УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улстөрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй.
“Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улстөрч” булан нээж байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
УИХ-ын 2020 оны сонгуулиар Булган аймгаас Ц.Анандбазар гэдэг бизнесмэн парламентад сонгогдсон байдаг. 1993-1995 онд УИХ-ын гишүүн Н.Энхбаярын туслах хийж ажлын гараагаа эхэлсэн тэрбээр эдүгээ “Сод Монголгрупп”, “МэргэВан”, “Алханатрейд”, “Шинэсоёмбо”, “Эрдэнэт ойл” зэрэг 10-аад компанид хувь эзэмшдэг аж. Шатахуун импортын салбарт монополоо тогтоочихсон, мөн МИАТ-д хоёр ч компани нь бараг дангаар бензин нийлүүлдэг гээд түүний эрх дарх ч, хууль бус, буруу булхайтай холбогдсон хэргийн жагсаалт ч дуусахгүй. Ёс зүй гэдэг үгийг мэдэхгүй хүн гээд хэлчихэд ч хилсдэхгүй байх. Тиймээс төрийн жолоог дахин атгуулж болохгүй ээлжит хүнээр бид УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг нэрлэж байна. Яагаад гэдэг шалтгааныг нь та бүхэнд эргэн нэг сануулъя.
1. Охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг:
- 2021 оны дөрөвдүгээр сарын 11-нд иргэн Б.Сүндэръяа нүүр хуудсандаа анх энэ тухай шүгэл үлээснээр уг хэрэг олон нийтийн анхааралд өртсөн юм. Тэрбээр 2019 онд нэг найзтайгаа хамт анх Ц.Анандбазартай танилцсанаас хойш өөрийг нь “эргүүлж”, дарамтлах болсныг хэлсэн билээ. Улмаар “Өргөө” кино театрт нь ажилладаг охид, бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг хэрэг нь ил болж, ингэж хохирсон 1000 гаруй эмэгтэй Б.Сүндэръяад хандсан гэдэг. Гишүүний нууц нэр нь “51” аж. Эмэгтэйчүүдийг төлөөлөөд энэ бүсгүй цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргасан юм.
Дуучин Нара мөн түүнтэй нэгдэж, хүчирхийллийн эсрэг “Me too” хөдөлгөөн өрнүүлсэн билээ. Тэд Ц.Анандбазарыг шалгуулж, хууль ёсны хариуцлага тооцохыг шаардсан. Ёс бус энэ үйлдлийн талаарх мэдээлэл олон нийтийг хамраад ирмэгц МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцож, намын болон УИХ дахь бүлгийнх нь хуралд оролцохыг хориглов. Гэвч тэр одоо бүлгийн хуралдаа хэвийн сууж, оролцоод явж байгаа аж. Хуулийн байгууллага жил гаруй шалгасны эцэст 2022 оны аравдугаар сарын 24-нд нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэргийг “Нотлох баримтгүй” гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ. Гэрчийн мэдүүлэг өгсөн бүсгүй нь үгээсээ буцсан.
Түүнийг дарамталсан, эсвэл мөнгөөр “худалдаж авсан” байхыг үгүйсгэхгүй. Бид хардах эрхтэй. Шийдвэр гарч, хэргийг нь хэрэгсэхгүй болгох хүртэл энэ гишүүн “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” мэтийн зүйр үг хэлж, өөрийнх нь ёс зүйгүй, бэлгийн дарамт үзүүлсэн үйлдлийн эсрэг өрнүүлж буй “Me too” хөдөлгөөнд нэгдэж буй тухай пост хуваалцсан шиг “тохуурхаад” сууж байлаа. Тэр энэ хэргийн эцсийн шийдвэр яаж гарахыг хэдийн мэдэж байсан биз ээ. Хэдийгээр энэ хэрэгт буруутайг нь шүүхээр тогтоогоогүй ч ийм олон эмэгтэй худал ярих боломжгүй. Тэдний амьдралд хар толбо үлдээж, амар амгалангүй болгосон энэ хүн Монголын энхтайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр хоёр ч удаа ажилласан байх юм. Үнэхээр тохуутай.
2. “Нүүрсний хэрэг”:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д нууцын зэрэглэлтэйгээр байгуулсан оффтэйк гэрээнүүдийн ард олон их наяд төгрөгийн нүүрсний хулгайг нэр бүхий улс төрчид хамтран хийсэн хэргийг Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд “илчилсэн” юм. Уг хэргийн мөрөөр тус компанид онцгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгч томилж, УИХ-д хянан шалгах түр хороо ч байгуулав. АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайн уг хэрэгт холбогдуулан шалгаж буй УИХ-ын долоон гишүүний нэрийг зарласны дотор Ц.Анандбазар “торойж” байлаа. Үүнээс хойш 10 сар өнгөрсөн ч хэргийг шалгасаар, тодорхой шийдвэр гараагүй хэвээр байна.
3. Т.Бадамжунайд хахууль өгсөн хэрэгт яллагдагчаар татагдсан нь:
-УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд баталсан Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгасан билээ. Улмаар нийслэлийн Прокурорын газраас түүнд яллах дүгнэлт үйлдэн, анхан шатны шүүхэд шилжүүлснийг манай сонин мэдээлсэн. Тэгвэл уг хэрэгт түүнээс гадна яллагдагчаар татсан гурван хүний нэг нь өнөөх л Ц.Анандбазар. Тэрбээр Т.Бадамжунайд 50 000 ам.долларын хахууль өгсөн хэмээн яллагдагчаар татагдаж, хэргийг нь тусгаарлаад буй юм.
Түүний нэр холбогдсон хууль бус,ёс зүйгүй үйлдлүүдийг жагсаахад сонины зай талбай хүрэлцэхгүй байж мэднэ. Тиймээс хамгийн дуулиантай гурван хэргийг нь л санууллаа. Ер нь л хууль бус, буруу, булхай бүхэнд түүний нэр холбогдож байдаг, эзэн нь болчихсон бололтой юм. Гэтэл Ц.Анандбазар 1996 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгсөж, Москвагийн Удирдлагын академид магистрын зэргээ хамгаалсан нэгэн аж. Хуулийг яаж дагаж мөрдөх, хэрхэн хуулийн хүрээнд ажиллах вэ гэж биш, яавал “цоорхой”-г нь ашиглан буруу, булхай хийх вэ гэдгээ л “судалсан” юм уу гэлтэй. Хууль бус үйлдэл тэр өдөртөө биш ч хожим илчлэгддэг жамтай гэнэ “хуульч” мэддэггүй, эсвэл аргалж чадах нам, “хэтэвч нэгт” анд найзууддаа найддаг биз.
Булган аймгийн иргэдийг төлөөлөн парламентад сонгогдсон энэ хүн төрийн түшээгийн нэрийг шавартай хутгахаас өөр юу хийж гийгүүлэв. Хахууль өгсөн хэргээр нь сонгуулиас өмнө амжаад түүний бурууг нотолсон шийдвэр шүүхээс гаргахгүй л бол ирэх онд тэр ахин УИХ- ын сонгуульд нэр дэвшинэ. Булганыханд дуран, бас бус зүйл тарааж, ирэх сонгуульдаа бэлдээд явж байгаа сурагтай. Охидод бэлгийн дарамт үзүүлдэг, хүчирхийлдэг тухай хэргийг нь одоо мартчихаад байна. Ингэж буруутныг өөгшүүлж болохгүй. Луйварчид, бэлгийн хүчирхийлэгчид, гаж донтнуудыг орогнуулдаг нам байхыг хүсээгүй л бол МАН түүнийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх нь зүйд нийцнэ. Тэгж “дийлэхгүй” бол түүнд сонгогч та, бид л хариуг нь өгөх ёстой. 2020 оны алдаагаа ахин бүү давтаарай, булганыхаан.