Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өнгөрсөн зургадугаар сараас эхлэн олон нийтээс санал авч буй. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд болон зарим судлаач, хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй ажилладаг цагдаа, асрамжийн газрынхныг урьж ярилцлаа. Хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын шинжээч, Гэр бүлийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга М.Цолмон, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Ч.Эрдэнэчимэг, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор Х.Баавгай, “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-ын судлаач, доктор Б.Жавзанхүү, “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Мөнхсувд нар оролцлоо.
-Гэр бүлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэсэн ч цаг үеийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна. Энэ удаад Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэрхэн боловсруулав?
М.Ц: -Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталж, өнөөг хүртэл хэрэгжүүлж байна. Харин Иргэний хуулийг 2002 онд шинэчлэн баталсан. Өнгөрсөн хугацаанд Гэр бүлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь иргэний, тэр дундаа хувийн эрх зүйн харилцааг зохицуулахад учир дутагдалтай байлаа. Манайд өмнө нь гэр бүлийн харилцааг Иргэний хуулиар зохицуулж байснаа уг нь бие даасан хуультай болсон. Өдгөө ихэнх улс гэр бүлийн харилцааг Иргэний хуулийнхаа нэг бүлэгт тусгаж, Бүртгэлийн, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулиараа бусад асуудлаа зохицуулдаг. 2020 оноос өмнө Гэр бүлийн тухай хуулийн төслийг ХНХЯ боловсруулаад, УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ уг төслийг Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай нийцүүлэх ёстой гэсэн агуулгаар ХЗДХЯ руу татсан. 2021 оны арванхоёрдугаар сард ажлын хэсэг байгуулж, Гэр бүлийн тухай хуулийн суурь үзэл баримтлалыг Иргэний хуультай нийцүүлж, эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлыг илүү хамгаалах зэрэг шинэлэг зохицуулалт түлхүү тусгахаар ажиллаж байна. Шинэчилсэн найруулга учраас Гэр бүлийн тухай хуулийн 50-иас дээш хувьд өөрчлөлт оруулсан.
-Хуулийн төслийг хэдэн удаа хэлэлцүүлсэн бэ. Судлаачид, иргэдээс ямар санал голдуу ирж байна вэ?
-Иргэний нийгмийн байгууллага, салбар салбарын төлөөлөл хийгээд эцэг, эхчүүдийг урьж, найман удаа хэлэлцүүлэг хийсэн. ХЗДХЯ бие дааж хэлэлцүүлэг хийхээс гадна ХНХЯ-тай хамтарсан хэлэлцүүлгийг таван удаа зохион байгууллаа. Гэр бүл цуцлахад үүсэж буй үр дагавруудыг илүү боловсронгуй зохицуулах шаардлагатай. Иргэдийн олонх нь хүүхдийн тэтгэмжийн асуудлыг сөхөж ярьдаг. Мөн гэр бүл цуцалж буй шалтгаан нөхцөлийг анхаарах нь зүйтэй гэдэг санал их ирүүлдэг.
-Судлаачид Гэр бүлийн тухай хуулийн төсөлд ямар саналууд өгсөн бэ?
Х.Б: - Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлага зайлшгүй бий. ХЗДХЯ-наас зохион байгуулсан хэлэлцүүлэгт нэг удаа оролцсон. Шинэчлэн найруулахаар ажиллаж буйг эрх зүйн томоохон өөрчлөлт гэж харж байна. Гэхдээ уг хуулийн төслөө судлаач, эрдэмтдээр тусгайлан хэлэлцүүлэх шаардлагатай. Энэ нь онолын болон практикийн ач холбогдолтой. Миний мэдэхээр эрдэмтдээр нэг ч удаа хэлэлцүүлээгүй. Яагаад гэвэл гэр бүлийн харилцаа, хамтран амьдрах тухай асуудал, гэрлэлт нь онолын хувьд ч, судлаачдын дунд ч маргаантай. Цаашлаад өрхийн асуудал, гэр бүлийн харилцааг адилтгаж үздэг. Одоогоор Монгол Улсад 940 гаруй мянган өрх бий гэсэн тоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Харин гэр бүл хэд вэ гэхээр хариулж чаддаггүй. Хуулийн гол зорилт нь гэр бүлийн таатай орчныг бүрдүүлж, төрөөс дэмжих, тогтвортой байдлыг хангах ёстой. Гэтэл хуулийн төсөлд ийм үзэл баримтлал алга.
