Дорнод аймгийн Нутгийн зөвлөлөөс “Дорнод-2023” спортын V их наадмаа “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгууллаа. Үүнийг тус аймгийн уугуул иргэд, ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд идэвхтэй хамруулж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, шилдэг тамирчдаа алдаршуулах зорилгоор хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Спортын их наадмыг шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөг гэсэн дөрвөн төрлөөр 18-51 насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар нийт 150 баг, 1700 орчим тамирчин, 1200 гаруй хөгжөөн дэмжигчийг оролцуулан зохион байгуулсан аж.
“Дорнод-2023” спортын V их наадмын волейболын тэмцээний эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрлийн дөрвөн насны ангилалд тэргүүн байрыг Баян-Уул сум, “Ононгийн мянган мөчир”, 2005, 2002, 1999 оны төгсөлт, “Happy 98”, “Цоглог 90” багийн тамирчид эзэлсэн байна. Харин сагсан бөмбөгийн тэмцээнд “Цог”, “Hoops”, 1986, 1990, 1996, 1998, 2006, 2010 оны төгсөлтийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид шалгарч алтан медаль хүртлээ. Ширээний теннисний төрөлд Э.Алтантогос, С.Билгүүнтамир, Б.Угтахбаяр, Б.Гэрэлмаа, Ч.Түвшинтөгс, К.Оюунчимэг, Ц.Баярцогт нарын тамирчин нэгдүгээр байрт шалгарч, алтан медалийн эзэн болжээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон