Спортоор хичээллэдэг охид, эмэгтэйчүүдийг дэмжих “Women win ISPI” солилцооны хөтөлбөрийн хүрээнд манай улсаас чөлөөт бөх, жиү жицү, сагсан бөмбөгийн спортын төлөөлөл АНУ-ын Вашингтон хотыг зорьсон билээ. Тэд эл хөтөлбөрөөр дамжуулан туршлага, мэдлэгээ тус улсын дасгалжуулагч, залуу тамирчидтай солилцжээ. Үүний үр дүнд ур чадвараа сайжруулж, сурсан зүйлээ өөрийн байгууллага, секц, дугуйлан, сошиал сувгаар бусадтай хуваалцсан байна. Энэхүү хөтөлбөрийн үндсэн хэсэг нь спортоор дамжуулан охид, эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг хамгаалж, дэмжих юм. Хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газрын Спортын дипломат харилцааны хэлтсээс санаачилсан аж. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоо, “Ребел граплинг Монголиа”, АНУ-ын “Wrestle like a girl” ТББ, клуб, эмэгтэйчүүдийн “Women win” олон улсын байгууллага хамтран зохион байгуулжээ.