Судлаачийн хувьд эл хуулиас таван зүйлийг голчлон харсан. Нэгдүгээрт, гэр бүлийн талаарх төрийн бүтэц, тогтолцооны асуудлыг оновчтой хуульчилсан байна. Ингэснээр анхан шатны нэгжээс дээш яам хүртэл төрийн бүтэц хуульчлагдаж, Монгол Улс гэр бүлийн талаарх төрийн том бүтцийг бий болгож буй. Хоёрдугаарт, гэр бүлийн боловсрол чухал болохыг тодорхой хэмжээнд тусгажээ. Гэр бүлийн албан боловсролыг БШУЯ нь, албан бус боловсролыг ХНХЯ хариуцахаар заасан байсан. Энэ бол хуулийн зайлшгүй дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх ёстой ажил.
Гуравдугаарт, хүүхэд үрчлэх асуудлыг шүүхээр шийдэхээр заасан нь оновчтой зохицуулалт болжээ гэж харсан. Үүний тухай олон жил ярилаа. Дөрөвдүгээрт, хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хангалтгүй тусгажээ. Өмнө нь байсан 11 нас хүрвэл төдөн хувиар, дээш бол ийм хувиар гэснийг хассаныг эс тооцвол маш муу, ерөнхий заалттай. М.Цолмон шинжээч сая иргэд тэтгэлгийн асуудлыг түлхүү хөнддөг гэлээ. ШШГЕГ-ын судалгаагаар 2022 оны эцсийн байдлаар 7678 хүүхэд 27.7 тэрбум төгрөг авч чадаагүй. Эцэг нь өгдөггүй. Хуримтлуулаад, өр үүсгээд л байдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүүхдийн эрх ашиг хохирч байна. Энэ хуулийн үндсэн суурь үзэл баримтлалд хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд хангана гэжээ. Үүнийгээ баримтлаагүй. Насанд хүрэгчдийн зөрчил, үл ойлголцлоос болж гэр бүл салдаг. Хүүхэд л хохирч зовдог учраас эрх ашгийг нь нэн тэргүүнд анхаарах шаардлагатай.
“Мөнгө байхгүй ээ” гэдэг эцгийн өмнөөс төр хариуцлага үүрэх ёстой. Үндсэн хуульд төр гэр бүлийг хамгаалалтад байлгана гэдэг заалт бий. Тиймээс нэн тэргүүнд гэр бүлийн асуудлыг анхаарч, тэтгэлгийн сан байгуулах шаардлагатай. Тавдугаарт, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих заалтыг зарчмын хувьд оруулжээ. Манай хуулиуд дийлэнх нь тунхгийн чанартай болчихсон. Уг нь хууль хэрэгжихүйц байх ёстой. Төр гэр бүлээ дэмжинэ гэдэг том томьёолол. Гэхдээ бодит өөрчлөлтийг иргэд хүсэж байна. Тогтвортой гэр бүлийг хэрхэн дэмжих вэ. Тогтворгүйг нь тогтвортой байлгахын тухайд ямар арга хэмжээ авах юм. Энэ бүгдийг тодорхой болгох хэрэгтэй. Гэр бүлийг тогтвортой байлгах хүрээнд зарчмын хувьд томьёолсон нь зөв.
Харамсалтай нь, хуулийн төслийн дөрөв болон 21 дэх заалтад зарчим нь алдагдаж байгаа юм. “Гэр бүлтэй адилтгах харилцаа” гэдэг зүйлийг төслөөс тэр чигт нь хасах хэрэгтэй. Яагаад гэвэл хамтрагчдыг гэр бүл гэж үзэж болохгүй. Энэ нь өрхийн буюу хүний амьдралын хэв маяг болохоос гэр бүл биш. Гэр бүлийн тухай хууль бол батлуулсан, албан ёсны гэр бүлийг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах зохицуулалт шүү дээ. Орчин үеийн гэр бүл хайр сэтгэлийн харилцаанаас илүү хүний эрх, хариуцлагад суурилсан хандлагатай болж байна. Тиймээс энэ эрх зүйн баримт бичгээрээ хариуцлагыг сайжруулах нь зүйтэй. Төр, иргэн ч хариуцлагатай байх ёстой. Батлуулсан гэр бүлийг дэмжинэ, батлуулаагүй бол дэмжихгүй гэж хуульчилбал иргэд хариуцлагатай болно. Гэр бүл үнэ цэнтэй, төрийн хамгаалалтад байна гэдгийг хууль, эрх зүйгээр баталгаажуулах ёстой юм.
М.Ц: -Х.Баавгай докторын сүүлчийн асуултаас нь эхлээд хариулъя. Нийгэмд дефакто харилцаа давамгайлсан. Бүртгүүлээгүй боловч гэр бүлийн хэв шинж агуулдаг харилцаа гэсэн үг. Хоёрдугаарт, таны ярьснаас эсрэгээр тайлбарламаар байна. Гэр бүл бүртгэлгүй ч хүүхэдтэй, бие биеийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээсэн, дундын өмчтэй байж болно. Гэр бүл сайн дурын үндсэн дээр байдаг. Гэхдээ хуулийн төслийг өргөн барихаас өмнө олон нийтээр хэлэлцүүлээд саналыг нь тусгана. Судлаачдаа ч сонсоно. Тэтгэлгийн тухайд одоогийн хуульд заасан мөнгөн төлбөрийн хэмжээ хангалтгүй.
Үүнтэй санал нэгдэнэ. Харин хэрхэн төлүүлэх вэ гэдэг зохицуулалтыг нарийн тусгахаар ярьж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тодорхой зохицуулалт оруулаад, үе шаттай арга хэмжээ авч буй. Гэхдээ хүмүүсийн ажил, амьдралын нөхцөл байдал, тэтгэлэг төлөгчийн чадамжаас хамаарч тэтгэмж тогтооно. Тэтгэлэг бодох тодорхой аргачлалтай болно. Шүүгч тэтгэмж авагч, олгогч хоёрын нөхцөл байдлаас шалтгаалж хэмжээг тогтооно гэсэн үг. ХБНГУ, Япон, БНСУ-д аргачлалын загвараар хүүхдийн тэтгэлэг тогтоодог. Мөн тэтгэлгийн сан байгуулах эл хуулиар зохицуулах харилцаа мөн, эсэхийг бодолцох хэрэгтэй. Улсаас дэмжлэг үзүүлэх асуудлыг өөр хуулиар зохицуулах нь зөв болов уу.
Ч.Э: -ХНХЯ өмнө нь гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдэд илүү анхаарч, хуулийн төсөл боловсруулж байсан. Тухайлбал, гэр бүл салалт, бүртгэл, асран хамгаалал гээд харилцааны асуудлыг анхаарч, ач холбогдол өгсөн. Хүүхдийн тэтгэлгийг ихэнх эцэг төлдөггүй. Тиймээс төлөх механизмыг яаж бүрдүүлэх вэ гэдэгт анхаарч, тэтгэлгийн сан байх нь зүйтэй гэдэг санал оруулж байлаа. Гэхдээ эргэн төлөх тэтгэлгийн сан гэж томьёолж байсан. Өмнө нь амьжиргааны доод түвшнээр тогтоодог байсан бол одоо тухайн хүний цалин, орлогын хэмжээнд тохируулсан аргачлалаар тогтоодог болно.
