“Монголын цахилгаан холбоо” компани нэмж 11.2 сая ширхэг хувьцаа гаргахаар болжээ. Ингэснээр төрийн эзэмшлийн хувь хэмжээ 94.7 хувиас 66 болж буурахыг зарим эх сурвалж мэдээлэв. Нэмэлт хувьцааг энэ онд багтаан арилжихаар төлөвлөж буй бөгөөд томоохон хөрөнгө оруулагчдад 30.3 хувийг нь санал болгох бололтой. Монгол Улсын харилцаа холбооны салбарын ууган компани болох “Монголын цахилгаан холбоо” нь нийслэлийн бүх дүүрэг, 21 аймаг, 290 гаруй сум сууринд үйлчилгээгээ хүргэн ажилладаг . Дээр дурдсанчлан өдгөө тус компанийн нийт хувьцааны 94.7 хувь буюу 24 499 287 ширхгийг нь Засгийн газар, 5.3 хувь буюу 1 370 989 ширхгийг нь Монголын болон гадаадын иргэн, хуулийн этгээд эзэмшиж байгаа юм.
Эргэн сануулахад, 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шилжүүлэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг өнгөрсөн жил баталсан билээ. Үүнд Монголын хөрөнгийн бирж, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” болон авто зам арчлалтын компаниудыг багтаасан. Сонирхуулахад, өчигдрийн байдлаар “Монголын цахилгаан холбоо” компанийн нэгж хувьцааны ханш 537 төгрөг байв.