МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, “ногоон автобус”-ны хэргээр ёс зүйн хариуцлага хүлээж, огцрох өргөдлөө өгсөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Түгжрэлийн асуудал хариуцсан үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар нарын оронд хэнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Үүнээс өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар томилох улс төрийн шийдвэр гаргасан гэдгээ Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байсан юм.
Нийслэлийн Засаг даргыг ИТХ-аас нь нэр дэвшүүлж, Ерөнхий сайд батламжлах учиртай ч Х.Нямбаатарын нэрийг ийнхүү “дээрээс” орууллаа хэмээн ХҮН намынхан шүүмжилж байлаа. МАН-ынхан Удирдах зөвлөлөөрөө дээрх шийдвэрийг дэмжсэн байна. Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, ийнхүү хотын дарга болж буй юм. Энэ талаар “Улс төрийн шийдвэрээ эхлээд гаргаж байна. Одоо хуулийн дагуу нийслэлийн ИТХ хуралдана” гэсэн тайлбарыг МАН-ын гишүүд өгсөн.
Улмаар өчигдөр үдээс хойш нийслэлийн ИТХ хуралдаж, нэр дэвшигчээ албажуулжээ. Хотод тулгамдаад буй олон асуудлыг богино хугацаанд, хариуцлагатай шийдэж чадах хүн гэж Х.Нямбаатарыг үзсэн юм байна. Харин Сонгуулийн тухай хуулийн дагуу бүрэн эрхийн хугацаа дуусахад жилээс багагүй хугацаа үлдсэн нөхцөлд нөхөн сонгууль явуулахгүй гэнэ.
Мөн Х.Нямбаатарын оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн, УИХын гишүүн Б.Дэлгэрсайханыг “түгжрэл”-ийн сайдаар томилох саналаа Ерөнхий сайд танилцуулсныг Удирдах зөвлөлийнхөн 100 хувь дэмжжээ. Хоёр сайдын томилгооны асуудлаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, улмаар УИХ-ын чуулганд танилцуулах юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь хоёр удаа парламентад сонгогдсон, бизнесийн туршлагатай учраас төр, хувийн хэвшлийг холбон ажиллаж чадах менежер гэж үзсэнээ Ерөнхий сайд тайлбарлажээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хувьд өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан, эдүгээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороог даргалдаг, энэ чиглэлээр хангалттай туршлагатай хүн гэж үзсэн юм байна.