Энэ мэтчилэн одоогийн төсөлтэй харьцуулж, зарим заалтыг хэвээр үлдээж болох юм гэсэн санаа төрлөө. ХНХЯ, ХЗДХЯ-тай хамтран ажиллаж байна. Одоо төслийг харахад, гэр бүлийн харилцаанаас үүсэх үр дагаврыг нарийвчлан зохицуулж, хариуцлагажуулсан нь дэвшил. Өмнөх болон шинэ төслөө харьцуулж, дэвшилттэй зүйлийг тусгах нь зүйтэй. ХНХЯ, ХЗДХЯ-тай хамтраад өрх толгойлсон ээж, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн ажилтнуудаас санал авч, нэгтгэж байна. Хуулийн төслийг уншихад гэр бүлийн шүүхийг хөгжүүлэх нь зүйтэй.
Гэр бүлийн шүүх хүчтэй байж, аливаа асуудлыг шийднэ. Тухайлбал, олон улсад тэтгэлгийн зохицуулалтыг шүүхийн дэргэдэх нэгж л үр дүнтэй хийдэг. Хамтран амьдрагчийн тухайд Х.Баавгай доктортой санал нэг байна. Гэрлэх насны хязгаарын конвенцод хосууд бүртгүүлснээр гэр бүл болно гэж заасан. Батлуулж байж гэр бүлийг хамгаалах боломж бүрдэнэ. Гэхдээ хамтран амьдрагч олон учраас зарим харилцааг энэ хуулиар зохицуулахаас аргагүй. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол хамтран амьдрагчийг яах вэ, хүүхэдтэй болоод салбал яах вэ гэх зэрэг асуудал бий. Ийм тохиолдолд хүүхдийг хэн тэтгэх вэ зэргийг тодорхой тусгах шаардлагатай. Гэхдээ гэр бүл гэж адилтган үзэх бус, хамтран амьдрагч ч гэсэн эцэг, эхтэй адил үүрэг хүлээнэ гэж хариуцлагажуулах нь зөв.
Б.Ж: -ХНХЯ-ны ажлын хэсгийнхний боловсруулсан төсөл Ч.Эрдэнэчимэг шинжээчийн хэлснээр өмнөх төсөл дэх сайн заалтуудыг үлдээж, уялдуулж, харьцуулсан дүн шинжилгээ хийж болно. Уг төсөлд тулгамдсан асуудалд оновчтой хариулт өгөх зохицуулалт оруулжээ. Тухайлбал, гэрлэлтийн гэрээний зохицуулалт, нөхөн үржихүйтэй холбоотой заалтууд, гэр бүлд туслах нөхцөлүүдэд тодорхой хэмжээний ахиц гарчээ. Гэхдээ хүүхдийн эрх, гэр бүлийн хүрээнд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг дээр хэлэх зүйл байна. Нэгдүгээрт, гэр бүлийг дэмжих, хамгаалах төрийн байгууллагын чиг үүрэг, тогтолцоо бүтцийг чухалд тооцож, анхаарал хандуулаасай. Эцэг, эхчүүд үүнийг хүсэж байна. Хуулийн төслийн 58.2 дахь заалтыг уншихаар сумд эл байгууллага байх аж.
Бусад чиг үүргийн заалтыг харахаар тэнд байгууллага алга, нийгмийн ажилтан л байна гэж ойлголоо. Тиймээс сум гэдэг үгээ анхаараач. Бидний хүсэл, хэрэгцээ бол сумд хүүхэд хамгааллын байгууллага ажиллуулах юм. Та нар түмэн зовлонгоо ярьж байгаад дийлдгээр нь хүүхдийн байгууллагын төсвөөс хасна. Гэр бүлд хүрэх үйлчилгээг харахаар хуулийн төсөлд унших зүйл алга. Төрийн захиргааны төв байгууллага нь хүүхдийн үйлчилгээнд ямар бодлого баримтлах вэ гэхээр урьдчилан сэргийлэх, зөрчлөөс хамгаална гэсэн бүрхэг нэг өгүүлбэр байна. Орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллага энэ хуулиа сурталчилна. “Гэр бүл, эцэг, эх, хүүхэд, бүх гишүүнд зөвлөгөө өгнө” гэсэн өгүүлбэр оруулахаас та нар айж байна уу.
