албанд ажиллуулахгүй байх зэрэг зохицуулалт оруулснаар “5Ш” ажиллагаа нийслэлд өрнөж буй аж. Газрын наймаа, үүний ар дахь авлигыг илчлэхийн тулд түүнд зоригтой шийдлүүд хэрэгтэй. Тиймээс төвийн зургаан дүүргийн Засаг даргын захирамжаар 0.07, 0.04 га газар олгохыг бүрмөсөн хориглохоор дээрх хуулийн төслүүдэд тусгажээ. Төрөөс эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх, дахин төлөвлөлт хийх зэрэг таван тохиолдолд л нийслэлийн Засаг дарга газар олгох гэнэ. Түүнчлэн газар чөлөөлөхтэй холбоотой зарим нэг хатуухан зохицуулалт оруулж буй аж. Тухайн нөлөөллийн бүсэд орсон иргэд, аж ахуйн нэгжүүдийн 65 хувиас дээш дэмжлэг авбал газрыг албадан чөлөөлөөд, нөхөн олговор олгох нь. Гэр хорооллын иргэдийн хувьд газраа жишиг үнээр худалдах, түр орон сууцад орж, дараа нь тухайн байршилд барьсан шинэ байрыг өмчлөх, эсвэл бэлэн ашиглалтад орсон байраар солих гэсэн гурван сонголт өгөх юм. Газрын тухай багц хуулийн төсөлд үнэлгээтэй холбоотой заалтуудыг оруулах нь. Газар чөлөөлөхтэй холбоотой үнэлгээний маргаан үргэлж гарч, улмаар цөөнгүй ажил гацах шалтгаан болдог. Гэхдээ хуулиас давсан үнэ хэлээд байдаг зарим “даварсан” иргэн, байгууллагад төр төмөр нүүрээ харуулахад буруудахгүй. Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төслийг эхний ээлжид хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр агаарын бохирдол 22, авто замын түгжрэл 36.3 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо хийсэн юм билээ. Мөн орон сууц барих хувийн хэвшлийнхнийг тодорхой татвараас чөлөөлөх аж.
“ШОРВОГ” ШИЙДВЭР БА ТҮГЖРЭЛ
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг дагалдуулан Онцгой албан татварын, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын, Өрийн удирдлагын, Газрын, Зөвшөөрлийн тухай зэрэг 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй. Хотын түгжрэлийг бууруулахын тулд автомашинуудтай “тулж ажиллах” гэнэ. Энэ оны эхний есөн сарын байдлаар 90 мянган тээврийн хэрэгсэл импортолсноос 86 мянга нь Улаанбаатарт хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс автомашины дугаарыг цаашид даацад тохируулж олгох, иргэд хоорондоо дугаараа зарах, бэлэглэх боломж бүрдүүлэхээр төсөлд тусгажээ. Хотын захад таван том зогсоол байгуулж, орон нутгийн машинуудыг такстай болгох нь. Хилээр оруулж ирж буй машины тоо багасаагүй нөхцөлд зам нэмж бариад ч түгжрэлийг бууруулахад хэцүү. Тиймээс энэ маягаар бүсийн хязгаарлалт тогтоох нь зөв гэж үзжээ. Ж.Сүхбаатарын ажлыг авсан “түгжрэл”-ийн асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайханы үүрэг энд их. Үндсэн ажилдаа тэрбээр хотын захирагчид дэм болон ажиллах учиртай.
Нийслэлийн Засаг даргын санаачилж оруулж ирсэн хуулийн төсөлд энэ мэтээр хариуцлагыг чангатгасан, хориглосон зохицуулалт цөөнгүй нь зарим хүний дургүйцлийг төрүүлж байгаа нь нууц биш. Нийслэлийн ИТХ дахь АН-ын зарим гишүүн “Хорьж хаагаад хотыг хөгжүүлэхгүй” хэмээн шүүмжлээд эхэлж. Гэвч татвар нэмэх зарчмаар зохицуулалт хийдэг нь олон улсын томоохон хотуудад авдаг арга хэмжээ. Бас зөв, “шорвог” шийдвэрийг зоригтой гаргаж, хараалгуулаад ч хамаагүй ажилла гэж түүнийг энэ албанд томилсон биз.
Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтгаа олдог гэдэг. Х.Нямбаатарт хариуцлага тооцох тоолуур томилогдсон өдрөөс нь гүйж эхэлснийг санах хэрэгтэй. Нам доторх авлигын “загалмайлсан эцгүүд”-тэйгээ зоригтой тулж, шантрахгүй ажиллаж чадвал жилийн хугацаанд багагүй үр дүн гаргаж болно. Хууль эрх зүйн орчноо цэгцлээд, хэрэгжүүлээд явбал юмс голдиролдоо орох эхлэл тавигдана. Ярьсан шигээ сайн, зөв, тууштай ажиллаж чадах, эсэхийг тань хотын иргэд байнга ажиглаж буй. Жилийн дараа хангалттай дүн авахаар ажил хийгээгүй байвал тэр сайд ч үгүй, гишүүн ч үгүй, хотын дарга ч үгүй үлдэнэ. Түүний улс төрийн карьер дуусна гээд хэлчихэд ч буруудахгүй. Хотыг нь “сөнөөсөн” хүнийг иргэд дахин парламентад сонгохгүй. Харин эсрэгээр, сайн ажиллаж чадвал ирэх орон нутгийн сонгуулиар улиран үлдэж, эхэлснээ дуусгах боломж түүнд гарна.