Улаанбаатар хотод орон сууцын үнэ есдүгээр сард өмнөх жилийн мөн үеийнхээс 9.3, өнгөрсөн сарынхаасаа 1.9 хувиар өссөн үзүүлэлт гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Эл хугацаанд шинэ орон сууцын ам метр нь дунджаар 3.85, ХанУул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөгийн үнэтэй байжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт ийм орон сууцын ам метрийнх нь үнэ 3.93, Чингэлтэйд 3.77, Баянголд 3.47, Баянзүрхэд 3.33, Сонгинохайрханд 2.78 сая байсан аж. Тэгвэл дээрх хугацаанд хуучин орон сууцын ам метр нь дунджаар 3.44 сая төгрөгийн үнэтэй байсан гэнэ. Чингэлтэйд ам метрийнх нь ханш 4.21 сая байсан нь хамгийн өндөрт тооцогдсон юм. Сүхбаатар дүүрэгт эл дүн 3.81, Хан-Уулд 3.77, Баянзүрхэд 3.2, Баянголд 3.01, Сонгинохайрханд 2.57 сая төгрөг байсныг статистикаас харж болохоор байв.