Төсөв, мөнгө шаардана гэж харсан уу. Хэрэв мөнгө гаргахаас болгоомжилж байгаа бол энэ хууль цаасан дээрээ л үлдэнэ. Хүүхдэд “наалдахгүй”. Гэр бүлийн тулгамдсан асуудлыг шийдэхгүй. Гэр бүл цуцалсан тохиолдолд хүүхдэд тэтгэлэг олгох нь хамгийн оновчтой. Нөгөө талаар асран хамгаалах үүргийг нарийвчлан тусгамаар байна. Зөвхөн маргасан үед нөхцөл байдлын үнэлгээ хийнэ гэжээ. Эрсдэлт нөхцөлд нийгмийн ажилтан үнэлгээ хийхийг 11 дүгээр бүлэгт заажээ. Нийгмийн ажилтан гэр бүл дэх хүүхдийн таатай уур амьсгалыг дэмжсэн нөхцөл байдлыг хянах ёстой хүн байгаасай. Мөн нийгмийн ажилтныг та нар хорооны нэг цэгийн үйлчилгээний цонхонд, олны дунд суулгадаг. Гэр бүлийн хувь хүний нууц тэнд хөндөгддөг. Тиймээс нийгмийн ажилтны ажиллах орчин нөхцөлийг эргэж харах ёстой. Маргаан шүүх дээр ирсэн хойно биш өмнө нь урьдчилан сэргийлэхгүй юм уу.
Салж мэдэх нь, өнчирч үлдэхээр боллоо, үрчлэгдэж магадгүй гэдгийг урьдчилж үнэлмээр байна. Байгууллага гэж харж байвал хамтарсан багийг ярих нь гэж таамагласан. Хэрвээ үүссэн нөхцөл байдлыг хараад урьдчилан сэргийлэх, яаралтай тусламж зэргийг бичвэл Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог бас оруулж ирэх хэрэгтэй. Бүгдийг нь бус бол нийтлэг нэг нэр бичвэл зөв биш үү. Гэр бүлийн асуудал эрхэлсэн агентлаг түвшин түвшинд хүүхдэд нь үйлчилгээ үзүүлэх ёстой. Хууль хяналтын гэхээс илүү итгэл, сэтгэл, харилцан ойлголцлын түвшинд нийгмийн ажилтныг тойрсон үйлчилгээг бэхжүүлээсэй.
Мөн хуульд асралт гэр бүлийн зохицуулалт оруулжээ. Энэ чухал. Эдийн засгийн тооцооллоо яаж хийсэн бэ. Асралт гэр бүлийн асуудал асран хамгаалах байгууллагуудтай их хамааралтай. Хүүхдийг асрах ямар нэг хамгааллын асуудал үүсэхээр ийш тийшээ шилжүүлэх гэдэг. Тэр газар ч авсангүй, энэ ах, дүү нь авсангүй, асрамжийн газар аваач гэдэг. Гэтэл монгол уламжлалаа харвал садан төрөл, ахан дүүсийн асрамж илүү үр дүнтэй. Энэ бүх харилцаа зохицуулалт муутай байна. Асралт гэр бүлийн хүрээнд эдийн засгийн дэмжлэг нь юу байх вэ. Хүүхдийн амьжиргаа, асран хүмүүжүүлэх зардлыг яаж тооцох юм. Тухайлбал, “Өнөр бүл” төвд улсаас жилд зарцуулж буй төсвийг асран хүмүүжүүлэх хүүхдэд хуваахаар өндөр тоо гардаг. Асралт гэр бүлд очих хүүхдэд ийм хэмжээний мөнгийг төр өгч чадах уу. Гэр бүлийн асаргаа бол төвлөрсөн асрамжаас хамаагүй бага зардалтай. Бас хүүхэд ахан, дүүстээ илүү ээлтэй байна. Төвлөрсөн асрамжийг илүү минимал хэлбэр лүү шилжүүлээд, садан төрлийн асрамжийг илүү байлгаасай. Үүнд тодорхой хэмжээний эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Хэдий хамаатан садан ч тухайн өрхийн гишүүн нэмэгдэж, зардал ихсэх учраас дэмжлэг шаардлагатай. Миний хэлэх бас нэг санаа бол зарчим, ёс зүй чухал. Уг хуулийн төсөл энэ үгнээс зугтааж, тойрсон байна.
Ч.Э: -Хүүхэд хамгааллын асуудлыг анхаарах нь зөв. Гэр бүлийн харилцааны асуудлыг шийдэхэд үр дагавар нь хүүхдэд тусах тул хамгаалалтын зохицуулалт орсон. Бас Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчилж байгаа. Б.Жавзанхүү докторын хэлсэн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, гэр бүл хариуцсан байгууллагын тогтолцоог ч гэсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд тусгасан. Хоёр хуулийн давхцал юу байгааг харах хэрэгтэй. Гэр бүлийн тухай хуулийн төсөлд хүүхэд хамгаалах уламжлалт ёс заншлын зүйлүүдийг сайтар тусгасан.
М.Ц: -Төрийн байгууллагуудын ажилтнуудын чиг үүргийг бид нягталж харъя. Асралт гэр бүлийн үүргийг энэ хуулиар зохицуулах гэж байснаа болиод, Хүүхэд хамгааллын тухай хуульд тусгасан нь дээр гэж үзсэн. Энэ хуульд ерөнхий зохицуулалтыг нь оруулсан. Ёс суртахуун маш чухал. Тиймээс тодорхой хэмжээнд оруулах нь зөв.
-Одоо хүчин төгөлдөр хэрэгжүүлж буй хуульд судалгаа хийсэн үү?
Ч.Э: -2019 онд ХНХЯ-наас монгол гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлтийн талаар гурван том суурь судалгаа хийсэн. Судалгааны дүнд үндэслээд зарим асуудлыг тусгах нь зөв гээд ярилцсан. Тухайлбал, гэр бүл цуцлах, үзэл бодлын зөрчил гэдгийг судалсан. Залуус гэр бүл болоход бэлэн биш байдаг учраас боловсрол олгох асуудлыг албан болон албан бус байдлаар шийдэх заалт оруулсан.
-Гэр бүл салахад хүүхэд хамгийн их хохирдог. Эцэг, эхийн хариуцлагыг хэрхэн сайжруулах вэ?
М.Ө: -Нийгэмд чухал үүрэгтэй хууль учраас олон салбарын оролцоог хангасан үүн шиг хэлэлцүүлгийг удаа дараа хийгээсэй. Үүнийгээ хуульдаа сайтар тусгаасай. Би 2017 оноос хойш Гэр бүлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт цөөнгүй оролцсон. Гэр бүлийн харилцааны гажуудал хүүхдэд яаж тусдаг талаар асрамжийн газрын бодит жишээгээр тайлбарлая. Хүүхдээ хаяж буй эцэг, эхийн хариуцлагыг огт хөндөхгүй байна. Хүүхдийн эрх чухал, бид хүүхдээ хамгаалах ёстой гээд иргэд хардаг. Болохгүй бол бушуухан шиг төр хамгаалалтад авна гээд эцэг, эхийг нь сул орхиод явуулчихдаг. Өөрөөр хэлбэл, аав, ээжээс нь салгаад, асрамжийн газарт өгдөг. Эцсийн мөчид яалт ч үгүй болсон тохиолдолд асрамжийн газарт ирэх ёстой.
Сая хэлсэнчлэн ах, дүү, хамаатан саданд нь өгөөд үзье. Гэр бүлийн тухай хуулийн одоогийн зохицуулалтад хэрэв хүүхэд эрсдэлт нөхцөлд орвол хамтарсан баг үнэлгээ хийгээд, Засаг дарга нь бушуухан шийдвэр гаргаад, асрамжийн газар өгчихдөг. Эсвэл эцэг, эх байх эрхийг нь хасъя, хязгаарлая гэдэг. Гэтэл манай байгууллагаас харвал нийт хүүхдийн 80-90 хувь нь Засаг даргын шийдвэрээр ирж байна. Мөн олонх нь эцэг, эхтэй, зарим нь хагас өнчин. Бүтэн өнчин нь цөөн. Хамтарсан багийн шийдвэр оновчгүй байна. Эрхийг нь хаслаа гээд хүүхэд л хохирно. Гэр бүлийн хайранд өсөөгүй хүүхэд хэзээ ч Монгол Улсад хэрэгтэй хүн болж торнихгүй нь амьдралаас харагддаг. “Өнөр бүл” төвд 2-3 настайдаа ирсэн хүүхэд 12-13 насандаа хэний ч үгэнд орохгүй, биеэ барьсан, уурласан, гомдсон, эрх ярьсан хүн болдог. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Орхон аймгаас зургаа, Ховдоос гурван хүүхэд ирсэн. Тэдний зургаа нь 1.8 сартайгаас 10 настай, нэг айлын хүүхдүүд. Ээж, аав салчихсан. Шүүхээр оруулаад эцэг, эх байх эрхийг нь хассан.
Ээж нь өөр хамтран амьдрагч дагаад явчихсан. Аав нь хүүхдүүдээ өгмөөргүй байна, эргээд авна гээд уйлдаг. Тэрбээр ажил хийдэг. Зургаан хүүхдээ аль заваараа харах вэ. Орон нутгийн удирдлага тэр эцэг, эхтэй яагаад ажиллахгүй, шууд эрхийг нь хасна вэ. Одоогийн Гэр бүлийн тухай хуулийг сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Ховд аймгийнхан ч ялгаагүй эцэг, эх байх эрхийг нь хязгаарлаад, хүүхдүүдийг манай төвд авчирсан. Үүнийг хязгаарласнаар үр дүн гардаггүй. 10 жил өнгөрсөн ч эцэг, эх байх эрхээ сэргээлгэе гээд ирдэггүй. Хороо, дүүрэг ч үүнийг сэргээе гэж хөөцөлддөггүй. Тэтгэмжийн асуудалд ч эцэг, эх хариуцлагатай хандах ёстой. Улс ажил хийлгэж, хүүхдийг нь тэжээж, тэтгэсэн зардлаа тэр хүмүүсээс гаргуулах ёстой.
Цахилгаан бугуйвч зүүлгээд, ажил хийлгэ л дээ. Томчуудын эрхийг ярихаасаа урьтаж хүүхдийн язгуур эрхийг зөрчиж байгаагаа ойлгох хэрэгтэй. Эцэг, эхийн хайр халамжид өсөх ёстой хүүхдүүд асрамжийн газарт амьдарч байна. Бид яаж ийгээд гэр бүлтэй нь эргэн нэгтгэлээ ч жилийн дараа эргээд л ирдэг. Хөдөлмөрийн чадамжтай томчуудын эцэг, эх байх эрхийг нь хасчихаад, араас нь төр, Засаг дарга нар хөөцөлдөхгүй орхидог. Арга хэмжээ авдаггүй. Хүүхдээ асрамжийн газарт орхисон эцэг, эх дараагийн амьдралаа зохиодог. Манайд хүүхдээ өгчихөөд дахиад өөр хүнтэй гэрлэсэн эцэг, эх олон бий. Хүүхдээ хаячихаад хотоос хөдөө, дүүргээс дүүрэг рүү шилжиж амьдардаг. Гэр бүлийн тухай хуулиа сайжруулах шаардлагатай. Б.Жавзанхүү докторын хэлдгээр асрамжийн газарт бус, ах, дүүс нь хүүхдийг өсгөмөөр байна.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт